МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.3. Хориглох тэмдэг

4.3.1. Хориглох тэмдгийг хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоох буюу хязгаарлалтыг хүчингүй болгох зорилгоор, энэхүү стандартын 4.1.8-д заасны дагуу байрлуулж хэрэглэнэ.

4.3.2. 2.1 “Орох хориотой” тэмдгийг дараахь тохиолдолд бүх төрлийн тээврийн хэрэгслийн орох үйлдлийг хориглоход хэрэглэнэ:

- нэг чигийн хөдөлгөөнтэй замын хэсэг дээр тээврийн хэрэгслийн сөрөх хөдөлгөөнийг хаахын тулд. Тухайн зам нь хэд хэдэн зорчих хэсэгтэй бол 2.1 тэмдгийг нэг чигийн хөдөлгөөнтэй зорчих хэсэг тус бүрийн хувьд байрлуулна;

- зогсоол, амралтын талбай, шатахуун түгээгүүр зэрэг газарт тээврийн хэрэгслийн орох, гарах гарцыг салангид байдлаар зохион байгуулахын тулд;

- замын тусгайлсан хэсэг буюу тусгайлсан эгнээ рүү тээврийн хэрэгслийн орох үйлдлийг хориглохын тулд. Тусгайлсан эгнээ рүү орохыг хориглох 2.1 тэмдгийг 6.14 нэмэлт тэмдгийн хамт тухайн эгнээний харалдаа дээр байрлуулна.

Хэрэв 2.1 тэмдгийг уулзвараас цааш нэлээд хол зайд (замын дунд хэсгээс хориглолт тогтоосон байдлаар) байрлуулсан бол уг замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) 2.1 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт урьдчилан байрлуулна.

2.1 тэмдгийг 6.3.а-6.3.в, 6.4.а-6.4.ж нэмэлт тэмдгүүдтэй хэрэглэхгүй.

4.3.3. 2.2 “Хөдөлгөөн хориотой” тэмдгийг замын тодорхой хэсгээр бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

4.3.4. 2.3 “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой” тэмдгийг замын тодорхой хэсгээр механикжсан бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

4.3.5. 2.4 “Ачааны автомашины хөдөлгөөн хориотой” тэмдгийг бүх жин нь 3.5 т (хэрэв тэмдэгт жин заагаагүй бол)-оос илүү буюу тэмдэгт зааснаас илүү ачааны автомашин ба тэдгээрийн чиргүүлтэй бүрэлдэхүүн, мөн түүнчлэн трактор болон өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

2.4 тэмдгийн үйлчлэл нь хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй.

4.3.6. 2.5 “Мотоциклын хөдөлгөөн хориотой” тэмдгийг замын тодорхой хэсгээр бүх төрлийн мотоциклын хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

4.3.7. 2.6 “Тракторын хөдөлгөөн хориотой” тэмдгийг замын тодорхой хэсгээр бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

4.3.8. 2.7 “Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой” тэмдгийг чиргүүлтэй ачааны автомашин болон чиргүүлтэй трактор, мөн түүнчлэн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын тодорхой хэсгээр хориглоход хэрэглэнэ.

4.3.9. 2.8 “Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой” тэмдгийг уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу ердийн хөсгийн хөдөлгөөн, түүнчлэн мал туух буюу хөтөлж явахыг замын тодорхой хэсгээр хориглоход хэрэглэнэ.

4.3.10. 2.9 “Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой” тэмдгийг замын тодорхой хэсгээр унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

4.3.11. 2.2-2.9 тэмдгийг тухайн хориглолт тогтоож буй замын хэсэг рүү орох газар бүрд байрлуулах бөгөөд ингэхдээ уг замын хэсэг рүү хөндлөн нийлсэн огтлолцлын өмнө 6.3.а-6.3.в нэмэлт тэмдгүүдийн аль нэгтэй хамт байрлуулна.

4.3.12. 2.10 “Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой” тэмдгийг явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдалд үл нийцэх (тухайлбал, тээврийн хэрэгсэлд зориулагдсан хонгил, явган хүний замгүй гүүр, хиймэл байгууламж, засвартай замын хэсэг гэх мэт) газарт явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ. Тэмдгийг замын тухайн хориглолт тогтоож буй талд байрлуулна.

4.3.13. 2.11 “Жингийн хязгаарлал” тэмдгийг бодит жин нь (чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачаа, жолооч, зорчигчдын нийт жинг оролцуулан) тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

Тэмдэгт заах жингийн тоон утгыг тухайн гүүрэн байгууламж буюу мөсөн гармын даах чадвар (тусгай туршилт, шалгалтын үр дүнгээр тогтоосон)-ыг үндэслэн тодорхойлно.

4.3.14. 2.12 “Тэнхлэгийн ачааллын хязгаарлал” тэмдгийг аль нэг тэнхлэгт ногдож буй бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

Тэмдэгт заах жингийн тоон утгыг тухайн гүүрэн байгууламжийн элементүүд болон замын хучилтын бодит даах чадвар (шалгалтын үр дүнгээр тогтоосон)-ыг үндэслэн тодорхойлно.

4.3.15. 2.13 “Өндрийн хязгаарлал” тэмдгийг ачаатай буюу ачаагүй оврын өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

Замын хучилтын гадаргуугаас зорчих хэсгийн дээгүүр тавигдсан хиймэл байгууламж, инженерийн шугам сүлжээ гэх мэтийн доод ирмэг хүртэлх зай 5 м-ээс бага байвал 2.13 тэмдгийг хэрэглэнэ.

Тэмдэгт заах өндрийн хэмжээ нь инженерийн шугам сүлжээний хувьд түүний бодит өндрөөс 0.2 м-ээс 0.4 м-ээр бага, харин дээгүүр нь автомашины зам байрласан гүүрний хувьд түүний бодит өндрөөс 0.3 м-ээр, төмөр зам байрласан гүүрний хувьд 0.4 м-ээр бага байвал зохино. Бодит өндөр ба тэмдэгт заах өндрийн ялгаврыг замын хучилтын тэгш байдлаас хамааруулан нэмэгдүүлж болно.

2.13 тэмдгийг тухайн хиймэл байгууламж дээр (хэрэв байгууламжийн өмнө оврын хязгаарлагч хэрэгсэл байвал уг хэрэгсэл дээр) давтан тавьж болно.

4.3.16. 2.14 “Өргөний хязгаарлал” тэмдгийг ачаатай буюу ачаагүй оврын өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

Хонгил, замын хиймэл байгууламж гэх мэт рүү орох хэсгийн өргөний хэмжээ 3.5 м-ээс бага байвал 2.14 тэмдгийг хэрэглэнэ.

Тэмдэгт заах өргөний хэмжээ нь бодит өргөнөөс 0.2 м-ээр бага байвал зохино.

2.14 тэмдгийг тухайн хиймэл байгууламж буюу түүний тулгуур дээр давтан тавьж болно.

4.3.17. 2.15 “Уртын хязгаарлал” тэмдгийг ачаатай буюу ачаагүй оврын уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэл (тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн)-ийн хөдөлгөөнийг хориглоход хэрэглэнэ.

Тээврийн хэрэгслийн уртын хэмжээнээс шалтгаалан замын тухайн хэсгээр явахад буюу өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй байх, тухайлбал, давчуу баригдсан барилгуудтай, огцом тахиралдсан гэх мэт нарийн зорчих хэсэг бүхий замын хэсэгт 2.15 тэмдгийг хэрэглэнэ.

4.3.18. 2.11-2.15 тэмдгүүдийн аль нэгийг уулзвараас цааш нэлээд хол зайд (замын дунд хэсгээс хориглолт тогтоосон байдлаар) байрлуулсан бол уг замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) мөн тийм тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт урьдчилан байрлуулна.

4.3.19. 2.16 “Хоорондын зайн доод хязгаарлал” тэмдгийг тээврийн хэрэгслүүд хоорондоо тэмдэгт зааснаас багагүй зай барьж явах шаардлагатай замын хэсэг (даацын хязгаарлалттай гүүрэн байгууламж, мөсөн гарам, хонгил гэх мэт)-т хэрэглэнэ.

4.3.20. 2.17 “Гааль” тэмдгийг гаалийн шалган өнгөрүүлэх цэг дээр тээврийн хэрэгсэл зогсолт хийхгүйгээр (хяналт, шалгалтад орохгүйгээр) нэвтрэхийг хориглоход хэрэглэнэ.

2.17 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт тухайн шалган өнгөрүүлэх цэг хүртэл 500 м зайд урьдчилан (хувилж) байрлуулна.

4.3.21. 2.18.а “Баруун гар тийш эргэх хориотой”, 2.18.б “Зүүн гар тийш эргэх хориотой” тэмдгүүдийг тухайн уулзвар, гарц (зорчих хэсгүүдийн эхний огтлолцол) дээр тээврийн хэрэгслийн эргэх үйлдлийг хориглох шаардлагатай үед 4.1.а-4.1.е буюу 5.10.а, 5.10.б тэмдгүүдээр хөдөлгөөний уг горимыг тогтоох боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.

4.3.22. 2.19 “Буцаж эргэх хориотой” тэмдгийг буцаж эргэх нь бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчдын хөдөлгөөнд аюул учруулах уулзвар, гарцын өмнө байрлуулна.

2.19 тэмдгийг уулзваруудын хоорондох замын тусгаарлах зурвасын тасархай хэсэг дээр буцаж эргэхийг хориглоход хэрэглэхгүй.

4.3.23. Тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд 2.18.б, 2.19 тэмдгийг хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын эгнээний дээр буюу тусгаарлах зурвастай бол түүн дээр байрлуулна.

4.3.24. 2.20 “Гүйцэж түрүүлэх хориотой” буюу 2.22 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийг цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг бүх төрлийн тээврийн хэрэгслээр буюу бүх жин нь 3.5 т-оос их ачааны автомашинаар гүйцэж түрүүлэхийг хориглоход хэрэглэнэ.

Гүйцэж түрүүлэх үйлдэл нь хөдөлгөөний эрчим, зорчих хэсгийн өргөн, замын нөхцөл байдлаас шалтгаалан эсрэг болон дагуу хөдөлгөөний тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх аюулыг бий болгох үндэслэлтэй, эсрэг хөдөлгөөнтэй гурав буюу түүнээс цөөн эгнээтэй замд 2.20 ба 2.22 тэмдгийг байрлуулна.

Өөдөөс ирж яваа автомашины үзэгдэлтийн зай нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй (1 дүгээр хүснэгт) замын хэсэгт 2.20 тэмдгийг хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээг тухайн аюултай хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлно.

4.3.25. 2.24 “Хурдны дээд хязгаарлал” тэмдгийг тухайн замын хэсэг рүү орохын өмнөх хурдны дээд хязгаарлалаас өөр хязгаарлал тогтоох шаардлагатай замын хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоход хэрэглэнэ.

Замын аюул бүхий хэсэг (огцом эргэлт, үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг, нарийссан хэсэг гэх мэт) дээр хөдөлгөөний хурдыг хязгаарлаж буй 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайд нийцэж байвал зохино.

Хэрэв тухайн замын хэсэгт үйлчлэх хурдны дээд хязгаарлалыг уг хэсэг рүү орохын өмнөх хурдны дээд хязгаарлалаас цагт 20 км буюу түүнээс илүү ялгавартайгаар тогтоож байгаа бол уг замын хэсгийн өмнө 2.24 тэмдгийг хоорондоо 100 м-ээс 150 м-ийн зайтайгаар дараалуулан байрлуулах замаар цагт 20 км-ээс ихгүй ялгавартай хурдны шаталсан хязгаарлалыг урьдчилан тогтоовол зохино. Харин 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газрын өмнө уг тэмдэг (5.3)-ийн үзэгдэлт 150 м-ээс багагүй зайд хангагдаж байвал хурдны шаталсан хязгаарлалыг хэрэглэхгүй байж болно.

4.3.26. 2.21 “Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл”, 2.23 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл”, 2.25 “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” тэмдгүүдийг 2.20, 2.22, 2.24 харгалзах тэмдгүүдийн хязгаарлал тогтоогдсон замын хэсгийн төгсгөлийг заахад хэрэглэнэ. Ингэхдээ тухайн хязгаарлал тогтоож буй тэмдгийн үйлчлэх хүрээг хөдөлгөөний дагуух эхний уулзвар буюу суурин газрын төгсгөл хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд хэрэглэнэ.

Эсрэг хөдөлгөөнтэй гурав хүртэл эгнээтэй замд 2.21, 2.23, 2.25 тэмдгийг замын зөвхөн зүүн гар талд, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан 2.20, 2.22, 2.24 харгалзах тэмдгийн ар талд байрлуулж болно.

4.3.27. 2.26 “Дуут дохио хориотой” тэмдгийг 5.3 тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газрын гадна орших амралт, сувиллын байр, хүүхдийн зуслан, эмнэлэг зэрэг газруудын дэргэдүүр дайран гарсан замын хэсэгт байрлуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоход хэрэглэнэ.

4.3.28. 2.27 “Түр зогсох хориотой” тэмдгийг тээврийн хэрэгслийн түр ба удаан зогсолтыг хориглоход, 2.28 “Удаан зогсох хориотой” тэмдгийг тээврийн хэрэгслийн удаан зогсолтыг хориглоход тус тус хэрэглэнэ.

2.27, 2.28 тэмдгүүдийг замын тухайн хориглолт тогтоож буй талд байрлуулна.

Барилгын нүүрэн тал, талбай гэх мэтийн нэг талынх нь дагуу түр буюу удаан зогсолтыг хориглох тохиолдолд 2.27 буюу 2.28 тэмдгийг 6.2.д буюу 6.2.е нэмэлт тэмдгүүдийн аль нэгтэй, эсвэл хоёулантай нь хамт тухайн талбай, барилга байгууламж руу орох хэсгийн эсрэг талд жолоочийн өөдөөс харуулан байрлуулж болно.

Суурин газрын доторхи 2.27 буюу 2.28 тэмдгийн хориглолт тогтоогдсон зам руу гарцаар нийлэх бэлчрийн цаана тухайн хориглолтыг баталгаажуулах (жолоочид мэдүүлэх) зорилгоор 250 мм-ийн голчтой 2.27 буюу 2.28 тэмдгийг (6.2.б-6.2.г нэмэлт тэмдэггүйгээр) давтан байрлуулж болно.

4.3.29. 2.29 “Бүх хорионы төгсгөл” тэмдгийг 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдээс хэд хэдэн тэмдгийн хязгаарлал нэгэн зэрэг тогтоогдсон замын хэсгийн төгсгөлийг заахад хэрэглэнэ. Ингэхдээ тухайн хязгаарлал тогтоож буй тэмдгүүдийн үйлчлэх хүрээг хөдөлгөөний дагуух эхний уулзвар буюу суурин газрын төгсгөл хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд хэрэглэнэ.

4.3.30. 2.2, 2.3, 2.18.а, 2.18.б, 2.19, 2.27 тэмдгүүдийн үйлчлэл нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

2.2-2.8 тэмдгүүдийн үйлчлэл нь зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан тухайн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Эдгээр тээврийн хэрэгсэл нь уг хориглолт тогтоогдсон замын хэсгээр зорчихдоо тухайн очих газартаа хүрэх буюу тухайн замын хэсгээс гарах хамгийн дөт зам, ойр уулзварыг ашиглана.

4.3.31. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй (суурин газрын доторхи) замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.

Уулзвар буюу суурин газрын төгсгөл хүртэл хүчинтэй байхаар байрласан дээрх тэмдгүүдийн хорионы үйлчлэлийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай бол уг тэмдгийг тухайн уулзвар буюу суурин газрын төгсгөлийн цаана давтан тавина.

Дээрх тэмдгүүдийн үйлчлэх хүрээг шаардлагатай тохиолдолд дараахь байдлаар багасгаж болно:

- 2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн хувьд тэдгээрийн үйлчлэх хүрээний төгсгөлд 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгийг байрлуулснаар;

- 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн хувьд 6.2.а нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр;

- 2.24 тэмдгийн хувьд түүний үйлчлэх хүрээний төгсгөлд хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгийг байрлуулснаар;

- 2.27, 2.28 тэмдгүүдийн хувьд 6.2.б, 6.2.д, 6.2.е нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр буюу эсвэл тухайн тэмдгийн үйлчлэх хүрээний төгсгөлд мөн уг тэмдгийг 6.2.в нэмэлт тэмдэгтэй хамт давтан тавьснаар, мөн түүнчлэн аль нэг тэмдгийнх нь үйлчлэх хүрээний төгсгөлд нөгөөг нь байрлуулснаар буюу эсвэл 6.6.а-6.6.и нэмэлт тэмдэг бүхий 5.15 “Зогсоол” тэмдгийг байрлуулснаар;

- 2.27 тэмдгийг 7.4 тэмдэглэлтэй хамт, 2.28 тэмдгийг 7.9 тэмдэглэлтэй хамт хэрэглэснээр (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь уг тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно);

- 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээний төгсгөлд 2.29 тэмдгийг байрлуулснаар хэд хэдэн тэмдгийн үйлчлэх хүрээг нэг дор багасгаж болно.

2.10, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэл нь замын тухайн байрласан талдаа хүчинтэй байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»