Замын дохио, тэмдгийн тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ

 

ЗАМЫН ТЭМДГҮҮД

 

А хэсэгчлэл

 

АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

I. Хэлбэрүүд

1. Анхааруулах тэмдгүүд нь Aa буюу Ab (эдгээр нь энэ хавсралтад тусгагдсан төдийгүй мөн 3 дугаар хавсралтад дахин тодорхойлогдсон болно) хэлбэртэй байна.

Aa хэлбэр нь адил талт гурвалжин бөгөөд нэг тал нь хэвтээ, түүний эсрэг өнцөг нь дээш чиглэсэн, цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, улаан өнгийн хүрээтэй байна. Ab хэлбэр нь адил талт дөрвөлжин (квадрат) бөгөөд диагоналийнхаа дагуу босоо байрлалтай, шар өнгийн дэвсгэртэй, хар өнгийн нарийн зураасан эмжээртэй байна. Эдгээр тэмдгүүд дэх дүрсүүд нь тэдгээрийн тодорхойлолтод өөрөөр заагаагүй бол хар буюу гүн цэнхэр өнгөтэй байна.

2. Aa тэмдгийн нэг талын уртын хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.90 метр, жижиг хэмжээ нь 0.60 метрээс багагүй байна. Ab тэмдгийн нэг талын уртын хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.60 метр, жижиг хэмжээ нь 0.40 метрээс багагүй байна.

3. Aa ба Ab хэлбэрүүдээс сонголт хийхдээ энэхүү Конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ба 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг үзнэ үү.

 

II. Тэмдгийн дүрсүүд ба тэмдгүүдийг хэрэглэх заавар

1. Огцом эргэлт буюу тахир зам

Огцом эргэлт буюу дараалсан огцом эргэлтүүдэд ойртож байгааг анхааруулахын тулд дараахь тэмдгүүдээс тухайн нөхцөлд нийцүүлэн хэрэглэнэ:

a) A,1a: эргэлт зүүн гар тийш

b) A,1b: эргэлт баруун гар тийш

c) A,1c: дараалсан хоёр буюу түүнээс олон эргэлт, эхний эргэлт зүүн гар тийш

d) A,1d: дараалсан хоёр буюу түүнээс олон эргэлт, эхний эргэлт баруун гар тийш

2. Эгц уруу

a) Их хэмжээний налуу бүхий уруу хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,2a дүрстэй Aa хэлбэрийн тэмдэг ба A,2b дүрстэй Ab хэлбэрийн тэмдгийг хэрэглэнэ.

b) A,2a дүрсийн зүүн тал нь тэмдгийн талбайн зүүн өнцөгт байрлах бөгөөд дүрсийн суурь нь тэмдгийн талбайн бүх өргөнийг эзэлсэн байна. A,2a ба A,2b дүрсүүд дээрх тоо нь налуугийн хэмжээг хувь (процент)-аар заах бөгөөд энэ заалтыг харьцуулсан үзүүлэлт (1:10)-ээр орлуулж болно. Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “b” заалтыг боломжийнхоо хирээр тооцон үзэж A,2a ба A,2b дүрсийн оронд A,2c (Aa хэлбэрийг сонгосон бол) ба A,2d (Ab хэлбэрийг сонгосон бол) дүрсийг сонгож болно.

3. Огцом өгсүүр

a) Огцом өгсүүр хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,3a дүрстэй Aa хэлбэрийн тэмдэг буюу A,3b дүрстэй Ab хэлбэрийн тэмдгийг хэрэглэнэ.

b) A,3a дүрсийн баруун тал нь тэмдгийн талбайн баруун өнцөгт байрлах бөгөөд дүрсийн суурь нь тэмдгийн талбайн бүх өргөнийг эзэлсэн байна. A,3a ба A,3b дүрсүүд дээрх тоо нь өгсүүрийн хэмжээг хувь (процент)-аар заах бөгөөд энэ заалтыг харьцуулсан үзүүлэлт (1:10)-ээр орлуулж болно. Гэхдээ A,2c дүрсийг сонгосон Хэлэлцэн тохирогч Талууд A,3a дүрсийн оронд A,3c дүрсийг, A,2d дүрсийг сонгосон Хэлэлцэн тохирогч Талууд A,3b дүрсийн оронд A,3d дүрсийг сонгож болно.

4. Зам нарийсна

Замын нарийссан хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,4a дүрсийг, эсвэл тухайн замын хэрхэн нарийсч байгааг улам бүр тодорхой харуулсан, жишээлбэл A,4b дүрсийг хэрэглэнэ.

5. Салдаг гүүр

a) Салдаг гүүрэнд ойртож байгааг анхааруулахын тулд A,5 дүрсийг хэрэглэнэ.

b) A,5 дүрс бүхий анхааруулах тэмдгийн доод талд A,29a (доорхи 29 дүгээр хэсэгт заагдсан) хэлбэрийн тэгш өнцөгт самбарыг байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг тэмдгээс салдаг гүүр хүртэлх зайн гуравны нэг ба гуравны хоёр орчимд A,29b ба A,29c (доорхи 29 дүгээр хэсэгт заагдсан) хэлбэрийн самбаруудыг тус тус байрлуулна.

6. Эрэг буюу ганга жалга

Зам нь эрэг буюу ганга жалга руу ойртож байгааг анхааруулахын тулд A,6 дүрсийг хэрэглэнэ.

7. Тэгш биш зам

a) Хонхор, гүдгэр, бартаа, донсолгоотой буюу зорчих хэсгийн гадаргуугийн байдал тааруу хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,7a дүрсийг хэрэглэнэ.

b) Замын гүдгэр хэсэг (бөгтөр гүүр, дов толгод)-ийг тэмдэглэхдээ A,7a дүрсийг A,7b дүрсээр орлуулж болно.

c) Замын хонхор, хотгор хэсгийг тэмдэглэхдээ A,7a дүрсийг A,7c дүрсээр орлуулж болно.

8. Аюултай хөвөө

a) Замын хөвөө нь онцгой аюул үүсгэж болзошгүй хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,8 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

9. Халтиргаатай зам

Их хэмжээний халтиргаатай байж болзошгүй замын хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,9 дүрсийг хэрэглэнэ.

10. Хайрга үсэрнэ

Хайрга чулуу үсэрч болзошгүй замын хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,10a дүрс бүхий Aa хэлбэрийн тэмдэг буюу A,10b дүрс бүхий Ab хэлбэрийн тэмдгийг хэрэглэнэ.

11. Чулууны нурангитай

a) Дээрээс шороо чулуу нурах ба зам дээр чулуу байж болзошгүй аюултай замын хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,11a дүрс бүхий Aa хэлбэрийн тэмдэг буюу A,11b дүрс бүхий Ab хэлбэрийн тэмдгийг хэрэглэнэ.

b) Дээрх хоёр тохиолдлын аль алинд дүрсийн баруун талыг тэмдгийн талбайн баруун буланд байрлуулна.

c) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

12. Явган хүний гарц

a) Замын тэмдэглэл буюу E,12 тэмдгээр тэмдэглэгдсэн явган хүний гарцад ойртож байгааг анхааруулахын тулд A,12 дүрсийг хэрэглэнэ. Энэ дүрс нь A,12a ба A,12b гэсэн хоёр хэлбэртэй байна.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

13. Хүүхэд

a) Хүүхдүүд байнга зам хөндлөн гардаг, тухайлбал сургууль буюу тоглоомын талбайн дэргэдэх замын хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,13 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

14. Унадаг дугуйн хөдөлгөөн

a) Унадаг дугуйгаар зорчигчид байнга явдаг замын хэсэг буюу зам хөндлөн гардаг газарт ойртож байгааг анхааруулахын тулд A,14 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

15. Мал тууж гаргах ба бусад амьтан гарч ирэх газар

a) Амьтад зам хөндөлсөн гарч ирэх аюултай замын хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд олонтоо тохиолддог зэрлэг буюу тэжээвэр амьтны дүрсийг хэрэглэх бөгөөд жишээлбэл, тэжээвэр амьтны хувьд A,15a, зэрлэг амьтны хувьд A,15b дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

16. Засварын ажил

Замын ажил хийгдэж байгаа хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,16 дүрсийг хэрэглэнэ.

17. Гэрэл дохионы зохицуулга

a) Ойртон очиж яваа хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан харагдахааргүй газар байрласан гурван өнгийн гэрлэн дохиогоор хөдөлгөөн зохицуулагдаж буй замын хэсгийг анхааруулах шаардлагатай гэж үзвэл A,17 дүрсийг хэрэглэнэ. Энэ дүрс нь гурван өнгийн систем (энэхүү Конвенцийн 23 дугаар зүйлийн 4-6 дахь хэсэгт тусгагдсан)-ийн гэрлүүдийн байрлалд нийцэх A,17a; A,17b; A,17c гэсэн гурван хэлбэртэй байна.

b) Энэ дүрс нь тухайн анхааруулж байгаа гэрлүүдийн өнгөнд тохирох гурван гэрлийн өнгийг агуулна.

18. Нэвтрэх дараалал нь ерөнхий журмаар зохицуулагддаг уулзвар

a) Нэвтрэх дараалал нь тухайн улсын дүрмийн уулзвар нэвтрэх ерөнхий журмаар тодорхойлогддог уулзварт ойртож байгааг анхааруулахын тулд A,18a дүрс бүхий Aa хэлбэрийн тэмдэг буюу A,18b дүрс бүхий Ab хэлбэрийн тэмдгийг хэрэглэнэ.

b) Тухайн уулзварын хэлбэр байдлыг улам бүр тодорхой мэдээлэх үүднээс A,18a ба A,18b дүрсүүдийг тухайлбал A,18c; A,18d; A,18e; A,18f; A,18g дүрсүүдээр орлуулж болно.

19. Туслах замд нийлнэ

a) Зам тавьж өгөх ёстой хөдөлгөөнд оролцогчийн замтай огтлолцож байгаа уулзвар руу ойртож байгааг анхааруулахын тулд A,19a дүрсийг хэрэглэнэ.

b) Тухайн уулзварын хэлбэр байдлыг улам бүр тодорхой мэдээлэх үүднээс A,19a дүрсийг тухайлбал A,19b; A,19c дүрсүүдээр орлуулж болно.

c) Тухайн замтай огтлолцож буй замууд дээр B,1 буюу B,2 тэмдэг тавигдсан, эсвэл ийм тэмдэг тавигдаагүй байхад ч эдгээр замаар яваа жолооч нар уулзварт зам тавьж өгөх ёстойг үндэсний хууль тогтоомжоор заасан (тухайлбал, хөдөөгийн болон шороон зам) бол тухайн зам дээр дээрх дүрсүүдийг хэрэглэж болно. B,3 тэмдэг тавигдсан зам дээр эдгээр дүрсүүдийг хэрэглэхийг зарим онцгой тохиолдолд хязгаарлана.

20. Гол замд нийлнэ

a) Хэрэв уулзварт «Зам тавьж өгнө» B,1 тэмдэг тавигдсан бол түүнд ойртож байгааг анхааруулах үүднээс A,20 дүрсийг хэрэглэнэ.

b) Хэрэв уулзварт «Зогсохгүй явах хориотой» B,2 тэмдэг тавигдсан бол түүнд ойртож байгааг анхааруулахын тулд A,21a ба A,21b дүрсүүдээс B,2 тэмдгийн хэлбэрт нийцэхийг нь хэрэглэнэ.

c) Гэхдээ эдгээр дүрс бүхий Aa тэмдгийн оронд энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу B,1 буюу B,2 тэмдгийг хэрэглэж болно.

21. Тойрох хөдөлгөөнтэй уулзвар

Тойрох хөдөлгөөнтэй уулзварт ойртож байгааг анхааруулахын тулд A,22 дүрсийг хэрэглэнэ.

22. Хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа уулзвар

Уулзвар дээрх хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа бол дээрх 18-21 дүгээр хэсгүүдэд тусгагдсан тэмдгүүдэд нэмэлт болгож буюу эсвэл эдгээр тэмдгүүдийн оронд A,17 (дээрх 17 дугаар хэсэгт тусгагдсан) дүрстэй Aa буюу Ab тэмдгийг байрлуулж болно.

23. Эсрэг хөдөлгөөн

a) Нэг талын хөдөлгөөнтэй замаас буюу нэг чигийн хөдөлгөөнтэй хэд хэдэн зорчих хэсэг бүхий замаас байнгын буюу түр зуурын эсрэг хөдөлгөөнтэй нэг зорчих хэсэг рүү ойртож байгааг урьдчилан анхааруулахын тулд A,23 дүрсийг хэрэглэнэ.

b) Энэхүү дүрс бүхий тэмдгийг эсрэг хөдөлгөөний эхэнд болон шаардлагатай байж болох тухайн хэсэг бүр дээр давтан байрлуулах ёстой.

24. Хөдөлгөөний түгжрэл

a) Замын хөдөлгөөний түгжрэл, саатал бий болсон хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,24 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

25. Төмөр замын хаалттай гарам

Төмөр замын шугамын тал бүрд солбиж байрласан хаалтуудтай төмөр замын гармыг тэмдэглэхдээ A,25 дүрсийг хэрэглэнэ.

26. Төмөр замын бусад гарам

Төмөр замын бусад гармыг тэмдэглэхдээ A,26a буюу A,26b, эсвэл тухайн нөхцөл байдлаас хамаарч A,27 дүрсийг хэрэглэнэ.

27. Трамвайн шугамтай огтлолцоно

Трамвайн шугамтай нийлсэн тухайн огтлолцол нь энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлд тодорхойлогдсон төмөр замын гарамд тооцогдохгүй бол уг огтлолцолд ойртож байгааг анхааруулахын тулд A,27 дүрсийг хэрэглэж болно.

Тайлбар: Хэрэв төмөр замын хөдөлгөөний хурд нь их биш бөгөөд замын хөдөлгөөнийг нь төмөр замын тээврийн хэрэгслийн зохицуулагч этгээд гар дохиогоор зохицуулчихдаг төмөр зам ба автомашины замын огтлолцолд ойртож байгааг анхааруулах шаардлагатай гэж үзвэл доорхи 32 дугаар хэсэгт заагдсан A,32 тэмдгийг хэрэглэж болно.

28. Төмөр замын гармын шууд өмнө тавигдах тэмдгүүд

a) Энэхүү Конвенцийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан A,28 тэмдэг нь A,28a; A,28b; A,28c гэсэн гурван хэлбэртэй байна.

b) A,28a ба A,28b хэлбэр нь цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, улаан буюу хар өнгийн хүрээтэй, A,28c хэлбэр нь цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, хар өнгийн хүрээтэй байна; A,28c хэлбэр дээрх бичлэг нь хар өнгөтэй байна. Төмөр зам нь хоёроос цөөнгүй бол A,28b хэлбэрийг хэрэглэнэ; Ийм тохиолдолд A,28c хэлбэрийг хэрэглэхдээ төмөр замын тоо ширхгийг заасан нэмэлт тэмдгийг ашиглана.

c) Чагтлаасын дагуух урт нь 1.20 метрээс багагүй байх ёстой. Байрлуулах зай хангалтгүй байвал түүний үзүүрүүдийг дээш буюу доош нь шилжүүлэн дүрсэлж болно.

29. Төмөр замын гарам ба салдаг гүүрэнд ойр тавигдах нэмэлт тэмдгүүд

a) Энэхүү Конвенцийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт дурдсан самбарууд нь A,29a; A,29b; A,29c тэмдгүүд болно. Зураасын налуу нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна.

b) A,29a тэмдгийн дээд талд байрлуулах тэмдэг (төмөр замын гарам буюу салдаг гүүрэнд ойртож байгааг анхааруулах)-ийг A,29b ба A,29c тэмдгүүдийн дээд талд мөн байрлуулж болно.

30. Нислэг-буултын зурвас

a) Нислэг-буултын зурвасаас нисэгч аппарат хөөрөх буюу буухдаа нам өндөртэйгөөр нисч болох замын хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,30 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

31. Хажуугийн салхи

a) Хажуугийн салхи байнга хүчтэй үлээдэг замын хэсэгт ойртож байгааг анхааруулахын тулд A,31 дүрсийг хэрэглэнэ.

b) Дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

32. Бусад аюул

a) Дээр дурдсан 1-31 дүгээр хэсгүүдэд буюу энэ хавсралтын B хэсэгчлэлд дүрслэгдээгүй аюул бүхий замын хэсэг рүү ойртож байгааг анхааруулахын тулд A,32 дүрсийг хэрэглэнэ.

b) Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “a”-ийн “ii”-т заасны дагуу график дүрс хэрэглэж болно.

c) A,32 тэмдгийг жишээлбэл, төмөр замын хөдөлгөөний хурд нь их биш бөгөөд замын хөдөлгөөнийг нь төмөр замын тээврийн хэрэгслийн зохицуулагч этгээд гар дохиогоор зохицуулчихдаг төмөр зам ба автомашины замын огтлолцлыг анхааруулахад хэрэглэж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»