ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД
24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио
1. Зөвхөн явган зорчигчдод зориулсан гэрлэн дохионд дор дурдсан утга бүхий гэрлүүдийг хэрэглэж болно:
a) үл анивчих гэрлүүд:
i) ногоон гэрэл нь явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө;
ii) шар гэрэл нь нэгэнт зорчих хэсэг рүү орчихсон яваагаас бусад явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно;
iii) улаан гэрэл нь явган зорчигч зорчих хэсэг рүү орохыг хориглоно;
b) анивчсан гэрлүүд: анивчсан ногоон гэрэл нь явган зорчигчийн зорчих хэсгээр хөндлөн гарч болох хугацаа дуусч байгааг, улаан гэрэл нь энэ хугацаа удахгүй эхлэх гэж байгааг илэрхийлнэ.
2. Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио нь улаан ба ногоон гэрлээс бүрдэх хоёр өнгийн системийнх байвал нэн зохимжтой бөгөөд гэхдээ улаан, шар, ногоон гэрлээс бүрдэх гурван өнгийн системийнх байж болно. Хэдийд ч хоёр гэрэл зэрэг асдаг байх ёсгүй.
3. Гэрлүүд нь босоо байрлалтай бөгөөд улаан гэрэл нь ямагт дээд талд, ногоон гэрэл нь ямагт доод талд байх ёстой. Улаан гэрэл нь зогсож буй хүний дүрсний хэлбэртэй, харин ногоон гэрэл нь явж буй хүний дүрсний хэлбэртэй байвал зохимжтой.
4. Явган зорчигчийн гэрлэн дохиог тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой жолооч нар андуурахааргүйгээр зохион бүтээсэн ба байрлуулсан байвал зохино.
5. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио нь хараагүй хүмүүсийг явган хүний гарцаар зам хөндлөн гарахад нь туслах зорилгоор нэмэлт дуут дохиотой байж болно.