АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.24
Хажуугийн салхитай
1.24 тэмдгийг уул даваа, өндөрлөг гүүр, далан, гол мөрний хавцал зэрэг газруудаар дайран гарсан замын хажуугаас хүчтэй салхилж болзошгүй хэсгийн өмнө байрлуулна.
Хажуугийн хүчтэй салхитай замын хэсэг нь хурд ихтэй яваа суудлын автомашин болон хоёр дугуйт тээврийн хэрэгслүүд, түүнчлэн овор ихтэй, ялангуяа хажуугийн талбай ихтэй автобус, бүрхүүлтэй ачааны автомашин, автокран гэх мэт тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд ихээхэн аюултай юм. Тухайлбал: 25 м/сек-ийн хурдтай салхи суудлын автомашины хажуу руу ойролцоогоор 2.5-3 кН хүчээр, автобусанд 16 кН-оос илүү хүчээр үйлчилнэ. Ийм хүч нь хурд ихтэй яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тогтворжилтыг алдагдуулах бөгөөд ялангуяа замын гадаргуу мөстсөн үед үл мэдэг сэржигнүүр салхи ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг хазайлгаж жолоодлогыг алдагдуулахад нөлөөлж чадах юм. Иймд 1.24 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хангалттай хэмжээнд хүртэл бууруулж тээврийн хэрэгслийнхээ тогтворжилтыг урьдаас хангах, мөн хажуугийн салхины үйлчлэлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг хазайвал жолооны хүрдээр нэн даруй засахад бэлэн байдалтай байх шаардлагатай. Хурд ихтэй яваа үед хөдөлгөөний чигийн өчүүхэн хазайлт ч тээврийн хэрэгслийг замаас гаргах буюу эсрэг урсгалд оруулах аюултайг анхаарвал зохино.