МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

5. ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

5.3. Босоо тэмдэглэл

5.3.1. Босоо тэмдэглэлд хамаарах шугам, зураасан тэмдэглэгээнүүдийг замын байгууламж, тоног хэрэгслүүдийн овор хэмжээг тодотгох, тэдгээрийн үзэгдэлтийг сайжруулах зорилгоор замын хашлага, шон, хашилт, гүүрэн байгууламжийн тулгуур, хонгилын нүүрэн тал гэх мэт элементүүд дээр хийнэ.

5.3.2. 8.1 тэмдэглэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй тухайлбал, зорчих хэсгийн захад 1 м-ээс ойр зайд буюу замын хөвөөн дээр байрласан гүүрэн байгууламжийн тулгуур, ус дамжуулах хоолой, хонгилын нүүрэн талын багана, гэрэлтүүлгийн шон, хамгаалалтын хэрэгсэл зэрэг замын байгууламжийн босоо элементийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.12, 2.13 дугаар зураг).

8.1 тэмдэглэлийн ташуу зураасууд нь тухайн босоо элементээс зай барьж явах шаардлагатай тал руу уруудсан хэлбэртэй байна.

Босоо элементийн гадаргуу хэт өргөн байвал 8.1 тэмдэглэлийг зорчих хэсгийн захад ойр хэсэгт нь 0.5 м-ийн өргөнтэйгээр, хэт өндөр байвал тэмдэглэлийг 2 м-ийн өндөртэйгээр хийж болно.

5.3.3. 8.2 тэмдэглэлийг зорчих хэсгийн дээгүүр, замын гадаргуугаас 5 м-ээс өндөргүй байрласан гүүрэн байгууламж, хонгил зэргийн хөндлөн тулгуурын доод ирмэгийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Тэмдэглэлийг тухайн замын байгууламж руу чиглэсэн хөдөлгөөний эгнээ тус бүрийн харалдаа дээр голлуулж тавина (D хавсралтын 2.12 дугаар зураг).

8.2 тэмдэглэлийг тухайн замын дээгүүр хөндлөн байрласан элемент дээр уг байгууламж руу чиглэсэн хөдөлгөөний дагуух зорчих хэсгийн нийт өргөнийг хамруулан тавьж болно.

5.3.4. 8.1 буюу 8.2 тэмдэглэлийг тухайн байгууламжийн гадаргуу дээр шууд хийх боломжгүй бол тусгай самбар дээр хийж уг байгууламжийн гадаргууд бэхэлнэ.

5.3.5. 8.3 тэмдэглэлийг тусгаарлах зурвас, аюулгүйн арал буюу чиглүүлэгч арал дээр байрласан дугуй суурь (тумба)-ийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.14 дүгээр зураг).

Дотроосоо гэрэлтүүлэггүй суурийг тэмдэглэсэн 8.3 тэмдэглэлийн цагаан зураасны өргөний 2/3-ыг гэрэл ойлгогч будаг буюу хальсаар голлуулан бүрсэн байна.

5.3.6. 8.4 тэмдэглэлийг замын дагуу байрласан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.14 дүгээр зураг).

8.4 тэмдэглэлийн ташуу хар зураасны доод төгсгөл нь зорчих хэсэг тал руу чиглэсэн байна.

5.3.7. 8.5 тэмдэглэлийг замын шулуун хэсэгт байрласан хашилтын эхлэлийн 10 м-ээс багагүй урттай хэсгийн хажуу гадаргууг тэмдэглэхэд, мөн түүнчлэн 50 м-ээс бага радиус бүхий тохойролттой буюу эгц уруу, ганга жалгатай замын хэсгийн хашилтын хажуу гадаргууг уг аюул бүхий хэсгийн үргэлжлэх нийт уртаар нь тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.14 дүгээр зураг).

5.3.8. 8.6 тэмдэглэлийг энэхүү стандартын 5.3.7 дугаар зүйлд зааснаас бусад хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.14 дүгээр зураг).

5.3.9. Гэрэлтүүлэггүй замын хэсэг дэх 8.4-8.6 тэмдэглэлтэй хашилт болон чиглүүлэх хэрэгслүүд нь гэрэл ойлгогч элемент (товруу)-тэй байна. Эдгээр элементүүд нь хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талд улаан өнгөтэй, зүүн гар талд цагаан буюу шар (шар өнгө нь илүү нийцтэй) өнгөтэй байна. Гэрэл ойлгогч элементүүдийн нүүрэн тал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигт аль болох перпендикуляр байвал зохино.

5.3.10. 8.7 тэмдэглэлийг зорчих хэсгийн гадаргуугаас дээш өргөгдсөн аюулгүйн буюу чиглүүлэгч арлын зах, тусгаарлах зурвасын үзүүр буюу зорчих хэсэгт 1 м-ээс ойр зайд байрласан саадын дэргэдэх хашлага, түүнчлэн замын нарийссан хэсэг болон 50 м-ээс бага радиустай тохойрсон хэсэг, мөн бусад аюул бүхий хэсэг дэх замын хашлагыг тэмдэглэхэд хэрэглэнэ (D хавсралтын 2.13, 2.14 дүгээр зураг).

8.7 тэмдэглэлийн хар ба цагаан өнгийн зураасуудын уртын хэмжээ нь аюулгүйн буюу чиглүүлэгч арлын захын хувьд 0.2 м ба 0.4 м, харин хашлагын хувьд 0.5 м ба 1 м [1 м ба 2 м] байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»