Замын дохио, тэмдгийн тухай Конвенц
ХАВСРАЛТУУД
НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
ЗАМЫН ТЭМДГҮҮД
G хэсэгчлэл
ЧИГ ЗААХ БА МЭДЭЭЛЭН ЗААХ ТЭМДЭГ
I. Нийтлэг шинж ба дүрсүүд
1. Мэдээлэх тэмдгүүд нь гол төлөв тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд харин чигийн заалт тэмдгүүд нь хэвтээ байдлаар сунасан, төгсгөлдөө үзүүртэй байж болно.
2. Мэдээлэх тэмдгүүд дээрх дүрс буюу бичлэг нь бараан өнгийн дэвсгэр дээр цагаан буюу гэгээн өнгөтэй, эсвэл цагаан буюу гэгээн өнгийн дэвсгэр дээр бараан өнгөтэй байх бөгөөд онцгой тохиолдолд улаан өнгийг хэрэглэж болох боловч тэр нь зонхилсон байж болохгүй.
3. Тууш зам ба түүнтэй адилтгах замуудад хэрэглэгдэх чигийн урьдчилсан заалт буюу чигийн заалтын тэмдгүүд дээрх дүрс, бичлэг нь цэнхэр буюу ногоон өнгийн дэвсгэр дээр цагаан өнгөтэй байна. Ийм тэмдгүүд дээр E,5a ба E,6a тэмдгийн дүрсийг харьцааг нь алдагдуулахгүйгээр багасган хуулбарлаж болно.
4. Зам засвар мэтийн түр зуурын нөхцөлөөр хөдөлгөөний чиг өөрчлөх буюу тойрон гарахыг мэдээлэх тэмдгүүд нь шар буюу улбар шар өнгийн дэвсгэр дээр хар өнгийн дүрс ба бичлэгтэй байж болно.
5. G,1; G,4; G,5; G,6; G,10 тэмдгүүд дээрх суурин газрын нэрийг тухайн улсын хэлээр буюу уг суурин газрын байрласан нутгийн хэлээр бичихийг зөвлөж байна.
II. Чигийн урьдчилсан заалт
1. Ерөнхий тохиолдол
Чигийг урьдчилан заах жишээ G,1a; G,1b; G,1c тэмдгүүд болно.
2. Тусгай тохиолдол
a) Зам мухардах чигийг урьдчилан заах жишээ G,2a ба G,2b тэмдгүүд болно.
b) Зүүн гар тийш эргэх үйлдэл хориглогдсон уулзвараар зүүн гар тийш эргэхийн тулд баримталбал зохих чиглэлийг урьдчилан заах жишээ G,3 тэмдэг болно.
Тайлбар: Чигийн урьдчилсан заалтын G,1 тэмдэг дээр хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах бусад тэмдгийн дүрслэл (жишээлбэл: A,2; A,5; C,3e; C,6; E,5a; F,2 тэмдгүүд)-ийг байрлуулж болно.
III. Чигийн заалт
1. Суурин газрын чигийг заах тэмдгүүдийн жишээ G,4a; G,4b; G,4c; G,5 болно.
2. Нисэх буудлын чигийг заах тэмдгүүдийн жишээ G,6a; G,6b; G,6c болно.
3. G,7 тэмдэг нь жуулчны байрын чигийг заана.
4. G,8 тэмдэг нь залуучуудад зориулсан жуулчны баазын чигийг заана.
5. Бусад тээврийн хэрэгслээс илүүтэйгээр нийтийн тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан зогсоолын чигийг заах тэмдгүүдийн жишээ G,9a ба G,9b болно. Тэмдэгт тээврийн хэрэгслийн төрлийг бичлэг буюу дүрсийн хэлбэрээр харуулж болно.
Тайлбар: Чигийн заалтын G,4; G,5; G,6 тэмдгүүд дээр хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах бусад тэмдгийн дүрслэл (жишээлбэл: A,2; A,5; C,3e; C,6; E,5a; F,2 тэмдгүүд)-ийг байрлуулж болно.
IV. Баталгаажуулах тэмдэг
G,10 тэмдэг нь баталгаажуулах тэмдгийн жишээ болно.
Энэхүү Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас гажиж энэ тэмдгийг эсрэг талаас яваа тээврийн хэрэгслүүдэд зориулагдсан бусад тэмдгийн ар талд байрлуулж болно.
V. Мэдээллийн тэмдэг
1. Эгнээний тоо болон хөдөлгөөний чигийг мэдээлэх тэмдэг
Эгнээний тоо болон хөдөлгөөний чигийг мэдээлэх жишээ G,11a; G,11b; G,11c тэмдгүүд болно. Хөдөлгөөний тухайн чигт байгаа эгнээний тоотой тэнцүү тооны сум тэмдэгт тавигдах ёстой бөгөөд эсрэг талын хөдөлгөөний эгнээнүүдийг ч мэдээлсэн байж болно.
2. Эгнээний төгсгөлийг мэдээлэх тэмдэг
Эгнээний төгсгөлийг мэдээлэх тэмдгүүдийн жишээ G,12a ба G,12b болно.
3. Зам мухардахыг мэдээлэх тэмдэг
G,13 «Мухар зам» тэмдгийг мухардах замын эхлэлд байрлуулна.
4. Хурдны ерөнхий хязгаарыг мэдээлэх тэмдэг
G,14 «Хурдны ерөнхий хязгаар» тэмдгийг тухайн улсын нутаг дэвсгэр дээр буюу түүний зарим хэсэгт мөрдөгдөх хурдны ерөнхий хязгааруудыг ялангуяа улсын хилийн ойролцоо мэдээлэхэд хэрэглэнэ. Тэмдгийн дээд хэсэгт тухайн улсын нэр буюу ялгах тэмдгийг боломжтой бол төрийн сүлдийн хамт байрлуулна. Тэмдэгт тухайн улсад мөрдөгдөх хурдны ерөнхий хязгаарыг дараахь дэс дарааллаар заана:
- 1 дүгээрт суурин газарт;
- 2 дугаарт суурин газрын гадна;
- 3 дугаарт тууш замд.
Автомашины зам дээрх хурдны ерөнхий хязгаарыг заах шаардлагатай тохиолдолд E,6a «Автомашины зам» тэмдгийн дүрслэлийг ашиглаж болно.
Тэмдгийн хүрээ болон дээд хэсэг нь цэнхэр өнгөтэй байх бөгөөд улсын нэр ба гурван тэгш өнцөгт нь цагаан өнгөтэй байх ёстой. Дээд болон дунд талын тэгш өнцөгтөд байрлах дүрсүүд нь хар өнгөтэй байх бөгөөд дунд талынхад байрласан дүрс нь улаан өнгийн ташуу зураасаар огтлогдсон байна.
5. Замын ашиглагдах боломжийг мэдээлэх тэмдэг
a) G,15 «Замын ашиглагдах боломж» тэмдгийг уулын замд бол тухайлбал, даваан дээгүүр нэвтрэх гарам нээлттэй буюу хаалттай болохыг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд түүнийг уг гарам руу хүрэх замын эхлэлд байрлуулна.
Гарам (даваа)-ны нэрийг цагаан өнгөөр тавина. Тэмдэг дээрх «Furka» гэсэн нэр жишээ болно.
1, 2, 3 гэсэн хүснэгтүүд нь хураагдаж солигддог байна.
b) Хэрэв гарам хаалттай бол «ХААЛТТАЙ» гэсэн бичлэг бүхий улаан өнгийн 1 дүгээр хүснэгтийг, нээлттэй бол «НЭЭЛТТЭЙ» гэсэн бичлэг бүхий ногоон өнгийн 1 дүгээр хүснэгтийг хэрэглэнэ. Бичлэг нь цагаан өнгөтэй байх ба зохих хэд хэдэн хэл дээр хийгдэнэ.
c) 2 ба 3 дугаар хүснэгт нь цагаан өнгийн дэвсгэртэй, хар өнгийн бичлэг буюу дүрстэй байна.
Хэрэв гарам нээлттэй бол 3 дугаар хүснэгт хоосон байх ба харин 2 дугаар хүснэгт нь замын тухайн байдлаас хамаарч нэг бол хоосон, нэг бол «Халтирахаас хамгаалах гинж» D,9 тэмдэг дүрслэгдсэн, эсвэл «Халтирахаас хамгаалах гинж буюу өвлийн дугуй хэрэглэхийг зөвлөж байна» гэсэн G,16 дүрстэй байна. Энэ дүрс нь хар өнгөтэй байна.
Хэрэв гарам хаалттай бол 3 дугаар хүснэгтэд нээлттэй замд хүрэх суурин газрын нэрийг мэдээлэх бөгөөд харин 2 дугаар хүснэгт нь замын тухайн байдлаас хамаарч нэг бол «...ХҮРТЭЛ НЭЭЛТТЭЙ» гэсэн бичлэгтэй, эсвэл G,16 дүрс буюу D,9 тэмдэгтэй байна.
6. «Тохиромжтой хурд» тэмдэг
G,17 «Тохиромжтой хурд» тэмдэг нь тухайн замын нөхцөл байдалд тохирох хурдны хэмжээг зөвлөмж болгоход хэрэглэгдэнэ. Хэрэв тухайн төрлийн тээврийн хэрэгсэлд тавигдсан шаардлага нь уг жолоочийг тэмдэгт зааснаас бага хурдтай явахыг албадаагүй бол тэрээр тэмдгээр өгөгдөж буй зөвлөмжийг дагана.
Тэмдэг дэх тоо нь хурдны тохиромжтой хэмжээг тухайн улсад тээврийн хэрэгслийн хурдыг хэмжихэд нийтлэг хэрэглэгддэг нэгжээр илэрхийлнэ. Уг нэгжийн нэрийг тэмдэгт нэмж тавьж болно.
7. Хүнд даацын тээврийн хэрэгсэлд тохиромжтой замыг мэдээлэх тэмдэг
G,18 «Хүнд даацын тээврийн хэрэгслийн тохиромжтой зам».
8. Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засахын тулд зогсоход зориулагдсан зурвас газрыг мэдээлэх тэмдэг
G,19 «Үзлэг хийх зогсоолын зурвас» тэмдгийг эгц уруу газар дээр үзлэг хийх зогсоолын зурвасыг мэдээлэхэд хэрэглэнэ. Үзлэг хийх зурвас хүртэлх зайг заасан нэмэлт тэмдэг бүхий G,19 тэмдгийг A,2 тэмдэгтэй хамт эгц уруугийн эхлэл ба үзлэг хийх зурвас руу орохын өмнө байрлуулна. Эгц уруугийн үргэлжлэх зайнаас хамааруулан энэ тэмдгийг зай заасан нэмэлт тэмдгийн хамт шаардлагатай тохиолдолд давтан байрлуулна.
Үзлэг хийх зурвас нь тухайн замын хувьд хэрхэн байрласнаас хамааран тэмдгийн дүрс янз бүр байж болно.
9. Явган хүний гармыг мэдээлэх тэмдэг
a) G,20 тэмдэг нь зорчих хэсгийн дээгүүр буюу доогуур тавигдсан явган хүний гармыг мэдээлэхэд хэрэглэгдэнэ.
b) G,21 тэмдэг нь зорчих хэсгийн дээгүүр буюу доогуур тавигдсан явган хүний шатгүй гармыг мэдээлэхэд хэрэглэгдэнэ. Энэ тэмдэгт тахир дутуу хүнийг илтгэх дүрсийг ч ашиглаж болно.
10. Тууш замаас гарах дөхөж байгааг мэдээлэх тэмдэг
Тууш замаас гарах дөхөж байгааг тэмдэглэхэд зориулагдсан чигийн урьдчилсан заалтын жишээ G,22a; G,22b; G,22c тэмдгүүд болно. Эдгээр тэмдгүүд дээр тууш замаас гарах хүртэлх зайг заасан байх ёстой. Нэг буюу хоёр зураастай тэмдгийг гурван зураастай тэмдэг ба тууш замаас гарах хүртэлх хоорондын зайны гуравны нэг ба гуравны хоёр зайд тус тус харгалзуулан байрлуулна.