Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
B хэсэгчлэл
ДАРААЛЛЫН ТЭМДЭГ
Тайлбар: Хэрэв уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал уг уулзварт ойртож буйг анхааруулсан тэмдгийн доод талд буюу дараалал тогтоож буй тэмдэг (уг уулзвар дээр буюу түүний өмнө тавигдсан)-ийн доод талд гол замын чигийг уулзварын бүдүүвч (схем) дээр харуулсан H,8 нэмэлт тэмдгийг байрлуулж болно.
1. «Зам тавьж өгнө» тэмдэг
a) «Зам тавьж өгнө» тэмдэг нь B,1 тэмдэг болно. Энэ тэмдэг нь адил талт гурвалжин хэлбэртэй бөгөөд нэг тал нь хэвтээ, түүний эсрэг өнцөг нь доош чиглэсэн, цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, улаан өнгийн хүрээтэй, дотроо дүрсгүй байна.
b) Тэмдгийн нэг талын уртын хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.90 метр, жижиг хэмжээ нь 0.60 метрээс багагүй байна.
2. «Зогсохгүй явах хориотой» тэмдэг
a) «Зогсохгүй явах хориотой» тэмдэг нь B,2 тэмдэг бөгөөд хоёр хэлбэртэй байна:
i) B,2a хэлбэр нь найман өнцөгт хэлбэртэй, улаан өнгийн дэвсгэртэй бөгөөд түүн дотор англи буюу тухайн улсын хэл дээр цагаан өнгийн үсгээр «ЗОГС» гэсэн бичлэг хийсэн байна; Үсгийн өндөр нь хамгийн багадаа тэмдгийн өндрийн гуравны нэгтэй тэнцүү байвал зохино;
ii) B,2b хэлбэр нь дугуй хэлбэртэй, цагаан буюу шар өнгийн дэвсгэр, улаан өнгийн хүрээтэй байх бөгөөд түүн дотор B,1 тэмдгийг байрлуулж, дээд хэсэгт нь англи буюу тухайн улсын хэл дээр хар буюу цэнхэр өнгийн том үсгээр «ЗОГС» гэсэн бичлэг хийсэн байна.
b) B,2a тэмдгийн өндөр ба B,2b тэмдгийн голчийн хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.90 метр, жижиг хэмжээ нь 0.60 метрээс багагүй байна.
c) B,2a ба B,2b хэлбэрүүдээс сонголт хийхдээ энэхүү Конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ба 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг үзнэ үү.
3. «Гол зам» тэмдэг
a) «Гол зам» тэмдэг нь B,3 тэмдэг болно. Энэ тэмдэг нь адил талт дөрвөлжин (квадрат) хэлбэртэй бөгөөд диагоналийнхаа дагуу босоо байрлалтай, ирмэгээрээ хар өнгийн эмжээртэй байна. Дотор талд нь хар өнгийн эмжээр бүхий шар буюу улбар шар өнгийн дөрвөлжин байрлах бөгөөд хоёр дөрвөлжингийн хоорондох зай нь цагаан өнгөтэй байна.
b) Тэмдгийн нэг талын уртын хэвийн хэмжээ нь ойролцоогоор 0.50 метр, жижиг хэмжээ нь 0.35 метрээс багагүй байна.
4. «Гол замын төгсгөл» тэмдэг
«Гол замын төгсгөл» тэмдэг нь B,4 тэмдэг болно. Энэ тэмдэг нь дээр дурдсан B,3 тэмдгийн дүрсэн дээр түүний зүүн доод ба баруун дээд талуудтай перпендикуляр, хар буюу саарал өнгийн төвийн судал буюу эсвэл зэрэгцээ зураасууд нэмж дүрсэлсэн хэлбэртэй байна.
5. Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгөхийг шаарддаг тэмдэг
a) Хэрэв замын нарийссан хэсэг дээр зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу хөдөлгөөнийг нь зохицуулах боломжгүй, эсвэл зохицуулга (гэрлэн дохио) нь уг нарийссан хэсгээр зөрж өнгөрөх бүх жолооч нарт өдөр, шөнийн аль ч цагт сайн харагдахаар байрлаагүй бол уг хэсгийн давуу эрхгүйгээр нэвтрэх хөдөлгөөний талд «Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө» B,5 тэмдгийг байрлуулна. Энэ тэмдэг нь жолоочид замын тухайн нарийссан хэсэг рүү эсрэг талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал орохыг хориглосон утгыг агуулна.
b) Энэ тэмдэг нь улаан хүрээтэй, цагаан буюу шар өнгийн дэвсгэр бүхий дугуй хэлбэртэй байх бөгөөд хөдөлгөөний давуу эрхтэй талын чигийг зааж буй сум нь хар өнгөтэй, түүний эсрэг талынх нь улаан өнгөтэй байна.
6. Сөрөг хөдөлгөөнд давуу эрх олгодог тэмдэг
a) Замын нарийссан хэсгээр нэвтрэхдээ эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс давуу эрхтэй болохыг нь жолоочид заахын тулд B,6 тэмдгийг хэрэглэнэ.
b) Энэ тэмдэг нь цэнхэр өнгийн дэвсгэр бүхий тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд дээшээ чиглэсэн сум нь цагаан өнгөтэй, эсрэг талынх нь улаан өнгөтэй байна.
c) B,6 тэмдгийг байрлуулсан бол замын нарийссан хэсгийн нөгөө талд эсрэг талаас нь яваа тээврийн хэрэгсэлд зориулан B,5 тэмдгийг заавал байрлуулна.