ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

3 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг

1. a) Энэхүү Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд нь энд тусгагдсан замын тэмдэг, дохио, тэмдэглэлийн системийг хэрэглэх бөгөөд үүнийг аль болох түргэн хугацаанд амьдрал практикт нэвтрүүлэх үүрэг хүлээнэ. Үүний тулд:

i) хөдөлгөөнд оролцогчдод тодорхой мэдээллийг өгөх буюу заахад зориулагдсан тэмдэг, дүрс, тэмдэглэлүүд нь энэхүү Конвенцоор тодорхойлогдож байгаа нөхцөлд Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ зүйлийн 2 ба 3 дахь хэсэгт заасан хугацааг баримтлан дээрх мэдээллийг өгөх буюу заахад зориулагдсан өөр бусад тэмдэг, дүрс, тэмдэглэлүүдийг хэрэглэхгүй байх үүрэгтэй;

ii) хөдөлгөөнд оролцогчдод тодорхой мэдээллийг өгөх буюу заахад зориулагдсан тэмдэг, дүрс, тэмдэглэлүүд нь энэхүү Конвенцоор тодорхойлогдоогүй мөртлөө Конвенцоор тогтоосон системд нийцэж байгаа ба өөр утгыг агуулсан байдлаар тусгагдаагүй бол Хэлэлцэн тохирогч Талууд нь дээрх зорилгоор уг тэмдэг, дүрс, тэмдэглэлийг хэрэглэж болно.

b) Хэлэлцэн тохирогч Талууд нь хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор болон энэхүү Конвенцид засвар оруулахаас өмнө туршилт явуулах зайлшгүй шаардлагатай холбогдуулан замын зарим хэсэгт түр хугацаанд энэхүү Конвенцийн заалтуудаас түдгэлзэж болно.

2. Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн жилийн дотор энэ Конвенцоор тогтоосон системийн тэмдэг, дүрс, тэмдэглэл, хэрэгсэлтэй өнгөн талаараа нийцэх боловч өөр утгыг илэрхийлж болзошгүй бүх тэмдэг, дүрс, тэмдэглэл, хэрэгслийг солих, нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авна.

3. Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван таван жилийн хугацаанд энэ Конвенцоор тогтоосон системд нийцэхгүй бүх тэмдэг, дүрс, тэмдэглэл, хэрэгслийг солих арга хэмжээ авна. Энэ хугацаанд хөдөлгөөнд оролцогчдыг энэхүү Конвенцоор тогтоосон системд хэвшүүлэх зорилгоор энэ Конвенцид заасан тэмдэг, дүрсүүдтэй хамт өмнө байсан тэмдэг, дүрсүүдийг хэрэглэж болно.

4. Энэхүү Конвенцийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талуудад энэ Конвенцоор заагдсан тэмдэг, тэмдэглэлийн бүх төрлийг заавал авч хэрэглэхийг албадаж байгаа мэтээр ойлгогдох ёсгүй. Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд өөрсдийн хэрэглэх тэмдэг, тэмдэглэлийн тоо ширхгийн хэрэгцээт доод хэмжээгээр хязгаарлагдана.

 

4 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч Талууд нь дараахь зүйлсийг хориотой байлгах арга хэмжээ авах үүрэгтэй:

a) замын тэмдэг буюу түүний тулгуур, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэл дээр уг тэмдэг, хэрэгслийн зорилгод хамааралгүй бусад зүйл байрлуулах; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд ба тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь материаллаг ашиг хонжоо олох зорилгогүй ямар нэг эвсэл, холбоонд мэдээллийн чанартай тэмдэг тавихыг зөвшөөрч байгаа бол тэмдэг болон түүний тулгуур дээр (тэмдгийг зөв ойлгоход хүндрэл учруулахааргүй бол) тухайн эвсэл холбооны эмблемийг тэмдэглэхийг зөвшөөрч болно;

b) замын тэмдэг буюу хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, эсвэл тэмдэг дохионы үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар зэрэг хэрэгслүүд байрлуулах.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»