МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.2. Анхааруулах тэмдэг

4.2.1. Анхааруулах тэмдгийг жолоочид замын аюул бүхий хэсэг ойртож байгааг болон аюулын шинж төлөв, мөн түүнд зохицсон арга хэмжээг урьдчилан авах шаардлагатайг мэдээлэх зорилгоор хэрэглэнэ.

4.2.2. Анхааруулах тэмдэг (1.3.а-1.4.е, 1.28.а-1.28.в тэмдгүүдээс бусад)-ийг хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд, үзэгдэлтийн нөхцөл, байрлуулах бололцоо зэргээс хамааруулан тухайн аюул бүхий хэсгийн эхлэлээс суурин газрын доторхи замд 50 м-ээс 100 м, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна.

Зайлшгүй тохиолдолд анхааруулах тэмдгийг өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана.

4.2.3. Хэрэв уулзвараас тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зай суурин газарт 20 м-ээс 50 м, суурин газрын гадна 20 м-ээс 150 м байвал уг уулзварын цаана тухайн анхааруулах тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдэгтэй давтан тавьж болно (D хавсралтын 1.2.а зураг).

Харин уулзвараас тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зай 20 м-ээс бага байвал хөндлөн замд нь тухайн анхааруулах тэмдгийг 6.1.в буюу 6.1.г нэмэлт тэмдгийн хамт уг уулзвараас 50 м-ээс 60 м-ийн өмнө байрлуулж болно (D хавсралтын 1.2.б зураг).

4.2.4. 1.1 “Төмөр замын хаалттай гарам”, 1.2 “Төмөр замын хаалтгүй гарам” тэмдгийг төмөр замын бүх гармын өмнө тухайн гарам хаалтаар тоноглогдсон буюу тоноглогдоогүй эсэхэд нийцүүлэн байрлуулна.

Суурин газрын гаднах замд 1.1, 1.2 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавигдах тэмдгийг гарам хүртэл 50 м-ээс 100 м зайд байрлуулах буюу 1.4.а-1.4.е “Төмөр замын гарамд ойртоно” тэмдгийг хэрэглэж байгаа тохиолдолд 1.4.в, 1.4.е тэмдэгтэй хамт байрлуулна.

1.1 ба 1.2 тэмдгүүдийг нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд, мөн түүнчлэн гармын үзэгдэлтийн зай суурин газрын гаднах замд 300 м-ээс, суурин газарт 100 м-ээс бага бол нэг чигтээ нэг эгнээтэй замд зэрэгцүүлэн тавина.

Тухайн нэг замтай огтлолцсон төмөр замын гармууд хоорондоо 50 м-ээс ойр оршиж байвал 1.1 буюу 1.2 тэмдгийг зөвхөн эхний гармын өмнө байрлуулах бөгөөд харин 50 м-ээс хол зайтай оршиж байвал гарам тус бүрийн өмнө байрлуулна.

4.2.5. 1.3.а, 1.3.б “Төмөр замын гарам” тэмдгийг төмөр замын хаалтгүй бүх гармын өмнө тухайн гарам хэдэн төмөр замтай огтлолцсон байгаагаас хамааруулан аль тохирохыг нь байрлуулж хэрэглэнэ. Нэг төмөр замтай огтлолцсон хаалтгүй гармын өмнө 1.3.а тэмдгийг, хоёр буюу түүнээс олон төмөр замтай огтлолцсон байвал 1.3.б тэмдгийг байрлуулна. Тухайн гарам нь гэрлэн дохиотой байвал 1.3.а буюу 1.3.б тэмдгийг уг гэрлэн дохиотой хамт нэг тулгуур (шон) дээр, харин гэрлэн дохиогүй бол хамгийн наад талын төмөр зам хүртэл 6 м-ээс 10 м зайд байрлуулна.

4.2.6. 1.4.а-1.4.е “Төмөр замын гарамд ойртоно” тэмдгүүдийг зөвхөн суурин газрын гаднах замд хэрэглэх бөгөөд нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замын хувьд гарам бүрийн өмнө, харин нэг чигтээ нэг эгнээтэй замын хувьд гармын үзэгдэлтийн зай 300 м-ээс бага тохиолдолд байрлуулж хэрэглэнэ.

1.4.а-1.4.в тэмдгүүдийг замын баруун гар талаар, 1.4.г-1.4.е тэмдгүүдийг зүүн гар талаар байрлуулна. 1.4.а ба 1.4.г тэмдгүүдийг хөдөлгөөний чигийн дагуу байрласан эхний (үндсэн ба зэрэгцүүлэн тавьсан) 1.1 буюу 1.2 тэмдгийн хамт байрлуулна. Төмөр замын гармаас эдгээр тэмдэг (1.4.а ба 1.4.г тэмдэг) хүртэлх зайн гуравны нэгд харгалзуулан 1.4.в ба 1.4.е тэмдгүүдийг хоёр дахь (давтан тавьсан) 1.1 буюу 1.2 тэмдгийн хамт, мөн уг зайн гуравны хоёрт харгалзуулан (эхний ба хоёр дахь 1.1 буюу 1.2 тэмдгүүдийн хооронд ижил зайд) 1.4.б ба 1.4.д тэмдгүүдийг дангаар нь тус тус байрлуулна (D хавсралтын 1.3 дугаар зураг).

1.4.а, 1.4.в, 1.4.г, 1.4.е тэмдгүүдийг 1.1 буюу 1.2 тэмдгийн доор, 1.4.б, 1.4.д тэмдгүүдийг 1.4.а, 1.4.в, 1.4.г, 1.4.е тэмдгүүдтэй ижил өндөрт байрлуулна.

4.2.7. 1.5 “Адил замын уулзвар” тэмдгийг адил чанарын замуудын огтлолцлын өмнө хэрэв уг уулзварын үзэгдэлтийн зай суурин газрын гаднах замд 150 м-ээс, суурин газарт 50 м-ээс бага байвал байрлуулна.

Мөн түүнчлэн тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дараалал нь урьд өмнө дарааллын тэмдгээр буюу эсвэл зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгаатай байдлаар тогтоогдож байсан уулзварыг адил замын чанартай болгож өөрчилсөн тохиолдолд 1.5 тэмдгийг уг уулзварын өмнө байрлуулж хэрэглэнэ.

4.2.8. 1.6 “Тойрох хөдөлгөөнтэй уулзвар” тэмдгийг суурин газрын гаднах замд 4.3 тэмдэг тавигдсан уулзвар бүрийн өмнө, харин суурин газарт 4.3 тэмдэг тавигдсан уулзварын үзэгдэлтийн зай 50 м-ээс бага байх тохиолдолд буюу түүнчлэн уг уулзвар нь байнгын гэрэлтүүлэггүй байх тохиолдол бүрд байрлуулна.

4.2.9. 1.7 “Гэрэл дохионы зохицуулга” тэмдгийг суурин газрын гаднах замд хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц бүрийн өмнө, харин суурин газарт гэрлэн дохионы үзэгдэлтийн зай нь 100 м-ээс бага байх тохиолдолд болон түүнчлэн суурин газар руу орсны дараахь хамгийн эхний гэрэл дохионы зохицуулгатай уулзвар буюу явган хүний гарцын өмнө байрлуулна. Мөн шинээр суурилуулж ашиглалтад оруулсан гэрлэн дохиог жолооч нарт анхааруулах, тэднийг уг зохицуулгад хэвшүүлэх үүднээс 1.7 тэмдгийг тодорхой хугацаагаар байрлуулж хэрэглэж болно.

Энэ тэмдгийг төмөр замын гармын өмнөх гэрлэн дохиог анхааруулах зорилгоор хэрэглэхгүй.

4.2.10. 1.8.а, 1.8.б “Огцом эргэлт” тэмдгүүдийг замын тухайн огцом эргэлт бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг эргэлтийн өмнөх үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа (аюулгүйн коэффициент) 0.6-аас бага байх нөхцөлд буюу түүнчлэн эргэлтийн өмнөх үеийн хурд (1 дүгээр хүснэгтийн 1 дүгээр баганад заасан хурд)-тайгаар замын тохойрсон хэсэгт ойртон ирсэн жолоочид өөдөөс нь ирж яваа автомашины бодит үзэгдэлтийн зай хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай (хүснэгтийн 2 дугаар баганад үзүүлсэн)-аас бага байх нөхцөлд замын тухайн аюул бүхий хэсгийн өмнө байрлуулна.

1.8.а тэмдгийг зам баруун гар тийш тохойрсон хэсгийн өмнө, 1.8.б тэмдгийг зүүн гар тийш тохойрсон хэсгийн өмнө байрлуулна. Хоёр буюу түүнээс олон тохойрсон хэсгүүд хоорондоо 300 м-ээс хол зайтайгаар давтагдан байрласан байвал 1.8.а буюу 1.8.б тэмдгийг хэсэг тус бүрийн өмнө байрлуулж хэрэглэнэ.

1 дүгээр хүснэгт

Хөдөлгөөний хурд

[км/цаг]

Тухайн хурдтай яваа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай [м]

30

40

50

60

80

100

120

80

100

120

150

200

280

350

Тайлбар: 1. Хөдөлгөөний хурд (ойртон очих үеийн хурд)-ны хэмжээг тогтоохдоо шинээр баригдаж байгаа замын хувьд тооцоолсон хурдны 70%-д харгалзах хурдыг, харин одоо ашиглаж байгаа замын хувьд тухайн хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн 85% нь хэтрүүлээгүй хурдыг сонгоно.

2. Үзэгдэлтийн зай гэдэгт зорчих хэсгийн гадаргуугаас 1.2 м-ийн өндөрт байрласан зүйлийг ажиглагчийн нүд мөн 1.2 м (суудлын автомашины жолоочийн нүдний түвшин)-ийн өндрөөс чөлөөтэй харах боломж бүхий зайн хэмжээг ойлгоно.

 

4.2.11. 1.9.а, 1.9.б “Тахир зам” тэмдгүүдийг энэхүү стандартын 4.2.10 дугаар зүйлд заасны дагуу 1.8.а буюу 1.8.б тэмдгийг байрлуулах шаардлагатай замын тохойрсон хэсэг (тахир замын эхний огцом эргэлт)-ийн араас дахин нэг буюу хэд хэдэн тохойрсон хэсгүүд 300 м-ээс холгүй зайтайгаар залган үргэлжилсэн байвал уг тахирласан хэсгийн өмнө байрлуулна.

Замын тохойрсон хэсгүүдийн хоорондын зайг зорчих хэсгийн тухайн эргэлтийн төгсгөлийн цэгээс дараагийн дугуйрч эхлэх цэг хүртэлх зайн хэмжээгээр тодорхойлно.

Замын тахирласан хэсгийн эхний эргэлт баруун гар тийш чиглэсэн байвал 1.9.а тэмдгийг, зүүн гар тийш чиглэсэн байвал 1.9.б тэмдгийг байрлуулна.

Замын тахирласан хэсэг нь гурав буюу түүнээс олон тохойролттой байвал 1.9.а буюу 1.9.б тэмдгийг эхний тохойролтын шууд өмнө 6.2.а нэмэлт тэмдгийн хамт давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн тахирласан хэсгийн үргэлжлэх зайг заана.

4.2.12. 1.10 “Эгц уруу” ба 1.11 “Огцом өгсүүр” тэмдгүүдийг доорхи хүснэгтийн 1 дүгээр баганад заасан налуугийн хувь хэмжээтэй уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зай нь 2 дугаар баганад харгалзах тоон утгаас илүү байвал замын тухайн уруу буюу өгсүүр хэсгийн өмнө байрлуулна.

 

2 дугаар хүснэгт

Уруу буюу өгсүүрийн

хувь хэмжээ

[ ‰ (%) ]

Уруу буюу өгсүүр хэсгийн

үргэлжлэх зай

[м]

40 (4)

50 (5)

60 (6)

70 (7)

80 (8) ба түүнээс их

600

450

350

300

270

 

Хэрэв замын уруу болон өгсүүр хэсгүүд ар араасаа залган үргэлжилсэн байвал 1.10 ба 1.11 тэмдгийг (6.1.а нэмэлт тэмдэггүйгээр) тухайн уруу буюу өгсүүр хэсэг тус бүрийн эхлэлийн шууд өмнө байрлуулж болно.

Хэрэв замын уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зайн хэмжээ нь жолоочид бүхлээрээ харагдахгүй, эсвэл 500 м-ээс урт байвал 1.10 буюу 1.11 тэмдгийг тухайн хэсгийн шууд өмнө 6.2.а нэмэлт тэмдгийн хамт давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зайг заана.

4.2.13. 1.12 “Халтиргаатай зам” тэмдгийг тухайн зорчих хэсгийн гадаргуу нойтон (чийгтэй) үед дугуйн барьцалдах коэффициент 0.3-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна. Шаардлагатай тохиолдолд 1.12 тэмдгийг замын тухайн хэсгийн шууд өмнө 6.2.а нэмэлт тэмдгийн хамт давтан тавьж уг нэмэлт тэмдгээр халтиргаатай хэсгийн үргэлжлэх зайг заана.

4.2.14. 1.13 “Тэгш биш зам” тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй (хотгор, гүдгэр, долгиотсон, бартаа донсолгоотой гэх мэт), түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээс шалтгаалж аюулгүйн коэффициент (замын тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа) 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.15. 1.14 “Хайрга үсэрнэ” тэмдгийг тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу шидэгдэж болзошгүй замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.16. 1.15.а, 1.15.б, 1.15.в “Зам нарийсна” тэмдгийг суурин газрын гаднах замд зорчих хэсгийн өргөн 0.5 м-ээс илүү нарийссан замын хэсгийн өмнө, харин суурин газрын доторхи замд зорчих хэсгийн өргөн нэг эгнээгээр буюу түүнээс илүү хэмжээгээр нарийссан замын хэсгийн өмнө байрлуулна. Түүнчлэн гүүрэн байгууламж, хонгил гэх мэт замын хиймэл байгууламж руу орсон зорчих хэсгийн өргөний хэмжээг түүн рүү нийлж буй зорчих хэсгийн өргөнтэй харьцуулахад суурин газрын гаднах замд тэнцүү буюу нарийссан, суурин газрын доторхи замд нарийссан байвал тухайн хиймэл байгууламжийн өмнө уг тэмдгийг байрлуулна.

1.15.б тэмдгийг хурд авах эгнээ болон өгсүүр дэх нэмэлт эгнээний төгсгөлд байрлуулахгүй.

4.2.17. 1.16 “Эсрэг хөдөлгөөн” тэмдгийг нэг чигийн хөдөлгөөнөөс эсрэг хөдөлгөөнд шилжиж байгаа замын хэсэг (зорчих хэсэг)-ийн өмнө байрлуулна. 1.16 тэмдгийг замын тухайн хэсэгт 5.8 тэмдэг байрласан эсэхээс үл хамааруулан хэрэглэнэ. Харин нэг чигийн хөдөлгөөнтэй замын хэсэг нь 100 м-ээс бага зайд үргэлжилж байвал 1.16 тэмдгийг байрлуулахгүй байж болно.

Хэрэв 5.7 тэмдэг бүхий зам нь Т-хэлбэрийн уулзвар буюу тойрох хөдөлгөөнтэй уулзвар, талбайгаар төгсөж байвал 1.16 тэмдгийг хэрэглэхгүй.

4.2.18. 1.17 “Явган хүний гарц” тэмдгийг суурин газрын гаднах замд 5.16.а, 5.16.б тэмдэг болон 7.13.а тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний зохицуулдаггүй бүх гарцын өмнө, суурин газрын доторхи замд үзэгдэлтийн зай нь 150 м-ээс бага байх явган хүний гарцын өмнө байрлуулна. Уулзварт байрласан явган хүний гарцын өмнө 1.17 тэмдгийг байрлуулахгүй байж болно.

4.2.19. 1.18 “Хүүхэд” тэмдгийг замын зэргэлдээх сургууль, цэцэрлэг, асрамжийн газар, зуслан, соёл амралтын хүрээлэн, тоглоомын төв гэх мэт хүүхдийн байгууллагын орчны дэргэдүүр явж өнгөрөх замын хэсгийн өмнө (явган хүний гарц байгаа эсэхээс үл хамааруулан) байрлуулна.

1.18 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавигдах тэмдгийг 6.2.а нэмэлт тэмдгийн хамт аюултай хэсгийн эхлэлийн шууд өмнө байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн хүүхдийн байгууллагын орчны дэргэдүүр явж өнгөрсөн замын хэсгийн үргэлжлэх зайг заана.

4.2.20. 1.19 “Унадаг дугуйн зам нийлнэ” тэмдгийг 4.5 тэмдэг бүхий унадаг дугуйн замтай (уулзвараас өөр хэсэгт) огтлолцсон замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.21. 1.20 “Засварын ажил” тэмдгийг замын зорчих хэсэг, хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийгдэж буй хэсгийн өмнө байрлуулна. Түүнчлэн явган хүний зам дээр хийгдэж буй ажил нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй ч явган зорчигчдыг зорчих хэсэг рүү зайлшгүй орох, түүгээр явахад хүргэж байгаа бол 1.20 тэмдгийг мөн тухайн хэсгийн өмнө байрлуулна.

1.20 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавигдах тэмдгийг ажил хийгдэж буй хэсгийн шууд өмнө байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 6.2.а нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх зайг заана. Ажил хийгдэж буй хэсгийн эхлэлийг хөдөлгөөний дагуух эхний чиглүүлэгч буюу хязгаарлагч хэрэгсэл (хайс, хаалт, орохыг хориглосон буюу саадыг тойрон гарах чиг заасан тэмдэг гэх мэт зүйл)-ээр тооцно.

Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх (замын доорхи инженерийн шугам сүлжээний худгуудад урьдчилан сэргийлэх үзлэг явуулах, зорчих хэсгийг цэвэрлэх гэх мэт) тохиолдолд зөөврийн суурьтай нэг ширхэг 1.20 тэмдгийг (6.1.а нэмэлт тэмдэггүйгээр) тухайн хэсгээс 10 м-ээс 15 м-ийн өмнө байрлуулж болно.

Хэрэв замын ажил хийгдэж буй хэсгийн өмнө 1.20 тэмдгийг өөр тэмдгүүдтэй цуг хэрэглэх бол (суурин газрын гаднах замд 5.27.б тэмдгийг хамт хэрэглэхээс бусад тохиолдолд) хөдөлгөөний чигийн дагуу хамгийн эхэнд нь 1.20 тэмдгийг байрлуулна.

4.2.22. 1.21 “Мал тууж гарах газар” тэмдгийг малын хашаа, ферм, задгай бэлчээр гэх мэтийн дэргэдүүр явж өнгөрөх замын хэсэг болон байнга зам хөндлөн мал тууж гаргадаг газрын өмнө байрлуулна.

4.2.23. 1.22 “Ан амьтан” тэмдгийг зэрлэг ан амьтан гарч ирж болзошгүй ой хөвч, дархан цаазтай газар, агнуурын аж ахуйн нутаг дэвсгэр зэрэг газруудаар дайран гарсан замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.24. 1.23 “Чулууны нурангитай” тэмдгийг дээрээс шороо, чулуу, цас, мөс нурж болзошгүй аюулаас зорчих хэсэг нь хамгаалагдаагүй замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.25. 1.24 “Хажуугийн салхитай” тэмдгийг уул даваа, өндөрлөг гүүр, далан, гол мөрний хавцал зэрэг газруудаар дайран гарсан замын хажуугаас хүчтэй салхилж болзошгүй хэсгийн өмнө байрлуулна.

4.2.26. 1.25 “Онгоц доогуур ниснэ” тэмдгийг нисэх буудлын ойролцоох замын дээгүүр онгоц, нисдэг тэрэг нам дор нисч өнгөрдөг хэсгийн өмнө байрлуулна.

4.2.27. 1.26 “Хонгил” тэмдгийг гэрэлтүүлэггүй хонгилын өмнө болон түүнчлэн нүүрэн тал нь газрын байршлаас шалтгаалан 150 м-ээс дотогш зайд үзэгдэх хонгилын өмнө байрлуулна.

Хэрэв хонгилын эхлэлээс түүний төгсгөл нь харагдахгүй байвал 1.26 тэмдгийг тухайн хонгилын эхлэлийн шууд өмнө 6.2.а нэмэлт тэмдгийн хамт давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр хонгилын үргэлжлэх зайг заана.

4.2.28. 1.27 “Бусад аюултай газар” тэмдгийг MNS 4597:2003 стандартаар заасан анхааруулах тэмдгүүдэд тусгагдаагүй бусад аюул бүхий замын хэсгийн өмнө байрлуулна.

4.2.29. 1.28.а, 1.28.б “Эргэх чиг” тэмдгүүдийг үзэгдэлт хязгаарлагдмал, эргэх радиус багатай тохойрсон хэсэг рүү ойртон ирсэн жолоочид эргэх чигээ тодорхойлоход хүндрэлтэй байх замын хэсэгт байрлуулна.

1.28.а, 1.28.б тэмдгийг хөдөлгөөний тухайн чигийн дагуу эргэх үйлдэл гүйцэтгэх эгнээнүүдийн нийлбэр өргөний (нэг эгнээтэй бол уг эгнээний) голчийн үргэлжлэл дээр тохойролтын гадна талд байрлуулна. Урт зайд үргэлжилсэн эргэлт дээр тэмдгийг давтан тавьж болно.

1.28.а тэмдгийг тойрох хөдөлгөөнтэй уулзварт нийлж буй замын тухайн чигийн эсрэг харалдаа тойргийн төвийн арал дээр байрлуулна. Байнгын гэрэлтүүлэгтэй уулзварт энэ тэмдгийг байрлуулахгүй байж болно.

1.28.в “Эргэх чиг” тэмдгийг шулуун чигт нэвтэрч болзошгүй аюул бүхий Т-хэлбэрийн уулзвар буюу замын салаалсан хэсэгт байрлуулна. Т-хэлбэрийн уулзварт байрлуулахдаа хөдөлгөөн нь чигээрээ нэвтрэхгүй замын тухайн чигийн эсрэг харалдаа, харин замын салаалсан хэсэгт байрлуулахдаа зорчих хэсгүүдийн салж буй бэлчрийн цаана хөдөлгөөний эсрэг харалдаа тавина.

1.28.а-1.28.в тэмдгүүдийг 1 м-ээс 2 м-ийн өндөрт байрлуулна.

1.28.а-1.28.в тэмдгүүдийг замын ажил хийгдэж буй газарт тухайн хашсан хэсгийг тойрч гарах чигийг заахад нэмэлт байдлаар хэрэглэж болно. Энэ тохиолдолд тэмдгийг хөдөлгөөн хашсан хаалт дээр байрлуулж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»