Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
D хэсэгчлэл
ЗААХ ТЭМДЭГ
I. Нийтлэг шинж ба дүрсүүд
1. Заах тэмдгүүд (энэ хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 10 дахь хэсэгт заагдсан тэгш өнцөгт хэлбэртэй D,10 тэмдгүүдээс бусад) нь дугуй хэлбэртэй байх бөгөөд тэдгээрийн голч нь суурин газрын гадна 0.60 метрээс багагүй, суурин газрын дотор 0.40 метрээс багагүй байх ёстой. Гэхдээ 0.30 метрээс багагүй голчтой тэмдгийг замын гэрлэн дохиотой хослуулан хэрэглэх буюу аюулгүйн арлын дугуй суурь (тумба) дээр байрлуулж болно.
2. Өөрөөр заагаагүй бол эдгээр тэмдгүүд нь цэнхэр өнгийн дэвсгэртэй, дүрс нь цагаан буюу цайвар өнгөтэй байх бөгөөд үүнээс гадна өөр хувилбар нь улаан өнгийн эмжээр бүхий цагаан өнгийн дэвсгэр дээр хар өнгийн дүрстэй байж болно.
II. Тодорхойлолт
1. Явах чиг
Тээврийн хэрэгслийн явах ёстой чигийг заахын тулд D,1 «Явах чиг» тэмдгийн тухайн чигт нийцэх сум бүхий D,1a хэлбэрийг хэрэглэнэ. Гэхдээ энэхүү хэсэгчлэлийн I дүгээр дэд хэсгийн заалтаас гажиж D,1a тэмдгүүдийн оронд D.1b тэмдгийг хэрэглэж болно. D,1b тэмдэг нь цагаан өнгийн эмжээр бүхий хар өнгийн дэвсгэртэй, цагаан өнгийн дүрстэй байна.
2. Саадыг тойрох чиг
Энэхүү Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж аюулгүйн арал дээр буюу замын ямар нэгэн саадын өмнө тавигдсан D,2 «Саадыг тойрох чиг» тэмдэг нь тээврийн хэрэгсэл уг аюулгүйн арал буюу саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарах ёстойг заана.
3. Тойрох хөдөлгөөн
D,3 «Тойрох хөдөлгөөн» тэмдэг нь жолоочид тойрох хөдөлгөөний журмыг мөрдөх ёстойг заана.
4. Унадаг дугуйн зам
D,4 «Унадаг дугуйн зам» тэмдэг нь унадаг дугуйчдад тухайн тэмдэг байрласан зам тэдэнд зориулагдсан болохыг, бусад тээврийн хэрэгслийн жолоочдод уг замыг ашиглах эрхгүй болохыг заана. Энэ зам нь зорчих хэсэг, явган хүний буюу морьтой хүний замын дагуу байрласан бөгөөд явах чигт нь тохирох бол унадаг дугуйчид зөвхөн уг замыг ашиглана. Түүнчлэн үндэсний хууль тогтоомжид тусгасан буюу C,3d тэмдгийн дүрс (эсвэл нэмэлт бичлэг)-ийг агуулсан нэмэлт тэмдгээр тусгайлан заасан бол мопедын жолооч ч мөн энэ замыг ашиглах ёстой.
5. Явган хүний зам
D,5 «Явган хүний зам» тэмдэг нь явган зорчигчдод тухайн тэмдэг байрласан зам тэдэнд зориулагдсан болохыг, бусад хөдөлгөөнд оролцогчдод уг замыг ашиглах эрхгүй болохыг заана. Энэ зам нь зорчих хэсэг, морьтой хүний буюу унадаг дугуйн замын дагуу байрласан бөгөөд явах чигт нь тохирох бол явган зорчигчид зөвхөн уг замыг ашиглана.
6. Морьтой хүний зам
D,6 «Морьтой хүний зам» тэмдэг нь морь унаж яваа хүмүүст тухайн тэмдэг байрласан зам тэдэнд зориулагдсан болохыг, бусад хөдөлгөөнд оролцогчдод уг замыг ашиглах эрхгүй болохыг заана. Энэ зам нь зорчих хэсэг, явган хүний буюу унадаг дугуйн замын дагуу байрласан бөгөөд явах чигт нь тохирох бол морь унаж яваа хүмүүс зөвхөн уг замыг ашиглана.
7. Хурдны доод хязгаарлал
D,7 «Хурдны доод хязгаарлал» тэмдэг нь тээврийн хэрэгслүүд тухайн тэмдэг тавигдсан зам дээр дор хаяж заасан хурдтайгаар явах ёстойг заана. Тэмдэг дэх хурдны доод хязгаарыг заасан тоо нь тухайн улсад тээврийн хэрэгслийн хурдыг хэмжихдээ нийтлэг хэрэглэдэг нэгжээр илэрхийлэгдэнэ. Тооны ард, жишээлбэл, «км» (километр) буюу «миль» гэсэн нэгжийн нэрийг нэмж тавьж болно.
8. Хурдны доод хязгаарлалын төгсгөл
D,8 «Хурдны доод хязгаарлалын төгсгөл» тэмдэг нь D,7 тэмдгээр заагдсан хурдны доод хязгаарлалтын үйлчлэл дуусаж байгааг заана. D,8 тэмдэг нь D,7 тэмдэгтэй адил боловч түүн дээр баруунаас зүүн доош ташуулдсан улаан өнгийн зураас татагдсан байна.
9. Халтирахаас хамгаалах гинж
D,9 «Халтирахаас хамгаалах гинж» тэмдэг нь тухайн замаар явах тээврийн хэрэгслүүдийн дор хаяж хоёр дугуй (хөтлөгч)-нд халтирахаас хамгаалах гинж байх ёстойг заана.
10. Аюултай ачаатай тээврийн хэрэгслийн явах чиг
D,10a; D,10b; D,10c тэмдгүүд нь аюултай ачаа тээж яваа тээврийн хэрэгслүүдийн явах ёстой чигийг заана.
11. D,4; D,5; D,6 тэмдгүүдийг хамтатгаж хэрэглэх загварчлал
a) Хөдөлгөөнд оролцогч хоёр төрлийн этгээдэд зориулагдаж бусад оролцогчийн хөдөлгөөнийг хориглосон замыг заахын тулд тэмдэгт тухайн зөвшөөрөгдөж буй хоёр оролцогчийн дүрсийг хамтад нь байрлуулна.
b) Хэрэв тэмдэгт дүрсүүдийг зэрэгцүүлэн байрлуулж тэдгээрийн хоорондуур тэмдгийн төвийг дайруулан босоо шугам татсан байвал тухайн дүрсэд хамаарах хөдөлгөөнд оролцогч нь уг дүрсийн байрласан зам талыг ашиглах бөгөөд харин энэ талыг нь нөгөө оролцогч ашиглах эрхгүй болохыг заана. Замын эдгээр талууд нь тэмдэглэл буюу зохих хэрэгслүүдээр тодорхой тусгаарлагдсан байвал зохино.
c) Хэрэв тэмдэгт дүрсүүдийг нэг нэгнийх нь доор байрлуулсан байвал тухайн дүрсүүдэд хамаарах хөдөлгөөнд оролцогчид уг замыг хамтдаа ашиглаж болохыг заана. Дүрсүүдийн байрлалыг дурын байдлаар сонгож болно. Хоёр төрлийн оролцогч хамтдаа нэг зам хэрэглэхтэй холбогдуулан болгоомжлох арга хэмжээ авсан тодорхой заалтууд үндэсний хууль тогтоомжид тусгагдсан байвал зохино.
D,11a ба D,11b тэмдгүүд нь D,4 ба D,5 тэмдгүүдийг хамтатгасан жишээ болно.