ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио

1. Энэ зүйлийн 12 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлсэн нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд (нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тусгайлан зориулсан дохионоос гадна) зөвхөн дор дурдсан утга бүхий гэрлүүдийг хэрэглэж болно:

a) үл анивчих гэрлүүд:

i) ногоон гэрэл нь нэвтрэхийг зөвшөөрнө; Гэхдээ хөдөлгөөн зохицуулж буй ногоон гэрэл нь хэрэв жолоочийн явах чигт хөдөлгөөний саатал бий болсноос уулзварыг тухайн мөчлөгт чөлөөлөн нэвтэрч чадахааргүй тохиолдолд уулзварт орохыг зөвшөөрөхгүй;

ii) улаан гэрэл нь нэвтрэхийг хориглоно; Тээврийн хэрэгслүүд зогсох шугамыг буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш давах ёсгүй бөгөөд хэрэв гэрлэн дохио уулзварын голд буюу эсрэг талд байрласан байвал уулзвар буюу уг уулзвар дахь явган хүний гарц руу орох ёсгүй;

iii) дангаараа буюу улаан гэрэлтэй хамт ассан шар гэрэл; Дангаараа асаж байгаа шар гэрэл нь уг гэрэл асах үед зогсох шугам буюу гэрлэн дохионы өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зогсож амжихааргүй ойртож очсоноос бусад нэг ч тээврийн хэрэгсэл зогсох шугам буюу гэрлэн дохионоос цааш нэвтрэхийг хориглоно. Хэрэв гэрлэн дохио уулзварын голд буюу цаана байвал шар гэрэл нь уг гэрэл асах үед уулзварын өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зогсож амжихааргүй ойртож очсоноос бусад нэг ч тээврийн хэрэгсэл уулзвар буюу уг уулзвар дахь явган хүний гарц руу орохыг хориглоно. Улаан гэрэлтэй хамт ассан шар гэрэл нь уг дохио солигдох гэж буйг илэрхийлэх бөгөөд улаан гэрлийн хориглосон утгыг өөрчлөхгүй;

b) анивчсан гэрлүүд:

i) анивчсан нэг улаан гэрэл буюу ээлжлэн анивчсан хоёр улаан гэрэл (нэг суурин дээр ижил өндөрт нэг тал руу хандан байрласан, нэг нь унтрахаар нөгөө нь асдаг) нь тээврийн хэрэгслүүд зогсох шугамыг буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш давах ёсгүйг илэрхийлнэ; эдгээр гэрлэн дохиог зөвхөн төмөр замын гарам дээр буюу салдаг гүүр, усан гаталгын зогсоол руу орох хэсэгт хэрэглэх бөгөөд түүнчлэн түймэр унтраах албаны автомашины зам руу орох буюу замын дээгүүр нам өндөртэйгөөр өнгөрөх нисэгч аппарат ойртон ирэхтэй холбоотойгоор нэвтрэх хориглолт тогтооход хэрэглэнэ;

ii) анивчсан шар гэрэл буюу ээлжлэн анивчсан хоёр шар гэрэл нь жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохыг илэрхийлэх боловч энэ тохиолдолд онцгой анхаарал болгоомжтой байх ёстой.

2. Гурван өнгийн системийн гэрэл дохио нь улаан, шар, ногоон өнгийн үл анивчих гурван гэрлээс бүрдэнэ; Ногоон гэрэл нь зөвхөн улаан ба шар гэрлийг унтарсны дараа асах ёстой.

3. Хоёр өнгийн системийн гэрэл дохио нь улаан ба ногоон өнгийн үл анивчих гэрлээс бүрдэнэ. Улаан ба ногоон гэрлүүд нь зэрэг асах ёсгүй. Хоёр өнгийн системийн гэрэл дохиог энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдагдсан хуучин хэрэгслийг солих хугацаанд түр зуурын байдлаар хэрэглэнэ.

3-бис. а) Энэхүү Конвенцийн замын тэмдгүүдэд хамаарах 6 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд нь замын гэрлэн дохионууд (төмөр замын гарам дээр хэрэглэгдэх гэрлэн дохионоос бусад)-ын хувьд мөн хэрэглэгдэнэ.

b) Уулзварт хэрэглэгдэх гэрлэн дохио нь уулзварын өмнө буюу түүний голд байрлана; Эдгээр нь уулзварын нөгөө талд буюу жолоочийн харааны түвшинд давтан тавигдсан байж болно.

c) Үүнээс гадна гэрлэн дохионд тавигдах дараахь шаардлагуудыг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:

i) замын гэрлэн дохио нь зорчих хэсэг дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүй байрласан байх ба мөн хөвөөн дээр байрласан гэрлэн дохио нь явган зорчигчдын хөдөлгөөнд аль болох бага саад болохуйц байвал зохино;

ii) гэрэл дохио нь үзэгдэлт сайтай, түүний заалт нь хангалттай зайнаас бүрэн ойлгогдохуйц байвал зохино;

iii) Хэлэлцэн тохирогч бүх Талын нутаг дэвсгэрт гэрлэн дохионууд нь тухайн замын ангилалд тохируулан тооцсон стандартын байх ёстой.

4. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заагдсан гурав ба хоёр өнгийн системийн гэрлүүд нь босоо буюу хэвтээ байрлалтай байна.

5. Гэрлүүд босоо байрлалтай бол улаан гэрэл нь дээд талдаа, харин хэвтээ байрлалтай бол улаан гэрэл нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлана.

6. Гурван өнгийн системийн хувьд шар гэрэл дунд нь байрлана.

7. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт дурдагдсан гурав ба хоёр өнгийн системийн бүх гэрэл дугуй хэлбэртэй байх ёстой. Түүнчлэн энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдсан анивчдаг улаан гэрлүүд ч мөн дугуй хэлбэртэй байвал зохино.

8. Анивчдаг шар гэрлийг дангаар нь (тусад нь) байрлуулж болно; Хөдөлгөөн багатай үед ийм гэрлээр гурван өнгийн системийн гэрлийг ч орлуулж болно.

9. Гурван өнгийн системийн улаан, шар, ногоон гэрлүүдийг мөн ийм өнгийн сумаар (хар өнгийн дэвсгэртэй) орлуулж болно. Асаж байгаа сум нь мөн адил утгыг агуулах ба гэхдээ хориглох буюу зөвшөөрөх утга нь зөвхөн сумны зааж байгаа чигт хязгаарлагдана. Чигээрээ явахыг зөвшөөрөх буюу хориглох сумны үзүүр дээш чиглэсэн байна. Улаан, шар, ногоон дэвсгэр дээр хар өнгийн сум байрлуулж хэрэглэж болно. Энэ сум нь мөн дээр дурдсан сумны адил утгыг агуулна.

10. Гурван өнгийн системийн гэрлэн дохио нь сум бүхий нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ногоон гэрэлтэй бол асаж байгаа нэмэгдэл гэрэл нь гурван өнгийн системийн ямар гэрэл уг эгшинд хамт асаж байгаагаас үл хамааран тээврийн хэрэгсэл сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохыг илэрхийлнэ; Мөн түүнчлэн сум заасан чиг рүү явах хөдөлгөөнд тусгайлан зориулсан эгнээн дээр байр эзэлсэн буюу сум заасан чигт хөдөлгөөнийг гүйцэтгэх ёстой жолооч тээврийн хэрэгслээ зогсооход уг эгнээнд араас яваа бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар бол сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой. Ингэхдээ бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ба явган зорчигчдын аюулгүй байдлыг алдагдуулахгүй байвал зохино.

Эдгээр нэмэгдэл ногоон гэрлийг үндсэн ногоон гэрлийн түвшинд байрлуулах нь зохимжтой.

11. a) Дагуу шугамаар тэмдэглэгдсэн хэд хэдэн эгнээтэй замын тухайн эгнээний дээр ногоон буюу улаан гэрэл байрласан байвал улаан гэрэл нь уг байрласан эгнээнийхээ хөдөлгөөнийг хориглох ба харин ногоон гэрэл нь зөвшөөрнө. Энэ дохионы улаан гэрэл нь чагталсан хоёр зураасан хэлбэртэй, ногоон гэрэл нь доош чиглэсэн суман хэлбэртэй байна.

b) Хэрэв эрх бүхий байгууллагаас дээрх гэрэл дохионы тоонд ямар нэгэн «завсрын» дохио оруулах шаардлагатай гэж үзвэл энэ дохио нь шар буюу цагаан өнгийн суман хэлбэртэй, сум нь диагоналийн дагуу зүүн буюу баруун доош заасан, эсвэл нэг чиг рүү заасан хоёр ширхэг байх ёстой. Энэ сум нь анивчдаг байж болно. Эдгээр шар буюу цагаан сумнууд нь тухайн эгнээний хөдөлгөөн удахгүй хаагдах гэж байгааг, түүнчлэн хөдөлгөөнд оролцогчид уг сумны зааж буй эгнээ рүү шилжих шаардлагатайг илэрхийлнэ.

12. Үндэсний хууль тогтоомжоор зарим төмөр замын гарам дээр нэвтрэхийг зөвшөөрсөн утга бүхий цагаан өнгийн аажим анивчдаг гэрэл байрлуулах тухай зааж болно.

13. Хэрэв гэрлэн дохио нь зөвхөн унадаг дугуйн жолоочид зориулагдах бол унадаг дугуйн дүрсийг гэрэл дээр шууд дүрсэлж болох бөгөөд эсвэл унадаг дугуйн дүрстэй жижиг хэмжээний тэгш өнцөгт нэмэлт тэмдгийг ашиглаж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»