МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

4.6. Мэдээлэх тэмдэг

4.6.1. Мэдээлэх тэмдгийг хөдөлгөөнд оролцогчдод замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог буюу замын дагуух суурин газар болон бусад объектын байршлыг мэдээлэх зорилгоор хэрэглэнэ.

4.6.2. 5.1 “Тууш зам” тэмдгийг «Замын хөдөлгөөний дүрэм»-д тусгагдсан тууш замын хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагатай замыг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.1 тэмдгийг дараахь байдлаар байрлуулна (D хавсралтын 1.5 дугаар зураг):

- тууш замын эхлэлд;

- тууш замын эхлэл рүү ойртон очихын өмнө 6.1.а нэмэлт тэмдгийн хамт;

- тухайн замаас хажуу тийш салж тууш зам руу очих хэсгийн эхлэлийн өмнө 6.1.в буюу 6.1.г нэмэлт тэмдгийн хамт;

- тууш зам руу хажуугаас нь нэг түвшинд нийлж орох хэсгийн өмнө 6.3.а нэмэлт тэмдгийн хамт;

- нэг түвшин дэх огтлолцлоос тууш замын эхлэл рүү баруун буюу зүүн гар тийш эргэж орох хэсгийн өмнө 6.3.а буюу 6.3.б нэмэлт тэмдгийн хамт.

5.1 тэмдгийг тууш зам руу орсны дараа давтан тавьж болно.

4.6.3. 5.2 “Тууш замын төгсгөл” тэмдгийг тууш замын төгсгөлд болон тууш замаас хажуу тийш салж гарах хэсгийн эхлэлд байрлуулах бөгөөд мөн тууш замын төгсгөлөөс 400 м болон 1000 м-ийн өмнө 6.1.а нэмэлт тэмдгийн хамт урьдчилан байрлуулна (D хавсралтын 1.5 дугаар зураг).

4.6.4. 5.3 “Суурин газрын эхлэл”, 5.4 “Суурин газрын төгсгөл” тэмдгүүдийг «Замын хөдөлгөөний дүрэм»-д тусгагдсан суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагатай суурин газрын эхлэл, төгсгөл болон нэрийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд хүн амын төвлөрөл, суурьшлын бодит хил хязгаар дээр байрлуулна.

Эсрэг хөдөлгөөнтэй гурав хүртэл эгнээтэй замд 5.4 тэмдгийг замын зөвхөн зүүн гар талд, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан 5.3 тэмдгийн ар талд байрлуулж болно.

4.6.5. 5.5 “Суурин газрын эхлэл”, 5.6 “Суурин газрын төгсгөл” тэмдгүүдийг «Замын хөдөлгөөний дүрэм»-д тусгагдсан суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлөөр тухайн замд мөрдүүлэх шаардлагагүй суурин газрын эхлэл, төгсгөл болон нэрийг мэдээлэхэд хэрэглэнэ.

Эсрэг хөдөлгөөнтэй гурав хүртэл эгнээтэй замд 5.6 тэмдгийг замын зөвхөн зүүн гар талд, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан 5.5 тэмдгийн ар талд байрлуулж болно.

4.6.6. 5.7 “Нэг чигийн хөдөлгөөн” тэмдгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал нь нийт өргөнөөрөө нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд тухайн зам буюу зорчих хэсгийн эхлэлд байрлуулна.

5.7 тэмдгийг дараахь тохиолдолд байрлуулахгүй байж болно:

- зогсоол, шатахуун түгээгүүр гэх мэт объект руу орох, түүнээс гарах үйлдлийг нэг чигийн хөдөлгөөнтэй, салангид байдлаар зохион байгуулсан гарцын өмнө;

- эсрэг хөдөлгөөний зорчих хэсгээсээ тусгаарлах зурвасаар зааглагдсан нэг чигийн хөдөлгөөнтэй зорчих хэсгийн эхлэлд (хэрэв аль ч зорчих хэсгээс нь эсрэг хөдөлгөөнийх нь зорчих хэсгийн үзэгдэлт хангагдаж байвал).

5.7 тэмдгийг энгийн бус зохион байгуулалттай уулзварын цаана давтан тавина.

4.6.7. 5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл” тэмдгийг 5.7 тэмдгээр тэмдэглэгдсэн зам буюу зорчих хэсгийн төгсгөлд байрлуулна. 5.8 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт урьдчилан (хувилж) байрлуулж болно.

4.6.8. 5.9.а “Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй”, 5.9.б “Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” тэмдгүүдийг 5.7 тэмдгээр тэмдэглэгдсэн зам буюу зорчих хэсэгт хөндлөн нийлсэн огтлолцол бүрийн өмнө байрлуулна. Хэрэв хэд хэдэн тэмдэгтэй хамт нэг тулгуур (шон) дээр байрлуулах бол 5.9.а, 5.9.б тэмдгийг бусдынх нь дээр байрлуулна.

Хэрэв замын зэргэлдээх объект руу зөвхөн тухайн нэг чигийн хөдөлгөөнтэй (5.7 тэмдгээр тэмдэглэгдсэн) замын хэсгээс орох боломжтой байвал уг объектоос тухайн зам руу нийлэх гарцын өмнө 5.9.а, 5.9.б тэмдгийг байрлуулахгүй байж болно.

4.6.9. 5.10.а, 5.10.б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” тэмдгүүдийг эгнээ тус бүрээс тухайн уулзвараар нэвтрэх хөдөлгөөний зөвшөөрсөн чигийг заахад хэрэглэнэ. Эгнээнүүдийн ашиглалтын байдлыг тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх чиг тус бүрийн хөдөлгөөний эрчимд нийцүүлэн хангах шаардлагатай уулзварт эдгээр тэмдгийг байрлуулж хэрэглэнэ. Ингэхдээ 5.10.б тэмдгийн хэрэглэгээг илүү тохиромжтойд тооцно.

5.10.а, 5.10.б тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий хамгийн зүүн гар талын захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө.

Тэмдгүүдийг жолоочид эгнээ байраа эзлэх боломж бүхий зайнаас харагдахуйцаар зорчих хэсгийн дээр байрлуулна. Ингэхдээ уулзварын өмнөх эгнээнүүдийн 7.1 тэмдэглэлээр зааглагдсан хэсгийн эхлэлд байрлуулбал зохино.

5.10.а тэмдгийг хөдөлгөөний тухайн чигийн урсгалыг голлуулж, харин 5.10.б тэмдгүүдийг тухайн харгалзах эгнээ тус бүрийг голлуулж байрлуулна.

5.10.а тэмдгийг тухайн талаас уулзвараар нэвтрэх хөдөлгөөний урсгал нь хоёр буюу гурван эгнээтэй замд хэрэглэнэ.

Тухайн талаас нэвтрэх хөдөлгөөний урсгал нь гурван эгнээтэй замд 5.10.а тэмдгийг, харин гурав болон түүнээс олон эгнээтэй замд 5.10.б тэмдгийг тухайн уулзварын өмнө урьдчилан (хувилж) байрлуулна. Тухайн талаас нэвтрэх хөдөлгөөний урсгал нь хоёр эгнээтэй замд 5.10.а тэмдгийг уулзварын өмнө замын баруун гар талд байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийг мөн урьдчилан (хувилж) байрлуулна.

Урьдчилан байрлуулах тэмдгийг уулзварын өмнө байрласан үндсэн тэмдэг хүртэл 50 м-ээс 150 м-ийн өмнө байрлуулна.

5.10.а ба 5.10.б тэмдгийг байрлуулсан тохиолдолд 4.1.а-4.1.е тэмдгүүдийг хэрэглэхгүй.

4.6.10. 5.11.а, 5.11.б “Эгнээгээр явах хөдөлгөөний чиг” тэмдгүүдийг зорчих хэсгийн аль нэг талын хөдөлгөөний урсгалын эгнээний тоог эсрэг талынх нь эгнээний тооноос илүү байхаар зохион байгуулах үед уг зорчих хэсгийн эгнээний тоо болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлэх зорилгоор хэрэглэнэ. Тэмдгийг тухайн замын залган үргэлжлэх уулзвар бүрийн цаана буюу эгнээний урсгалын чиг, тоо өөрчлөгдөж буй хэсгийн эхлэлд, зорчих хэсгийн дээр байрлуулна.

6.14 нэмэлт тэмдэг бүхий ямар нэгэн тэмдгээр тодорхой нэг эгнээний хөдөлгөөнд горим тогтоож буй тохиолдолд уг тэмдгийг 5.11 тэмдгийн харгалзах сум дээр дүрсэлж болно.

4.6.11. 5.12.а “Эгнээний эхлэл” тэмдгийг хурд хасах эгнээ буюу өгсүүр дэх нэмэлт эгнээний эхлэлийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд уг нэмэгдэж буй эгнээний эхлэлийн шууд өмнө байрлуулна.

4.7 тэмдгийн дүрс бүхий 5.12.а тэмдгийг өгсүүр замын зүүн гар талын эгнээнд (өгсөх эгнээнд) хурдны доод хязгаарлал тогтоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.

Тэмдэгт заах хурдны доод хязгаарлалыг тухайн замын зүүн гар талын эгнээгээр өгсөж яваа тээврийн хэрэгслүүдийн 50%-ийнх нь дээш яваа хурдаар тогтооно. Ингэхдээ өгсүүрийн төгсгөлд хурдыг хэмжих бөгөөд уг гаргаж авсан хэмжигдэхүүний 10-т тэгш хуваагдах бүхэл утгыг нь сонгоно.

4.6.12. 5.12.б “Эгнээний эхлэл” тэмдгийг эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог зам (аль нэг чигт нь хоёр эгнээг ээлжлэн хуваарилах байдлаар тэмдэглэгдсэн зам)-ын дунд эгнээ нь тухайн чигт зориулагдаж буй хэсгийн эхлэлийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд шилжилтийн шугаман тэмдэглэлийн эхлэлд байрлуулна.

Мөн 5.12.б тэмдгийг зүүн гар тийш буюу буцаж эргэхэд зориулагдсан нэмэлт эгнээг мэдээлэхэд хэрэглэж болно.

4.6.13. 5.13.а “Эгнээний төгсгөл” тэмдгийг хурд авах эгнээ буюу өгсүүр дэх нэмэлт эгнээний төгсгөлийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд уг хасагдаж буй эгнээний төгсгөлийн нарийсалт эхлэх цэгт байрлуулна.

4.6.14. 5.13.б “Эгнээний төгсгөл” тэмдгийг эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ нь тухайн чигт зориулагдсан (5.12.б тэмдгээр тэмдэглэгдсэн) хэсгийн төгсгөлийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд шилжилтийн шугаман тэмдэглэлийн эхлэлд байрлуулна.

4.6.15. 5.14 “Буцаж эргэх газар” тэмдгийг тусгаарлах зурвас дахь буцаж эргэхийг зөвшөөрсөн тасархай хэсэг буюу тусгаарлах зурвасгүй замд буцаж эргэхэд зориулагдсан газрыг заахад хэрэглэнэ.

5.14 тэмдгийг буцаж эргэхэд зориулагдсан газрын шууд өмнө тусгаарлах зурвас дээр, тусгаарлах зурвасгүй замд хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захын эгнээний харалдаа дээр байрлуулна.

Тухайн чигт гурваас илүүгүй эгнээтэй замд 5.14 тэмдгийг зорчих хэсгийн баруун гар талд байрлуулж болно. Энэ тохиолдолд мөн 5.14 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт тухайн буцаж эргэх газраас 100 м-ээс 150 м-ийн өмнө урьдчилан байрлуулбал зохино.

4.6.16. 5.15 “Зогсоол” тэмдгийг тээврийн хэрэгслийн удаан зогсолтод зориулагдсан талбайг мэдээлэхэд хэрэглэнэ. Мөн 6.6.а-6.6.и нэмэлт тэмдгүүдийн аль нэгтэй хамт явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлэхэд хэрэглэнэ.

Явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлж буй 5.15 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний түр буюу удаан зогсох хориотой замын хэсэг хүртэл хүчинтэй байна. Эсвэл үйлчлэх хүрээг нь 6.2.а нэмэлт тэмдгээр хязгаарлана.

Суурин газрын гаднах замд 5.15 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдгийн хамт тухайн зогсоолд зориулагдсан талбайгаас 400 м-ээс 800 м-ийн өмнө урьдчилан (хувилж) байрлуулна.

4.6.17. 5.16.а, 5.16.б “Явган хүний гарц” тэмдгүүдийг зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахад зориулсан газрыг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.16.а тэмдгийг замын зүүн гар талд, 5.16.б тэмдгийг баруун гар талд байрлуулна. Тусгаарлах зурвастай замын зорчих хэсэг тус бүр нь гурав буюу түүнээс олон эгнээтэй байвал 5.16.а ба 5.16.б тэмдгийг зорчих хэсэг тус бүрийн зүүн ба баруун гар талд харгалзуулан байрлуулна.

Явган хүний гарц нь 7.13 тэмдэглэлгүй бол 5.16.б тэмдгийг гарцын шууд өмнө (баруун гар талд), 5.16.а тэмдгийг гарцын цаад хил дээр (зүүн гар талд) байрлуулна. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг илэрхийлэх 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондын зайг энэхүү стандартын 5.2.16 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.

Тэмдэглэлтэй гарц дээр 5.16.а, 5.16.б тэмдгийг тухайн гарцын хилээс 1 м-ээс холгүй зайд байрлуулна.

5.16.а тэмдгийг 5.16.б тэмдгийн ар талд байрлуулж болно.

Эдгээр тэмдгийг зохицуулдаг уулзвар дахь явган хүний тэмдэглэлтэй гарц дээр байрлуулахгүй байж болно.

4.6.18. 5.17.а-5.17.г “Явган хүний гарам” тэмдгүүдийг явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах гармыг мэдээлэхэд хэрэглэнэ. Зорчих хэсгийн доогуур хөндлөн гарах гармыг 5.17.а ба 5.17.б тэмдгээр, харин дээгүүр гарах гармыг 5.17.в ба 5.17.г тэмдгээр мэдээлнэ.

Тэмдгүүдийг гарам руу орох шатны эхлэлийн дэргэд явган хүний замын хөдөлгөөний урсгал руу хандуулж (хоёр талтайгаар) байрлуулна. Тэмдэг дэх явган хүний дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна.

4.6.19. 5.18 “Тохиромжтой хурд” тэмдгийг тухайн замын хэсэгт тохирох хурдны хэмжээг жолоочид зөвлөмж болгоход хэрэглэнэ.

5.18 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл хүчинтэй байна. Харин анхааруулах тэмдгийн хамт хэрэглэсэн бол үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно.

4.6.20. 5.19.а-5.19.в “Мухар зам” тэмдгүүдийг тээврийн хэрэгслийн нэвт гарах гарцгүй замыг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.19.а тэмдгийг мухар замын эхлэлд, 5.19.б ба 5.19.в тэмдгүүдийг уг замтай хөндлөн нийлсэн огтлолцлын өмнө байрлуулна.

5.19.а-5.19.в тэмдгүүдийг хөдөлгөөн нь 2.1 буюу 2.2 тэмдгээр хориглогдсон замын хэсгийг урьдчилан мэдээлэх зорилгоор хэрэглэхгүй.

4.6.21. 5.20.а-5.20.в “Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг” тэмдгүүдийг нэвтрэх хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой чиглэлийг зөвлөмж болгоход хэрэглэнэ.

5.20.а-5.20.в тэмдгүүдийг тухайн тохиромжтой чиглэл эхлэх уулзварын өмнө болон уг чиглэлийн дагуух уулзвар бүрийн өмнө байрлуулна. Мөн тухайн чиглэл эхлэх уулзвараас 100 м-ээс 150 м-ийн өмнө урьдчилан (хувилж) байрлуулж болно.

4.6.22. 5.21.а, 5.21.б “Чигийн урьдчилсан заалт” тэмдгүүдийг суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлэхэд хэрэглэнэ. Түүнчлэн 5.21.а тэмдгийг 2.11-2.15 тэмдгийн хориглолт тогтоогдсон замын хэсгийг тойрч гарах чиглэлийн бүдүүвчийг мэдээлэхэд хэрэглэж болно.

5.21.а тэмдгийг тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэлээс суурин газрын гаднах замд 300 м-ээс 500 м, суурин газарт 50 м-ээс 100 м-ийн өмнө байрлуулна. Түүнээс гадна тууш замд уг тэмдгийг тухайн огтлолцол буюу хурд хасах эгнээний эхлэлээс 800 м-ээс 1000 м-ийн өмнө урьдчилан (хувилж) байрлуулна. 5.21.а тэмдгийг зорчих хэсгийн дээр буюу тусгаарлах зурвас дээр байрлуулж болно.

5.21.б тэмдгийг нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээтэй замын зорчих хэсгийн дээр, хурд хасах эгнээний эхлэлийн шууд өмнө, хэрэв ийм эгнээ байхгүй бол тухайн уулзвараас суурин газрын гаднах замд 100 м-ээс 300 м, суурин газарт 50 м-ээс 100 м-ийн өмнө байрлуулна. Ингэхдээ аль болох тухайн чиг рүү явах хөдөлгөөний урсгалын харалдаа буюу харгалзах эгнээнүүдийн дээр байрлуулна. Хэрэв тухайн нэг эгнээнээс хэд хэдэн чиг рүү явах боломжтой байвал 5.21.б тэмдгүүдийг нэг нэгийнх нь дээр байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгүүдийн босоо хоорондын зай нь 0.05 м-ээс багагүй байвал зохино.

Суурин газрын гаднах замд 5.21.а ба 5.21.б тэмдгүүдийг хамт хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгүүдийн хоорондын зай нь 200 м-ээс багагүй байвал зохино.

Нэг чигт дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд 5.21.а тэмдгийн оронд 5.21.б тэмдгүүдийг тухайн харгалзах эгнээнүүдийн дээр байрлуулна.

4.6.23. 5.22.а, 5.22.б “Чигийн заалт” тэмдгүүдийг суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг заахад хэрэглэнэ.

5.22.а, 5.22.б тэмдгүүдийг уулзвар буюу тухайн замаас гарах хэсгийн шууд өмнө (хурд хасах эгнээ байвал түүний эхлэлийн дэргэд), зорчих хэсгийн баруун гар талд байрлуулна.

5.22.а ба 5.22.б тэмдгийг Т-хэлбэрийн уулзварын цаана, хөдөлгөөн нь чигээрээ нэвтрэхгүй замын тухайн чигийн эсрэг харалдаа, түүнчлэн замын салаалсан хэсэгт зорчих хэсгүүдийн салж буй бэлчрийн цаана хөдөлгөөний эсрэг харалдаа байрлуулж болно.

Тухайн уулзварт хэрэглэгдэх хэд хэдэн 5.22.а тэмдгийг нэг тулгуур (шон) дээр хамт байрлуулж болно.

4.6.24. 5.23 “Зайн заалт” тэмдгийг тухайн зам (чиглэл)-ын дагуу орших суурин газрын хүн ам төвлөрч суурьшсан бодит хил хязгаар хүртэлх зайг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.23 тэмдгийг хот ба томоохон суурин газраас гарсан замын эхэнд болон уг замын дагуух энгийн бус зохион байгуулалттай уулзваруудын цаана, түүнчлэн тэдгээрийн хоорондох замын хэсэгт 20 км-ээс холгүй зай тутамд байрлуулна.

Эсрэг хөдөлгөөнтэй гурав хүртэл эгнээтэй замд 5.23 тэмдгийг замын зүүн гар талд, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочид зориулагдсан 5.21.а тэмдгийн ар талд байрлуулж болно.

4.6.25. 5.24 “Объектын нэр” тэмдгийг суурин газраас бусад объектын нэрийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд тухайн объектын шууд өмнө байрлуулна.

4.6.26. 5.25 “Километрийн заалт” тэмдгийг тухайн замын эхнээс уг тэмдгийн байрласан газар хүртэлх зайг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд 1 км тутамд байрлуулна.

Тусгаарлах зурвастай замд 5.25 тэмдгийг тусгаарлах зурвасын голоор, эсвэл хөдөлгөөний чиг тус бүрт зориулан замын баруун гар талаар байрлуулна.

Тусгаарлах зурвасгүй, дөрөв хүртэл эгнээтэй замд 5.25 тэмдгийг замын зөвхөн нэг талаар байрлуулна. Замын хоёр талын хөдөлгөөний чигүүдэд зориулагдсан 5.25 хоёр ширхэг тэмдгийг нэг тулгуур (шон) дээр байрлуулж болно. Энэ тохиолдолд хоёр тэмдгийг хөдөлгөөний тухайн чиг тус бүр рүү хандуулан нэг нэгийнх нь ард буюу эсвэл хооронд нь 60 градусаас ихгүй өнцөг үүсгэн байрлуулна.

Тусгаарлах зурвасгүй, тав буюу түүнээс олон эгнээтэй замд 5.25 тэмдгийг хөдөлгөөний чиг тус бүрт зориулан замын баруун гар талаар байрлуулна.           

4.6.27. 5.26.а, 5.26.б “Чиглэлийн дугаар” тэмдгүүдийг тухайн зам (чиглэл)-ын батлагдсан дугаарыг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.26.а тэмдгийг тухайн зам (чиглэл)-ын эхэнд болон 10 км-ээс 15 км тутамд давтан байрлуулна. 5.26.б тэмдгийг уулзварын өмнө байрлуулна.

4.6.28. 5.27.а “Тойрч гарах бүдүүвч” тэмдгийг хөдөлгөөн нь түр хаагдсан замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд тухайн чиглэл эхлэх уулзварын өмнө, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м, суурин газарт 50 м-ээс 100 м зайд байрлуулна.

4.6.29. 5.27.б, 5.27.в “Тойрч гарах бүдүүвч” тэмдгүүдийг тусгаарлах зурвастай замд хөдөлгөөн нь түр хаагдсан зорчих хэсгийг эсрэг талын зорчих хэсгээр тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг урьдчилан мэдээлэхэд хэрэглэнэ.

5.27.б тэмдгийг тусгаарлах зурвасын эсрэг талын зорчих хэсэг рүү орох тасархай хэсгээс 50 м-ээс 100 м-ийн өмнө байрлуулах бөгөөд түүнээс гадна суурин газрын гаднах замд 6.1.а нэмэлт тэмдгийн хамт 500 м-ийн өмнө урьдчилан (хувилж) байрлуулна.

5.27.в тэмдгийг тусгаарлах зурвас дээр, баруун гар талын зорчих хэсэг рүү орох тасархай хэсгээс 50 м-ээс 100 м-ийн өмнө байрлуулна.

4.6.30. 5.28.а-5.28.в “Тойрох чиг” тэмдгүүдийг хөдөлгөөн нь түр хаагдсан замын хэсгийг тойрч гарах чиглэлийн дагуу явах чигийг мэдээлэхэд хэрэглэнэ.

Эдгээр тэмдгийг тойрч гарах чиглэл эхлэх уулзварын шууд өмнө байрлуулахаас гадна уг чиглэлийн дагуух уулзвар бүрийн шууд өмнө байрлуулна.

4.6.31. 5.29 “Зогс-шугам” тэмдгийг хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг газарт тээврийн хэрэгслийн зогсох газрыг заахад хэрэглэнэ. Түүнчлэн төмөр замын гэрлэн дохионы зохицуулгагүй гармын өмнө тээврийн хэрэгслийн зогсох газрыг заахад хэрэглэж болно.

5.29 тэмдгийг замын баруун гар талд буюу эсвэл зорчих хэсгийн дээр байрлуулна. Зорчих хэсгийн дээр байрлуулахдаа эгнээ тус бүрийн харалдаа байрлуулж болно.

Хэрэв 5.29 тэмдгийг дангаар нь (7.11 тэмдэглэлгүйгээр) хэрэглэх бол уг тэмдгээс тухайн гэрлэн дохио буюу гармын хаалт, эсвэл төмөр зам хүртэл байрлуулах зайг энэхүү стандартын 5.2.13 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно.

7.11 тэмдэглэлийн утгыг давхар илэрхийлэх зорилгоор 5.29 тэмдгийг хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд уг тэмдэглэлтэй нэг хөндлөн огтлолд байрлуулна.

4.6.32. 5.30 “Хороолол” тэмдгийг «Замын хөдөлгөөний дүрэм»-д тусгагдсан хорооллын доторхи хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагатай нутаг дэвсгэрийг мэдээлэхэд хэрэглэх бөгөөд уг хорооллын нутаг дэвсгэр рүү орох хэсэг бүрийн шууд өмнө байрлуулна.

4.6.33. 5.31 “Хорооллын төгсгөл” тэмдгийг 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлэхэд хэрэглэнэ.

5.31 тэмдгийг уг хорооллын нутаг дэвсгэрээс гарах хэсэг бүрийн шууд өмнө байрлуулах бөгөөд ингэхдээ 5.30 тэмдгийн ар талд байрлуулж болно.

4.6.34. 5.32 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал” тэмдгийг чиглэлийн тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус)-ийн түр зогсох цэг (буудал)-ийг заахад хэрэглэнэ.

5.32 тэмдгийг хоёр талтайгаар хийнэ. Харин суурин газрын гаднах, тусгаарлах зурвастай, явган зорчигчдын дагуу хөдөлгөөнгүй замын хэсэгт нэг талтай тэмдгийг хэрэглэж болно.

5.32 тэмдгийг зорчигч буулгах, суулгах талбайн эхлэлд байрлуулна. Харин буудал нь сүүдрэвчтэй бол 5.32 тэмдгийг уг сүүдрэвч дээр байрлуулж болох бөгөөд ингэхдээ уг сүүдрэвчийн булан (тээврийн хэрэгсэл ирэх зүг рүү хандсан)-гийн дээр байрлуулна.

Буудлын уртын хэмжээг тодруулах шаардлагын үүднээс 5.32 тэмдгийг 7.17 тэмдэглэл буюу 6.2.а нэмэлт тэмдгийн хамт хэрэглэж болно.

4.6.35. 5.33 “Таксийн зогсоол” тэмдгийг суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолыг заахад хэрэглэнэ.

5.33 тэмдгийг хоёр талтайгаар хийнэ. Зогсоолын уртын хэмжээг тодруулах шаардлагын үүднээс 5.33 тэмдгийг 7.17 тэмдэглэл буюу 6.2.а нэмэлт тэмдгийн хамт хэрэглэж болно.

4.6.36. 5.34 “Хүн эмнэлэг”, 5.35 “Шатахуун түгээгүүр”, 5.36 “Техникийн үйлчилгээний газар”, 5.37 “Автомашины угаалга”, 5.38 “Телефон”, 5.39 “Хоолны газар”, 5.40 “Худаг ус”, 5.41 “Зочид буудал”, 5.42 “Жуулчны байр”, 5.43 “Хот айл”, 5.44 “Амрах газар”, 5.45 “Замын цагдаагийн харуул” тэмдгүүдийг хөдөлгөөнд оролцогчдод тухайн объектуудын байршил болон тэдгээрийн талаар зарим нэг тодорхой мэдээллийг өгөх зорилгоор хэрэглэнэ.

Эдгээр тэмдгийг тухайн объектын шууд өмнө (дэргэд) байрлуулна.

Түүнээс гадна суурин газрын гаднах замд тухайн объектоос 400 м-ээс 800 м-ийн өмнө, мөн шаардлагатай тохиолдолд 15 км-ээс 20 км болон 60 км-ээс 80 км-ийн өмнө, түүнчлэн тухайн объект нь замын хажуугаас зайдуу оршиж байвал түүн рүү эргэх хэсэг (уулзвар, гарц)-ийн шууд өмнө урьдчилан (хувилж) байрлуулна. Ингэхдээ тухайн объект хүртэлх зайг тэмдгийн доод хэсэгт заана. Урьдчилан байрлуулах тэмдгүүдэд объект хүртэлх зайг заахдаа хэрэв уг объект нь замын хажуугаас зайдуу оршиж байвал түүн рүү эргэх газраас тухайн объект хүртэлх зайг (замаас алслагдсан зайг) оролцуулан тооцно.

Суурин газарт эдгээр тэмдгийг тухайн объектоос 100 м-ээс 150 м-ийн өмнө болон уг объект руу эргэх газар (уулзвар, гарц)-ын шууд өмнө урьдчилан (хувилж) байрлуулж болох бөгөөд ингэхдээ тухайн объект хүртэлх зайг тэмдгийн доод хэсэгт мөн заана.

Хэрэв тэмдгийн доод хэсэгт тухайн объектын талаархи бусад мэдээлэл (хаяг, утасны дугаар гэх мэт)-ийг тэмдэглэсэн бол объект хүртэлх зай болон ажиллах цагийг нэмэлт тэмдгээр заана.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»