ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 

ЗАМЫН БУСАД ТЭМДЭГ БА ДОХИОНУУД

 

31 дүгээр зүйл. Засварын ажлын дохиолол

1. Замын зорчих хэсэг дээрх засварын ажил хийгдэж буй хэсгийн хилийг тэмдэг дохиогоор тодорхой тэмдэглэсэн байх ёстой.

2. Засварын ажлын далайц ба хөдөлгөөний эрчимтэй уялдаж байвал замын зорчих хэсэг дээрх засварын ажил хийгдэж буй хэсгийн хилийг тэмдэглэх зорилгоор цагаан ба улаан, шар ба улаан, хар ба цагаан, эсвэл хар ба шар өнгийн судлуудыг ээлжлүүлэн будсан тасархай буюу үргэлжилсэн хашилт байрлуулна. Үүнээс гадна уг хашилт нь гэрэл ойлгох шинж чанаргүй бол шөнийн цагт гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. Гэрэл ойлгуур болон анивчдаггүй гэрлүүд нь улаан буюу гүн шар өнгөтэй, анивчдаг гэрлүүд нь гүн шар өнгөтэй байвал зохино.

Гэхдээ:

a) гэрэл буюу гэрэл ойлгуур нь хэрэв хөдөлгөөний урсгалын зөвхөн нэг талаас харагдахуйц бөгөөд уг хөдөлгөөний чигийн эсрэг талд байрлах бол цагаан өнгөтэй байж болно;

b) гэрэл буюу гэрэл ойлгуур нь хөдөлгөөний хоёр талын урсгалыг тусгаарласан хэсгийн хилийг тэмдэглэж байгаа бол цагаан буюу цайвар шар өнгөтэй байж болно.

 

32 дугаар зүйл. Гэрэл буюу гэрэл ойлгуур бүхий тэмдэглэл

Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь зорчих хэсгийн захыг тэмдэглэхэд хэрэглэх гэрэл буюу гэрэл ойлгуурыг өөрийн нийт нутаг дэвсгэртээ ижил өнгө буюу өнгөний ижил системтэйгээр хэрэглэнэ.

 

ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ

33 дугаар зүйл

1. a) Хэрэв төмөр замын гармын өмнө галт тэрэг ойртон ирж буйг буюу гармын хаалт хаагдах гэж буйг анхааруулахад зориулагдсан дохиолол байрлуулах бол тэр нь энэхүү Конвенцийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасанчлан анивчдаг улаан гэрэл буюу ээлжлэн анивчдаг улаан гэрлүүдээс бүрдэнэ. Гэхдээ:

i) анивчдаг улаан гэрлүүдийг энэхүү Конвенцийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улаан-шар-ногоон гурван өнгийн системийн гэрлэн дохиогоор буюу хэрэв төмөр замын гарам нь хаалтаар тоноглогдсон бөгөөд уг гармын ойролцоох зам дээр гурван өнгийн бусад гэрлэн дохио байрласан байвал ногоон өнгийн гэрэлгүй дохиогоор нэмж тоноглох буюу орлуулж болно;

ii) хөдөлгөөн маш сийрэг шороон зам болон явган хүний зам дээр зөвхөн дуут дохио хэрэглэж болно.

b) Аль ч тохиолдолд гэрлэн дохиог дуут дохиогоор нэмж тоноглож болно.

2. Гэрлэн дохиог хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсгийн захад байрлуулах бөгөөд дохионы үзэгдэлт буюу хөдөлгөөний эрчимжилт зэрэг нөхцөл байдал шаардсан тохиолдолд замын эсрэг талд давтан байрлуулна. Гэхдээ тухайн байрлалын нөхцөлд нэн тохиромжтой гэж үзвэл гэрлэн дохиог зорчих хэсгийн дундах аюулгүйн арал дээр давтан байрлуулах буюу зорчих хэсгийн дээд талд байрлуулж болно.

3. Энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу «Зогсохгүй явах хориотой» B,2 тэмдгийг хаалтгүй буюу гэрлэн дохиогүй төмөр замын гармын өмнө байрлуулж болох бөгөөд ингэсэн тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ зогсох шугамын өмнө буюу ийм шугам байхгүй байвал уг тэмдгийн өмнө зогсоож, галт тэрэг ойртон ирээгүй болохыг магадлан мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

 

34 дүгээр зүйл

1. Төмөр замын шугамын тал бүрд нь солбиж байрласан хаалтууд бүхий төмөр замын гарам дээр эдгээр хаалт хэвтээ байрлалтай байвал хөдөлгөөнд оролцогчид хаалтын өмнө зогсох үүрэгтэй. Хэвтээ байрлалд шилжиж байгаа хаалтууд ч мөн адил утгатай байна.

2. Энэхүү Конвенцийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “a”-д заагдсан улаан гэрэл асаж байх үед буюу мөн хэсэгт заагдсан дуут дохио өгөгдөж байх үед хөдөлгөөнд оролцогчид (шар гэрэл асах эгшинд тээврийн хэрэгсэл дохионы өмнө аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зогсож амжихааргүй ойртож очсоноос бусад) зогсох шугамыг давах буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш нэвтрэх эрхгүй.

 

35 дугаар зүйл

1. Төмөр замын гармын хаалтууд нь улаан ба цагаан, улаан ба шар, хар ба цагаан, эсвэл шар ба хар өнгийн судлууд ээлжлэн хосолсон байдлаар тодорхой тэмдэглэгдсэн байх ёстой. Гэхдээ хэрэв хаалтны голд улаан өнгийн томоохон хэмжээний дугуй хавтан (диск) байрласан бол уг хаалт нь цагаан юмуу шар өнгөөр нилэнхүйдээ будагдсан байж болно.

2. Төмөр замын хаалтгүй гармын шууд өмнө төмөр замаас холгүй зайд 1 дүгээр хавсралтын A хэсэгчлэлд тусгагдсан A,28 тэмдгийг байрлуулсан байх ёстой. Гэрлэн дохио буюу «Зогсохгүй явах хориотой» B,2 тэмдэг байгаа тохиолдолд A,28 тэмдгийг B,2 тэмдгийн тулгуур дээр буюу гэрлэн дохионы багана дээр байрлуулна. Дараахь тохиолдолд A,28 тэмдгийг заавал байрлуулах албагүй:

a) төмөр замын хөдөлгөөний хурд их биш бөгөөд замын хөдөлгөөнийг нь төмөр замын тээврийн хэрэгслийн зохицуулагч этгээд гар дохиогоор зохицуулчихдаг зам, төмөр замын огтлолцол дээр;

b) тун үл ялих хөдөлгөөн бүхий шороон зам ба явган хүний зам төмөр замтай нийлсэн огтлолцол дээр.

3. (Хасагдсан)

 

36 дугаар зүйл

1. Төмөр замын гарам дээр гарч болзошгүй аюул осолтой холбоотойгоор Хэлэлцэн тохирогч Талууд дараахь арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй:

a) төмөр замын гарам бүрийн өмнө A,25; A,26; A,27 дүрс бүхий анхааруулах тэмдгүүдээс аль нэгийг байрлуулсан байх; Гэхдээ дараахь тохиолдолд алийг нь ч байрлуулахгүй байж болно:

i) суурин газарт онцгой тохиолдолд;

ii) механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш ховор байдаг хөдөөгийн буюу шороон зам дээр;

b) гарамд ойртон ирсэн жолоочид уг гармаас хоёр тийш төмөр замын үзэгдэх байдал хамгийн их хурдаар ирж яваа галт тэргийг хараад ямар нэгэн арга хэмжээ (цаг тухайд нь аюулгүйгээр нэвтрэн гарах буюу зогсох) авч болохуйц зайд хангагдсан төмөр замын гармаас бусад бүх гармууд хаалт буюу дохиоллын системээр тоноглогдсон байх; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд нь галт тэрэгний хөдөлгөөний хурд бага буюу механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ховор байдаг төмөр замын гармын хувьд энэ хэсгийн заалтаас гажиж болно;

c) хаалтууд нь харагдахгүй байрлалаас хөдөлж хаагддаг төмөр замын бүх гарам нь энэхүү Конвенцийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан дохиоллын системийн аль нэг дохиогоор тоноглогдсон байх;

d) хаалтууд нь галт тэрэг ойртон ирэх үед автоматаар ажиллаж хаагддаг төмөр замын бүх гарам нь энэхүү Конвенцийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан дохиоллын системийн аль нэг дохиогоор тоноглогдсон байх;

e) үзэгдэлтийг нь сайжруулахын тулд хаалтуудыг гэрэл ойлгогч материалаар бүрэх, эсвэл гэрэл ойлгуураар буюу шаардлагатай тохиолдолд шөнийн цагт гэрэлтдэг байхаар тоноглох; Түүнчлэн шөнийн цагт автомашины хөдөлгөөний эрчим ихтэй байдаг замд, төмөр замын гармын өмнө байрлах анхааруулах тэмдгүүдийг гэрэл ойлгогч материалаар бүрэх, эсвэл гэрэл ойлгуураар буюу шаардлагатай тохиолдолд шөнийн цагт гэрэлтдэг байхаар тоноглох;

f) хагас хаалтаар тоноглогдсон төмөр замын гарамд ойр орших зорчих хэсгийн тэнхлэгийн дагуу боломжтой бол шугаман тэмдэглэл (гарамд ойртож очсон тээврийн хэрэгслийг хөдөлгөөний эсрэг урсгалд орохыг хориглоход зориулсан) хийх, эсвэл хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарласан чиглүүлэгч арал байгуулах.

2. Энэ зүйлийн заалтуудыг энэхүү Конвенцийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн сүүлийн өгүүлбэрт тусгагдсан замын нөхцөлд хэрэглэхгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»