АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

 

 

1.28.а

1.28.б

1.28.в

Эргэх чиг

 

Замын эргэх радиус багатай тохойрсон хэсгүүд хэрэв үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт оршиж байвал жолоочид уг эргэлтийг урьдчилан баримжаалж эргэх чигээ зөв тодорхойлоход хүндрэлтэй нөхцөл бий болдог бөгөөд үүний улмаас жолооч замын тухайн хэсэгт гэнэт тулж ирэн огцом үйлдэл хийх, ялангуяа хөдөлгөөнөө эргэлтийн эсрэг чигт буюу эсвэл шулуун чигт үргэлжлүүлэн замаас гарах, эсрэг урсгалд орж өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг аюул осол гарч болзошгүй юм. Иймээс үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт оршиж буй замын огцом эргэлт нь хэрэв жолоочид эргэх чигээ тодорхойлоход хүндрэл учруулах нөхцөлтэй байвал замын тухайн тохойролтын эргэлтийн чигийг заах зорилгоор, өөрөөр хэлбэл тухайн зам аль чигт огцом эргэж байгааг жолоочид мэдэгдэх үүднээс 1.28.а ба 1.28.б тэмдгийг хэрэглэнэ.

1.28.а ба 1.28.б тэмдгийг хөдөлгөөний тухайн чигт эргэх үйлдэл гүйцэтгэх эгнээнүүдийн нийлбэр өргөний (нэг эгнээтэй бол уг эгнээний) голчийн үргэлжлэл дээр тохойролтын гадна талд байрлуулна. Ингэж байрлуулах нь тэмдгийн үзэгдэлтийг жолоочийн харах талбайн төв цэгт хандуулдгаас гадна тухайн зам шулуун чигт үргэлжлэхгүй болохыг давхар мэдээлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл энэ тэмдэг нь жолоочид огцом эргэлтийн чигийг зааж хөдөлгөөний баримжаа олгохоос гадна түүний шулуун чигийн хөдөлгөөнд «хаалт» болдог онцлогтой. Замын огцом эргэлт нь хэрэв нэлээд урт зайг хамран үргэлжилж байвал 1.28.а буюу 1.28.б тэмдгийг тухайн тохойролтын дагуу хэд хэдэн удаа цувруулан давтан тавьж болно.

Түүнээс гадна тойрох хөдөлгөөнтэй уулзварт нийлж буй замын тухайн чигийн эсрэг харалдаа 1.28.а тэмдгийг тойргийн төвийн арал дээр байрлуулна. Гэхдээ байнгын гэрэлтүүлэгтэй уулзварт байрлуулахгүй байж болно.

 

1.28.в тэмдгийг шулуун чигт нэвтэрч болзошгүй аюул бүхий Т-хэлбэрийн уулзвар болон замын салаалсан хэсэгт байрлуулна. Т-хэлбэрийн уулзварт байрлуулахдаа чигээрээ нэвтрэхгүй хөдөлгөөний эсрэг харалдаа, харин замын салаалсан хэсгийн хувьд зорчих хэсгүүдийн салж буй бэлчрийн цаана тавина.

 

1.28.а,б,в тэмдгүүдийг 1-2 метрийн өндөрт байрлуулна.

Мөн эдгээр тэмдгийг замын ажил хийгдэж буй газарт тухайн хашсан хэсгийг тойрч гарах чигийг заахад нэмэлт байдлаар хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийг хөдөлгөөн хашсан хаалт дээр байрлуулж болно.

 

««..Өмнөх хуудас

Үргэлжлэл бий..»»