МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангиллын код 43.040.01

ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

Техникийн ерөнхий шаардлага

Traffic markigns. General technical requirements

MNS 4759:2003

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

3. ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ

3.1. Хэвтээ тэмдэглэлд дагуу болон хөндлөн, мөн бусад хэлбэр (хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах хэсэгт үлдэх зай, суурин газар ба чиглэлийн нэрийг тэмдэглэсэн бичлэг гэх мэт)-ийн тэмдэглэл орно.

 

3.2. Дагуу тэмдэглэл

3.2.1. Зорчих хэсгийн өргөн 6 м буюу түүнээс илүү замд хөдөлгөөний эрчим хоногт 1000 ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй үед, түүнчлэн хөдөлгөөний тухайн нөхцөл байдал шаардсан бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг дараах байдлаар заавал тусгаарлана:

а) хоёр буюу гурван эгнээтэй замд 7.5 тасархай шугамаар (Жич: Зураасын урт L1=1м шугамыг зөвхөн суурин газарт хэрэглэнэ);

б) хоёр буюу гурван эгнээтэй замд төмөр замын гармын өмнө болон зорчих хэсгийн нарийссан хэсэгт, мөн бодит үзэгдэлтийн зай нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай (3-р хүснэгт)-аас бага хэсэгт, түүнчлэн шаардлагатай үед уулзварын өмнө буюу бусад аюул бүхий хэсэгт 7.1 үргэлжилсэн шугамаар;

Энэ тохиолдолд үргэлжилсэн шугамын хэсэг бүрийн урт нь 20 м-ээс багагүй байна (A хавсралтын 1-р зураг). Зорчих хэсгийн өргөний хэмжээ өөрчлөгдөж байгаа (саадын өмнө буюу тухайн чигт эгнээний тоо цөөрч байгаа гэх мэт) тохиолдолд 7.1 тэмдэглэлээр шилжилтийн шугам тавих бөгөөд түүний налуу нь V≤60 км/цаг үед 1/20-ээс илүүгүй, V>60 км/цаг үед 1/50-ээс илүүгүй байна (A хавсралтын 4-р зураг).

Шилжилтийн налуу шугам эхлэхийн өмнө зорчих хэсгийн тэнхлэгт параллель үргэлжилсэн шугам тавих бөгөөд түүний урт нь V≤60 км/цаг үед 20 м, V>60 км/цаг үед 40 м байна (А хавсралтын 4-р зураг).

 

3-р хүснэгт

Хөдөлгөөний хурд

(км/цаг)

Тухайн хурдтай явах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай (метр)

30

40

50

60

80

100

120

80

100

120

150

200

280

350

Тайлбар: Зорчих хэсгээс 1.2 м-ийн өндөрт байрласан зүйлийг ажиглагчийн нүд мөн 1.2 м-ийн өндрөөс чөлөөтэй харах хэмжээг үзэгдэлтийн зай гэнэ.

 

в) дөрөв буюу түүнээс олон эгнээтэй замд 7.3 зэрэгцээ үргэлжилсэн шугамаар;

г) хөдөлгөөний зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг талын урсгал руу орохыг хориглох шаардлагатай замын хэсэгт 7.10 үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугамаар (А хавсралтын 5, 6, 7 дугаар зураг).

3.2.2. Нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээтэй зорчих хэсэгт хөдөлгөөний эгнээг тэмдэглэсэн байна. Шинээр баригдах замын эгнээний өргөнийг түүний зэрэглэлээс хамааруулан барилгын норм ба дүрмийн дагуу тогтооно. Одоо ашиглагдаж байгаа замын эгнээний өргөнийг 3 м-ээс багагүй байхаар тогтоовол зохино. Онцгой тохиолдолд суудлын автомашинд зориулсан эгнээний өргөнийг 2.75 м хүртэл багасгаж болно.

Эгнээг дараах байдлаар тэмдэглэнэ:

а) 7.5 тасархай шугамаар;

б) уулзвар дээрх хөдөлгөөний траектор муруй үед 7.7 тасархай шугамаар (А хавсралтын 2-р зураг);

в) шаардлагатай тохиолдолд уулзвар буюу төмөр замын гармын өмнө, мөн зорчих хэсгийн өргөн өөрчлөгдөж буй хэсэгт, түүнчлэн саадын өмнө болон бусад аюул бүхий хэсэгт 7.1 үргэлжилсэн шугамаар. Энэ тохиолдолд үргэлжилсэн шугамын тухайн хэсгийн урт нь 20 м-ээс багагүй байна (А хавсралтын 1 ба 2-р зураг). Эгнээний өргөн өөрчлөгдөж байгаа хэсэг дэх шилжилтийн үргэлжилсэн шугамын налуу 3.2.1.б заалтыг хангаж байвал зохино;

г) зөвхөн аль нэгээс нь байр эзлэх (шилжих)-ийг зөвшөөрсөн зэрэгцээ эгнээнүүдийн хооронд 7.10 үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугамаар (А хавсралтын 2-р зураг).

3.2.3. Тээврийн хэрэгслийн хурд хасах буюу хурд авах эгнээг зорчих хэсгийн үндсэн эгнээнээс 7.8 тасархай шугам (огтлолцож буюу нийлж байгаа хэсэгт шугамын өргөн 0.4 м, бусад тохиолдолд 0.2 м)-аар зааглана (А хавсралтын 3-р зураг).

3.2.4. Хөдөлгөөний урсгалыг дагуу буюу эсрэг чигт тусгаарласан үргэлжилсэн шугамын өмнө түүнд ойртож байгааг анхааруулах зорилгоор 7.6 тасархай шугамыг тэмдэглэсэн байх бөгөөд тэмдэглэлийн нийт урт нь V≤60км/цаг үед 50 м буюу түүнээс илүү, V>60км/цаг үед 100 м буюу түүнээс илүү байна.

3.2.5. Хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй замын хэсэгт, мөн хөдөлгөөний тухайн нөхцөл байдал шаардсан бусад тохиолдолд зорчих хэсгийн зах (хөвөө болон тусгаарлах зурвас талын)-ыг 7.2 үргэлжилсэн шугамаар тэмдэглэнэ. 5.1 “Тууш зам” тэмдэг тавигдсан замд зорчих хэсгийн захыг хөдөлгөөний эрчмээс үл хамааруулан тэмдэглэх бөгөөд шугамын өргөн 0.2 м байна. Хашлагатай замд захын шугам тавихгүй байж болно.

 

3.3. Хөндлөн тэмдэглэл

3.3.1. 7.11 “Зогс-шугам” тэмдэглэлийг 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдэг тавигдсан тохиолдолд буюу гэрэл болон зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж буй хэсэгт тээврийн хэрэгслийн зогсох газрыг заах зорилгоор тавина.

“Зогс-шугам” тэмдэглэлийг хөндлөн огтлолцож буй зорчих хэсэгт аль болох ойр тавих шаардлагатай бөгөөд ингэхдээ явган зорчигчийн хөдөлгөөний нөхцөл, хөндлөн замаас ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн үзэгдэлт сайн байх нөхцөлийг харгалзана.

“Зогс-шугам” тэмдэглэлийг зорчих хэсгийн тухайн чигийн урсгалын нийт өргөнөөр тавихаас гадна эгнээ бүрд тусгайлан (А хавсралтын 1-р зураг) тавьж болно.

Зохицуулдаг уулзварт явган хүний гарцын өмнө “Зогс-шугам” тэмдэглэлийг тавихдаа тэдгээрийн хоорондын зай нь 1 м-ээс багагүй байхаар байрлуулна (А хавсралтын 10-р зураг).

3.3.2. Зэрэгцээ хэд хэдэн гурвалжингаас бүрдэх 7.12 хөндлөн тэмдэглэлийг 3.4 “Зам тавьж өгнө” тэмдэгтэй хамт хэрэглэх бөгөөд тэмдэг уулзварын шууд өмнө тавигдах боломжгүйгээр байрласан буюу жолоочийн зам тавьж өгөх газрыг нарийн зааж өгөх шаардлагатай үед хэрэглэнэ.

7.12 тэмдэглэлийг хөндлөн огтлолцож буй зорчих хэсэгт аль болох ойр тавих шаардлагатай бөгөөд ингэхдээ явган зорчигчийн хөдөлгөөний нөхцөл, хөндлөн замаас ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн үзэгдэлт сайн байх нөхцөлийг харгалзана.

7.12 тэмдэглэлийг зорчих хэсгийн тухайн чигийн урсгалын нийт өргөнөөр тавихаас гадна эгнээ бүрд тусгайлан (А хавсралтын 2-р зураг) тавьж болно.

3.3.3. 7.13.а (зорчих хэсгийн тэнхлэгт параллель, зэрэгцээ өргөн шугамууд), 7.13.б (зорчих хэсгийн тэнхлэгт перпендикуляр, зэрэгцээ тасархай хоёр шугам) тэмдэглэлээр явган хүний гарцыг тэмдэглэх бөгөөд 5.16.а, б “Явган хүний гарц” тэмдэгтэй хамт буюу дангаар нь, хөдөлгөөний эрчим нь хоногт 2000 ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй үед, мөн хөдөлгөөний тухайн нөхцөл байдал шаардсан бусад тохиолдолд хэрэглэнэ (А хавсралтын 1 ба 10-р зураг).

7.13.а тэмдэглэлээр явган хүний зохицуулдаггүй гарцыг, 7.13.б тэмдэглэлээр явган хүний зохицуулдаг гарцыг тэмдэглэнэ.

7.13.а тэмдэглэл нь явган зорчигчийн хөдөлгөөний чигийг заасан нэмэгдэл сумтай (А хавсралтын 9-р зураг) байж болох бөгөөд энэ тохиолдолд гарцын өргөн (P) 4 м-ээс багагүй байна.

Зорчих хэсгийн өргөний хэмжээ бага (1-3 эгнээтэй) бол 7.13.б тэмдэглэлийн зураасын уртыг 0.8 м хүртэл багасгаж болно.

3.3.4. 7.14 “Аюулгүйн зурвас” тэмдэглэлийг 7.13.б тэмдэглэлтэй хамт хөдөлгөөний эсрэг урсгалуудын зааг (зорчих хэсгийн тэнхлэг) дээр байрлуулах бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээтэй зорчих хэсэгт хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй үед, мөн хөдөлгөөний тухайн нөхцөл байдал шаардсан бусад тохиолдолд хэрэглэнэ (А хавсралтын 10-р зураг).

3.3.5. Унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцож байгаа хэсэгт 7.15 хөндлөн тэмдэглэлийг тавина (А хавсралтын 2-р зураг).

 

3.4. Бусад хэлбэрийн тэмдэглэл

3.4.1. Зорчих хэсгийн орохыг хориглосон хэсэг (хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах хэсэгт үлдэх зай, зорчигч буулгах ба суулгах талбай, аюулгүйн зурвас гэх мэт)-ийн хилийг 7.1 үргэлжилсэн шугамаар тэмдэглэнэ. Энэ хэсгийн талбайг зэрэгцээ ташуу шугамуудаар тэмдэглэх бөгөөд шугамуудын ташилт нь уг тэмдэглэлээс тээврийн хэрэгслийн холдох чигийг заана.

Хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах хэсэгт үлдэх зай, чигийг 7.16.а,б,в тэмдэглэлээр тэмдэглэнэ. Эдгээр тэмдэглэл нь гурваас цөөнгүй зураастай байна. Хэрэв тэмдэглэлийн нийт эзлэх талбай нь бага бол гадаргууг бүхэлд нь будсан байж болно (А хавсралтын 2 ба 3-р зураг).

3.4.2. Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр болон зогсоолын талбайн хилийг 5.15 “Зогсоол” тэмдэг тавигдсан газарт буюу зарим шаардлагатай хэсэгт 7.1 үргэлжилсэн шугамаар тэмдэглэнэ. Зогсоолын талбайн хилийг тэмдэглэсэн шугамын төгсгөлд 0.5 м урттай хөндлөн зураас татаж болно (А хавсралтын 8-р зураг).

3.4.3. Тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон газрыг тэмдэглэхдээ 7.4 үргэлжилсэн шар шугамыг 2.27 “Түр зогсох хориотой” тэмдгийн хамт буюу дангаар нь зорчих хэсгийн захаар буюу түүний хашлага дээр хийнэ.

Тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулахын тулд 7.4 үргэлжилсэн шугамын эхлэл, төгсгөлд 0.2-0.3 м-ийн богино хөндлөн шугам татаж болно (А хавсралтын 8-р зураг).

3.4.4. Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэхдээ 7.9 тасархай шар шугамыг 2.28 “Удаан зогсох хориотой” тэмдгийн хамт буюу дангаар нь зорчих хэсгийн захаар буюу түүний хашлага дээр хийнэ.

Тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулахын тулд 7.9 тасархай шугамын эхлэл, төгсгөлд 0.2-0.3 м-ийн богино хөндлөн шугам татаж болно (А хавсралтын 8-р зураг).

3.4.5. Суурин газарт хөдөлгөөний нөхцөл байдал шаардсан тохиолдолд чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу таксийн зогсоолыг 7.17 зигзаг хэлбэрийн шар шугамаар тэмдэглэх бөгөөд 5.32 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал” буюу 5.33 “Таксийн зогсоол” тэмдэгтэй хамт хэрэглэнэ. Энэ тэмдэглэлийн үйлчлэх хүрээний урт нь нэгэн зэрэг зогсох тээврийн хэрэгслийн тоогоор тодорхойлогдоно. Ингэхдээ тэмдэглэлийн оврын ерөнхий уртын хэмжээ нь 4 м-т тэгш хуваагдахаар байвал зохино.

3.4.6. Уулзвараар нэвтрэх хөдөлгөөний зөвшөөрсөн чигийг тэмдэглэхдээ 7.18 “Чиг заагч сум” тэмдэглэлийг 5.10.а,б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” тэмдгийн хамт буюу дангаар нь тухайн эгнээнд тавина (А хавсралтын 11-р зураг).

7.18 “Чиг заагч сум”-ыг эгнээ бүрд V≤60 км/цаг үед хоёр ба түүнээс олон (хоорондоо 20-30 метрийн зайтай), V>60 км/цаг үед гурав буюу түүнээс олон удаа давтан тавина (А хавсралтын 2 ба 3-р зураг).

3.4.7. Зорчих хэсгийн нарийсч байгаа (тухайн чигт эгнээний тоо цөөрч байгаа) хэсэгт ойртож байгааг тэмдэглэхдээ 7.19 “Чиглүүлэгч сум” тэмдэглэлийг 1.15 а,б,в “Зам нарийсна” тэмдэгтэй хамт буюу дангаар нь хэрэглэнэ (А хавсралтын 12-р зураг). Мөн энэ тэмдэглэлийг хоёр эгнээтэй замд эсрэг урсгалыг тусгаарласан 7.1, 7.10 тэмдэглэлийн өмнө тавьж болно.

7.19 “Чиглүүлэгч сум”-ыг V≤60 км/цаг үед хоёр буюу түүнээс олон, V>60 км/цаг үед гурав буюу түүнээс олон удаа давтан тавина (А хавсралтын 4-р зураг).

3.4.8. 7.12 тэмдэглэлд ойртож байгааг тэмдэглэхдээ 7.20 гурвалжин тэмдэглэлийг тухайн эгнээнд тавина (А хавсралтын 13-р зураг). Гурвалжингийн сууринаас 7.12 тэмдэглэл хүртэлх зай нь хөдөлгөөний хурднаас хамааран 2 м-ээс 25 м байна (хурд их үед их зайг сонгоно) (А хавсралтын 2-р зураг).

3.4.9. 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдэгтэй тавигдсан 7.11 “Зогс-шугам”-д ойртож байгааг тэмдэглэхдээ 7.21 “Зогс-бичлэг” тэмдэглэлийг эгнээ дээр хийнэ (А хавсралтын 14-р зураг). Тэмдэглэлийн “ЗОГС” гэсэн бичлэгийг “STOP” гэсэн бичлэгээр сольж хэрэглэж болно. “Зогс-бичлэг”-ээс 7.11 тэмдэглэл хүртэлх зай нь хөдөлгөөний хурднаас хамааран 2 м-ээс 25 м байна (хурд их үед их зайг сонгоно) (А хавсралтын 1-р зураг).

3.4.10. Тухайн зам (чиглэл)-ын хувийн дугаарыг зорчих хэсэг дээр тэмдэглэхдээ 7.22 тэмдэглэлийг 5.26.а,б “Чиглэлийн дугаар” тэмдэгтэй хамт буюу дангаар нь хэрэглэнэ (А хавсралтын 15 ба 16-р зураг). Энэ тэмдэглэлийг “Чиг заагч сум”-тай хамт хэрэглэж болно (А хавсралтын 3-р зураг).

Чиглэлийн дугаар нь үсэг ба тооноос бүрдсэн байж болох бөгөөд энэ тохиолдолд үсгийн өндөр нь V≤60 км/цаг үед 1.6 м, V>60 км/цаг үед 4 м байна. Үсгийн үндсэн элементийн хэлбэр нь А хавсралтын 15 ба 16-р зурагт үзүүлсэн тооны элементийн хэлбэрт нийцсэн байна. Тоонуудын хажуу хоорондын зай нь 0.1 м, үсэг болон замын дугаарын эхний тооны хажуу хоорондын зай нь 0.3 м байна.

3.4.11. Хөдөлгөөнд оролцогчдод нэмэлт мэдээлэл өгөх үүднээс ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй (суурин газар буюу чиглэлийн нэр гэх мэт) тэмдэглэл (бичлэг) зорчих хэсэг дээр хийж болох бөгөөд энэ тохиолдолд үсгийн өндөр нь V≤60 км/цаг үед 1.6 м, V>60 км/цаг үед 4 м байна. Үсгийн үндсэн элементийн хэмжээг А хавсралтын 15 ба 16-р зурагт үзүүлсэн тооны хэмжээнээс хамааруулан сонгож болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»