МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

5. ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

5.2. Хэвтээ тэмдэглэл

5.2.1. Хэвтээ тэмдэглэлд хамаарах шугам, сум, бичлэг болон бусад тэмдэглэгээнүүдийг энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд замын хучилт дээр хийнэ.

5.2.2. Хэвтээ тэмдэглэлийг суурин газрын төв гудамж замууд болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг бусад замд хэрэглэнэ. Харин суурин газрын гаднах замд зорчих хэсгийн өргөн нь 6 м буюу түүнээс илүү, хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 автомашинаас их замд хэрэглэнэ.

Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардагдаж байвал хэвтээ тэмдэглэлийг бусад замд ч хэрэглэж болно.

5.2.3. 7.1 тэмдэглэлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

1) Эсрэг хөдөлгөөнтэй хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замын дараахь хэсгүүдэд эсрэг урсгалыг тусгаарлахын тулд /тэнхлэгийн шугам/:

- өөдөөс ирж яваа автомашины бодит үзэгдэлтийн зай нь зөвшөөрөгдсөн хэмжээ (1 дүгээр хүснэгтэд тусгагдсан)-нээс бага болсон (А ба А1) хэсгүүд нэг нэгэнтэйгээ давхцаж байгаа (В) хэсэгт (D хавсралтын 2.1.а зураг);

Тайлбар: Үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэгт үзэгдэлтийн зай нь зөвшөөрөгдсөн хэмжээ (1 дүгээр хүснэгтэд тусгагдсан)-нээс бага байх хоёр хэсэг байж болох бөгөөд нэг нь хөдөлгөөний тухайн чигийн дагуу ажиглах хэсэг, нөгөө нь эсрэг талаас ажиглах хэсэг байна.

- 50 м-ээс бага радиустай огцом эргэлтийн нийт үргэлжлэх хэсэг дээр болон түүний араас залгасан тахир хэсгүүдэд. Энэ тохиолдолд зам нь хоёр эгнээтэй бол 7.1 тэмдэглэлийг тавихдаа эргэлтийн дотор талын эгнээний өргөнийг гадна талынхад нь харьцуулсан харьцаа 4 дүгээр хүснэгтэд нийцсэн байхаар эгнээг хуваарилна. Харин гурван эгнээтэй бол уг харьцааг захын эгнээнүүдэд баримтлах бөгөөд энэ тохиолдолд дунд эгнээг тусгаарлах зурвас шиг буюу эсвэл эргэлтийн гадна талын эгнээний хөдөлгөөний чигийн дагуу урсгалтай байхаар ашиглана;

 

4 дүгээр хүснэгт

Зорчих хэсгийн эргэлтийн дотор талын захын радиус [м]

10-15

15-20

20-30

30-50

50-аас илүү

Эргэлтийн дотор талын эгнээний өргөнийг гадна талынхад харьцуулсан харьцаа

1.4

1.3

1.2

1.1

1

 

- хөндлөн замын хөдөлгөөний эрчим нь хоногт 50 автомашин буюу түүнээс их байдаг уулзвар (гарц)-ын өмнө. Энэ тохиолдолд 7.1 тэмдэглэлийг зорчих хэсгийн тухайн огтлолцол хүртэл 20 [40]* м-ээс багагүй урттайгаар тэмдэглэнэ (D хавсралтын 2.2 дугаар зураг);

_____________________

*- ийм бичиглэлийн эхний тоог хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурд нь цагт 60 км буюу түүнээс бага, хоёр дахь (дөрвөлжин хаалт доторхи) тоог хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурд нь цагт 60 км-ээс их байдаг зам дээр хийгдэх тэмдэглэлд хамаатуулж ойлгоно.

 

- төмөр замын гармын өмнө, эхний төмөр зам хүртэл 100 м урттайгаар;

- өөдөөс ирж яваа автомашины үзэгдэлтийн зай нь 1 дүгээр хүснэгтэд тусгагдсан шаардлагыг хангахгүй замын хэсэгт;

- эгнээний хилд 0.3 м ойрхон байрласан саад (гүүрийн тулгуур, аюулгүйн арал, хашлага гэх мэт)-ын өмнө, эсвэл нарийссан эгнээний өмнө, түүнчлэн тухайн чигт эгнээний тоо цөөрч байгаа хэсгийн өмнө зорчих хэсгийн тэнхлэгт 1:20 [1:50]-ээс илүүгүй налуутайгаар /шилжилтийн шугам/. Шилжилтийн шугамын эхлэлийн өмнө мөн 7.1 тэмдэглэлийг зорчих хэсгийн тэнхлэгт параллель 20 [40] м урттайгаар тавина (D хавсралтын 2.3 дугаар зураг);

- явган хүний гарц болон унадаг дугуйн замын огтлолцлын өмнө 20 [40] м урттайгаар;

- эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын хэсэгт эсрэг урсгалуудын эгнээний тоог 2:1 буюу 1:2 харьцаатайгаар хуваарилахын тулд. Энэ тохиолдолд тухайн эгнээний тоон харьцаатай замын хэсгийн үргэлжлэх зайг тодорхойлохдоо замын хотгор гүдгэр, эргэлт тойруу, тээврийн хэрэгслүүдийн гүйцэж түрүүлэх боломж, уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөний зохион байгуулалт зэргийг харгалзан тооцно.

2) Нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын дараахь хэсгүүдэд эгнээний хилийг тэмдэглэхдээ:

- уулзвар, явган хүний гарц, төмөр замын гармын өмнө 7.11 буюу 7.12 тэмдэглэл хүртэл 20 [40] м-ээс багагүй урттайгаар (D хавсралтын 2.4, 2.5, 2.10, 2.11 дүгээр зураг);

- зорчих хэсэг дээр унадаг дугуйн хөдөлгөөнд зориулагдсан эгнээг тусгаарлах шаардлагатай тохиолдолд.

3) Зорчих хэсгийн орохыг хориглосон хэсэг (аюулгүйн болон чиглүүлэгч арал, аюулгүйн зурвас гэх мэт)-ийн хилийг тэмдэглэхийн тулд (D хавсралтын 2.6 дугаар зураг).

4) Зогсоолын талбай буюу явган хүний зам дагуух зогсоол дээр тээврийн хэрэгслүүдийн зогсох байршлын хилийг тэмдэглэхийн тулд (D хавсралтын 2.7 дугаар зураг). Зогсох байршлын хилийг тэмдэглэхдээ зорчих хэсгийн зах буюу зогсоолын талбайн захыг дагуулан автомашинуудыг цувуулан зогсоох нэгж талбайн хамгийн бага хэмжээг суудлын автомашины хувьд 2.5 м х 7.5 м, чиргүүлгүй ачааны автомашины хувьд 3 м х 10 м, харин автомашинуудыг зэрэгцүүлэн (нэг нэгэнтэйгээ параллель) зогсоох нэгж талбайн хамгийн бага хэмжээг суудлын автомашины хувьд 2.5 м х 5 м, чиргүүлгүй ачааны автомашины хувьд 3 м х 8.5 м байхаар тогтооно.

5.2.4. 7.2 тэмдэглэлийг зорчих хэсэг нь 6.5 м-ээс өргөн замд болон түүнчлэн 5.1 “Тууш зам” тэмдгээр тэмдэглэгдсэн замд зорчих хэсгийн захыг тэмдэглэхэд хэрэглэнэ /захын шугам/ (D хавсралтын 2.7, 2.8, 2.9 дүгээр зураг).

Хашлагатай зам (тууш замаас бусад)-д шаардлагагүй гэж үзвэл (замын аюул бүхий хэсгээс бусад хэсэгт) захын шугам тавихгүй байж болно.

5.2.5. 7.3 тэмдэглэлийг эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалыг тусгаарлахад хэрэглэнэ /тэнхлэгийн шугам/ (D хавсралтын 2.4, 2.10 дугаар зураг).

5.2.6. 7.4 тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн түр буюу удаан зогсолтыг хориглосон замын хэсгийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.7 дугаар зураг).

Энэ тэмдэглэлийг зорчих хэсгийн ирмэгээс 0.1 м-ээс 0.2 м зайд буюу эсвэл хашлага дээр хийнэ.

5.2.7. 7.5 тэмдэглэлийг дараахь зорилгоор хэрэглэнэ:

- энэхүү стандартын 5.2.3.1 ба 5.2.12.1 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд эсрэг хөдөлгөөнтэй хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалыг тусгаарлахын тулд /тэнхлэгийн шугам/ (D хавсралтын 2.1, 2.7, 2.8 дугаар зураг);

- энэхүү стандартын 5.2.3.2 ба 5.2.12.2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг тэмдэглэхийн тулд (D хавсралтын 2.4, 2.5, 2.9, 2.10 дугаар зураг).

5.2.8. 7.6 тэмдэглэлийг хөдөлгөөний дагуу (D хавсралтын 2.4, 2.5, 2.10, 2.11.а зураг) буюу эсрэг (D хавсралтын 2.1, 2.2, 2.3, 2.11.б,в зураг) урсгалыг тусгаарласан 7.1 буюу 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулахад хэрэглэх /ойртолтын шугам/ бөгөөд эдгээр тэмдэглэлийн өмнө 50 [100] м-ээс багагүй урттайгаар тэмдэглэнэ.

5.2.9. 7.7 тэмдэглэлийг уулзвар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний траекторыг заах зорилгоор тухайн уулзвар дээрх хөдөлгөөний эгнээний хилийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.4, 2.5 дугаар зураг).

5.2.10. 7.8 тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн хурд авах буюу хурд хасах эгнээг зорчих хэсгийн үндсэн эгнээнээс тусгаарласан хилийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.9 дүгээр зураг). Тэмдэглэлийн өргөн нь тууш замд 0.4 м, бусад замд 0.2 м байна.

5.2.11. 7.9 тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн удаан зогсолтыг хориглосон замын хэсгийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.7 дугаар зураг).

Энэ тэмдэглэлийг зорчих хэсгийн ирмэгээс 0.1 м-ээс 0.2 м зайд буюу эсвэл хашлага дээр хийнэ.

5.2.12. 7.10 тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн эгнээ, байр шилжих хөдөлгөөнийг хориглох шаардлагатай замын хэсэгт хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарлахад хэрэглэнэ. Үүнд:

1) Хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах /тэнхлэгийн шугам/ 7.10 тэмдэглэлийг эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд, өөдөөс ирж яваа автомашины бодит үзэгдэлтийн зай нь зөвшөөрөгдсөн хэмжээ (1 дүгээр хүснэгтэд тусгагдсан)-нээс бага болсон (А ба А1) хэсгүүдийн нэг нэгэнтэйгээ давхцаагүй хэсэгт тэмдэглэнэ (D хавсралтын 2.1.а,б зураг). Энэ тохиолдолд 7.10 тэмдэглэлийн үргэлжилсэн шугамтай тал нь үзэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага болсон хөдөлгөөний урсгал талд байрласан байна.

Мөн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах /тэнхлэгийн шугам/ 7.10 тэмдэглэлийг 7.1 тэмдэглэлийн оронд, төмөр замын гармын өмнө 7.11 “Зогс-шугам” тэмдэглэл хүртэл 100 м урттайгаар (D хавсралтын 2.11.б,в зураг), түүнчлэн хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 автомашинаас бага байдаг замын хэсэг дэх явган хүний гарц, унадаг дугуйн замын огтлолцол, уулзвар, гарцын өмнө 20 [40] м-ээс багагүй урттайгаар тавьж хэрэглэж болно. Энэ тохиолдолд 7.10 тэмдэглэлийн үргэлжилсэн шугамтай тал нь дээр заагдсан замын хэсэг рүү чиглэсэн хөдөлгөөний урсгал талд байрласан байна.

Мөн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах /тэнхлэгийн шугам/ 7.10 тэмдэглэлийг уулзвар, гарц дээр зөвхөн аль нэг талын урсгалаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрсөн хөдөлгөөнийг зохион байгуулахад, түүнчлэн эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын хэсэгт буцаж эргэхэд зориулсан газрыг тэмдэглэх зорилгоор 7.3 тэмдэглэлийн оронд хэрэглэж болно.

2) Хөдөлгөөний дагуу урсгалыг тусгаарлах 7.10 тэмдэглэлийг дараахь замын хэсэгт тавьж хэрэглэнэ:

- хөдөлгөөний тухайн чигийн дагуу хоёр эгнээгээр өгсдөг замын хэсэгт өгсүүрийн орой хүртэл 50 м-ээс багагүй, өгсүүрийн оройгоос цааш 30 м-ээс багагүй урттайгаар. Ингэхдээ 7.10 тэмдэглэлийн үргэлжилсэн шугамтай талыг баруун гар талын эгнээ талд байрлуулна;

- хөдөлгөөний чигийн дагуух аль нэг зэргэлдээ эгнээ рүү баруун буюу зүүн гар тийш байр эзлэх (шилжих) боломжийг хаах, түүнчлэн гарцаар замаас гарах ба зам руу орох хэсгийг тусгаарлан ялгаж тэмдэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд (D хавсралтын 2.5, 2.7, 2.8 дугаар зураг).

7.10 тэмдэглэлийн тасархай шугамын нэг зураасын урт болон тэдгээрийн хоорондын зай нь уг тэмдэглэл рүү ойртож буйг анхааруулсан 7.6 тэмдэглэлийнхтэй адил байх бөгөөд харин 7.6 тэмдэглэлээр анхааруулаагүй бол зураасын уртыг 0.9 м, тэдгээрийн хоорондын зайг 0.3 м байхаар багасгаж болно.

5.2.13. 7.11 “Зогс-шугам” тэмдэглэлийг хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг газарт болон 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдэгтэй огтлолцлын өмнө, түүнчлэн төмөр замын гармын өмнө хэрэглэнэ (D хавсралтын 2.2, 2.4, 2.10, 2.11 дүгээр зураг).

Хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг газарт 7.11 тэмдэглэлийг тавихдаа уг тэмдэглэлийн өмнө зогссон тээврийн хэрэгслийн жолоочид тухайн гэрэл дохионы үзэгдэлт хангагдсан байх нөхцөлийг харгалзана. Ингэхдээ 7.11 тэмдэглэлээс зорчих хэсгийн дээр байрласан гэрлэн дохио хүртэлх зай 10 м-ээс 20 м, зорчих хэсгийн хажууд байрласан гэрлэн дохио хүртэлх зай 3 м-ээс 5 м байвал зохино (D хавсралтын 3.2 дугаар зураг).

7.11 тэмдэглэлийг явган хүний гарцын өмнө тавихдаа түүнээс 1 м-ээс багагүй зайд тэмдэглэнэ (D хавсралтын 2.10 дугаар зураг).

7.11 тэмдэглэлийг 3.5 тэмдэг бүхий огтлолцлын өмнө тавихдаа зорчих хэсгүүдийн огтлолцлын хилээс 1 м-ээс холгүй зайд тэмдэглэнэ.

Төмөр замын гармын өмнө 7.11 тэмдэглэлийг тавихдаа гармын хаалт буюу гэрлэн дохионоос 5 м зайд, эдгээр нь байхгүй бол төмөр зам хүртэл 10 м зайд 3.5 тэмдгийн харалдаа тэмдэглэнэ (D хавсралтын 2.11 дүгээр зураг).

5.2.14. 7.12 тэмдэглэлийг 3.4 “Зам тавьж өгнө” тэмдэгтэй замын хэсэгт тээврийн хэрэгслийн зогсох газрыг заахад хэрэглэх бөгөөд зорчих хэсгүүдийн огтлолцлын хилд аль болох ойр тэмдэглэнэ (D хавсралтын 2.5 дугаар зураг).

5.2.15. 7.11 ба 7.12 тэмдэглэлийг зорчих хэсгийн тухайн чигийн урсгалын нийт өргөнөөр тавихаас гадна эгнээ тус бүрд тусгайлан тавьж болно. Эдгээр тэмдэглэлийг эгнээний голчтой тэгш өнцөг үүсгэж тэмдэглэнэ (D хавсралтын 2.2, 2.4, 2.5 дугаар зураг).

5.2.16. 7.13.а, 7.13.б “Явган хүний гарц” тэмдэглэлүүдийг явган зорчигч зорчих хэсгээр хөндлөн гарах газрыг тэмдэглэхэд хэрэглэнэ. Гэрлэн дохионы зохицуулгатай явган хүний гарцыг 7.13.б тэмдэглэлээр (D хавсралтын 2.4, 2.10 дугаар зураг), зохицуулдаггүй гарцыг 7.13.а тэмдэглэлээр (D хавсралтын 2.2 дугаар зураг) тэмдэглэнэ.

Явган хүний гарцын өргөнийг явган зорчигчдын хөдөлгөөний эрчмийг харгалзан, цагт 500 явган зорчигч нэвтрэхэд 1 м-ийн өргөн ногдохоор тооцоолж тогтооно. Гэхдээ MNS 4759:2003 стандартад зааснаас багагүй өргөнтэй байна.

Явган хүний зохицуулдаггүй гарцыг 6 м-ээс илүү өргөнтэйгөөр тэмдэглэх бол 7.13.а тэмдэглэл нь явган зорчигчийн хөдөлгөөний чигийг заасан нэмэгдэл суман тэмдэглэлтэй байна (D хавсралтын 2.2 дугаар зураг).

7.13.а тэмдэглэлийн зураасууд нь зорчих хэсгийн тэнхлэгтэй параллель, 7.13.б тэмдэглэлийн зураасууд нь зорчих хэсгийн тэнхлэгт перпендикуляр байна. Тухайн явган хүний гарц нь бүхэл хэлбэрээрээ зорчих хэсгийн тэнхлэгт 90°-аас өөр өнцөг үүсгэн огтлолцож байсан ч 7.13.а тэмдэглэлийн зураасуудыг зорчих хэсгийн тэнхлэгтэй параллель тэмдэглэнэ (D хавсралтын 2.2 дугаар зураг). Харин энэ тохиолдолд 7.13.б тэмдэглэлийн зураасуудыг зорчих хэсгийн тэнхлэгтэй уг өнцгийг үүсгэж тэмдэглэнэ (D хавсралтын 2.4 дүгээр зураг).

5.2.17. 7.14 “Аюулгүйн зурвас” тэмдэглэлийг гэрлэн дохионы зохицуулгатай явган хүний гарц (7.13.б тэмдэглэлээр тэмдэглэгдсэн)-аар зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигч дараагийн зөвшөөрөх дохиог хүлээж зогсох газрыг тэмдэглэхэд хэрэглэх бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалуудын зааг (зорчих хэсгийн тэнхлэг) дээр тавина (D хавсралтын 2.4, 2.10 дугаар зураг).

7.14 тэмдэглэлийг эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээтэй зорчих хэсэгт, хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 ба түүнээс олон тээврийн хэрэгсэлтэй үед, мөн хөдөлгөөний тухайн нөхцөл байдал шаардсан бусад тохиолдолд хэрэглэнэ.

7.14 тэмдэглэлийн хилийг 7.1 үргэлжилсэн шугамаар хүрээлж талбайг нь зэрэгцээ ташуу шугамуудаар (7.16.а тэмдэглэлийн адил) тэмдэглэх бөгөөд шугамуудын ташилт нь уг тэмдэглэлээс тээврийн хэрэгслийн холдох чигийг заана. 7.14 тэмдэглэлээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг холдуулах зорилгоор уг тэмдэглэлийн үзүүрүүдийн өмнө 7.16.а тэмдэглэлээр урсгал тусгаарласан зай гаргаж болно. Уг зай нь талбай багатай тэмдэглэгдэх бол түүнийг нэлэнхүйд нь будаж тэмдэглэж болно (D хавсралтын 2.10 дугаар зураг).

7.14 тэмдэглэлийн урт нь тухайн гарцын өргөнтэй тэнцүү байна. Тухайн явган хүний гарц нь зорчих хэсгийн тэнхлэгт 90°-аас өөр өнцөг үүсгэн огтлолцож байсан ч 7.14 тэмдэглэлийг зорчих хэсгийн тэнхлэгтэй параллель тэмдэглэнэ (D хавсралтын 2.4 дүгээр зураг).

5.2.18. 7.15 тэмдэглэлийг унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон бэлчрийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.5 дугаар зураг).

7.15 тэмдэглэлийн дотоод өргөн (хоёр талын цувраа тэгш өнцөгтүүдийн эгнээ хоорондын зай) нь унадаг дугуйн замын өргөнтэй тэнцүү байна.

5.2.19. 7.16.а-7.16.в тэмдэглэлүүдийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг тусгаарласан чиглүүлэгч арлыг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.5, 2.6, 2.8, 2.9 дүгээр зураг).

7.16.а тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах газарт, 7.16.б тэмдэглэлийг хөдөлгөөний нэг чигийн урсгал салах газарт, 7.16.в тэмдэглэлийг хөдөлгөөний урсгал нийлэх газарт тус тус хэрэглэнэ (D хавсралтын 2.6 дугаар зураг). Тэмдэглэлийн зэрэгцээ ташуу шугамуудын ташилт нь уг тэмдэглэлээс тээврийн хэрэгслийн холдох чигт нийцсэн байна. Тэмдэглэлийн хилийг 7.1 шугамаар тэмдэглэнэ.

Том хэмжээний талбайтай арал дээр 7.16.а-7.16.в тэмдэглэлийг арлын үзүүр хэсгүүд дээр болон арлын хилээс дотогш 1 м-ээс багагүй хүрээг хамруулан тэмдэглэж болно (D хавсралтын 2.6 дугаар зураг). Арлын тухайн нэг хэсгийн тэмдэглэл нь гурваас цөөнгүй зураастай байна. Бага хэмжээний талбайтай арлыг нэлэнхүйд нь будаж тэмдэглэж болно (D хавсралтын 2.5, 2.10 дугаар зураг).

5.2.20. 7.17 тэмдэглэлийг чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу таксийн зогсоол (замын үндсэн зорчих хэсгээс тусдаа талбайтайгаас бусад)-ыг тэмдэглэхэд хэрэглэнэ. 7.17 тэмдэглэлийн үйлчлэх хүрээний уртыг нэгэн зэрэг зогсох тээврийн хэрэгслийн тоогоор тодорхойлох бөгөөд ингэхдээ зорчигчдын буух, суух (хүлээлгийн) талбайгаас багагүй урттай байхаар тогтооно.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлыг тэмдэглэх 7.17 тэмдэглэлийг 5.32 тэмдэгтэй, харин таксийн зогсоолыг тэмдэглэх 7.17 тэмдэглэлийг 5.33 тэмдэгтэй хамтруулан хэрэглэнэ.

5.2.21. 7.18 “Чиг заагч сум” тэмдэглэлийг тухайн эгнээнээс уулзвар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заахад хэрэглэнэ (D хавсралтын 2.4, 2.5, 2.9 дүгээр зураг).

Ингэхдээ 2 [3] буюу түүнээс олон сумыг хооронд нь 20 м-ээс 30 м хүртэл зайтайгаар дараалуулан давтан тавина. Уулзварт хамгийн ойр тавигдах сумны суурь нь хөдөлгөөний дагуу урсгалыг тусгаарласан 7.1 тэмдэглэлийн эхлэлтэй чацуу байна.

5.2.22. 7.19 “Чиглүүлэгч сум” тэмдэглэлийг эгнээний төгсгөлд ойртож байгааг анхааруулахад хэрэглэх (D хавсралтын 2.3, 2.5 дугаар зураг) буюу эсвэл 7.6 тэмдэглэлтэй хослуулан замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсгийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарласан 7.1 буюу 7.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулахад хэрэглэнэ (D хавсралтын 2.1.а,б, 2.11.б,в зураг).

Ингэхдээ 2 [3] буюу түүнээс олон сумыг хооронд нь 15 м, 30 м, 45 м гэх мэт [30 м, 60 м, 90 м гэх мэт] зайтайгаар дараалуулан давтан тавина. Энэ зайг хөдөлгөөний чигийн дагуух хамгийн сүүлийн сумны сууриас эхэлж эсрэг тийш хэмжинэ. Харин тэрхүү сүүлийн сумны сууриас тухайн шилжилтийн шугамын эхлэл буюу хурд авах эгнээний төгсгөлийн нарийсалт эхлэх хүртэлх зай 20 [40] м байвал зохино (D хавсралтын 2.3 дугаар зураг). Өөрөөр хэлбэл сүүлийн сумны суурь нь шилжилтийн шугамын өмнө тавигдсан 7.1 тэмдэглэлийн эхлэлтэй харалдаа байвал зохино.

5.2.23. 7.20 тэмдэглэлийг 7.12 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулах зорилгоор, хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 автомашинаас илүү байдаг замд хэрэглэх бөгөөд эгнээ тус бүрт тавина.

7.20 тэмдэглэлийн гурвалжингийн сууринаас 7.12 тэмдэглэл хүртэлх зай 2 м-ээс 10 м [10 м-ээс 25 м] байвал зохино (D хавсралтын 2.5 дугаар зураг).

5.2.24. 7.21 “Зогс-бичлэг” тэмдэглэлийг 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдэг бүхий 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулах зорилгоор, хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 автомашинаас илүү байдаг замд хэрэглэх бөгөөд эгнээ тус бүрт тавина.

7.21 тэмдэглэлээс 7.11 тэмдэглэл хүртэлх зай 2 м-ээс 10 м [10 м-ээс 25 м] байвал зохино (D хавсралтын 2.2 дугаар зураг).

5.2.25. 7.22 тэмдэглэлийг тухайн зам (чиглэл)-ын батлагдсан дугаарыг мэдээлэх зорилгоор, хөдөлгөөний эрчим нь хоногт 3000 автомашинаас илүү байдаг замд хэрэглэнэ.

7.22 тэмдэглэлийг тухайн зам (чиглэл)-ын чиг өөрчлөгдөж байгаа уулзварын өмнө болон цаана хөдөлгөөний чигийн дагуух эгнээ тус бүрийн голд тавина.

7.22 тэмдэглэлийг уулзварын өмнө буюу хурд хасах эгнээний эхлэлд 7.18 тэмдэглэлийн хамт хэрэглэнэ. Энэ тохиолдолд 7.22 тэмдэглэлийн оройгоос 7.18 тэмдэглэлийн суурь хүртэлх зай 1 м-ээс 5 м байна (D хавсралтын 2.9 дүгээр зураг). Хэрэв уулзварын өмнөх тухайн эгнээ дээр тавигдсан 7.18 тэмдэглэлийн сум нь хөдөлгөөний хэд хэдэн чигийг зааж байвал 7.22 тэмдэглэлийг тухайн дугаар бүхий зам (чиглэл) руу хажуу тийш заасан 7.18 сумны толгойн доор жижиг хэмжээтэй шрифтээр тэмдэглэнэ.

5.2.26. MNS 4759:2003 стандартад тусгагдаагүй боловч хөдөлгөөнд оролцогчдод нэмэлт мэдээлэл өгөх ач холбогдолтой, хөдөлгөөний горимд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй (суурин газар буюу жуулчны объектын нэр гэх мэт) бичлэгэн тэмдэглэл зорчих хэсэг дээр хийж болох бөгөөд ингэхдээ үсгийн өндрийг 1.6 м [4 м] байхаар тэмдэглэнэ. Мөн уг бичиглэлийг MNS 4759:2003 стандартад заасан шрифтийн дагуу гүйцэтгэнэ. Бичиглэлийн урт нь эгнээний өргөнөөс илүү гарахаар байвал шрифтийн хэмжээг багасгаж болох бөгөөд гэхдээ заасан хэмжээнээс хоёр дахинаас илүү багасгаж болохгүй.

5.2.27. 7.1-7.3, 7.14, 7.16.а-7.16.в тэмдэглэлүүдийг тээврийн хэрэгсэл давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн газарт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орж хөдөлгөөнөө эхлэхийн тулд 7.2 тэмдэглэлийг давж болно.

7.5-7.8 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.

7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй.

Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн 7.18 тэмдэглэл бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө.

Замын тухайн хэсэгт байрлуулсан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал жолооч тэмдгийн заалтыг баримтална.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»