АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.27
Бусад аюултай газар
Бусад анхааруулах тэмдгээр илэрхийлэх боломжгүй, тэдгээрийн анхааруулж байгаагаас өөр төрлийн аюул бүхий замын хэсгийг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.27 тэмдгийг хэрэглэнэ. Тухайлбал: Замын хашилт хамгаалалтгүй ганга жалга, цавчим эрэг, хадан хошуу, мөн гулсаж нурж болзошгүй хөвөө, цөмөрч болзошгүй мөсөн гарам, гол усны гаталга, балчиг намгархаг хөрстэй буюу байнгын манан будантай гэх мэт байгалийн тогтоц, орчны таагүй нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй газруудаар дайран гарсан замын хэсгийг энэ тэмдгээр анхааруулна. Мөн түүнчлэн замын зохион байгуулалтын онцлог болон тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сэрэмжлүүлбэл зохих, тухайлбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг албадан сааруулах зориулалт бүхий хиймэл бартаа, мөн зам дээр бий болсон саад, хөдөлгөөний түгжрэл, хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хорио цээрийн бүс зэргийг 1.27 тэмдгээр анхааруулж болно.
1.27 тэмдгийн утгыг тодруулах үүднээс тухайн анхааруулж буй аюулын шинж төлөвийг илтгэсэн дүрслэл буюу бичиглэл бүхий мэдээллийн чанартай нэмэлт тэмдгийг хамт байрлуулах нь зүйтэй юм. Ийм тэмдгийг ЗХД-ийн 1-р хавсралтын 22-р зүйлд заасны дагуу цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийх бөгөөд аюулын шинж төлөвийг илтгэсэн дүрслэл нь хялбар ойлгомжтой, бичиглэл нь товч тодорхой, богино үгээр (жишээ нь: «ганга жалга», «аюултай хөвөө», «намагтай», «манантай», «хөдөлгөөний түгжрэл» гэх мэтээр) илэрхийлэгдсэн байвал зохино. |
1.27 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж анхаарал сэрэмжээ дээшлүүлэн, тухайн аюулд зохицсон оновчтой арга хэмжээг урьдчилан авах шаардлагатай.