ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
Захиран тушаах тэмдэг
10 дугаар зүйл. Дарааллын тэмдэг
1. Хөдөлгөөнд оролцогчдод уулзвар нэвтрэх дарааллын журмыг заах зориулалттай тэмдгүүд нь B,1; B,2; B,3; B,4 тэмдгүүд болно. Хөдөлгөөнд оролцогчдод замын нарийссан хэсгээр нэвтрэх дарааллыг заах зориулалттай тэмдгүүд нь B,5 ба B,6 тэмдгүүд болно. Эдгээр тэмдэг нь энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын B хэсэгчлэлд тусгагдсан болно.
2. «Зам тавьж өгнө» B,1 тэмдгийг уулзварт нийлж буй замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстойг жолоочид заахад хэрэглэнэ.
3. «Зогсохгүй явах хориотой» B,2 тэмдгийг уулзварт нийлж буй замаар яваа тээврийн хэрэгсэлд уулзварт орохоосоо өмнө зогсож зам тавьж өгөх ёстойг жолоочид заахад хэрэглэнэ. Энэхүү Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аливаа улс нь «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн B,2a буюу B,2b хэлбэрийн алийг нь сонгосноо Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.
4. Эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл B,1 ба B,2 тэмдгийг уулзвараас өөр хэсэгт хэрэглэж болно.
5. B,1 ба B,2 тэмдгийг уулзварын шууд өмнө, аль болох тээврийн хэрэгсэл зогсох ёстой газар буюу бусад тээврийн хэрэгсэлд урьдчилан зам тавьж өгөхгүйгээр орох ёсгүй газарт байрлуулна.
6. B,1 тэмдэгт ойртож байгааг урьдчилан анхааруулах зорилгоор мөн энэ тэмдгийг Конвенцийн 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлд заасны дагуу H,1 нэмэлт тэмдэгтэй хамт хэрэглэж болно. B,2 тэмдэгт ойртож байгааг урьдчилан анхааруулах зорилгоор B,1 тэмдгийг “Зогс” гэсэн бичлэг болон B,2 тэмдэг хүртэлх зайг заасан тоо бүхий тэгш өнцөгт нэмэлт тэмдэгтэй хамт хэрэглэж болно.
7. «Гол зам» B,3 тэмдгийг энэ тэмдэг тавигдсан гол замтай нийлсэн бусад замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч нь гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй болохыг хөдөлгөөнд оролцогчдод заахад хэрэглэнэ. Энэ тэмдгийг замын эхэнд ба огтлолцол бүрийн төгсгөлд давтан тавьж болно. Түүнээс гадна энэ тэмдгийг огтлолцлын өмнө буюу огтлолцол дээр байрлуулж болно. Хэрэв зам дээр B,3 тэмдгийг байрлуулсан бол «Гол замын төгсгөл» B,4 тэмдгийг гол зам бусад замын хувьд дуусаж байгаа газарт ойр байрлуулна. B,4 тэмдгийг гол зам дуусаж байгаа хэсэг хүртэл нэг буюу хэд хэдэн удаа давтан тавьж болно. Энэ тохиолдолд B,4 тэмдгийг 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлийн H,1 нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулна.
8. Хэрэв A,19 дүрсүүдээс аль нэг дүрс бүхий анхааруулах тэмдгээр уулзварт ойртож байгааг заасан, эсвэл уулзварт энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу B,3 тэмдэг тавигдсан бол түүнд нийлсэн бусад бүх замд B,1 буюу B,2 тэмдгийг байрлуулах ёстой. Харин эдгээр тэмдгийг байрлуулаагүй байхад ч уулзварт зам тавьж өгөх нь тодорхой байдаг хөдөөгийн болон шороон мэтийн замд B,1 буюу B,2 тэмдгийг заавал байрлуулах албагүй. Жолоочоос тээврийн хэрэгслээ зогсоохыг албадах зайлшгүй шаардлагатай гэж эрх бүхий байгууллагаас үзэж байгаа тохиолдолд (тухайлбал, энэ тээврийн хэрэгслийн жолоочид бусад талаас ирж буй хөдөлгөөнд оролцогч муу үзэгдэх байрлалтай бол) B,2 тэмдгийг байрлуулах ёстой.
11 дүгээр зүйл. Хориглох ба хязгаарлах тэмдэг
Хориглох ба хязгаарлах тэмдгүүд, тэдгээрийн утгыг энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын C хэсэгчлэлд тусгасан болно. Түүнчлэн энэ хэсэгчлэлд эдгээр хориглолт буюу хязгаарлалтын төгсгөлийг заах тэмдгүүд тусгагдсан болно.
12 дугаар зүйл. Заах тэмдэг
Заах тэмдгүүд болон тэдгээрийн утга энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын D хэсэгчлэлд тусгагдсан болно.
13 дугаар зүйл. Энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын C ба D хэсэгчлэлд тусгагдсан тэмдгүүдэд хамаарах нийтлэг заалтууд
1. Хориглох, хязгаарлах, заах тэмдгүүдийг тэдгээрийн үйлчлэх хүрээ эхэлж буй газрын шууд өмнө байрлуулах бөгөөд хэрэв эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл давтан тавьж болно. Эрх бүхий байгууллага нь үүнийг үзэгдэлт муу байгаатай холбоотойгоор буюу хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулах үүднээс хийж байгаа бол эдгээр тэмдгийг тэдгээрийн үйлчлэх хүрээ эхлэх газраас өмнө зохих зайд байрлуулж болно. Үйлчлэх хүрээ нь эхлэх газраас өмнө байрлуулах тэмдгийн доод талд 1 дүгээр хавсралтын H хэсэгчлэлийн H,1 нэмэлт тэмдгийг байрлуулна.
2. Суурин газрын нэрийг мэдээлсэн тэмдгийн хажууд буюу түүний цаахна байрласан захиран тушаах тэмдгүүд нь уг суурин газрын бүх хүрээнд (уг суурин газрын замын зарим хэсэгт өөр утга агуулсан тэмдгүүд байрласнаас бусад тохиолдолд) үйлчилнэ.
3. Хориглох ба хязгаарлах тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхлэх бөгөөд эсрэг заалтын тэмдэг байрласан газар хүртэл буюу эсвэл дараагийн уулзвар хүртэл байна. Хэрэв хориглолт буюу хязгаарлалтыг уулзвараас цааш хүчинтэйгээр үргэлжлүүлэх шаардлагатай бол эдгээр тэмдгийг үндэсний хууль тогтоомжид заасны дагуу давтан тавина.
4. Захиран тушаах тэмдэг нь тодорхой бүсчлэл (бүсчилсэн үйлчлэл)-д орших бүх замын хувьд үйлчлэх бол энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 8 дахь хэсгийн “a”-д заасан маягаар байрласан байх ёстой.
5. Дээрх 4 дэх хэсэгт дурдагдсан бүсчлэлээс гарч байгааг энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 8 дахь хэсгийн “b”-д заасан маягаар тэмдэглэнэ.
13-бис дугаар зүйл. Тусгайлан заах тэмдэг
1. Тусгайлан заах тэмдгүүд болон тэдгээрийн утга энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлд тусгагдсан болно.
2. E,7a; E,7b; E,7c; E,7d буюу E,8a; E,8b; E,8c; E,8d тэмдгүүд нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцогчдод E,7a; E,7b; E,7c; E,7d тэмдгээс E,8a; E,8b; E,8c; E,8d тэмдэг хүртэл суурин газрын доторхи хөдөлгөөний нийтлэг журам хэрэгжихийг (уг суурин газрын доторхи замын зарим хэсэгт бусад тэмдгээр өөр журам хэрэгжихийг зааснаас бусад тохиолдолд) заана; Гэхдээ суурин газарт B,3 тэмдэг бүхий гол замын давуу эрхийн үйлчлэл дуусаж байгаа тохиолдол бүрд B,4 тэмдгийг байрлуулсан байх ёстой. Эдгээр тэмдэгт 14 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн заалтуудыг хэрэглэнэ.
3. Эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл E,12a; E,12b; E,12c тэмдгүүдийг явган хүний гарцад байрлуулна.
4. Тусгайлан заах тэмдгүүдийг эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзсэн газарт 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг харгалзан тооцож байрлуулна. Эдгээр тэмдгийг давтан тавьж болно. Эдгээр тэмдгийн доор нэмэлт тэмдэг байрлуулж уг тэмдгээс тухайн мэдээлж буй газар хүртэлх зайг зааж болно; Энэ зайг түүнчлэн тэмдгийн дотор талд түүний доод хэсэгт шууд тэмдэглэж болно.