АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.26
Хонгил
Хонгил дотуур нэвтрэн гарсан замын хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.26 тэмдгийг гэрэлтүүлэггүй хонгил буюу эсвэл нүүрэн талын үзэгдэлтийн хамгийн их зай нь газрын байршлаас шалтгаалан 150 м-ээс бага байх хонгилын өмнө байрлуулж хэрэглэнэ.
Хэрэв хонгилын эхлэлээс түүний төгсгөл нь харагдахгүй байвал 1.26 тэмдгийг тухайн хонгилын эхлэлийн шууд өмнө 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдэгтэйгээр давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр хонгилын үргэлжлэх зайг заана. |
6.2.а |
1.26 тэмдгийн хэрэглэгдэх нөхцөлөөс харахад уг тэмдэг нь жолоочид гэрэлтүүлэггүй хонгил руу ойртож байгааг юмуу эсвэл замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт байрласан хонгилын ам руу ойртож байгааг анхааруулах хоёр утгыг агуулж байна. Иймээс 1.26 тэмдгийн үйлчлэлд жолооч дараахь хоёр зүйлийг анхаарах шаардлагатай:
а. Нарны хурц гэрэлтэй газраас харанхуй хонгил руу ороход нүдний харааны мэдрэхүйн чадвар түр хугацаагаар эрс мууддаг бөгөөд харанхуй орчинд уг чадвар эргэж сэргэх, харааны мэдрэхүйн эрхтэн дасах хүртэл нэлээд хэдэн секунд шаардагдаж болох юм. Энэ хугацаанд жолооч хөдөлгөөний баримжаа алдахаас гадна нэлээд урт замыг туулан өнгөрүүлэх боломжтой тул аюул осолд өртөх магадлал өндөр байна. Иймээс 1.26 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж, гэрэлтүүлэггүй хонгилд харааны мэдрэхүйн эрхтэн дасах хүртэл онц анхаарал болгоомжтой явбал зохино. Мөн тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг асааж явах шаардлагатай.
б. 1.26 тэмдгийн анхааруулж буй хонгилын нүүрэн тал нь замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт байрласан байж болох тул тухайн замын хэсгээр хурд ихтэй явах нь хонгилын амтай гэнэт тулгарч огцом үйлдэл хийхэд хүргэх, улмаар уг байгууламжийн нүүрэн талыг мөргөх зэрэг аюулд учруулж болзошгүй юм. Иймд 1.26 тэмдгийн үйлчлэлд жолооч аль болох хурд багатай явбал зохино. Дашрамд дурдахад хонгил дотор жолооч буцаж эргэх, ухрах, түр буюу удаан зогсох зэрэг үйлдэл хийх хориотойг анхаарах хэрэгтэй.