Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
E хэсэгчлэл
ТУСГАЙЛАН ЗААХ ТЭМДЭГ
I. Нийтлэг шинж ба дүрсүүд
Тусгайлан заах тэмдгүүд нь дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэлбэртэй, дүрс буюу бичлэг нь цэнхэр өнгийн дэвсгэр дээр цайвар (гэгээн) өнгөтэй, эсвэл цайвар (гэгээн) өнгийн дэвсгэр дээр бараан өнгөтэй байна.
II. Тодорхойлолт
1. Нэг буюу хэд хэдэн эгнээний хөдөлгөөнийг заах буюу анхааруулах
Зорчих хэсэг дээр тэмдэглэлээр тодорхойлогдсон бөгөөд хөдөлгөөний нэг чигт хандсан зөвхөн нэг буюу хэд хэдэн эгнээнд хамаарах аюулыг анхааруулах буюу тэдгээрийн хөдөлгөөнийг заахын тулд дор дурдсан мэтийн тэмдгүүдийг хэрэглэнэ. Эдгээр тэмдгүүдээр эсрэг талын эгнээнүүдийн хөдөлгөөнийг ч зааж болно. Тэмдэг дээрх анхааруулах буюу заах утга бүхий тэмдгийг холбогдох сум дээр нь байрлуулна:
i) E,1a «Эгнээ тус бүрийн хөдөлгөөний хурдны доод хязгаарлал»;
ii) E,1b «Тухайн нэг эгнээний хөдөлгөөний хурдны доод хязгаарлал» - энэ тэмдгийг удаан явдалт тээврийн хэрэгсэлд зориулсан эгнээг зааглахад хэрэглэж болно;
iii) E,1c «Эгнээ тус бүрийн хөдөлгөөний хурдны дээд хязгаарлал» - дугуй дүрсийн хүрээ нь улаан, тоо нь хар өнгөтэй байна.
2. Автобусанд зориулан заагласан эгнээг мэдээлэх тэмдэг
E,2a ба E,2b мэтийн тэмдгүүд нь энэхүү Конвенцийн 26-бис дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу автобусны хөдөлгөөнд зориулан заагласан эгнээг мэдээлнэ.
3. «Нэг чигийн хөдөлгөөн» тэмдэг
a) Нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсгийг мэдээлэх шаардлагатай үед «Нэг чигийн хөдөлгөөн» гэсэн хоёр төрлийн тэмдгийг байрлуулж болно:
i) E,3a тэмдгийг зорчих хэсгийн тэнхлэгт аль болох перпендикуляр байрлуулах бөгөөд тэмдгийн хэлбэр нь дөрвөлжин (квадрат) байх ёстой;
ii) E,3b тэмдгийг зорчих хэсгийн тэнхлэгт аль болох зэрэгцээ (параллель) байрлуулна. Тэмдгийн хэлбэр нь сунгасан тэгш өнцөгт байх бөгөөд уртаашаа хэвтээ байрлана. E,3b тэмдгийн сум дээр тухайн улсын үндэсний хэлээр «Нэг чигийн хөдөлгөөн» гэсэн бичлэг хийж болно.
b) E,3a ба E,3b тэмдгүүдийг гудамж руу орох хэсгийн өмнө ямар нэгэн хориглох буюу заах тэмдэг байрласан эсэхээс үл хамааран байрлуулж болно.
4. Эгнээнд урьдчилан байр эзлүүлэх тэмдэг
Хэд хэдэн эгнээ бүхий замын уулзварын өмнө урьдчилан байр эзлүүлэх тэмдгийн жишээ нь E,4 тэмдэг болно.
5. Тууш зам руу орох буюу түүнээс гарахыг анхааруулах тэмдэг
a) E,5a «Тууш зам» тэмдгийг тууш замын хөдөлгөөний тусгай журам мөрдөгдөж эхлэх газар дээр байрлуулна.
b) E,5b «Тууш замын төгсгөл» тэмдгийг уг журмын мөрдлөг дуусах газар дээр байрлуулна.
c) Түүнчлэн E,5b тэмдгийг тууш замын төгсгөл ойртож байгааг анхааруулахын тулд хэрэглэх ба давтан тавьж ч болно. Ингэж хэрэглэх тохиолдолд тэмдгийн доод хэсэгт тууш замын төгсгөл хүртэлх зайг заана.
d) Эдгээр тэмдэг нь цэнхэр буюу ногоон өнгийн дэвсгэртэй байх ёстой.
6. Тууш замд хэрэглэгддэг хөдөлгөөний журмыг мөрдлөг болгох зам руу орох буюу түүнээс гарахыг анхааруулах тэмдэг
a) Замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй бөгөөд автомашины хөдөлгөөнд зориулагддаг зам (тууш замаас бусад)-ын хөдөлгөөний тусгай журам мөрдөгдөж эхлэх газар дээр E,6a «Автомашины зам» тэмдгийг байрлуулна. E,6a тэмдгийн доод талд нэмэлт тэмдэг байрлуулж, түүн дээр дүрмээс гажиж замын дагуух эзэмшил рүү орохыг зөвшөөрч байгааг зааж болно.
b) Түүнчлэн E,6b «Автомашины замын төгсгөл» тэмдгийг автомашины замын төгсгөл ойртож байгааг анхааруулахын тулд хэрэглэх ба давтан тавьж ч болно. Ингэж хэрэглэх тохиолдолд тэмдгийн доод хэсэгт автомашины замын төгсгөл хүртэлх зайг заана.
c) Эдгээр тэмдэг нь цэнхэр буюу ногоон өнгийн дэвсгэртэй байх ёстой.
7. Суурин газрын эхлэл ба төгсгөлийг мэдээлэх тэмдэг
a) Суурин газрын эхлэлийг мэдээлэх тэмдэг дээр суурин газрын бараа дүрс хэлбэртэй бэлэг тэмдэг буюу тухайн суурин газрын нэрийг (нэг бол дангаар нь, эсвэл хамтад нь) байрлуулсан байна. E,7a; E,7b; E,7c; E,7d тэмдгүүд нь суурин газрын эхлэлийг мэдээлэх тэмдгийн жишээ болно.
b) Суурин газрын төгсгөлийг мэдээлэх тэмдэг нь эхлэлийг мэдээлсэн тэмдэгтэй ижил мөртлөө тэмдгийн баруун дээд өнцгөөс зүүн доод өнцөг рүү ташуулдсан улаан өнгийн зураас буюу зэрэгцээ шугамуудтай байна. E,8a; E,8b; E,8c; E,8d тэмдгүүд нь суурин газрын төгсгөлийг мэдээлэх тэмдгийн жишээ болно.
Энэхүү Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж эдгээр тэмдгүүдийг суурин газрын эхлэлийг мэдээлсэн тэмдгүүдийн ар талд байрлуулж болно.
c) Дээрх тэмдгүүдийг энэхүү Конвенцийн 13-бис дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэнэ.
8. Бүсчилсэн үйлчлэл бүхий тэмдэг
a) Бүсчлэлийн эхлэл
i) Тухайн тэмдэг нь тодорхой бүсчлэл (бүсчилсэн үйлчлэл)-д орших бүх замын хувьд үйлчлэхийг мэдээлэхийн тулд уг тэмдгийг гэгээн өнгийн дэвсгэр бүхий тэгш өнцөгт самбар дээр байрлуулна. Самбар дээрх уг тэмдгийн дээд буюу доод талд нь «ZONE» гэсэн үгийг (эсвэл тухайн улсын хэлээр үүний адил утгатай үгийг) бичсэн байж болно. Самбар дээрх тэмдгийн доод талд буюу эсвэл нэмэлт тэмдэгт уг тэмдгийн хориглолт буюу хязгаарлалт, заалтын талаар тодорхой мэдээлэл хийж болно.
Тодорхой бүсчлэл (бүсчилсэн үйлчлэл)-д орших бүх замд үйлчлэх тэмдгүүдийг тухайн бүсчлэлд голлох үүрэгтэй бүх замууд дээр байрлуулна. Бүсчлэл нь зөвхөн ижил үзүүлэлт бүхий замуудыг багтааж байвал нэн тохиромжтой;
ii) Тодорхой бүсчлэл (бүсчилсэн үйлчлэл)-д орших бүх замын хувьд үйлчлэх тэмдгүүдийн жишээ нь E,9a; E,9b; E,9c; E,9d тэмдгүүд болно:
E,9a - удаан зогсохыг хориглосон бүсчлэл;
E,9b - тодорхой хугацаанд удаан зогсохыг хориглосон бүсчлэл;
E,9c - зогсоолын бүсчлэл;
E,9d - хурдны дээд хязгаарлалтын бүсчлэл;
b) Бүсчлэлээс гарах
i) Захиран тушаах тэмдгийн бүсчлэлээс гарч байгааг мэдээлэхийн тулд түүн рүү орж байгааг мэдээлсэнтэй адил тэмдэг бүхий самбарыг хэрэглэнэ. Гэхдээ тэр нь гэгээн өнгийн дэвсгэр дээр саарал өнгөтэй байх ёстой. Самбарын баруунаас зүүн доош ташуулдуулж хар буюу бараан саарал өнгийн зураас, эсвэл зэрэгцээ шугамууд татсан байна.
Бүсчлэлээс гарч байгааг мэдээлэх тэмдгүүдийг уг бүсчлэлээс гарахад ашиглаж болох бүх замууд дээр байрлуулна;
ii) Бүх зам (бүсчилсэн үйлчлэлийн)-ын хувьд үйлчлэх тэмдэг бүхий бүсчлэлээс гарч байгааг мэдээлэх тэмдгийн жишээ нь E,10a; E,10b; E,10c; E,10d тэмдгүүд болно:
E,10a - удаан зогсохыг хориглосон бүсчлэлийн төгсгөл;
E,10b - тодорхой хугацаанд удаан зогсохыг хориглосон бүсчлэлийн төгсгөл;
E,10c - зогсоолын бүсчлэлийн төгсгөл;
E,10d - хурдны дээд хязгаарлалтын бүсчлэлийн төгсгөл.
9. Хөдөлгөөний тусгай журам мөрдөгддөг хонгил руу орох буюу түүнээс гарахыг анхааруулах тэмдэг
a) E,11a «Хонгил» тэмдгийг тусгай журам мөрдөгддөг хонгилд ойртож байгааг анхааруулахын тулд хэрэглэх ба давтан тавьж болно. Энэ тохиолдолд тэмдэг бүрийн доод хэсэгт уг тэмдгээс хонгил хүртэлх зайг заах буюу эсвэл энэхүү хавсралтын H хэсэгчлэлд тусгагдсан H,1 нэмэлт тэмдгийг хэрэглэнэ.
Нэмэлт тэмдэгт хонгилын нэр ба уртын хэмжээг ч зааж болно.
b) E, 11b «Хонгилын төгсгөл» тэмдгийг тусгай журмын мөрдлөг дуусаж байгаа газар дээр байрлуулж болно.
10. «Явган хүний гарц» тэмдэг
a) E,12a «Явган хүний гарц» тэмдгийг жолооч болон явган зорчигчдод явган хүний гарц байгаа газрыг мэдээлэхэд хэрэглэнэ. Тэмдэг нь цэнхэр буюу хар өнгийн дэвсгэртэй, түүн дотор цагаан буюу шар өнгийн гурвалжин байх бөгөөд дүрс нь хар буюу хөх өнгөтэй байна. Тэмдэгт A,12 дүрсийг хэрэглэнэ.
b) Гэхдээ цэнхэр өнгийн дэвсгэр бүхий зөв биш таван өнцөгт хэлбэртэй, цагаан өнгийн дүрстэй E,12b тэмдэг, эсвэл бараан өнгийн дэвсгэр, цагаан өнгийн дүрс бүхий E,12c тэмдгүүдийг ч хэрэглэж болно.
11. «Эмнэлэг» тэмдэг
a) Энэ тэмдэг нь жолоочид эмнэлгийн ойролцоо шаардагдах зайлшгүй болгоомжлох, тухайлбал, аль болох чимээ шуугиан гаргахгүй байх арга хэмжээ авахыг мэдээлэхэд хэрэглэгдэнэ. Энэ тэмдэг E,13a ба E,13b гэсэн хоёр хэлбэртэй болно.
b) E,13b тэмдэг дэх улаан загалмайн дүрсийг F хэсэгчлэлийн II дугаар дэд хэсгийн 1 дэх хэсэгт заасан дүрсүүдийн аль нэгээр орлуулж болно.
12. «Зогсоол» тэмдэг
a) Замын тэнхлэгтэй зэрэгцээ (паралель) байрлуулж болох E,14a «Зогсоол» тэмдэг нь тээврийн хэрэгсэл удаан зогсохыг зөвшөөрөх газрыг мэдээлнэ. Энэ тэмдэг нь цэнхэр өнгийн дэвсгэр бүхий дөрвөлжин (квадрат) хэлбэртэй байна. Түүн дээр тухайн улсад «зогсоол»-ыг тэмдэглэхэд хэрэглэдэг бэлгэдэл үсгийг тавина.
b) Зогсоолын байгаа чигийг буюу зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн ангиллыг тэмдэг дээр шууд заах буюу эсвэл нэмэлт тэмдгээр зааж болно. Түүнчлэн ийм бичлэг буюу дүрс нь удаан зогсохыг зөвшөөрөх хугацааг хязгаарласан буюу зогсоолыг гарц болгон ашиглаж болох нийтийн тээврийн хэрэгслийн төрлийг ч заасан байж болно.
Тухайн зогсоол нь бусад тээврийн хэрэгслээс илүүтэйгээр нийтийн тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан болохыг заахад хэрэглэж болох тэмдгүүдийн жишээ нь E,14b ба E,14c тэмдгүүд болно.
13. Автобус буюу трамвайн буудлыг мэдээлэх тэмдэг
E,15 «Автобусны буудал» ба E,16 «Трамвайн буудал».