ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ТЭМДГҮҮД

 

5 дугаар зүйл

1. Энэ Конвенцоор тогтоосон системийн замын тэмдгүүд нь дараахь ангиллаар ялгагдана:

a) анхааруулах тэмдгүүд: эдгээр тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчдод замд аюул байгааг болон уг аюулын төлөв байдлыг анхааруулах зорилготой;

b) захиран тушаах тэмдгүүд: эдгээр тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчдод биелүүлэх ёстой үүрэг, хязгаарлалт, тусгай хориглолтын талаар мэдэгдэх зорилготой; Эдгээр тэмдэг нь дараахь дэд хэсэгчлэлд хуваагдана:

i) дарааллын тэмдэг;

ii) хориглох буюу хязгаарлах тэмдэг;

iii) заах тэмдэг;

iv) тусгайлан заах тэмдэг;

c) мэдээллийн чанартай тэмдгүүд: эдгээр тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчдод замын дагуух чухал мэдээлэл буюу бусад хэрэгцээтэй заалтуудыг өгөх зорилготой; Эдгээр тэмдэг нь дараахь дэд хэсэгчлэлд хуваагдана:

i) объект ба үйлчилгээг мэдээлэх тэмдэг;

ii) чиг заах ба мэдээлэн заах тэмдэг:

чигийн урьдчилсан заалт;

чигийн заалт;

чиглэлийн нэр;

нэрийн заалт;

баталгаажуулах тэмдэг;

мэдээллийн тэмдэг;

iii) нэмэлт тэмдэг.

2. Энэхүү Конвенц нь хэд хэдэн тэмдэг буюу дүрсүүдийн дундаас сонголт хийх боломж олгож байгаа тохиолдолд:

a) Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн бүх нутаг дэвсгэрт зөвхөн нэг төрлийн тэмдэг буюу дүрсийг хэрэглэх ёстой;

b) Хэлэлцэн тохирогч Талууд нь бүс орнуудын хэмжээнд мөн ийм төрлийн тэмдэг, дүрсийн сонголт хийх тохиролцоонд хүрэхийг хичээх ёстой;

c) энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг сонголт хийгээгүй тэмдгийн төрөлд хэрэглэнэ.

 

6 дугаар зүйл

1. Тэмдгүүд нь жолооч нарт цаг тухайд нь хялбар танигдахуйц байдалтайгаар байрласан байна. Тэдгээр нь гол төлөв замын хажууд хөдөлгөөний батлагдсан талд байрлана; Гэхдээ тэдгээр нь зорчих хэсгийн дээр байрласан буюу давтан тавигдсан байж болно. Замын хажууд хөдөлгөөний батлагдсан талд байрласан тэмдэг нь тээврийн хэрэгслийн жолооч нарт цаг тухайд нь ажиглагдахааргүй нөхцөлтэй байвал түүнийг зорчих хэсгийн дээр буюу замын эсрэг талд давтан байрлуулсан байх ёстой.

2. Аливаа тэмдгийн үйлчлэх хүрээ нь жолоочид замын хөдөлгөөнд нээлттэй зорчих хэсгийн нийт өргөнийг хамарна. Гэхдээ тэмдгийн үйлчлэх хүрээ нь зөвхөн нэг буюу хэд хэдэн эгнээ (тэмдэглэлээр тусгаарлагдсан)-г хамрахаар хязгаарлагдсан байж болно. Энэ тохиолдолд тэмдгийг байрлуулахдаа дараахь гурван хувилбарын нэгийг хэрэглэнэ:

a) нэмэлт босоо сум бүхий тэмдгийг шаардлагатай тохиолдолд тухайн эгнээний дээр байрлуулах, эсвэл

b) замын тэмдэглэлээр уг тэмдгийн үйлчлэх хүрээг зөвхөн замын хөвөөтэй хиллэж буй эгнээнд хамаарахыг тодорхой зааж байгаа (тэмдгийн тухайн хэсэг дэх үйлчлэлийг тэмдэглэлийн тусламжтайгаар зааж болохыг дүрмээр баталгаажуулсан) нөхцөлд уг тэмдгийг замын хажуугийн хөвөөн дээр байрлуулах, эсвэл

c) энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 1 ба 2 дахь хэсэгт тусгагдсан E,1 буюу E,2 тэмдгүүд, түүнчлэн 1 дүгээр хавсралтын G хэсэгчлэлийн V дугаар дэд хэсгийн 1 ба 2 дахь хэсэгт тусгагдсан G,11 ба G,12 тэмдгүүдийг замын хөвөөн дээр байрлуулна.

3. Эрх бүхий байгууллагаас санал болгосноор буюу эсвэл тусгаарлагдсан зорчих хэсгүүд бүхий замын хөвөөн дээр байрласан зарим тэмдэг нь үр ашиггүй байвал түүнийг тусгаарлах зурвас дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд түүнийг хөвөөн дээр давтан тавихгүй байж болно.

4. Дараахь зүйлсийг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:

a) тэмдгүүд нь зорчих хэсэг дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүй байрласан байх ба мөн хөвөөн дээр байрласан тэмдгүүд нь явган зорчигчдын хөдөлгөөнд аль болох бага саад болохуйц байвал зохино. Тэмдэг байрласан талын замын захын гадаргуугийн түвшин ба тэмдгийн доод ирмэг хоорондын зай нь нэг ижил замууд дээрх нэг төрлийн тэмдгүүдийн хувьд аль болох жигд байна;

b) тэмдэг нь тодорхой зайнаас сайн үзэгдэхүйц, хялбар ялгагдахуйц хэмжээтэй байна; Энэхүү хэсгийн “c”-д дурдагдсан хэмжээс нь тээврийн хэрэгслийн ердийн хурдад нийцсэн болно.

c) анхааруулах болон захиран тушаах тэмдгүүд (тусгайлан заах тэмдгүүдээс бусад)-ийн хэмжээс нь Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэрт стандартчилагдсан байх ёстой. Тэмдгийн төрөл нэг бүрд жижиг, хэвийн, том, хэт том гэсэн дөрвөн ангиллын хэмжээг тогтооно. Жижиг хэмжээтэй тэмдгийг хэвийн хэмжээтэй тэмдэг хэрэглэгдэх боломжгүй нөхцөлд буюу хөдөлгөөний хурд бага байж болох замын хэсэгт байрлуулах ёстой. Эдгээрийг мөн дараагийн давтан тавигдах тэмдэгт хэрэглэж болно. Том хэмжээтэй тэмдгийг хөдөлгөөний хурд ихтэй, өргөн замд байрлуулна. Хэт том хэмжээтэй тэмдгийг хөдөлгөөний өндөр хурд бүхий зам, тухайлбал тууш замд байрлуулна.

 

7 дугаар зүйл

1. Үндэсний хууль тогтоомжид дараахь зүйлийг тусгахыг зөвлөж байна: Суурин газрын гэрэлтүүлэгтэй гудамжинд байрлах түр буюу удаан зогсолтыг зохицуулсан тэмдгүүдээс бусад замын тэмдгүүд, тухайлбал анхааруулах болон захиран тушаах тэмдгүүд нь шөнийн цагт сайн харагдаж, хялбар уншигдаж байхын тулд тусгайлан гэрэлтүүлэгдсэн буюу гэрэл ойлгогч материалаар хийгдсэн байвал зохино. Гэхдээ эдгээр нь хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулахааргүй байна. Тэмдэг дэх дүрсийн янз бүрийн өнгийн гэгээн буюу бараан элементүүд нь зохих эсрэг өнгийн (гэгээн нь бараан, бараан нь гэгээн) эмжээрээр хүрээлэгдсэн байж болно.

2. Зөвхөн тодорхой цаг хугацаанд буюу тодорхой өдөрт үйлчлэх анхааруулах буюу мэдээлэх тэмдгүүдийг зөвхөн хүчинтэй байх үедээ үзэгдэж байхуйцаар хэрэглэхийг энэ Конвенцийн нэг ч заалт хориглохгүй.

 

8 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцоор тогтоосон замын тэмдэг, дохионы системийн тэмдгүүд нь олон улсын хэмжээнд хялбар ойлгогдож байх үүднээс тэмдгийн ангилал тус бүрд онцлог ялгаатай өнгө, хэлбэр дүрсийг хэрэглэх бөгөөд түүнчлэн боломжтой бүх тохиолдолд тэмдгийг бичвэргүй, график дүрслэлтэйгээр хийвэл зохино. Хэрэв Хэлэлцэн тохирогч Талууд тэмдгийн дүрсийг ямар нэгэн байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ өөрчлөлт нь тухайн тэмдгийн үндсэн шинжийг алдагдуулаагүй байх ёстой.

1-бис. Хэрэв солигдмол дүрстэй тэмдэг хэрэглэх бол түүн дээрх дүрс, бичлэг нь энэхүү Конвенцид тусгагдсан тэмдэг, дохионы системд нийцсэн байх ёстой. Гэхдээ тэмдэг, дохионы системийн тухайн төрлийн техникийн шаардлагын үүднээс, тухайлбал, үзэгдэлтийг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд буруу ойлгогдохооргүй бол тэмдэг дэх дүрс, бичлэгийн бараан өнгийг гэгээн болгох, гэгээн өнгийн дэвсгэрийг нь бараан болгон өөрчилж болно. Тэмдгийн дүрс ба хүрээний улаан өнгийг өөрчилж болохгүй.

2. Хэрэв Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “a”-гийн “ii” заалтын дагуу энэхүү Конвенцоор тогтоогоогүй тэмдэг, дүрс хэрэглэх бол тэдгээр шинэ тэмдэг, дүрсийн талаар бүс орнуудын хэмжээнд тохиролцоонд хүрэхийг хичээх ёстой.

3. Тэмдгийн ойлгомжтой байдлыг сайжруулах зорилгоор түүний доор буюу дотор талд тэгш өнцөгт самбар дээр нэмэлт бичлэг хийж байрлуулахыг энэхүү Конвенцийн нэг ч заалт хориглохгүй. Түүнчлэн ийм бичлэг нь жолоочид тухайн тэмдгийг ойлгоход хүндрэл учруулахааргүй бол тэмдэг дотор шууд хийгдсэн байж болно.

4. Тэмдэг, дүрсийн утгыг тодруулах шаардлагатай гэж эрх бүхий байгууллагаас үзэж байгаа буюу эсвэл тэмдгийн үйлчлэх хүрээг тодорхой хугацаагаар хязгаарлах зайлшгүй тохиолдолд энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтад нийцэх байдлаар тухайн тэмдэгт буюу нэмэлт тэмдэгт бичлэг хийж болно. Хэрэв заах тэмдгийн үйлчлэлийг тодорхой хөдөлгөөнд оролцогчдын хүрээнд хязгаарлах буюу чөлөөлөх шаардлагатай бол 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлийн 4 дэх заалтын дагуу нэмэлт тэмдэг (H,5a; H,5b; H,6)-ийг хэрэглэнэ.

5. Энэ зүйлийн 3 ба 4 дэх хэсэгт заасан бичлэгийг үндэсний хэл дээр буюу түүнээс гадна тухайн Хэлэлцэн тохирогч Тал шаардлагатай гэж үзвэл бусад хэл дээр, тухайлбал, НҮБ-ын албан ёсны хэл дээр хийнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»