ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮД
25 дугаар зүйл
Эрх бүхий байгууллагаас зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зорчих хэсэг дээрх дүрслэлүүд (замын тэмдэглэл)-ийг хөдөлгөөн зохицуулах, хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах буюу баримжаа олгох зорилгоор хэрэглэнэ. Эдгээр дүрслэлүүдийг дангаар нь хэрэглэж болохоос гадна замын тэмдгүүдтэй хослуулж тэдгээрийн утгыг тодруулж болно.
26 дугаар зүйл
1. Зорчих хэсгийн дагуух үргэлжилсэн шугамууд (дагуу тэмдэглэл) нь бүх тээврийн хэрэгслийн хувьд түүнийг давах буюу дээгүүр нь унуулж явахыг хориглох утгатай бөгөөд эдгээр шугам нь хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлаж байгаа бол нэг ч тээврийн хэрэгсэл тэмдэглэлийн нөгөө талаар, өөрөөр хэлбэл хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсгийн эсрэг талаар явах ёсгүй болохыг илэрхийлнэ. Үргэлжилсэн хос шугам бүхий дагуу тэмдэглэл нь дээрхийн адил утгатай байна.
2. a) Зорчих хэсэг дээрх тасархай шугам бүхий дагуу тэмдэглэл нь хориглох утгыг агуулахгүй бөгөөд дараахь байдлаар хэрэглэгдэнэ:
i) эгнээнүүдийг зааглах, мөн түүнчлэн эсрэг урсгалыг тусгаарлах;
ii) үргэлжилсэн шугам ойртож байгаа болон түүний хориглолт тогтоогдох гэж байгааг, эсвэл замын аюул бүхий хэсэг ойртож байгааг анхааруулах.
b) Энэ хэсгийн “a”-ийн “ii”-т дурдсан байдлаар хэрэглэгдэх шугамын тасархай зураасуудын хоорондын зайг нэг зураасын уртад харьцуулсан харьцаа нь энэ хэсгийн “i”-т дурдагдсан байдлаар хэрэглэгдэх шугамынхаас бага байна.
c) Хөдөлгөөний чиг нь энэхүү Конвенцийн 23 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу ээлжлэн солигддог эгнээг тэмдэглэхийн тулд зэрэгцээ хос тасархай шугамыг хэрэглэж болно.
3. Зорчих хэсэг дээр тасархай шугамтай зэрэгцэн байрласан үргэлжилсэн шугам бүхий дагуу тэмдэглэл байвал жолооч зөвхөн өөрийнхөө талд байгаа шугамыг баримтална. Энэ заалт нь жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж дуусах үедээ хөдөлгөөний батлагдсан талынхаа эгнээнд эргэж ороход нь саад болохгүй.
4. Энэ зүйлийн заалтуудад тусгагдсан дагуу тэмдэглэлд замын үзэгдэлтийг сайжруулах зорилгоор зорчих хэсгийн захыг тэмдэглэсэн шугам (зорчих хэсэг дээрх зогсоолыг заасан хөндлөн шугамуудтай нийлдэг), эсвэл түр ба удаан зогсохыг хориглосон буюу хязгаарласан шугамуудыг хамааруулахгүй.
26-бис дугаар зүйл
1. Зөвхөн зарим нэг төрлийн тээврийн хэрэгслүүдэд зориулагдсан эгнээний тэмдэглэлийн шугам нь зорчих хэсэг дээрх бусад тасархай буюу үргэлжилсэн шугамуудаас эрс ялгагддаг байхын тулд гол төлөв илүү өргөн ба зураасууд нь ойр ойрхон байрласан байвал зохино.
2. Хэрэв эгнээ нь зөвхөн нийтийн тээврийн байнгын шугамд явдаг тээврийн хэрэгслүүдэд зориулагдах бол үсгэн тэмдэглэл нь «BUS» гэсэн үг буюу «A» үсгэн хэлбэртэй байх ёстой. Ийм эгнээг мэдээлэх тэмдэг нь энэхүү Конвенцийн 1 дүгээр хавсралтын E хэсэгчлэлд заасан тэгш өнцөгт хэлбэртэй буюу эсвэл уг хавсралтын D хэсэгчлэлд заасан дугуй хэлбэртэй байх бөгөөд цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгө бүхий автобусны дүрс байна. Энэхүү Конвенцийн 2 дугаар хавсралтад заагдсан 28a ба 28b диаграммууд дээр нийтийн тээврийн байнгын шугамд явдаг тээврийн хэрэгслүүдэд зориулагдсан эгнээг хэрхэн тэмдэглэх жишээг үзүүлсэн болно.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан эгнээгээр бусад тээврийн хэрэгслийн явах буюу нэвтрэн гарч болох нөхцөлүүдийг үндэсний хууль тогтоомжид тодорхой заах ёстой.
27 дугаар зүйл
1. Нэг буюу хэд хэдэн эгнээний нийт өргөний дагуу хөндлөн тавигдсан үргэлжилсэн шугаман тэмдэглэл нь тээврийн хэрэгсэл энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан B,2 «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд зогсох газрыг заахад зориулагдана. Ийм тэмдэглэл нь түүнчлэн замын хөдөлгөөн буюу төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг зохицуулж буй гэрлэн дохио ба зохицуулагчийн дохиогоор зогсох шугамыг заахад ч хэрэглэгдэнэ. B,2 тэмдэгтэй хамт тавигдсан хөндлөн тэмдэглэлийн өмнө зорчих хэсэг дээр «ЗОГС» гэсэн үг тэмдэглэж болно.
2. Техникийн боломжтой бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөндлөн тэмдэглэлийг B,2 тэмдэг тавигдсан тохиолдол бүрд хэрэглэх ёстой.
3. Нэг буюу хэд хэдэн эгнээний нийт өргөний дагуу хөндлөн тавигдсан тасархай шугаман тэмдэглэл нь тээврийн хэрэгсэл энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдагдсан B,1 «Зам тавьж өгнө» тэмдгийн заалтын дагуу зам тавьж өгөх үедээ аль болох нэвтрэх ёсгүй шугамыг заахад зориулагдана. B,1 тэмдэгтэй хамт тавигдсан энэ тэмдэглэлийн өмнө зорчих хэсэг дээр өргөн хүрээтэй гурвалжин дүрс тэмдэглэж болох бөгөөд гурвалжингийн суурь тал нь хөндлөн тэмдэглэлтэй зэрэгцээ (паралель), түүний эсрэг орой нь ойртон ирэх тээврийн хэрэгсэл рүү чиглэсэн байна.
4. Явган хүний гарцыг тэмдэглэхдээ зорчих хэсгийн тэнхлэгтэй зэрэгцээ (паралель) байрлах нилээд өргөн зураасуудыг хэрэглэх нь тохиромжтой.
5. Унадаг дугуйн гарцыг тэмдэглэхдээ нэг бол хөндлөн шугамуудыг, эсвэл явган хүний гарцын шугамаас өөр бусад тэмдэглэлийг хэрэглэнэ.
28 дугаар зүйл
1. Зорчих хэсэг дээрх сум, бичлэг, зэрэгцээ ташуу шугамууд зэрэг бусад төрлийн тэмдэглэлүүдийг зарим тэмдгийн заалтыг давтан мэдээлэх, эсвэл тэмдгээр хангалттай илэрхийлэгдэх боломжгүй заалтуудыг хөдөлгөөнд оролцогчдод өгөхөд хэрэглэнэ. Тухайлбал, зогсоолын хил буюу зурвас, удаан зогсох хориотой автобус, троллейбусны буудал, түүнчлэн уулзварын өмнө эзлэх эгнээ байрыг заахад хэрэглэнэ. Хэрэв тэмдэглэлээр зааглагдсан эгнээ дээр суман тэмдэглэл байвал тухайн эгнээгээр яваа жолооч уг сумны заасан чигт хөдөлгөөнөө үргэлжүүлэх ёстой.
2. Зорчих хэсэг дээрх зэрэгцээ ташуу шугамуудаар тэмдэглэгдсэн хэсэг талбай нь үргэлжилсэн шугамаар хүрээлэгдсэн байвал тээврийн хэрэгслүүд энэ талбай руу орох ёсгүй бөгөөд харин тасархай зураасаар хүрээлэгдсэн байвал тээврийн хэрэгслүүд уг талбай руу зөвхөн аюулгүй байдал хангагдсан нөхцөлд буюу зорчих хэсгийн эсрэг талын хөндлөн зам руу орохын тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэвтэрч болно.
3. Замын зорчих хэсгийн захад байрласан зигзаг хэлбэрийн шугам нь тухайн байрласан талд уг шугамын нийт уртын дагуу удаан зогсох хориотой болохыг заана. Автобус буюу троллейбусны зогсоолыг тэмдэглэх зорилгоор ийм шугамыг хэрэглэж болох бөгөөд зайлшгүй тохиолдолд «BUS» гэсэн үг буюу «A» үсэгтэйгээр хэрэглэнэ.
29 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн 26-28 дугаар зүйлд дурдагдсан тэмдэглэлүүдийг зорчих хэсэг дээр будгаар буюу иймэрхүү үр ашигтай бусад аливаа аргаар тавьж болно.
2. Хэрэв тэмдэглэлийг зорчих хэсэг дээр будгаар тавих бол тэр нь шар буюу цагаан өнгөтэй байх ёстой. Гэхдээ удаан зогсохыг зөвшөөрсөн буюу хязгаарласан газрыг заах тэмдэглэлүүд нь цэнхэр өнгөтэй байж болно. Зөвхөн шар ба цагаан өнгийг хэрэглэх Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд нэг төрлийн тэмдэглэлүүд нь ижил өнгөтэй байвал зохино. Энэ хэсгийн заалтыг хэрэглэхдээ «цагаан» гэсэн нэр томъёонд «мөнгөлөг» буюу «цайвар саарал» өнгийг хамааруулж ойлгоно.
3. Бичлэг, дүрс болон суман тэмдэглэлүүдийг тавихдаа тэдгээрийг жолоочид их өнцгөөр харагдуулах үүднээс хэмжээг нь хөдөлгөөний чигийн дагуу нилээд уртасгаж дүрслэх шаардлагатайг бодолцож үзнэ.
4. Явж байгаа тээврийн хэрэгсэлд зориулагдах тэмдэглэлүүд нь замын гэрэлтүүлэггүй буюу муу гэрэлтүүлэгтэй хэсэгт хөдөлгөөний эрчим шаардаж байгаа нөхцөлд гэрэл ойлгодог байвал зохино.
30 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн 2 дугаар хавсралтад замын тэмдэглэлийн зураг буюу бүдүүвчид хамаарах багц зөвлөмжүүдийг тусгасан болно.