ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
Мэдээллийн чанартай тэмдэг
14 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын F ба G хэсэгчлэлээр хөдөлгөөнд оролцогчдод хэрэгцээтэй мэдээллийг өгдөг тэмдгүүдийг тодорхойлсон буюу тийм тэмдгүүдийн загварыг гаргасан болно; Энэ хэсэгчлэл нь түүнчлэн эдгээр тэмдгийг ашиглахтай холбоотой зарим заалтуудыг агуулсан болно.
2. Энэхүү Конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “с”-д тусгагдсан “ii” дэд хэсэгчлэлийн мэдээллийн чанартай тэмдгүүд дэх бичлэгийг латин үсэг хэрэглэдэггүй улсад үндэсний хэлээр ба түүнчлэн латин үсгээр боломжтой бол орчуулж, эсвэл үндэсний хэлээрх дуудлагыг хөрвүүлж бичсэн байна.
3. Латин үсэг хэрэглэдэггүй улсад латин үсгээр бичсэн үгийг тухайн тэмдэгт үндэсний хэл дээрх бичлэгтэй хамт шууд байрлуулах буюу эсвэл нэмэлт тэмдэг дээр байрлуулж болно.
4. Тэмдэг дэх бичлэгийг хоёроос илүүгүй хэл дээр хийнэ.
15 дугаар зүйл. Чигийн урьдчилсан заалт
Чигийн урьдчилсан заалтын тэмдгүүдийг зам ба хөдөлгөөний нөхцөл, тухайлбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн хурд, уг тэмдгийг харах зай зэргийг тооцон тухайн уулзвараас өдөр, шөнийн аль ч цагт хамгийн их үр ашгийг хангахуйц зайд байрлуулах ёстой. Энэ зай нь суурин газарт 50 метрээс илүүгүй, харин тууш зам ба хурдны замд 500 метрээс багагүй байвал зохино. Эдгээр тэмдгийг давтан тавьж болно. Тэмдгийн доор нэмэлт тэмдэг байрлуулж уг тэмдгээс уулзвар хүртэлх зайг зааж болно. Энэ зайг түүнчлэн тэмдгийн дотор талд түүний доод хэсэгт шууд тэмдэглэж болно.
16 дугаар зүйл. Чигийн заалт
1. Тэмдгийн зааж буй нэг чигт хэд хэдэн суурин газрын нэрийг бичиж болно. Энэ тохиолдолд нэрсийг нэг нэгнийх нь доор байрлуулна. Томоохон суурин газрын нэрийг бусад суурин газрын нэрээс том үсгээр бичиж болно.
2. Тэмдэгт зай заах бол уг тоог суурин газрын нэртэй нэг түвшинд байрлуулах ёстой. Сум хэлбэртэй (үзүүртэй) чигийн заалтын тэмдэгт уг тоог суурин газрын нэр ба сумны үзүүрийн хооронд байрлуулах ба харин тэгш өнцөгт хэлбэртэй тэмдэгт уг тоог суурин газрын нэрийн ард байрлуулна.
17 дугаар зүйл. Чиглэлийн нэр
Замыг түүний дугаар (дугаар нь тоо, үсэг буюу тоо ба үсгийн хослолоос бүрдэнэ), эсвэл нэрийн тусламжтайгаар заахад зориулагдсан тэмдгүүд нь уг дугаар буюу нэрийг багтаасан тэгш өнцөгт хэлбэртэй байна. Гэхдээ замын ангиллын системтэй Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ тэмдгийг ангиллын тэмдэглэгээгээр орлуулж болно.
18 дугаар зүйл. Нэрийн заалт
Нэрийн заалтын тэмдгийг хоёр улсын дундах хил буюу эсвэл нэг улсын засаг захиргааны хоёр нэгжийн дундах хилийг заахад хэрэглэж болох бөгөөд түүнчлэн гол мөрөн, уул даваа, газар нутаг гэх мэтийн нэрийг заахад ч хэрэглэж болно. Энэ тэмдэг нь энэхүү Конвенцийн 13-бис дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдагдсан тэмдгүүдээс мэдэгдэхүйц ялгагдаж байвал зохино.
19 дүгээр зүйл. Баталгаажуулах тэмдэг
Баталгаажуулах тэмдэг нь эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзсэн зам (жишээлбэл томоохон суурин газраас гарч буй зам)-ын чигийг баталгаажуулах зорилгыг агуулна. Тэмдэгт энэхүү Конвенцийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан нэг буюу хэд хэдэн суурин газрын нэрийг заана. Тэмдэгт зай заах бол уг тоог суурин газрын нэрийн ард байрлуулна.
20 дугаар зүйл
(Хасагдсан)
21 дүгээр зүйл. Мэдээллийн чанартай тэмдгүүдэд хамаарах нийтлэг заалт
1. Энэхүү Конвенцийн 15-19 дүгээр зүйлд тусгагдсан мэдээллийн чанартай тэмдгүүдийг эрх бүхий байгууллагаас зүйд нийцнэ гэж үзсэн газарт байрлуулна. Бусад мэдээллийн чанартай тэмдгүүдийг эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзсэн газарт 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг харгалзан тооцож байрлуулна; Тухайлбал F,2-F,7 тэмдгүүдийг шатахуун түгээгүүр ба засварын газар, хооллох ба хонох газрууд хоорондоо хол зайтай байрласан замд хэрэглэнэ.
2. Мэдээллийн чанартай тэмдгүүдийг давтан тавьж болно. Эдгээр тэмдгийн доор нэмэлт тэмдэг байрлуулж уг тэмдгээс тухайн мэдээлж буй газар хүртэлх зайг зааж болно; Энэ зайг түүнчлэн тэмдгийн дотор талд түүний доод хэсэгт шууд тэмдэглэж болно.
22 дугаар зүйл
(Хасагдсан)