Замын хөдөлгөөний тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
ТАВДУГААР ХАВСРАЛТ
АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ
1. Энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “a” ба 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчихгүйгээр Хэлэлцэн тохирогч аливаа Тал нь бүртгэгдэж байгаа автомашинуудын хувьд болон түүнчлэн өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа чиргүүлүүдийн хувьд энэ хавсралтын заалтад нэмэлт болгох буюу энэ хавсралтын заалтыг илүү чангатгах үүднээс бусад заалт гаргаж болно. Олон улсын хөдөлгөөнд оролцож буй аливаа тээврийн хэрэгсэл нь анх ашиглалтанд оруулахад бүртгэсэн улсын тавьсан техникийн шаардлагыг хангаж байх ёстой.
2. Энэ хавсралтад байгаа “чиргүүл” гэсэн нэр томъёог зөвхөн автомашинаар чирэхэд зориулагдсан чиргүүлд хамаатуулж хэрэглэнэ.
3. Энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлийн “n”-д заасны дагуу ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгах тухай мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талууд нь уг тээврийн хэрэгслээр энэхүү хавсралтад заасан мотоцикл болон бусад автомашинд холбогдох заалтуудыг өргөтгөх ёстой.
I бүлэг. Тоормос
4. Энэхүү бүлэгт:
a) “нэг тэнхлэгийн дугуйнууд” - гэдэгт тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой харьцангуй тэгш хэмтэй байрласан дугуйнуудыг (хэдийгээр эдгээр дугуйнууд нь нэг гол дээр суурилаагүй байсан ч) ойлгоно;
b) “ажлын тоормос” - гэдэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах ба зогсооход хэрэглэгддэг хэрэгслийг ойлгоно;
c) “зогсоолын тоормос” - гэдэгт жолоочгүй тээврийн хэрэгслийг буюу салгаж тавьсан чиргүүлийг хөдөлгөөнгүй байдалд барихад хэрэглэгддэг хэрэгслийг ойлгоно;
d) “ослын тоормос” - гэдэгт ажлын тоормос ажиллагаагүй болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах ба зогсооход зориулагдсан хэрэгслийг ойлгоно;
А. Мотоциклоос бусад автомашины тоормослолт
5. Мотоциклоос бусад автомашин бүр жолоочоос хялбар удирдагддаг тоормосуудтой байх ёстой. Эдгээр тоормосууд нь дор дурдсан тоормослолтын гурван үйлдлийг гүйцэтгэх ёстой:
a) ажлын тоормос нь - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түүний ачааллын нөхцөл болон өгсөж, уруудаж яваагаас үл хамааран удаашруулах ба найдвартай, түргэн, идэвхтэй зогсоох;
b) зогсоолын тоормос нь - тээврийн хэрэгслийг түүний ачааллын нөхцөлөөс үл хамааран, мэдэгдэхүйц налуу бүхий өгсүүр буюу уруу газарт хөдөлгөөнгүй байдалд гагцхүү механик хэрэгслээр тогтоон барих;
c) ослын тоормос нь - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түүний ачааллын нөхцөлөөс үл хамааран удаашруулах, ажлын тоормос ажиллагаагүй болсон үед ч хангалттай богино зайд зогсоох.
6. Энэхүү хавсралтын 5 дугаар хэсэгт заасан тоормослолтын гурван үйлдэл (ажлын, ослын, зогсоолын)-ийг гүйцэтгэх төхөөрөмж нь нэгдмэл байж болно; гэхдээ дор хаяж хоёр тусдаа дамжуулгатай байгаа тохиолдолд хавсарсан дамжуулгыг зөвшөөрнө.
7. Ажлын тоормос нь тээврийн хэрэгслийн бүх дугуйнд үйлчлэх ёстой.
8. Ослын тоормос нь тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолын тал бүрд дор хаяж нэг дугуйнд үйлчлэх ёстой; зогсоолын тоормосын хувьд ч мөн адил байна.
9. Ажлын ба зогсоолын тоормос нь хангалттай бат бөх зүйлээр дугуйтай байнгын холбоотой байдаг тоормослох гадаргууд үйлчлэх ёстой.
10. Тоормослох ямар ч гадаргуу нь дугуйнаас салдаг бүтэцтэй байх ёсгүй. Харин дараахь нөхцөлд зарим тоормослох гадаргуу нь салгагдаж болно:
a) түр зуурын хугацаанд, жишээ нь дамжуулах тоог өөрчлөхөд;
b) зогсоолын тоормосны хувьд жолоочийн үйлчлэлийн үр дүнд;
c) ажлын буюу ослын тоормосны хувьд энэ хавсралтын 5 дугаар хэсэгт заагдсан идэвхжилтэйгээр тоормослолт үргэлжилж байгаа нөхцөлд.
10-бис. Тээврийн хэрэгслийн тоормослолтын туслах төхөөрөмжүүд нь ажлын тоормослолт явагдсаны дараа түүний идэвхжилийг хангахаар бүтээгдсэн байх ёстой.
10-тер. Ажлын тоормосны үйлчлэл нь тээврийн хэрэгслийн өөр өөр тэнхлэгүүдэд жигд хуваарилагдах ёстой.
10-кватер. Хэрэв ажлын тоормосны удирдлага бүхэлдээ буюу түүний зарим хэсэг нь ямар нэг хүч (жолоочийн биеийн хүчээс бусад)-ний үүсгүүрээр ажилладаг бол уг хүчний үүсгүүр ажиллагаагүй болсон тохиолдолд ч тээврийн хэрэгслийг хангалттай богино зайд зогсоох боломж хангагдсан байх ёстой.
B. Чиргүүлийн тоормослолт
11. Энэхүү хавсралтын 17 дугаар хэсгийн “c” заалтыг биелүүлж буй нөхцөлд хөнгөн чиргүүлээс бусад аливаа чиргүүл нь дор дурдсан зүйлүүдтэй байх ёстой:
a) тээврийн хэрэгслийн ачааллын нөхцөл болон өгсөж, уруудаж яваагаас үл хамааран түүний хөдөлгөөнийг удаашруулах ба найдвартай, түргэн, идэвхтэй зогсоох ажлын тоормос;
b) тээврийн хэрэгслийн ачааллын нөхцөлөөс үл хамааран, мэдэгдэхүйц налуу бүхий өгсүүр буюу уруу газарт түүнийг гагцхүү механик хэрэгслээр хөдөлгөөнгүй тогтоон барьж байх зогсоолын тоормос. Энэ заалт нь тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнд байхдаа зогсоолын тоормослолтод орох шаардлага тавигддаг, багаж хэрэгслийн тусламжгүйгээр чирэгчээсээ салдаггүй чиргүүлд хамаарахгүй.
12. Энэ хоёр үйлдэл (ажлын ба зогсоолын тоормослолт)-ийг гүйцэтгэх төхөөрөмж нь нэгдмэл байж болно.
13. Ажлын тоормос нь чиргүүлийн бүх дугуйнд үйлчлэх ёстой. Тоормосны үйлчлэл нь чиргүүлийн өөр өөр тэнхлэгүүдэд жигд хуваарилагдах ёстой.
14. Ажлын тоормос нь чирэгчийн ажлын тоормосны дамжуулгын үйлчлэлээр ажилладаг байх ёстой; Харин бүх жин нь 3500 кг-аас илүүгүй чиргүүлийн ажлын тоормос нь хөдөлгөөний үед уг чиргүүл чирэгчтэйгээ ойртсон нөхцөлд ажилладаг (инерцийн хүчээр тоормослох) бүтэцтэй байж болно.
15. Ажлын ба зогсоолын тоормос нь хангалттай бат бөх зүйлээр дугуйтай байнгын холбоотой байдаг тоормослох гадаргууд үйлчлэх ёстой.
16. Хөдөлгөөний үед чиргүүлийн холбоос тасарсан тохиолдолд тоормослох хэрэгслүүд нь чиргүүлийг автоматаар зогсоох шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ энэ заалт нь чирэх холбоосныхоо хажуугаар холболтын нэмэлт төхөөрөмжтэй (хагас чиргүүлээс бусад), бүх жин нь 1500 кг-аас илүүгүй, тэнхлэгүүдийн хоорондын зай нь 1 метрээс бага нэг буюу хоёр тэнхлэгтэй чиргүүлүүдэд хамаарахгүй.
C. Тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний тоормослолт
17. Энэхүү бүлгийн A ба B хэсэгчлэлд тусгагдсан хоорондоо холбогдоогүй тээврийн хэрэгсэл (автомашин ба чиргүүл)-үүдэд хамаарах заалтууд дээр нэмэлт болгож холбогдсон тээврийн хэрэгслүүдийн бүрэлдэхүүний хувьд дараахь заалтуудыг хамааруулна:
a) аливаа тээврийн хэрэгслийн тоормосны хэрэгслүүд нь хоорондоо нийцэж байх ёстой;
b) ажлын тоормосны үйлчлэл нь бүрэлдэхүүний өөр өөр тэнхлэгүүдэд жигд хуваарилагдах ёстой.
c) ажлын тоормосоор тоноглогдоогүй чиргүүлийн бүх жингийн хэмжээ нь чирэгч тээврийн хэрэгслийн ачаалалгүй жин ба жолоочийн жин хоёрын нийлбэрийн хагасаас илүү байх ёсгүй.
D. Мотоциклын тоормослолт
18. a) Мотоцикл бүр тоормосны хоёр хэрэгсэлтэй (урд болон хойд дугуйнд) байна; шаахайтай бол шаахайны дугуйнд тоормос шаардахгүй. Эдгээр тоормосны хэрэгслүүд нь мотоциклын хөдөлгөөнийг түүний ачааллын нөхцөл болон өгсөж, уруудаж яваагаас үл хамааран удаашруулах ба найдвартай, түргэн, идэвхтэй зогсоож чаддаг байх ёстой.
b) Энэ хэсгийн “a” заалтад нэмэлт болговол: тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой тэгш хэмтэй байрласан гурван дугуйтай мотоцикл нь энэхүү хавсралтын 5 дугаар хэсгийн “b”-д заасны дагуу зогсоолын тоормосоор тоноглогдсон байвал зохино.
II бүлэг. Тээврийн хэрэгслийн гэрэл дохио ба гэрэлтүүлэх хэрэгсэл
19. Энэ бүлэгт дараахь нэр томъёонуудыг хэрэглэхдээ:
“Холын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн өмнөх замыг хол зайд гэрэлтүүлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Ойрын гэрэл” - гэдэгт өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч болон бусад хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахгүй, тэдний тайван байдлыг алдагдуулахгүйгээр тээврийн хэрэгслийн өмнөх замыг гэрэлтүүлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Урд талын оврын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн урд тал болон түүний оврын өргөнийг мэдээлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Ард талын оврын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн ар тал болон түүний оврын өргөнийг мэдээлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Тоормосны гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн ард яваа бусад хөдөлгөөнд оролцогчдод жолооч ажлын тоормослолт хийж байгааг мэдээлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Урд талын манангийн гэрэл” - гэдэгт өтгөн манан будантай буюу цас, ширүүн бороо орж байгаа, эсвэл үүнтэй адил төстэй бусад нөхцөлд замыг сайн гэрэлтүүлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Ард талын манангийн гэрэл” - гэдэгт өтгөн манан будантай буюу цас, ширүүн бороо орж байгаа, эсвэл үүнтэй адил төстэй бусад нөхцөлд тээврийн хэрэгслийн ар талын үзэгдэлтийг сайжруулахад зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Ухрахын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгсэл ухрах гэж байгаа буюу ухарч байгааг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах, мөн тээврийн хэрэгслийн ардах замыг гэрэлтүүлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Эргэх дохионы гэрэл” - гэдэгт жолооч баруун, зүүн гар тийш хөдөлгөөний чигээ өөрчлөх гэж байгааг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдээлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Зогсоолын гэрэл” - гэдэгт удаан зогсож байгаа тээврийн хэрэгслийг мэдээлэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно; энэ гэрэл нь урд болон ард талын оврын гэрлүүдийг орлож болно;
“Оврын хязгаарын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн оврын өргөний захын цэгт аль болох дээш байрлуулсан, тээврийн хэрэгслийн оврын өргөнийг яв цав тэмдэглэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно; Зарим автомашин ба чиргүүлд энэ дохио нь оврын гэрэлд нэмэлт болж уг тээврийн хэрэгслийн оврын хэмжээг улам тодруулна;
“Ослын дохио” - гэдэгт эргэх дохионы бүх гэрэл нэгэн зэрэг ажиллаж буй дохиог ойлгоно;
“Хажуугийн оврын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн хажуу талд байрлаж, уг тээврийн хэрэгслийг хажуугаараа хандсан байгааг тэмдэглэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Анхааруулах тусгай гэрэл” - гэдэгт давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл буюу эсвэл бусад хөдөлгөөнд оролцогчдоос онцгой анхаарал болгоомж шаардах тээврийн хэрэгслүүд (тухайлбал: зам дээр байгаа хэт их овортой тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн цуваа, эсвэл зам барих, засвар үйлчилгээ хийхэд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, машин механизм гэх мэт)-ийг тэмдэглэхэд зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Ард талын дугаарын гэрэл” - гэдэгт тээврийн хэрэгслийн ард талд байрласан бүртгэлийн дугаарын тэмдгийг гэрэлтүүлэхэд зориулагдсан хэрэгслийг ойлгоно; Энэ хэрэгсэл нь хэд хэдэн оптик элементээс бүрдсэн байж болно;
“Өдрийн гэрэл” - гэдэгт өдрийн цагаар явж байгаа тээврийн хэрэгслийн урд талын үзэгдэлтийг сайжруулахад зориулагдсан гэрлийг ойлгоно;
“Гэрэл ойлгуур” - гэдэгт тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоогүй гэрлийн эх үүсгүүрээс цацарч буй гэрлийг ойлгох замаар уг тээврийн хэрэгсэл байгааг мэдээлэхэд зориулагдсан хэрэгслийг ойлгоно;
“Гэрэлтүүлэх талбай” - гэдэгт гэрэл идэвхтэй цацаргагч гадаргуугийн хөндлөн босоо хавтгайд бууж буй тэгш өнцөгт тусгалыг хэлнэ. Гэрэл ойлгуурын хувьд түүний оптик хэрэгслийн ойлгож буй гэрлийн тусгал нь идэвхтэй гадаргууд үзэгдэхүйц байна.
20. Энэ бүлэгт заагдсан гэрлүүдийн өнгө нь энэ хавсралтын нэмэлтэд тусгагдсан тодорхойлолтой аль болох нийцэж байх ёстой.
21. Тэгш зам дээр цагт 40 км-ээс илүү хурдтай явах бололцоотой аливаа автомашин (мотоциклоос бусад) нь урд талдаа шөнийн цэлмэг үед замыг зохих хэмжээнд гэрэлтүүлж чадах, тэгш тоотой цагаан буюу цайвар шар өнгийн холын гэрэлтэй байх ёстой. Холын гэрлийн гэрэлтүүлэх талбайн гадна зах нь ямар ч тохиолдолд тээврийн хэрэгслийн оврын өргөний зах руу, ойрын гэрлийн гэрэлтүүлэх талбайн гадна захаас ойрхон (дотогшоо) байх ёсгүй.
22. Тэгш зам дээр цагт 10 км-ээс илүү хурдтай явах бололцоотой аливаа автомашин (мотоциклоос бусад) нь урд талдаа шөнийн цэлмэг үед замыг зохих хэмжээнд гэрэлтүүлж чадах, тэгш тоотой цагаан буюу цайвар шар өнгийн ойрын гэрлээр тоноглогдсон байх ёстой. Автомашин нь нэгэн зэрэг хоёроос илүүгүй ойрын гэрэл асдаг байхаар тоноглогдсон байна. Ойрын гэрэл нь энэхүү хавсралтын 19 дүгээр хэсэгт тодорхойлсны дагуу тохируулагдсан байна.
23. Хоёр дугуйтай шаахайгүй мотоциклоос бусад аливаа автомашин нь урд талдаа цагаан өнгийн хоёр ширхэг оврын гэрэлтэй байх ёстой; Гэхдээ цайвар шар өнгийн гэрэл цацруулдаг холын буюу ойрын гэрэлтэй хамт тавигдсан урд талын оврын гэрэл нь цайвар шар өнгөтэй байж болно.
Эдгээр урд талын оврын гэрлүүд нь дангаараа асаалттай явах тохиолдолд тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахгүй, тэдний тайван байдлыг алдагдуулахгүйгээр, шөнийн цэлмэг үед сайн үзэгдэж байвал зохино.
24. a) Хоёр дугуйтай шаахайгүй мотоциклоос бусад аливаа автомашин нь ард талдаа тэгш тоотой улаан өнгийн оврын гэрэлтэй байх ба тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахгүй, тайван байдлыг нь алдагдуулахгүйгээр, шөнийн цэлмэг үед сайн үзэгдэж байх ёстой;
b) Чиргүүл бүр нь ард талдаа тэгш тоотой улаан өнгийн оврын гэрэлтэй байх ба тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахгүй, тайван байдлыг нь алдагдуулахгүйгээр, шөнийн цэлмэг үед сайн үзэгдэж байх ёстой; Гэхдээ хоёр дугуйтай шаахайгүй мотоциклоор чирэгдэж яваа 0.8 метрээс илүүгүй оврын өргөнтэй чиргүүлд дээрх гэрэл нь нэг ширхэг байж болно.
25. Ард талдаа дугаарын тэмдэгтэй аливаа автомашин, чиргүүл нь шөнийн цэлмэг үед уг дугаарыг хялбар уншиж болохуйцаар гэрэлтүүлэх ард талын дугаарын гэрлээр тоноглогдсон байх ёстой.
26. Аливаа автомашин (мотоциклыг оролцуулан), чиргүүл, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний цахилгаан холболт нь автомашины холын буюу ойрын гэрэл, урд талын оврын буюу манангийн гэрэл, түүнчлэн ард талын дугаарын гэрлийг асаахад автомашины буюу бүрэлдэхүүний сүүлчийн тээврийн хэрэгслийн ард талын оврын гэрэл нэгэн зэрэг асдаг байхаар бүтээгдсэн байх ёстой.
Ард талын манангийн гэрлийг холын буюу ойрын гэрэл эсвэл урд талын манангийн гэрэлтэй нэгэн зэрэг асаах бололцоотой байвал зохино.
Гэхдээ энэ заалт нь холын буюу ойрын гэрлийг дохио өгөх зорилгоор ашиглаж байгаа (энэхүү Конвенцийн 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан) тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнээс гадна цахилгаан холболт нь автомашины холын буюу ойрын гэрэл, эсвэл манангийн гэрлийг асаахад урд талын оврын гэрэл ямагт хамт асдаг байхаар бүтээгдсэн байх ёстой.
27. Хоёр дугуйтай шаахайгүй мотоциклоос бусад аливаа автомашин нь ард талдаа дор хаяж хоёр ширхэг, гурвалжин биш хэлбэртэй, улаан гэрэл ойлгууртай байвал зохино. Эдгээр гэрэл ойлгуур нь шөнийн цэлмэг үед бусад тээврийн хэрэгсэл холын буюу ойрын гэрэл, эсвэл манангийн гэрлээ асаах үед түүний жолоочид үзэгдэж байх ёстой.
28. Чиргүүл бүр ард талдаа дор хаяж хоёр ширхэг улаан гэрэл ойлгууртай байвал зохино. Эдгээр гэрэл ойлгуур нь адил талт гурвалжин (орой нь дээш чиглэсэн) хэлбэртэй байна. Энэ гурвалжингийн дотор ямар нэгэн дохионы гэрэл байрлах ёсгүй. Эдгээр гэрэл ойлгуур нь дээрх 27 дугаар хэсэгт заасан үзэгдэлтийн шаардлагыг хангаж байвал зохино. Харин хоёр дугуйтай шаахайгүй мотоциклоор чирэгдэж яваа 0.8 метрээс илүүгүй оврын өргөнтэй чиргүүл нь зөвхөн нэг ширхэг гэрэл ойлгууртай байж болно.
29. Чиргүүл бүр урд талдаа хоёр ширхэг, гурвалжин биш хэлбэртэй, цагаан гэрэл ойлгууртай байвал зохино. Эдгээр гэрэл ойлгуур нь дээрх 27 дугаар хэсэгт заасан үзэгдэлтийн нөхцөлийг хангаж байвал зохино.
30. 1.6 метрээс илүү өргөнтэй чиргүүл нь урд талдаа хоёр ширхэг цагаан өнгийн оврын гэрэлтэй байвал зохино. Эдгээр урд талын оврын гэрлүүд нь чиргүүлийн оврын өргөний захад аль болох ойр байрласан байх ёстой.
31. Тэгш зам дээр цагт 25 км-ээс илүү хурдтай явах бололцоотой аливаа автомашин (хоёр дугуйтай шаахайтай, шаахайгүй мотоциклоос бусад) нь ард талдаа дор хаяж хоёр ширхэг улаан өнгийн тоормосны гэрэлтэй байх бөгөөд түүний гэрэлтүүлэх хүч нь ард талын оврын гэрлийнхээс илүү байвал зохино. Энэ заалт нь тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний сүүлийн чиргүүл бүхэнд хамаарна.
32. Энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талууд нь мопедыг доорхи заалтууд буюу түүний зарим нэг хэсгээс чөлөөлж болно гэсэн нэмэлт тайлбартайгаар заах нь:
a) шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай аливаа мотоцикл нь нэг буюу хоёр ширхэг ойрын гэрэл (дээрх 22 дугаар хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-ээр тоноглогдсон байх ёстой;
b) тэгш зам дээр цагт 40 км-ээс илүү хурдтай явах бололцоотой, шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай аливаа мотоцикл нь ойрын гэрлээс гадна дор хаяж нэг ширхэг холын гэрэл (энэ хавсралтын 21 дүгээр хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-тэй байх ёстой. Хэрэв ийм мотоцикл нь нэгээс олон холын гэрэлтэй бол эдгээр гэрлүүд нь аль болох хоорондоо ойрхон байрлаж байвал зохино.
33. Хоёр дугуйтай шаахайгүй аливаа мотоцикл нь урд талдаа нэг буюу хоёр ширхэг оврын гэрэл (энэ хавсралтын 23 дугаар хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-тэй байж болно. Хэрэв ийм мотоцикл нь хоёр ширхэг урд талын оврын гэрэлтэй бол эдгээр гэрлүүд нь аль болох хоорондоо ойрхон байрлаж байвал зохино.
34. Хоёр дугуйтай шаахайгүй аливаа мотоцикл нь ард талдаа нэг ширхэг оврын гэрэл (энэ хавсралтын 24 дүгээр хэсгийн “a”-д заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-тэй байх ёстой.
35. Хоёр дугуйтай шаахайгүй аливаа мотоцикл нь ард талдаа гурвалжин биш хэлбэртэй, нэг ширхэг гэрэл ойлгуур (энэ хавсралтын 27 дугаар хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-той байх ёстой.
36. Шаахайтай, шаахайгүй хоёр дугуйтай аливаа мотоцикл нь энэ хавсралтын 31 дүгээр хэсэгт заасан шаардлагыг хангасан тоормосны гэрэлтэй байх ёстой; Нэмж хэлэхэд, энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ заалтыг шаахайтай, шаахайгүй хоёр дугуйтай мопедод хамааруулахгүй байж болно.
37. Шаахайгүй мотоциклын хувьд заагдсан гэрэл ба хэрэгслийн талаархи заалтуудыг үгүйсгэхгүйгээр, хоёр дугуйтай мотоциклд холбогдсон аливаа шаахай нь нэг ширхэг урд талын оврын гэрэл (энэ хавсралтын 23 дугаар хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан), мөн нэг ширхэг ард талын оврын гэрэл (энэ хавсралтын 24 дүгээр хэсгийн “a”-д заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан), түүнчлэн нэг ширхэг гэрэл ойлгуур (энэ хавсралтын 27 дугаар хэсэгт заасан өнгө ба үзэгдэлтийн шаардлагыг хангасан)-той байх ёстой. Цахилгаан холболт нь мотоциклын ард талын оврын гэрэл асахад шаахайны урд ба ард талын оврын гэрэл нэгэн зэрэг асдаг байхаар бүтээгдсэн байх ёстой. Ямар ч тохиолдолд шаахай нь холын буюу ойрын гэрэлтэй байх ёсгүй.
38. Тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой тэгш хэмтэй байрласан гурван дугуйтай автомашин (энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлийн “n”-д заасан тодорхойлолтын дагуу мотоциклд хамаарагдсан) нь энэ хавсралтын 21, 22, 23, 24 “a”, 27, 31 дүгээр хэсгүүдэд тусгагдсан хэрэгслүүдээр тоноглогдсон байвал зохино. Харин 1.3 метрээс илүүгүй өргөнтэй, цагт 40 км-ээс ихгүй хурдтай цахилгаан тээврийн хэрэгслийн хувьд холын буюу ойрын гэрэл тус бүр нэг ширхгийг суурилуулсан бол хангалттайд тооцно.
39. Мопедоос бусад аливаа автомашин ба чиргүүлүүд нь өдөр, шөнийн аль ч цагт хөдөлгөөнд оролцогчдод үзэгдэхүйц, тээврийн хэрэгслийн хоёр талд хосоороо хөдөлгөөнгүй байрласан эргэх дохионы анивчдаг улбар шар өнгийн гэрэлтэй байх ёстой.
40. Хэрэв автомашин нь урд талдаа манангийн гэрэлтэй бол тэр нь цагаан буюу цайвар шар өнгөтэй хоёр ширхэг, мотоциклын хувьд нэг ширхэг байх ба түүний гэрэлтүүлэх талбайн нэг ч цэг ойрын гэрлийн гэрэлтүүлэх талбайн оройн цэгээс дээш гарахгүй байхаар суурилагдсан байх ёстой.
41. Ухрахын гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахаар, тэдний тайван байдлыг алдагдуулахаар байх ёсгүй. Хэрэв автомашин нь ухрахын гэрлээр тоноглогдсон бол тэр нь цагаан буюу цайвар шар өнгөтэй байна. Энэ гэрэл зөвхөн ухрах арааны дамжуулга залгагдсан үед л асдаг байвал зохино.
42. Эргэх дохионы гэрэл болон анхааруулах тусгай гэрлээс бусад ямар ч гэрэл анивчдаг буюу гялалздаг байх ёсгүй. Харин хажуугийн гэрэл нь эргэх дохионы гэрэлтэй хамт нэгэн зэрэг анивчдаг горимд ажилладаг байж болно.
42-бис. Анхааруулах тусгай гэрэл нь анивчдаг буюу гялалздаг байх ёстой. Энэ гэрлийн өнгө нь энэхүү Конвенцийн 32 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтад нийцсэн байвал зохино.
42-тер. Мотоциклоос бусад аливаа автомашин ба чиргүүлүүд нь ослын дохио өгч чадахуйцаар тоноглогдсон байх ёстой.
42-кватер. Хэрэв автомашин ба чиргүүлүүд нь ард талын манангийн гэрлээр тоноглогдсон бол тэр нь улаан өнгөтэй байх ёстой.
42-квинквиес. 6 метрээс илүү урттай аливаа автомашин ба чиргүүлүүд нь улбар шар өнгөтэй хажуугийн гэрэл ойлгуураар тоноглогдсон байвал зохино.
42-секстиес. 1.8 метрээс илүү өргөнтэй аливаа автомашин ба чиргүүлүүд нь оврын хязгаарын гэрлээр тоноглогдсон байвал зохино. Ийм гэрэл нь ялангуяа 2.1 метрээс илүү өргөнтэй автомашин, чиргүүлийн хувьд заавал байх шаардлагатай. Ийм гэрлээр тоноглогдсон бол түүний тоо ширхэг нь хоёроос цөөнгүй байх ба урагшаагаа цагаан буюу улбар шар, хойшоогоо улаан өнгийн гэрэл гаргадаг байвал зохино.
42-септиес. Аливаа автомашин ба чиргүүлүүд нь хажуугийн оврын гэрэлтэй байж болно. Ийм гэрлийг суурилуулсан бол тэр нь улбар шар өнгийн гэрэл гаргадаг байвал зохино.
43. Энэхүү хавсралтын заалтыг хэрэглэхдээ дараахь зүйлсийг тооцож үзнэ:
a) зориулалт, өнгө нь ижил, хоёр ба түүнээс олон гэрлүүдийн аливаа хослол нь төсөөтэй байгаа буюу үгүй эсэхийг;
b) хос хосоороо байгаа гэрлүүдийн гэрэлтүүлэх талбай нь (тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой харьцангуй тэгш хэмтэй байрласан нөхцөлд) зурвас хэлбэрт нэгдмэл байгаа эсэхийг. Уг гадаргууны гэрэлтүүлгийг түүний зах руу аль болох ойр байрласан, дор хаяж хоёр гэрлийн үүсгүүрээр гүйцэтгэх ёстой.
44. Нэг тээврийн хэрэгсэл дэх ижил зориулалтай, нэг зүгт чиглэсэн гэрлүүд нь ижил өнгөтэй байна. Тэгш тоотой гэрлүүд буюу гэрэл ойлгуурууд нь тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой тэгш хэмтэй байрлах ёстой. Энэ заалт нь гаднах хэлбэр нь тэгш бус хэмтэй тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Аливаа хос гэрлүүдийн гэрэлтүүлэх хүч нь ижил байх ёстой.
45. Энэ бүлгийн бусад хэсгийн заалтуудыг мөрдлөг болгосон нөхцөлд зориулалтаараа ялгаатай гэрлүүд ба гэрэл ойлгуурууд нь гэрэлтүүлгийн нэг хэрэгсэлд угсрагдсан буюу эсвэл эдгээр гэрэл ба гэрэл ойлгуурууд нь энэхүү хавсралтын заалтуудад нийцэж байгаа нөхцөлд уг хэрэгсэл дотор залгагдсан байж болно.
III бүлэг. Бусад заалтууд
Жолооны удирдлага
46. Аливаа автомашин нь жолоочоос тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний чигийг хөнгөн хялбар, түргэн шуурхай, итгэл найдвартайгаар өөрчлөх бололцоо бүхий бат бөх жолооны удирдлагатай байх ёстой.
Ар талыг харах толь
47. Аливаа автомашин нь ар талыг харах нэг буюу хэд хэдэн тольтой байх ёстой. Эдгээр толины тоо, хэмжээ, байрлал нь жолоочоос ар талынхаа замын хөдөлгөөнийг чөлөөтэй харж болохуйц байна.
Дуут дохионы хэрэгсэл
48. Аливаа автомашин нь хангалттай чадал бүхий дор хаяж нэг ширхэг дуут дохионы хэрэгсэлтэй байх ёстой. Дуут дохио нь хэт янгинсан биш, нэгэн жигд, үргэлжилсэн дуу авиатай байвал зохино. Давуу эрх бүхий тусгай тээврийн хэрэгсэл болон нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь энэ шаардлагад нийцэхээргүй нэмэгдэл дуут дохионы хэрэгсэлтэй байж болно.
Шил арчуур
49. Жолооч талаас урдах замаа чөлөөтэй харж болохуйц хэлбэр, хэмжээтэй, тунгалаг элемент бүхий шил (салхины шил)-ээр тоноглогдсон аливаа автомашин нь жолоочийн байнгын оролцоогүйгээр ажилладаг, бат бөх, дор хаяж нэг ширхэг (зохих талд байрласан) шил арчууртай байх ёстой.
Шил угаагуур
50. Дор хаяж нэг ширхэг шил арчууртай байвал зохих аливаа автомашин нь мөн шил угаагууртай байх ёстой.
Салхины шил ба бусад шил
51. Аливаа автомашин ба чиргүүлийн хувьд:
a) тээврийн хэрэгслийн гадна талын элемент (салхины шил гэх мэт) болон дотор талын тусгаарлавч элементэд хийгдсэн тунгалаг материалууд нь хагарч эвдрэх тохиолдолд аль болох бага бэртэл гэмтэл учруулахуйц байх ёстой;
b) салхины шил нь тунгалаг чанараа алддаггүй материалаар хийгдсэн бөгөөд дүрсийг ямар нэгэн хэв гажилтгүйгээр нэвтрүүлдэг, мөн эвдрэлд орох тохиолдолд жолооч замаа зохих хэмжээнд харж болохуйцаар бүтээгдсэн байх ёстой.
Ухрахад зориулсан төхөөрөмж
52. Аливаа автомашин нь ухрах хөдөлгөөнд зориулагдсан төхөөрөмж (жолооч суудлаасаа удирдаж болохуйц)-өөр тоноглогдсон байх ёстой. Энэ төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой тэгш хэмтэй байрласан гурван дугуйтай бүх жин нь 400 кг-аас илүү мотоцикл буюу автомашинд заавал байна.
Дуу намсгуур
53. Аливаа дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашин нь идэвхжилтэй дуу намсгуураар тоноглогдсон байна.
Дугуй
54. Автомашин ба чиргүүлүүдийн дугуй нь нойтон зам дээр ч барьцалтыг сайн хангаж байхуйц хийтэй резинэн гадаргуутай байх ёстой. Гэхдээ энэ заалт нь Хэлэлцэн тохирогч Талуудаас хийтэй резинэн гадаргуутай дугуйнаас дутахааргүй үр дүнтэй хэрэгсэл бүхий дугуй ашиглахыг зөвшөөрөхөд нь саад болохгүй.
Хурд хэмжүүр
55. Тэгш зам дээр цагт 40 км-ээс илүү хурдтай явах бололцоотой аливаа автомашин нь хурд хэмжүүртэй байх ёстой. Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ заалтыг зарим ангиллын мотоцикл ба бусад хөнгөн тээврийн хэрэгслүүдэд хамааруулахгүй байж болно.
Автомашины дохионы хэрэгсэл
56. Энэ Конвенцийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэг болон 1 дүгээр хавсралтын 6 дугаар хэсэгт заасан хэрэгсэл нь:
a) гэрэл ойлгогч судал бүхий улаан өнгийн хүрээтэй адил талт гурвалжин хэлбэртэй, голын хэсэг нь хөндий буюу цайвар өнгийн дэвсгэртэй байна. Үүнээс гадна улаан өнгийн талстжисан гадаргуу (флюоресцирующее покрытие)-тай буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байж болно. Энэ хэрэгсэл нь босоо байрлалд тогтвортой тавигдахуйц байх ёстой.
b) тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын үндэсний хууль тогтоомжид заагдсан бусад иймэрхүү үр нөлөө бүхий хэрэгсэл байж болно.
Авч зугтаахаас хамгаалах хэрэгсэл
57. Аливаа автомашин нь зогсоолд орхигдох үед түүний ямар нэгэн суурь агрегатыг ажиллагаагүй болгох буюу гацааж болохуйц, хулгайлагдахаас хамгаалах хэрэгслээр тоноглогдсон байх ёстой.
Бэртлээс хамгаалах хэрэгсэл
58. Энэхүү Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан B ангилалд хамаарагдах тээврийн хэрэгслүүдийн урагш харсан суудлууд нь албан ёсны зориулалт бүхий хамгаалах бүс буюу түүнтэй адил үр нөлөө бүхий хамгаалах хэрэгслээр тоноглогдсон байх ёстой. Харин үндэсний хууль тогтоомжид заасан үндэслэлээр тусгай зорилгод ашиглах буюу тусгай зориулалтаар бүтээгдсэн тээврийн хэрэгслүүдийн хувьд энэ заалт хамаарахгүй.
Нийтлэг заалтууд
59. a) Автомашины механизм, төхөөрөмжүүд нь аль болох галын осолгүй, дэсэрч дэлбэрэх аюулгүй, түүнчлэн их хэмжээний хорт хий, өтгөн утаа ялгаруулахгүй, эвгүй үнэр, чимээ шуугиан гаргахгүй байх ёстой.
b) Автомашины хөдөлгүүрийн өндөр хүчдэлийн асаалтын систем нь аль болох цахилгаан соронзон долгионыг их хэмжээгээр үүсгэдэггүй байвал зохино.
c) Аливаа автомашины хийц нь жолоочийн харах боломжийг урагш болон баруун, зүүн тийш хүрэлцэхүйц хэмжээнд хангасан, автомашиныг аюулгүй жолоодох нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой.
d) Автомашин ба чиргүүлийн хийц, тоноглолууд нь зам тээврийн осолд орох үед зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогчдод учрах аюулыг аль болох бага байлгах нөхцөлийг хангасан байх ёстой. Тухайлбал, тээврийн хэрэгслийн дотор болон гадна талд жолооч, зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулж болзошгүй хурц ирмэгтэй буюу тээврийн хэрэгслийн овроос илүү гарсан ямар нэгэн чимэглэл, бусад онцын шаардлагагүй зүйлсийг байрлуулаагүй байвал зохино.
e) Бүх жин нь 3.5 тонноос илүү тээврийн хэрэгслүүд нь бололцооны хэрээр өнхрөхөөс хамгаалсан хажуугийн болон ард талын хэрэгсэлтэй байна.
IV бүлэг. Дүрмээс гажих
60. Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэрт энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ дараахь тээврийн хэрэгслүүдийн хувьд энэ хавсралтын заалтуудаас гажиж болно:
a) тэгш зам дээр техникийн хурд нь цагт 30 км-ээс хэтэрдэггүй буюу үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрсөн дээд хурд нь цагт 30 км-ээс илүүгүй автомашин ба чиргүүлүүд;
b) бэртэж гэмтсэн буюу биеийн төрөлхийн согогтой хүмүүст тусгайлан зориулж бүтээгдсэн, зөвхөн эдгээр хүмүүст ашиглагддаг тахир дутуу хүний хөсөг, өөрөөр хэлбэл жижиг автомашин;
c) техникийн ололтыг нэвтрүүлэх болон аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилгоор туршилтад зориулж хийгдсэн тээврийн хэрэгслүүд;
d) онцгой төрөл, хэлбэрийн тээврийн хэрэгсэл буюу тусгай зорилгоор онцгой нөхцөлд ашиглагдах тээврийн хэрэгслүүд;
e) тахир дутуу хүмүүст зориулан тоноглогдсон тээврийн хэрэгсэл.
61. Түүнчлэн Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр бүртгэгдсэн, олон улсын хөдөлгөөнд оролцож болох тээврийн хэрэгслүүдийн хувьд ч энэ хавсралтын заалтуудаас дор дурдсан зорилгоор гажиж болно:
a) автомашин ба чиргүүлүүдийн урд талын оврын гэрэлд улбар шар өнгийг зөвшөөрөхдөө;
b) гаднах хэлбэрээс шалтгаалан энэхүү хавсралтын заалтыг биелүүлэх боломжгүй тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн гэрлүүдийн байрлалын хувьд холболтын төхөөрөмж хэрэглэхгүй бол амархан гэмтэж, тасарч болзошгүй тохиолдолд;
c) чирэгчтэйгээ шууд холбогддоггүй, зөвхөн ачаагаараа түүнтэй холбогддог, урт ачаа (гуалин, хоолой гэх мэт) тээвэрлэхэд зориулагдсан чиргүүлийн хувьд;
d) ард талд цагаан, урд талд улаан өнгийн гэрэл гаргах хэрэгсэл байрлуулахыг дараахь тохиолдолд зөвшөөрөхдөө:
- давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл дээрх эргэлддэг буюу гялалздаг гэрлүүд;
- онцгой төрлийн ачаанд зориулсан суурин гэрэл;
- хажуугийн гэрэл ба гэрэл ойлгуурууд;
- тээврийн хэрэгслийн зориулалтыг заадаг, түүний бүхээг дээр суурилагдсан гэрлэн хэрэгсэл;
e) урд болон ард талаасаа хөх гэрэл гаргаж эргэлддэг буюу гялалздаг гэрлүүдийг зөвшөөрөхдөө;
f) онцгой нөхцөлд тусгай зорилгоор ашиглагддаг (эсвэл тусгай хэлбэр, төрлийн) тээврийн хэрэгслийн аль ч талд улаан ба цагаан өнгийн гэрэл ойлгогч судалтай туузыг хэрэглэхийг зөвшөөрөхдөө;
g) тэмдэглэгдсэн тоо, үсгүүд нь цагаан буюу өнгийн гэрэл ойлгодог, эсвэл дэвсгэр нь гэрэл ойлгодог дугаарын гэрэл, түүнчлэн гэрэл ойлгодог ялгах тэмдэг буюу үндэсний хууль тогтоомжид заасан бусад тэмдэглэгээг ард талд хэрэглэхийг зөвшөөрөхдөө;
h) ард талд байрлалтай хажуугийн гэрэл ойлгуур ба хажуугийн гэрлүүдэд улаан өнгийг зөвшөөрөхдөө.
V бүлэг. Шилжилтийн заалтууд
62. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр анх бүртгэгдсэн автомашин буюу ашиглалтад орсон чиргүүлүүд нь замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенцийн 6 дугаар хавсралтын I, II, III хэсгүүдийн шаардлагыг хангаж байгаа нөхцөлд тэдгээрт энэ хавсралтын заалтуудыг хамааруулахгүй.
62-бис. Энэхүү Конвенцийн засвар хүчин төгөлдөр болохоос өмнө буюу хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр анх бүртгэгдсэн автомашин буюу ашиглалтад орсон чиргүүлүүд нь замын хөдөлгөөний тухай 1968 оны Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтуудын шаардлага (уг хавсралтад засвар болон бусад заалтууд орохоос өмнө үйлчилж байсан)-ыг хангаж байгаа нөхцөлд тэдгээрт энэ хавсралтын заалтуудыг хамааруулахгүй.
НЭМЭЛТ
Энэхүү хавсралтад заасан өнгийг гаргаж авах өнгөний шүүлтүүрийн тодорхойлолтууд (өнгөний коэффициентээр)
Улаан: .................. |
шар өнгөнд шилжих хязгаар .................. |
y≤0.335 |
|
гүн улаан өнгөнд шилжих хязгаар .......... |
z≤0.008 |
Цагаан: ................ |
хөх өнгөнд шилжих хязгаар ................... |
x≥0.310 |
|
шар өнгөнд шилжих хязгаар .................. |
x≤0.500 |
|
ногоон өнгөнд шилжих хязгаар .............. |
y≤0.150+0.640x |
|
ногоон өнгөнд шилжих хязгаар .............. |
y≤0.440 |
|
гүн улаан өнгөнд шилжих хязгаар .......... |
y≥0.050+0.750x |
|
улаан өнгөнд шилжих хязгаар ............... |
y≥0.382 |
Улбар шар: ........... |
шар өнгөнд шилжих хязгаар .................. |
y≤0.429 |
|
улаан өнгөнд шилжих хязгаар ............... |
y≥0.398 |
|
цагаан өнгөнд шилжих хязгаар .............. |
z≤0.007 |
Цайвар шар: ........ |
улаан өнгөнд шилжих хязгаар ............... |
y≥0.138+0.580x |
|
ногоон өнгөнд шилжих хязгаар .............. |
y≤1.29x-0.100 |
|
цагаан өнгөнд шилжих хязгаар .............. |
y≥-x+0.966 |
|
спектрийн хэмжээнд шилжих хязгаар .... |
y≤-x+0.992 |
Хөх: ...................... |
ногоон өнгөнд шилжих хязгаар .............. |
y=0.065+0.805x |
|
цагаан өнгөнд шилжих хязгаар .............. |
y=0.400-x |
|
гүн улаан өнгөнд шилжих хязгаар .......... |
x=0.133+0.600y |
Эдгээр шүүлтүүрийн колориметрийн үзүүлэлтүүдийг шалгахдаа 2854°K-ийн өнгөний температур бүхий гэрлийн үүсгүүр (Олон улсын гэрэлтүүлгийн комисс [ОУГК]-ийн стандартын А үүсгүүрт нийцэх)-ийг ашиглана.