ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

АВТОМАШИНЫ ЖОЛООЧ

 

41 дүгээр зүйл. Жолоочийн үнэмлэх

1. a) Автомашины жолооч бүр жолоочийн үнэмлэхтэй байна;

b) Хэлэлцэн тохирогч Талууд нь жолоочийн үнэмлэхийг тухайн жолоочийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, дадлагыг эрх мэдэл бүхий байгууллагаар шалгуулсны дараа олгох үүрэгтэй;

c) Үндэсний хууль тогтоомжид жолоочийн үнэмлэхийг авахад тавигдах шаардлагыг тусгасан байна;

d) Энэхүү Конвенцийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс автомашинаас бусад механикжсан тээврийн хэрэгсэл болон мопедыг жолоодох эрхийн үнэмлэхтэй байхыг шаардахыг нь хориглож буй мэтээр ойлгогдох ёсгүй.

2. Хэлэлцэн тохирогч Талууд нь дараахь заалтыг хүлээн зөвшөөрнө:

a) өөрийнх нь үндэсний хэл дээр бичигдсэн буюу эсвэл ийм хэл дээр бичигдээгүй боловч баталгаат орчуулгатай аливаа үндэсний жолоочийн үнэмлэхийг,

b) энэ Конвенцийн 6 дугаар хавсралтын заалтад нийцэж буй аливаа үндэсний жолоочийн үнэмлэхийг, мөн

c) энэ Конвенцийн 7 дугаар хавсралтын заалтад нийцэж буй аливаа олон улсын жолоочийн үнэмлэхийг

бусад Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс буюу эсвэл тэрхүү Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх тусгай эрх бүхий нийгэмлэгээс олгосон бөгөөд хүчин төгөлдөр (хуурамч биш /орч/) байвал өөрийн нутаг дэвсгэр дээр уг үнэмлэхээр тухайн ангиллын (уг үнэмлэхэд заагдсан) тээврийн хэрэгслийг жолоодоход нь хүчинтэйд тооцно. Энэ хэсгийн заалт нь жолооны суралцагчдад хамаарахгүй.

3. Дээр дурдсан хэсгийн заалтаас хамаарахгүйгээр:

a) хэрэв жолоочийн үнэмлэх дээр тухайн этгээдийг биедээ ямар нэгэн төхөөрөмж өмсөж хэрэглэсэн буюу эсвэл тээврийн хэрэгслээ тахир дутуу хүнд зориулан ямар нэг байдлаар өөрчилсөн үед хүчинтэй байхаар заасан болзолтой тусгай тэмдэглэгээ хийгдсэн байвал уг үнэмлэхийг зөвхөн энэ заасан болзлыг хангасан нөхцөлд хүчинтэйд тооцно;

b) Хэлэлцэн тохирогч Тал нь 18 нас хүрээгүй хүмүүсийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно;

c) Хэлэлцэн тохирогч аль ч Тал энэхүү Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан C, D, E ангиллын тээврийн хэрэгсэл буюу түүний бүрэлдэхүүнийг жолоодож буй 21 нас хүрээгүй этгээдийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно.

4. Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн үндэсний хууль тогтоомжид энэхүү Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгслийн ангиллыг дэд ангилалд хувааж болно. Хэрэв жолоочийн үнэмлэхний үйлчлэх хүрээ ямар нэг ангиллын хүрээнд тодорхой тээврийн хэрэгслүүдээр хязгаарлагдаж байгаа бол уг ангиллыг тэмдэглэсэн үсэг нь нэмэлт тоотой байхаас гадна уг хязгаарлалтын байдал заагдсан байх ёстой.

5. Энэ зүйлийн 3 дахь хэсгийн “c” ба 2 дахь хэсгийн заалтыг хэрэглэхдээ:

a) энэ Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан B ангиллын автомашин нь хөнгөн чиргүүл чирч болно; түүнчлэн хэрэв бүрэлдэхүүний нийт бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй бол 750 кг-аас илүү бүх жинтэй (гэхдээ чирэгчийнхээ ачаалалгүй жингээс хэтрэхгүй) чиргүүлийг ч чирч болно.

b) энэ Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан C ба D ангиллын автомашин нь хөнгөн чиргүүл чирч болох бөгөөд ийм бүрэлдэхүүн нь C буюу D ангилалд хамаарагдсан хэвээр байна.

6. Олон улсын жолоочийн үнэмлэх нь зөвхөн үндэсний жолоочийн үнэмлэх (энэ Конвенцид заагдсан наад захын шаардлагыг хангасан) дээр үндэслэгдэн олгогдож болно. Олон улсын жолоочийн үнэмлэх нь түүн дээр дугаар нь тэмдэглэгдсэн үндэсний жолоочийн үнэмлэхний хугацаа дуусахад хүчингүй болно.

7. Энэ зүйлийн заалтууд нь Хэлэлцэн тохирогч Талуудыг дараахь зүйлүүдэд албадаагүй болно:

a) уг жолоочийн үнэмлэхийг Хэлэлцэн тохирогч бусад Талуудаас олгох үед өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан буюу олгосны дараа өөрийн нутаг дэвсгэрт оршин суухаар шилжиж ирсэн этгээдийн үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэхийг хүчинтэйд тооцохыг;

b) үнэмлэхийг олгох үед тэрхүү олгож буй улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаагүй буюу олгосны дараа өөр улсын нутаг дэвсгэр рүү шилжин суурьшсан этгээдийн дээр дурдсан үнэмлэхийг хүчинтэйд тооцохыг.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»