ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд замын тэмдэг, дохио болон тэмдэглэлийг олон улсын хэмжээнд нэгдмэл болгох явдал чухал болохыг хүлээн зөвшөөрч доорхи зүйлсийг тохиролцов:

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

 

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

 

37 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 1969 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл НҮБ-ын гишүүн орнууд болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн гишүүн буюу түүний төрөлжсөн аливаа байгууллагын гишүүн орнууд, мөн Олон улсын Шүүхийн Дүрэмд нэгдэн орсон Талууд, түүнчлэн энэ Конвенцийн Хэлэлцэн тохирогч Талууд болохоор НҮБ-ын Ерөнхий Асамблейгаас уригдсан аливаа бусад улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батална. Соёрхон баталсан бичгүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдахаар шилжинэ.

3. Энэхүү Конвенц нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль ч улсыг нэгдэн ороход нээлттэй хэвээр үлдэнэ. Нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар шилжүүлнэ.

           

38 дугаар зүйл

1. Аливаа улс нь энэ Конвенцийг соёрхон баталж гарын үсэг зурахдаа буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар илгээх үедээ, эсвэл Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар хэдийд ч энэхүү Конвенцийг тус улсын гадаад харилцааг хариуцдаг нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хэрэглэхээр болсноо мэдэгдэж болно. Конвенц нь нот бичигт заагдсан нутаг дэвсгэрт Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараагаас, эсвэл тухайн улс (нот бичиг илгээсэн)-д энэ Конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үеэс (хэрэв энэ огноо нь дээрх нот бичиг илгээснээс хожуу байгаа бол) хэрэгжиж эхэлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нот бичиг үйлдсэн аливаа улс нь уг нот бичигт дурдагдсан нутаг дэвсгэрийнхээ нэрийн өмнөөс энэхүү Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг агуулсан нот бичгийг илгээх ёстой.

3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн аливаа улс дараа нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Конвенц нь уг нот бичигт дурдагдсан нутаг дэвсгэр дээр хэрэгжихгүй болсныг мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш 1 жилийн дараагаас тухайн нутаг дэвсгэр дээр энэ Конвенц хүчингүй болно.

 

39 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арван тав дахь баримт бичиг хадгалагдахаар ирсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

2. Соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай арван тав дахь баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш энэ Конвенцийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох аливаа улсын хувьд эдгээр улсын батламж бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалагдахаар ирснээс хойш арван хоёр сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

 

40 дүгээр зүйл

Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд 1931 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын тэмдэг ба дохиог нэгдмэл болгох тухай Конвенц, мөн 1949 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Женев хотноо гарын үсэг зурагдаж нээлттэй болсон замын дохио, тэмдгийн тухай Протокол хүчингүй болж энэхүү Конвенцоор солигдоно.

 

41 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дараагаас Хэлэлцэн тохирогч аливаа Талаас Конвенцид нэг буюу хэд хэдэн засвар хийх санал оруулж болно. Засвар оруулахаар санал болгосон бичгээ тайлбар меморандум (дипломат бичиг /орч/)-ын хамт Ерөнхий нарийн бичгийн даргад явуулах ба тэрээр түүнийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад илгээнэ. Хэлэлцэн тохирогч Талууд нь энэ бичгийг хүлээн авснаас хойш арван хоёр сарын дотор: a) энэ засварыг хүлээн авч байгаа эсэх, b) энэ засвараас татгалзаж байгаа эсэх, c) энэ засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаа эсэх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх боломжтой.

Засвар оруулахаар санал болгосон бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдсан бүх улсад илгээнэ.

2. a) Дээрх заалтын дагуу тараагдсан аливаа санал болгосон засварыг хэрэв дээр дурдсан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэгээс цөөхөн нь уг засвараас татгалзсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байгаагаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн бол уг засварыг хүлээж авсанд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга нь аливаа санал болгосон засварыг хүлээн авч байгаа буюу татгалзаж байгаа тухай, эсвэл бага хурал хийлгэх тухай хүсэлтийг бүх Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэнэ. Хэрэв тогтоосон арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын гуравны нэгээс цөөхөн нь татгалзсан буюу хурал хийлгэхийг хүссэн мэдэгдэл ирүүлбэл Ерөнхий нарийн бичгийн дарга өмнөх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаа дууссанаас хойш зургаан сарын дараа эдгээр татгалзсан буюу хүсэлт гаргасан Талуудаас бусад Талуудын хувьд уг засвар хүчин төгөлдөр болж байгаа тухай Хэлэлцэн тохирогч бүх Талуудад мэдэгдэнэ.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан буюу уг засварыг авч хэлэлцэхийн тулд бага хурал хийлгэхийг хүсч байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь энэ хугацаа дууссанаас хойш хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү мэдэгдлийг бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад тараана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас хүчин төгөлдөр болно.

3. Хэрэв энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу уг засварыг хүлээн аваагүй бөгөөд хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван хоёр сарын хугацаанд Хэлэлцэн тохирогч бүх Талуудын тал хувиас цөөхөн нь Ерөнхий нарийн бичгийн даргад уг засвараас татгалзаж байгаагаа мэдэгдэж байгаа, түүнчлэн хэрэв Хэлэлцэн тохирогч бүх Талуудын дор хаяж гуравны нэг (гэхдээ арваас цөөнгүй) нь уг засварыг хүлээн авч байгаа буюу хурал хийлгэхийг хүсч байгаагаа мэдэгдэж байгаа бол санал болгосон засвар болон бусад аливаа санал (тухайлбал, энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дэвшүүлж буй санал байж болно)-ыг авч хэлэлцэхийн тулд Ерөнхий нарийн бичгийн дарга бага хурал хийлгэнэ.

4. Хэрэв энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бага хурал хийлгэх гэж байгаа бол Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан бүх улсыг урина. Хурал эхлэхээс дор хаяж зургаан сарын өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга бага хуралд уригдсан орнуудад хандан санал оруулсан засвар дээр нэмж уг хурлаар хэлэлцэж болох аливаа саналаа танилцуулахыг хүсч, эдгээр саналуудыг хуралд уригдсан бүх улсад хурал эхлэхээс дор хаяж гурван сарын өмнө мэдэгдэнэ.

5. a) Энэхүү Конвенцид оруулах гэж буй аливаа засварыг бага хуралд оролцож буй улсуудын гуравны хоёрын олонхи нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ олонхи нь хуралд оролцож буй Хэлэлцэн тохирогч бүх Талуудын дор хаяж гуравны хоёрыг багтааж байгаа нөхцөлд уг засварыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ерөнхий нарийн бичгийн дарга Хэлэлцэн тохирогч бүх Талуудад уг засварыг хүлээж авсныг мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын дараа Хэлэлцэн тохирогч бүх Талууд (гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргад энэ хугацаанд засвар оруулахыг татгалзсанаа мэдэгдсэнээс бусад)-ын хувьд хүчин төгөлдөр болно.

b) Дээр заасан арван хоёр сарын туршид уг засвараас татгалзаж байсан Хэлэлцэн тохирогч аливаа Талууд нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргад уг засварыг хүлээн авч байгаа тухайгаа мэдэгдэж болох бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай бусад Хэлэлцэн тохирогч бүх Талуудад зарлана. Ийм мэдэгдэл явуулсан Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд уг засвар нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг мэдэгдлийг авснаас хойш зургаан сарын дараагаас буюу хэрэв дээр заасан арван хоёр сарын хугацаа нь түүнээс хойш дуусч байвал түүнийг дууссанаас хойш хүчин төгөлдөр болно.

6. Хэрэв засвар хийхээр оруулсан санал нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага хурлыг хийх нөхцөл бүрдээгүй бол уг засвараас татгалзсанд тооцно.

 

42 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аливаа Тал Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэ Конвенцоос татгалзаж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга тэрхүү нот бичгийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа Конвенц цуцлагдана.

 

43 дугаар зүйл

Дараалсан арван хоёр сарын туршид Хэлэлцэн тохирогч Талуудын тоо таваас доош байвал энэ Конвенц хүчингүй болно.

 

44 дүгээр зүйл

Энэ Конвенцийг тайлбарлах буюу хэрэгжүүлэхтэй холбогдсон Хэлэлцэн тохирогч Талуудын хоорондын аливаа маргааныг Талууд хэлэлцээрийн замаар буюу бусад зохицуулах арга замаар шийдэж чадахгүй бол тэдгээрийн аль нэг Талын хүсэлтээр Олон улсын Шүүхэд шилжүүлж болно.

 

45 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч аль нэг Талаас НҮБ-ын Дүрэмд нийцүүлэн өөрийн улсын гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хязгаарлалтын арга хэмжээ авахад нь саад болох мэтээр ойлгогдох ёсгүй.

 

46 дугаар зүйл

1. Аливаа улс нь энэ Конвенцид гарын үсэг зурахдаа буюу батламж бичиг, нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ энэхүү Конвенцийн 44 дүгээр зүйлтэй холбогдолгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл гаргасан Хэлэлцэн тохирогч аливаа Талуудын хувьд бусад Хэлэлцэн тохирогч Талууд 44 дүгээр зүйлээр холбогдолгүй байна.

2. a) Аливаа улс нь батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар дараахь мэдэгдлийг хийнэ:

i) анхааруулах тэмдгийн Aa буюу Ab хэлбэрийн алийг сонгож байгаагаа (9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг);

ii) «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн B,2a буюу B,2b хэлбэрийн алийг сонгож байгаагаа (10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг).

Хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар мэдэгдлээ сольж, сонголтоо өөрчилж болно.

b) Аливаа улс нь батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийж болно (1 дүгээр зүйлийн “I”).

Хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар мэдэгдлээ буцааж болно.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгээр заасан мэдэгдэл нь Ерөнхий нарийн бичгийн дарга уг нот бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дараа буюу тухайн улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр болох үеэс (хэрэв энэ огноо нь дээрх нот бичиг илгээснээс хожуу байгаа бол) эхлэн хүчинтэй болно.

4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан мэдэгдлээс бусад энэхүү Конвенц ба түүний хавсралтад нэмж хийх тайлбаруудыг хэрэв батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхөөсөө өмнө бичгийн хэлбэрт оруулан, батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичигтээ баталж оруулсан нөхцөлд зөвшөөрнө. Ерөнхий нарийн бичгийн дарга уг тайлбаруудын тухай энэхүү Конвенцийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдсан бүх улсад мэдэгдэнэ.

5. Энэ зүйлийн 1 буюу 4 дэх хэсэгт заасны дагуу тайлбар буюу мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохирогч Тал нь хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар тайлбараа буцааж болно.

6. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн дагуу хийгдсэн аливаа тайлбар нь:

a) дээрх тайлбарыг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд Конвенцийн холбогдох заалт нь уг тайлбарын хүрээнд өөрчлөгдөнө;

b) дээрх тайлбарыг хийсэн Хэлэлцэн тохирогч Талуудтай харилцаа холбоотой бусад Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд ч уг заалт нь мөн тэр хэмжээгээр өөрчлөгдөнө.

 

47 дугаар зүйл

Энэхүү Конвенцийн 41 ба 46 дугаар зүйлд заасан мэдэгдэл, нот бичиг, мэдээллээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдсан бүх улсад доорхи мэдээллийг хийнэ:

a) 37 дугаар зүйлийн дагуу Конвенцид гарын үсэг зурсан, соёрхон баталсан, нэгдэн орсон тухай;

b) 38 дугаар зүйлд хамаарах мэдэгдлийн тухай;

c) 39 дүгээр зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

d) 41 дүгээр зүйлийн 2 ба 5 дахь хэсгийн дагуу энэхүү Конвенцид оруулсан засвар хүчин төгөлдөр болсон огнооны тухай;

e) 42 дугаар зүйлийн дагуу цуцалсан тухай;

f) 43 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчингүй болсон тухай.

 

48 дугаар зүйл

Бүгд адил хүчинтэйд тооцогдох англи, испани, орос, франц, хятад хэлээр нэг нэг хувь үйлдэгдсэн энэхүү Конвенцийн жинхэнэ эх бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах ба тэрээр энэхүү эх бичгээс зохих журмын дагуу баталгаат хуулбар хийж энэ Конвенцийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдсан бүх улсад хүргүүлнэ.

 

ҮҮНИЙГ БАТАЛЖ, өөр өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсоныхоо дагуу дор гарын үсгээ зурах төлөөлөгчид энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

 

Нэгэн мянга есөн зуун жаран найман оны арван нэгдүгээр сарын наймны өдөр Вена хотод ҮЙЛДЭВ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»