ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
Анхааруулах тэмдэг
9 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлийн I дүгээр дэд хэсэгт анхааруулах тэмдгийн хэлбэрийг, II дугаар дэд хэсэгт эдгээр тэмдэгт байрлах дүрсүүдийг заасан бөгөөд түүнчлэн эдгээр тэмдгийг хэрэглэх зарим зааврыг тусгасан болно. Энэхүү Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аливаа улс нь анхааруулах тэмдгийн Aa буюу Ab хэлбэрийн алийг нь сонгосноо Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
2. Анхааруулах тэмдгийг шаардлагагүй тохиолдолд давтан тавих ёсгүй. Эдгээр тэмдэг нь жолооч цаг тухайд нь мэдэхэд хүндрэлтэй замын болзошгүй аюулыг тэмдэглэхэд зориулагдаж тавигдана.
3. Анхааруулах тэмдгийг зам ба хөдөлгөөний нөхцөл, тухайлбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн хурд, тэмдгийг харах зай зэргийг тооцон тухайн аюултай хэсгээс өдөр, шөнийн аль ч цагт хамгийн их үр ашгийг хангахуйц зайд байрлуулах ёстой.
4. Тэмдгээс аюултай хэсгийн эхлэл хүртэлх зайг энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлийн H,1 нэмэлт тэмдгээр зааж болох бөгөөд түүнийг уг хэсэгчлэлийн холбогдох заалтын дагуу байрлуулна. Тухайн тэмдгээс аюултай хэсгийн эхлэл хүртэлх зайг жолооч тодорхойлж чадахааргүй, төсөөлж байгаагаас нь өөр зайд байх тохиолдолд дээрх нэмэлт тэмдгийг хэрэглэнэ.
5. Анхааруулах тэмдгийг ялангуяа тууш зам болон түүнтэй адилтгах замд давтан тавьж болно. Хэрэв анхааруулах тэмдгийг давтан тавих бол тэмдгээс аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг энэ зүйлийн 4 дэх хэсгийн дагуу заах ёстой. Харин төмөр замын гарам болон салдаг гүүрийн өмнө тавигдах анхааруулах тэмдгүүдийн хувьд Хэлэлцэн тохирогч Талууд дараахь заалтыг хэрэглэж болно:
Энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 5, 25, 26, 27 дугаар хэсэгт тусгагдсан A,5; A,25; A,26; A,27 дүрсүүдээс аль нэг дүрс бүхий дурын анхааруулах тэмдгийн доод талд цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр улаан өнгийн гурван ташуу зураастай, уртаашаа босоо байдалтай тэгш өнцөгт самбарыг байрлуулж болно. Энэ тохиолдолд уг тэмдгээс төмөр зам хүртэлх зайн гуравны нэг ба гуравны хоёр орчимд цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр улаан өнгийн нэг буюу хоёр ташуу зураастай дээрхийн адил хэлбэрийн самбаруудыг тус тус харгалзуулан тавина. Эдгээр тэмдгийг зорчих хэсгийн эсрэг талд давтан тавьж болно. Энэ хэсэгт дурдагдсан самбарууд нь энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 29 дэх хэсэгт тусгагдсан болно.
6. Хэрэв анхааруулах тэмдэг нь замын нилээд урт хэсгийг хамарсан аюул (жишээлбэл, замын тахирласан хэсгүүд, замын нөхцөл байдал муу хэсэг)-ыг мэдэгдэхэд зориулагдаж байгаа ба энэ хэсгийн уртыг заах шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлийн H,2 нэмэлт тэмдгийг уг хэсэгчлэлд заасны дагуу байрлуулж хэрэглэнэ.