Замын дохио, тэмдгийн тухай Конвенц

 

ХАВСРАЛТУУД

 

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ

 

ЗАМЫН ТЭМДГҮҮД

 

C хэсэгчлэл

 

ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАХ ТЭМДЭГ

 

I. Нийтлэг шинж ба дүрсүүд

1. Хориглох буюу хязгаарлах тэмдгүүд нь дугуй хэлбэртэй байх бөгөөд тэдгээрийн голч нь суурин газрын гадна 0.60 метрээс багагүй, суурин газрын дотор 0.40 метрээс багагүй (түр ба удаан зогсохыг хориглосон буюу хязгаарласан тэмдгүүдийн хувьд 0.20 метрээс багагүй) байх ёстой.

2. Зарим нэг тэмдгийн хувьд доорхи заалтуудад тусгайлан өөрөөр зааснаас бусад тохиолдолд хориглох буюу хязгаарлах тэмдгүүд нь цагаан буюу шар өнгийн дэвсгэртэй, улаан өнгийн өргөн хүрээтэй, дүрс болон бичлэг (хэрэв бичлэгтэй бол) нь хар буюу цэнхэр өнгөтэй байх бөгөөд хэрэв ташуу зураастай бол тэр нь зүүнээс баруун доош татагдсан, улаан өнгөтэй байна.

 

II. Тодорхойлолт

1. Хөдөлгөөнийг хориглох буюу хязгаарлах

a) Аливаа тээврийн хэрэгслийн орох үйлдэлд хориглолт тогтоохын тулд «Орох хориотой» C,1 тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг нь C,1a ба C,1b гэсэн хоёр хэлбэртэй.

b) Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын хоёр талаас бүхэлд нь хориглохын тулд C,2 «Хоёр талын хөдөлгөөн хориотой» тэмдгийг хэрэглэнэ.

c) Зөвхөн зарим нэг төрлийн тээврийн хэрэгсэл буюу хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөнд хориглолт тогтоохын тулд тухайн тээврийн хэрэгсэл буюу хөдөлгөөнд оролцогчийн дүрс бүхий тэмдгийг хэрэглэнэ. Ийм тэмдэг нь C,3a; C,3b; C,3c; C,3d; C,3e; C,3f; C,3g; C,3h; C,3i; C,3j; C,3k; C,3l дүрстэй байх бөгөөд эдгээр нь дараахь утгыг агуулна:

C,3a «Шаахайгүй хоёр дугуйтай мотоциклоос бусад механикжсан бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

C,3b «Мотоциклын хөдөлгөөн хориотой»

C,3c «Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой»

C,3d «Мопедын хөдөлгөөн хориотой»

C,3e «Ачааны автомашины хөдөлгөөн хориотой» - зөвхөн тодорхой хэмжээнээс дээш бүх жинтэй тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний хувьд хориглолт тогтоохын тулд уг хэмжээг илэрхийлсэн тоог тэмдэг дэх тээврийн хэрэгслийн дүрсэн дээр гэгээн өнгөөр тавих буюу эсвэл энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт тэмдгээр зааж C,3e тэмдгийн доор байрлуулна.

C,3f «Хагас чиргүүл буюу нэг тэнхлэгт чиргүүлээс бусад чиргүүл чирсэн аливаа механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой» - зөвхөн тодорхой хэмжээнээс дээш бүх жинтэй чиргүүл чирсэн тээврийн хэрэгслийн хувьд хориглолт тогтоохын тулд уг хэмжээг илэрхийлсэн тоог тэмдэг дэх чиргүүлийн дүрсэн дээр гэгээн өнгөөр тавих буюу эсвэл энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт тэмдгээр зааж C,3f тэмдгийн доор байрлуулна.

Хэлэлцэн тохирогч Талууд нь шаардлагатай гэж үзвэл ачааны автомашины арын хэсгийн дүрсийг суудлын автомашины арын хэсгийн дүрсээр, чиргүүлийн дүрсийг тийм автомашинд холбогдох чиргүүлийн дүрсээр оруулж болно.

C,3g «Чиргүүлтэй механикжсан тээврийн хэрэгсэл нэвтрэх хориотой» - зөвхөн тодорхой хэмжээнээс дээш бүх жинтэй чиргүүл чирсэн тээврийн хэрэгслийн хувьд хориглолт тогтоохын тулд уг хэмжээг илэрхийлсэн тоог тэмдэг дэх чиргүүлийн дүрсэн дээр гэгээн өнгөөр тавих буюу эсвэл энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт тэмдгээр зааж C,3g тэмдгийн доор байрлуулна.

C,3h «Нэмэлт тэмдгээр тусгайлан заасан аюултай ачааг тээж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой» - тодорхой төрлийн аюултай ачаа тээж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хориглолт тогтоохын тулд C,3h тэмдгийг шаардлагатай тохиолдолд нэмэлт тэмдгийн хамт хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нэмэлт тэмдэгт зөвхөн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлогдсон тухайн аюултай ачааг тээвэрлэхэд уг хориглолт хамаарахыг заана.

C,3i «Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой»

C,3j «Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой»

C,3k «Гар тэргэнцрийн хөдөлгөөн хориотой»

C,3l «Хөдөө аж ахуйн өөрөө явдаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

Тайлбар: Хэлэлцэн тохирогч Талууд C,3a-C,3l тэмдгүүд дээрх улаан өнгийн ташуу зураасыг тавихгүй буюу эсвэл дүрсийн үзэгдэлт ба ойлгомжтой байдлыг алдагдуулахаар байвал уг зураасаар дүрсийн талбайг таслахгүй байж болно.

d) Хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгсэл буюу хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд хориглолт тогтоохын тулд төчнөөн ширхэг хориглох тэмдэг хэрэглэж болохоос гадна эсвэл тэдгээр тээврийн хэрэгсэл буюу хөдөлгөөнд оролцогчдын дүрсүүдийг нэг дор агуулсан ганц тэмдгийг хэрэглэж болно. Ийм тэмдгийн жишээ нь C,4a «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой» ба C,4b «Механикжсан тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой» тэмдгүүд болно.

Суурин газрын гаднах замд хоёроос олон дүрстэй, суурин газарт гурваас олон дүрстэй тэмдгийг хэрэглэж болохгүй.

e) Жин буюу оврын хэмжээ нь тогтоосон хязгаараас хэтэрч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хориглолт тогтоохдоо дараахь тэмдгүүдийг хэрэглэнэ:

C,5 «Оврын өргөн нь ... метрээс илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

C,6 «Оврын өндөр нь ... метрээс илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

C,7 «Ачаалалтай жин нь ... тонноос илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

C,8 «Тэнхлэг дээрх ачаалал нь ... тонноос илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»

C,9 «Урт нь ... метрээс илүү тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний хөдөлгөөн хориотой»

f) Хоорондын зайгаа тэмдэгт зааснаар бариагүй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хориглолт тогтоохдоо C,10 «Хоорондын зай нь ... метрээс бага яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн хориотой» тэмдгийг хэрэглэнэ.

2. Эргэхийг хориглох

Эргэх үйлдэл (сумны чигээс хамааран баруун буюу зүүн гар тийш) хийхийг хориглохдоо C,11a «Зүүн гар тийш эргэх хориотой» буюу C,11b «Баруун гар тийш эргэх хориотой» тэмдгийг хэрэглэнэ.

3. Буцаж эргэхийг хориглох

a) Буцаж эргэх үйлдэлд хориглолт тогтоохдоо C,12 «Буцаж эргэх хориотой» тэмдгийг хэрэглэнэ.

b) Тухайн нөхцөл байдалд нийцүүлэх үүднээс тэмдгийн дүрсийг эсрэг тал руу нь эргүүлэн хэрэглэж болно.

4. Гүйцэж түрүүлэхийг хориглох

a) Дүрэмд тусгасан гүйцэж түрүүлэх үйлдэлтэй холбоотой нийтлэг заалтуудаас гадна шаахайгүй хоёр дугуйтай мотоцикл ба мопедоос бусад механикжсан бүх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглохын тулд C,13a «Гүйцэж түрүүлэх хориотой» тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг нь C,13aa ба C,13ab гэсэн хоёр хэлбэртэй.

b) Бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны тээврийн хэрэгслийн гүйцэж түрүүлэх үйлдэлд хориглолт тогтоохын тулд C,13b «Ачааны тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх хориотой» тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг нь C,13ba ба C,13bb гэсэн хоёр хэлбэртэй.

Энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэмдгийн доод талд нэмэлт тэмдэг байрлуулж хориглолт тогтоох бүх жингийн хэмжээг өөрөөр зааж болно.

5. Хурдыг хязгаарлах

a) Хөдөлгөөний хурдны хэмжээнд хязгаарлалт тогтоохын тулд C,14 «Хурдны дээд хэмжээ нь заасан тоогоор хязгаарлагдана» тэмдгийг хэрэглэнэ. Тэмдэг дэх хурдны дээд хязгаарыг заасан тоо нь тухайн улсад тээврийн хэрэгслийн хурдыг хэмжихдээ нийтлэг хэрэглэдэг нэгжээр илэрхийлэгдэнэ. Тооны ард буюу доод талд жишээлбэл, «км» (километр) буюу «миль» гэсэн нэгжийн нэрийг нэмж тавьж болно.

b) Хурдны хязгаарлалтыг зөвхөн тодорхой хэмжээнээс илүү бүх жинтэй тээврийн хэрэгсэлд хамааруулахдаа энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэмдгийн доод талд нэмэлт тэмдэг байрлуулж хориглолт тогтоох бүх жингийн тухайн хэмжээг заана.

6. Дуут дохио өгөхийг хориглох

Зам тээврийн ослоос зайлсхийхэд чиглэгдсэнээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглохын тулд C,15 «Дуут дохио өгөх хориотой» тэмдгийг хэрэглэнэ. Хэрэв энэ тэмдэг нь суурин газрын эхлэлийг мэдээлж буй нэрийн заалтын дэргэд буюу цаад талд байрласан биш бол тэр нь хориглолтын үйлчлэх зайг заасан H,2 нэмэлт тэмдэг (энэ хавсралтын H хэсэгчлэлд тусгагдсан)-тэй байх ёстой.

Хэрэв дээрх хорио суурин газрыг бүхэлд нь хамардаг, өөрөөр хэлбэл тухайн улсын замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын дотор мөрдөгдөх журмаар суурин газрын нэрийн заалтын тэмдэг бүхий суурин газар руу орсон хөдөлгөөнд оролцогчдод дээрх хориглолт тогтоогдсон бол C,15 тэмдгийг суурин газар руу орохын өмнө байрлуулахгүй байхыг зөвлөж байна.

7. Зогсолт хийхгүйгээр нэвтрэхийг хориглох

a) Заавал зогсох шаардлагатай гаалийн бүсэд ойртож байгааг заахын тулд C,16 «Зогсохгүй нэвтрэх хориотой» тэмдгийг хэрэглэнэ. Конвенцийн 8 дугаар зүйлийн заалтаас гажиж энэ тэмдэг дээр хоёр хэлээр «гааль» гэсэн үгийг тэмдэглэх нь нэн тохиромжтой бөгөөд энэ тэмдгийг хэрэглэх Хэлэлцэн тохирогч Талууд уг үгийг нэг ижил хэлээр тэмдэглэж байх талаар бүс орнуудын хэмжээнд тохиролцоонд хүрэхийг хичээх ёстой.

b) Энэ тэмдгийг түүнчлэн зогсолт хийхгүйгээр нэвтрэхийг хориглох бусад нөхцөлийг заахад ч хэрэглэж болно. Энэ тохиолдолд «гааль» гэсэн үгийн оронд уг зогсолтын шалтгааныг илэрхийлэх богино бичлэгтэй өөр үгийг тэмдэглэнэ.

8. Хориглолт буюу хязгаарлалтын төгсгөлийг заах тэмдгүүд

a) Хориглох тэмдгүүдийн үйлчлэлд яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг хориглолтуудын хүчинтэй хүрээ дуусаж байгаа газрыг заахын тулд C,17a «Бүх хорионы төгсгөл» тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг нь цагаан буюу шар өнгийн дэвсгэр бүхий дугуй хэлбэртэй, хүрээгүй юмуу эсвэл хар өнгийн нарийн эмжээртэй байх бөгөөд баруунаас зүүн доош ташуулдсан хар буюу бараан саарал өнгийн зураас буюу эсвэл зэрэгцээ шугамуудтай байна.

b) Аль нэг хориглох буюу хязгаарлах тэмдгийн үйлчлэлд яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг хориглолт буюу хязгаарлалтын хүчинтэй хүрээ дуусаж байгаа газрыг заахын тулд C,17b «Хурдны хязгаарлалтын төгсгөл», эсвэл C,17c «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл» буюу C,17d «Ачааны тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл» тэмдгийг хэрэглэнэ. Эдгээр тэмдэг нь C,17a тэмдэгтэй адил боловч түүн дээр тухайн дуусаж байгаа хориглолт буюу хязгаарлалтын дүрсийг цайвар саарал өнгөтэйгөөр байрлуулсан байна.

c) Энэхүү Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж дээрх C,17 тэмдгүүдийг эсрэг талаас яваа тээврийн хэрэгслүүдэд зориулагдсан хориглох буюу хязгаарлах тэмдгүүдийн ар талд байрлуулж болно.

9. Түр буюу удаан зогсохыг хориглох буюу хязгаарлах

a) i) Удаан зогсохыг хориглосон газрыг заахын тулд C,18 «Удаан зогсох хориотой» тэмдгийг; түр болон удаан зогсохыг хориглосон газрыг заахын тулд C,19 «Түр ба удаан зогсох хориотой» тэмдгийг хэрэглэнэ;

ii) Улаан хүрээтэй цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр, тухайн улсад «зогсоол»-ыг тэмдэглэхэд хэрэглэдэг бэлгэдэл үсгийг хар өнгөөр дүрсэлж дээгүүр нь хөндлөн улаан зураас татсан дугуй тэмдгээр C,18 тэмдгийг сольж хэрэглэж болно;

iii) Тэмдгийн доод талд нэмэлт тэмдэг байрлуулж түүн дээр хориглолтын үйлчлэлийг хязгаарласан буюу доорхи зүйлсийг заасан бичлэг хийж болно:

- хориглолт хүчинтэй байх сар, гариг, цаг;

- хориглолтын үргэлжлэх хугацаа;

- зарим төрлийн хөдөлгөөнд оролцогчдод хамааруулаагүй байдал;

iv) Түр буюу удаан зогсолтын үргэлжлэх хугацаатай холбоотой бичлэгийг нэмэлт тэмдэг дээр биш, харин хориглох тэмдгийн улаан хүрээний доод хэсэгт шууд тэмдэглэж болно.

b) i) Удаан зогсохыг заримдаа замын тухайн талд зарим тохиолдолд нөгөө талд зөвшөөрч байдаг зохицуулалт хийхийн тулд C,18 тэмдгийн оронд C,20a буюу C,20b «Ээлжлэн сэлгэгддэг зогсоол» тэмдгийг хэрэглэнэ;

ii) Замын C,20a тэмдэг тавигдсан талд сарын сондгой тоотой хоногуудад, C,20b тэмдэг тавигдсан талд сарын тэгш тоотой хоногуудад удаан зогсохыг хориглоно. Гэхдээ үндэсний хууль тогтоомжоор тэмдгийн үйлчлэлийг заавал бүхэл хоногийн туршид биш, цагаар солигддог зарчимтай байхаар тодорхойлж болно. Түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор зогсоолын ээлжлэн сэлгэх давтамжийг хоног тутмаас өөрөөр тодорхойлж болно. Энэ тохиолдолд тэмдэг дээрх I ба II тоонуудын оронд ээлжлэн сэлгэх мөчлөгийг илэрхийлсэн хоногуудыг тавина; Жишээлбэл, сар бүрийн 1-нээс ба 16-наас ээлжлэн сэлгүүлэхийн тулд 1-15 ба 16-31 гэсэн тоо тавина;

iii) C,19; C,20a; C,20b тэмдгүүдийг хэрэглэхгүй орнууд нь C,18 тэмдгийг энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт бичлэгтэйгээр хэрэглэж болно.

c) i) Зарим онцгой тохиолдлоос бусад нөхцөлд тэмдгийн хавтгайг замын тэнхлэгт перпендикуляр буюу үл мэдэг өнцөг үүсгэхээр байрлуулна;

ii) Удаан зогсохыг хориглосон ба хязгаарласан бүх тэмдгүүдийн үйлчлэл нь замын зөвхөн тавигдсан талдаа хүчинтэй байна;

iii) Дор дурдсан мэтийн өөр заалт байхгүй бол дээрх тэмдгүүдийн үйлчлэл нь уг тэмдгээс эхэлж тухайн замаас гарах хүртэл хүчинтэй байна:

- энэхүү хавсралтын H хэсэгчлэлийн H,2 нэмэлт тэмдгээр хориглолтын үргэлжлэх зайг заах;

- энэ хэсгийн “c”-ийн “v”-д тусгагдсан заалт;

iv) Хориглолт эхлэх газар дээр байрласан тэмдгийн доод талд энэхүү хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,3a буюу H,4a нэмэлт тэмдгийг тавьж болно. Хориглолтыг давтаж байгаа тэмдгийн доод талд энэхүү хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,3b буюу H,4b нэмэлт тэмдгийг байрлуулж болно. Хориглолт дуусаж байгаа газар дээр энэхүү хавсралтын H хэсэгчлэлд заагдсан H,3c буюу H,4c нэмэлт тэмдэг бүхий бас нэг хориглох тэмдэг байрлуулж болно. H,3 нэмэлт тэмдгүүд нь замын тэнхлэгтэй зэрэгцээ (параллель), харин H,4 нэмэлт тэмдгүүд перпендикуляр байрлана. Хэрэв H,3 нэмэлт тэмдгүүд дээр хэмжээ заасан бол тэр нь уг тэмдгээс сум заасан чигт хорионы хүчинтэй үргэлжлэх зайг илэрхийлнэ;

v) Хэрэв хорионы үйлчлэлийг замаас гарах хүртэл үргэлжлүүлэхгүй гэвэл дээрх “c”-ийн “iv”-т заасны дагуу хориглолтыг төгсгөх нэмэлт тэмдгийг хэрэглэнэ. Гэхдээ хориглолтыг богино зайд үргэлжлүүлэх бол зөвхөн нэг тэмдгийг дараахь байдлаар байрлуулж болно:

- уг хориглолтын үргэлжлэх зайг тэмдгийн улаан хүрээн дээр заана;

- эсвэл H,3 нэмэлт тэмдэгтэй байрлуулна;

vi) Зогсоолын хэмжүүр (паркометр)-ээр тоноглогдсон газарт уг хэмжүүр нь тухайн зогсоол төлбөртэй бөгөөд зогсох хугацаа нь цагийн механизмын ажиллах хугацаагаар хязгаарлагдахыг илэрхийлнэ;

vii) Зогсох хугацаа нь хязгаарлагдсан боловч төлбөргүй замын хэсэг дээр уг хязгаарлалтыг тогтоохдоо C,18 тэмдгийг хэрэглэхгүйгээр замын дагуух гэрэлтүүлгийн шон, мод гэх мэт зүйл дээр ойролцоогоор 2 метрийн өндөрт цэнхэр судал тавих буюу эсвэл зорчих хэсгийн хашлага дээр зураас татаж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»