МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.4. Дарааллын тэмдэг

4.4.1. Дарааллын тэмдгийг уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтоох зорилгоор хэрэглэнэ.

4.4.2. 3.1 “Гол зам” тэмдгийг зохицуулдаггүй уулзвараар давуу эрхтэй нэвтрэх замыг заахад хэрэглэх бөгөөд тухайн замын хэсгийн эхлэлд байрлуулна.

Суурин газарт 3.1 тэмдгийг тухайн гол зам дээр, уулзвар бүрийн шууд өмнө байрлуулна.

Гол зам нь чигээ өөрчилсөн буюу гол замын чигийг ойлгоход хүндрэлтэй (энгийн бус зохион байгуулалттай) уулзварын өмнө 3.1 тэмдгийг 6.12 нэмэлт тэмдгийн хамт байрлуулна. Ингэхдээ уг тэмдгүүдийг тухайн уулзварын шууд өмнө байрлуулах бөгөөд хэрэв суурин газрын гаднах замд байрлуулсан бол тухайн уулзвараас 150 м-ээс 300 м-ийн өмнө мөн урьдчилан байрлуулна (D хавсралтын 1.4.а зураг).

4.4.3. 3.2 “Гол замын төгсгөл” тэмдгийг 3.1 тэмдэг бүхий замын төгсгөлийг заахад хэрэглэнэ.

Хэрэв 3.1 тэмдэг бүхий зам нь бусад талаас давуу эрхтэй нэвтрэх замтай огтлолцсон уулзварын өмнө төгсөж байгаа бол 3.2 тэмдгийг суурин газрын доторхи замд 3.4 буюу 3.5 тэмдэгтэй хамт тухайн уулзварын шууд өмнө, харин суурин газрын гаднах замд тухайн уулзвараас 150 м-ээс 300 м-ийн өмнө 6.1.а буюу 6.1.б нэмэлт тэмдэгтэй урьдчилан тавигдах 3.4 тэмдэгтэй хамт байрлуулна. Энэ тохиолдолд 3.2 тэмдгийг суурин газрын доторхи замд 6.1.а нэмэлт тэмдэгтэй хамт тухайн уулзвараас 50 м-ээс 100 м-ийн өмнө мөн урьдчилан байрлуулж болох бөгөөд түүнчлэн суурин газрын гаднах замд уг тэмдгийг тухайн уулзварын шууд өмнө тавигдах 3.4 буюу 3.5 тэмдэгтэй хамт давтан байрлуулж болно (D хавсралтын 1.4.б зураг).

4.4.4. 3.3.а-3.3.в “Туслах зам нийлнэ” тэмдгүүдийг суурин газрын гаднах 3.1 тэмдэг бүхий зам дээр, уулзвар бүрийн өмнө байрлуулна. Ингэхдээ гол зам нь чигээ өөрчилсөн буюу гол замын чигийг ойлгоход хүндрэлтэй (энгийн бус зохион байгуулалттай) уулзварын өмнө байрлуулахгүй.

3.3.а-3.3.в тэмдгүүдийг уулзвараас 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд өөр зайд байрлуулж болох бөгөөд ингэхдээ 6.1.а нэмэлт тэмдгээр уг зайг заана.

4.4.5. 3.1, 3.3.а-3.3.в тэмдгүүдийг шороон зам нийлсэн хатуу хучилттай замын огтлолцол буюу мөн гарцын өмнө, хэрэв тухайн гол замаар яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг огтлолцож буй замуудын шинж төлөв өдөр, шөнийн аль ч үед илт танигдахаар байвал байрлуулахгүй байж болно.

4.4.6. 3.4 “Зам тавьж өгнө” тэмдгийг хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатайг заахад хэрэглэнэ.

3.4 тэмдгийг туслах чанарын замаас 3.1, 3.3.а-3.3.в тэмдэг бүхий замтай огтлолцсон хэсгийн шууд өмнө болон түүнчлэн тууш зам руу орох хэсгийн өмнө байрлуулна.

Гол зам нь чигээ өөрчилсөн буюу гол замын чигийг ойлгоход хүндрэлтэй (энгийн бус зохион байгуулалттай) уулзварын өмнө 3.4 тэмдгийг 6.12 нэмэлт тэмдгийн хамт байрлуулна (D хавсралтын 1.4.а зураг).

3.4 тэмдгийг шороон замаас хатуу хучилттай замд нийлж буй хэсгийн өмнө буюу мөн гарцаар замд нийлэх хэсгийн өмнө, хэрэв тухайн гол зам руу нийлж буй тээврийн хэрэгслийн жолоочид уг огтлолцож буй замуудын шинж төлөв илт танигдахааргүй байвал байрлуулна.

Суурин газрын гаднах (шороон замаас бусад) замд уулзварын шууд өмнө 3.4 буюу 3.5 тэмдэг тавигдсан бол уг уулзвараас 150 м-ээс 300 м-ийн өмнө 3.4 тэмдгийг 6.1.а буюу 6.1.б харгалзах нэмэлт тэмдгийн хамт урьдчилан байрлуулна.

Хэрэв зам нь хурд авах эгнээ (тухайн зам руу нийлэхэд зориулагдсан эгнээ)-тэй бол 3.4 тэмдгийг уг эгнээний эхлэлийн өмнө байрлуулна.

4.4.7. 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдгийг хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч замын тухайн хэсэгт заавал зогсолт хийж, хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатайг заахад хэрэглэнэ.

Хэрэв хөндлөн замаас ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлтэй байвал 3.4 тэмдгийн оронд 3.5 тэмдгийг байрлуулна.

3.5 тэмдгийг зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолоочид хөндлөн замын үзэгдэлт хангагдах газарт байрлуулна. Зогсолт хийх газрыг тодруулах үүднээс 7.11 “Зогс-шугам” тэмдэглэлийг хэрэглэж болно.

3.5 тэмдгийг гэрлэн дохиогоор тоноглогдоогүй, төмөр замын хаалтгүй гармын өмнө, хэрэв тухайн төмөр замаас 50 м зайд байгаа жолоочид галт тэрэгний үзэгдэлтийн зай 3 дугаар хүснэгтийн 2 дахь баганад зааснаас бага байвал байрлуулна. Ингэхдээ уг тэмдгийг төмөр зам хүртэл 10 м зайд байрлуулна.

 

3 дугаар хүснэгт

Галт тэрэгний хөдөлгөөний хурд

[км/цаг]

Тухайн хурдтай яваа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай [м]

121 - 140

81 - 120

41 - 80

26 - 40

25 ба түүнээс бага

500

400

250

150

100

Тайлбар: Галт тэрэгний хөдөлгөөний хурдны хэмжээг тухайн гарамд ойртон ирсэн үед нь тогтоогдсон дээд хурдаар тооцно.

 

Төмөр замын гарам дээр ажил хийгдэж байгаа үед уг гармын өмнө 3.5 түр тэмдгийг байрлуулж болно.

Төмөр замын гармын өмнө 3.5 тэмдгийг байрлуулах тохиолдолд 6.1.б нэмэлт тэмдэг бүхий 3.4 тэмдгийг урьдчилан байрлуулахгүй.

3.5 тэмдгийг замын зарим шаардлагатай хэсэг (тусгай пост)-ийн өмнө байрлуулж болно.

4.4.8. Зохицуулдаг уулзварт 3.1, 3.4, 3.5 тэмдгүүдийг үндсэн гэрлэн дохионы дэргэд буюу боломжтой бол түүний тулгуур (шон) дээр байрлуулна.

4.4.9. 3.6 “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө” тэмдгийг замын нарийссан хэсэгт өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал орохыг хориглоход, 3.7 “Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй” тэмдгийг замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэйг заахад тус тус хэрэглэнэ.

3.6, 3.7 тэмдгүүдийг өөд өөдөөсөө яваа тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхөд аюултай буюу боломжгүй, хөдөлгөөний эрчим ихтэй замын нарийссан хэсэг (зорчих хэсгийн нарийсалт, зам дээрх саад, ажил хийгдэж буй хэсэг, гүүрэн байгууламж, хонгил гэх мэт)-т хөдөлгөөний нэвтрэх дарааллыг тогтоох зорилгоор хэрэглэнэ.

Хоёр талын хөдөлгөөн нь 6 м-ээс нарийн зорчих хэсэг дээр явагддаг гүүрэн байгууламжийн өмнө 3.6 ба 3.7 тэмдгүүдийг байрлуулна.

Өгсүүр (уруу) замын нарийссан хэсэгт дарааллыг тогтоохдоо өгсөж яваа тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрхийг олгоно.

3.6 ба 3.7 тэмдгүүдийг замын тухайн нарийссан хэсэг рүү орох эсрэг талуудын эхлэлийн шууд өмнө байрлуулах бөгөөд ингэхдээ 6.1.а нэмэлт тэмдэг бүхий 3.6 тэмдгийг 1.15.а-1.15.в тэмдгүүдийн аль нэгтэй хамт нэг тулгуур (шон) дээр урьдчилан байрлуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»