МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангиллын код 43.040.01
ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ Техникийн ерөнхий шаардлага Traffic markigns. General technical requirements |
MNS 4759:2003 |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
4. БОСОО ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ
4.1. 8.1 тэмдэглэлээр гүүрийн тулгуур, гүүрэн гарам, хонгилын нүүрэн талын гадаргуу гэх мэт замын байгууламжийн хөдөлгөөнд аюултай босоо хэсгийн гадаргууг тэмдэглэнэ. Босоо хэсгийн гадаргуугийн хэмжээ хэт өргөн бол тэмдэглэлийг зорчих хэсгийн захад аль болох ойр хэсэгт 0.5 м-ийн өргөнтэйгээр, хэт өндөр бол тэмдэглэлийг 2 м-ийн өндөртэйгээр хийж болно (В хавсралтын 1 ба 2-р зураг).
Хэрэв тэмдэглэлийг замын байгууламжийн элементийн гадаргуу дээр шууд хийх боломжгүй бол тусгай самбар дээр хийж уг элементийн гадаргууд бэхэлнэ.
4.2. Хонгил, гүүрэн байгууламжийн замын дээгүүр тавигдсан хэсгийн доод ирмэг зорчих хэсгийн гадаргууд 5 м-ээс ойр тохиолдолд 8.2 тэмдэглэлээр тухайн хэсгийг тэмдэглэнэ. Тэмдэглэлийг тухайн хэсэг дээр эгнээ тус бүрийн харалдаа голлуулж тавина (В хавсралтын 1-р зураг).
Хэрэв тэмдэглэлийг замын байгууламжийн гадаргуу дээр шууд хийх боломжгүй бол тусгай самбар дээр хийж уг хэсгийн гадаргууд бэхэлнэ.
4.3. Тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр байрлуулах тэмдгийн дугуй суурь (дотроосоо гэрэлтүүлэгтэй буюу гэрэлтүүлэггүй)-ийг 8.3 тэмдэглэлээр тэмдэглэнэ.
4.4. Замын дагуу байрласан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг 8.4 тэмдэглэлээр тэмдэглэнэ. Ташуу зураасны доод төгсгөл нь зорчих хэсэг тал руу чиглэсэн байна.
4.5. Замын хашилт (төмөр бетон ялуу, төмөр туузан хаалт гэх мэт)-ын зорчих хэсэг тал руу харсан хажуу гадаргууг тэмдэглэхдээ замын аюул бүхий хэсэгт 8.5 тэмдэглэлийг, бусад хэсэгт 8.6 тэмдэглэлийг хэрэглэнэ.
4.6. Зорчих хэсгийн нарийссан хэсэг буюу эргэх радиус багатай тойруу, мөн бусад аюул бүхий хэсэг дэх замын хашлага (тусгаарлах зурвасын эхлэл, төгсгөл, аюулгүйн арал гэх мэтийн)-ыг 8.7 тэмдэглэлээр тэмдэглэнэ (В хавсралтын 2-р зураг).
L1 ба L2 -ын бага хэмжээтэй зураасыг аюулгүйн арлын хашлагыг тэмдэглэхэд хэрэглэнэ. Хашлагыг тэмдэглэх зураасны хэмжээг тухайн замын хэсэг дэх хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгоно (хурд их үед L1 ба L2 -ын их хэмжээг сонгоно).
4.7. Ойртон ирэх тээврийн хэрэгсэл тал руу хандсан хашилтын төмөр бетон ялуу болон замын өндөр хашлагын гадаргууг цагаан өнгөөр будсан байна. Гэрэлтүүлэггүй замын хэсэгт дээрх гадаргууд гэрэл ойлгогч будаг буюу хальсаар 0.1 м-ийн өргөн цагаан зураасыг хэвтээ тэнхлэгт 30°-ын өнцөгтэйгээр татна. Ташуу зураасын доод төгсгөл нь зорчих хэсэг тал руу чиглэсэн байна.