МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.5. Заах тэмдэг

4.5.1. Заах тэмдгийг хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг хүчингүй болгох зорилгоор, энэхүү стандартын 4.1.8-д заасны дагуу байрлуулж хэрэглэнэ.

4.5.2. 4.1.а “Чигээрээ явна”, 4.1.б “Баруун гар тийш явна”, 4.1.в “Зүүн гар тийш явна”, 4.1.г “Чигээрээ буюу баруун гар тийш явна”, 4.1.д “Чигээрээ буюу зүүн гар тийш явна”, 4.1.е “Баруун буюу зүүн гар тийш явна” тэмдгүүдийг уулзвар, гарц буюу зорчих хэсгүүдийн огтлолцлоор нэвтрэх хөдөлгөөний зөвшөөрсөн чигийг заахад хэрэглэнэ. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг (4.1.в, 4.1.д, 4.1.е) нь буцаж эргэхийг зөвшөөрсөн утгыг давхар агуулна.

Хэрэв тухайн уулзвар, гарц дээрх хөдөлгөөний горимыг тогтооход 4.1.а-4.1.д заах тэмдэг буюу эсвэл 2.18.а, 2.18.б хориглох тэмдгийн аль алиныг нь хэрэглэж болохоор байвал заах тэмдгийг нь хэрэглэнэ.

4.5.3. 4.1.а тэмдгийг уулзваруудын хоорондох замын тусгаарлах зурвасын тасархай хэсэг дээр буцаж эргэх үйлдлийг хориглоход мөн хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд тэмдгийг зөвхөн тусгаарлах зурвас дээр байрлуулна.

Шаардлагатай тохиолдолд 4.1.а тэмдгийг хөдөлгөөний эсрэг урсгал тусгаарласан 7.1 буюу 7.3 тэмдэглэлийн утгыг давхар илэрхийлэх зорилгоор хэрэглэж болох бөгөөд ингэхдээ уг тэмдгийг тухайн замын хэсгийн эхэнд байрлуулна. Энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь эхний уулзвар хүртэл үргэлжлэх бөгөөд үйлчлэл нь гарцаар баруун гар тийш эргэх хөдөлгөөнд хамаарахгүй.

4.5.4. Тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд 4.1.а, 4.1.б, 4.1.г тэмдгийг хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын эгнээний дээр зэрэгцүүлэн (хувилж) байрлуулна. Хэрэв тухайн зам нь тусгаарлах зурвастай бол зэрэгцүүлэн тавих тэмдгийг түүн дээр, харин тусгаарлах зурвасгүй замд эсрэг талын хөдөлгөөний эгнээний тоо хоёроос илүүгүй бол замын зүүн гар талд байрлуулж болно.

4.5.5. 4.2.а-4.2.в “Саадыг тойрч гарах чиг” тэмдгүүдийг тусгаарлах зурвасын эхлэл ба зорчих хэсгийн тэнхлэгийн дагуу байрласан хашилтын эхлэл, мөн аюулгүйн ба чиглүүлэгч арал болон зорчих хэсэг дээрх бусад төрлийн саадыг тойрч гарах чигийг заахад хэрэглэнэ. 4.2.а тэмдэг нь саадыг зөвхөн баруун гар талаар, 4.2.б тэмдэг нь зөвхөн зүүн гар талаар, 4.2.в тэмдэг нь аль ч талаар тойрон гарахыг зөвшөөрснийг заана.

Тэмдгийг тухайн арал, хашилт болон тусгаарлах зурвасын эхлэл дээр, зорчих хэсгээс гаргаж байрлуулна. Уг байрлуулах газарт дотроосоо гэрэлтүүлэгтэй суурь байвал тэмдгийг түүн дээр байрлуулна.

4.5.6. 4.3 “Тойрох хөдөлгөөн” тэмдгийг тухайн уулзвар (талбай) дээрх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг сум заасан чигийн дагуу тойргоор зохион байгуулахад хэрэглэх бөгөөд тойрох хөдөлгөөнтэй уулзвар (талбай) руу орох хэсэг бүрийн өмнө байрлуулна.

Хэрэв тойрох хөдөлгөөнтэй хамт нэг дор хөндлөн огтлолцсон хөдөлгөөн зөвшөөрөгдөж байгаа бол 4.3 тэмдгийг хэрэглэхгүй.

4.5.7. 4.4 “Суудлын автомашин явна” тэмдгийг зөвхөн суудлын автомашин, чиглэлийн тээврийн хэрэгсэл, мотоцикл, автобус болон бүх жин нь 3.5 т-оос илүүгүй ачааны автомашины хөдөлгөөнийг зөвшөөрөхөд хэрэглэнэ.

Энэ тэмдэг нь дээр заагдсан тээврийн хэрэгслүүдээс гадна зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө. Эдгээр тээврийн хэрэгсэл нь уг горим тогтоогдсон замын хэсгээр зорчихдоо тухайн очих газартаа хүрэх буюу тухайн замын хэсгээс гарах хамгийн дөт зам, ойр уулзварыг ашиглана.

4.4 тэмдгийг тухайн горим тогтоож буй замын хэсэг рүү орох газар бүрд байрлуулах бөгөөд ингэхдээ уг замын хэсэг рүү хөндлөн нийлсэн огтлолцлын өмнө 6.3.а-6.3.в нэмэлт тэмдгүүдийн аль нэгтэй хамт байрлуулна.

4.5.8. 4.5 “Унадаг дугуйн зам” тэмдгийг зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг (явган хүний зам байхгүй тохиолдолд мөн явган зорчигчийн хөдөлгөөнийг) зөвшөөрсөн замыг заахад хэрэглэнэ.

Унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнд зориулагдсан эгнээ нь хэрэв зорчих хэсгийн бусад эгнээнээс 7.1 тэмдэглэлээр зааглагдаж байвал 4.5 тэмдгийг 6.14 нэмэлт тэмдгийн хамт тухайн эгнээний дээр байрлуулна. Харин уг эгнээ буюу унадаг дугуйн зам нь зорчих хэсгээс хайс, хашлага, зүлэг гэх мэт зүйлээр тусгаарлагдсан байвал 4.5 тэмдгийг уг унадаг дугуйн зам буюу эгнээний баруун гар талд байрлуулна.

4.5 тэмдгийг замтай огтлолцсон тухайн унадаг дугуйн замын бэлчир бүрийн дараа давтан тавина.

4.5.9. 4.6 “Явган хүний зам” тэмдгийг зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнд зориулагдсан зам болон явган хүмүүст зориулан тусгаарласан бүс газрыг заахад хэрэглэнэ.

4.5.10. 4.7 “Хурдны доод хязгаарлал” тэмдгийг тухайн замаар буюу тодорхой эгнээгээр (жишээлбэл, тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын өгсүүр хэсэгт) зөвхөн тэмдэгт заасан буюу түүнээс илүү хурдтай явахыг зөвшөөрсөн горимыг тогтооход хэрэглэнэ.

4.7 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй (суурин газрын доторхи) замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.

Тэмдгийн заасан хурдаар явах боломжгүй тээврийн хэрэгслүүдэд зориулсан зэрэгцээ (нэмэлт) замтай тохиолдолд хурдны доод хязгаарлалыг зорчих хэсгийн тухайн хөдөлгөөний чигийн дагуух бүх өргөнийг хамруулан тогтоож болно.

4.5.11. 4.8 “Хурдны доод хязгаарлалын төгсгөл” тэмдгийг 4.7 буюу 5.12.а тэмдгээр хурдны доод хязгаарлал тогтоогдсон замын хэсгийн төгсгөлийг заахад хэрэглэх бөгөөд тухайн замын хэсэг буюу эгнээний төгсгөлд байрлуулна. Ингэхдээ тухайн хурдны доод хязгаарлалын үйлчлэх хүрээг хөдөлгөөний дагуух эхний уулзвар буюу суурин газрын төгсгөл хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»