АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

1. Автомашинтай анхлан харьцахуй

 

Хамгаалах бүс зүүх дасгал

Тодорхой хурдтай яваа автомашин юм мөргөх буюу огцом тоормослох зэргээр гэнэт зогсвол дотор нь явсан хүн инерцийн хүчний үйлчлэлээр урагш шилжиж салхины шил юмуу бүхээг доторхи эд ангиудыг мөргөж хүнд бэртэл, гэмтэл авахаас гадна амь насаа ч алдаж болзошгүй бөгөөд амьдрал дээр олонтой тохиолддог энэхүү эмгэнэлт явдлаас сэргийлэх зорилгоор хамгаалах бүсийг зохион бүтээжээ. Зам тээврийн осолд орох үед дотор нь явсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аль болох бага бэртэж гэмтээхэд чиглэсэн олон техник хэрэгслүүдийг орчин үеийн автомашинд тоноглосон байдгийн дотроос хэрэглэхэд хамгийн энгийн мөртлөө үзүүлэх ач тус нь өндрөөр үнэлэгддэг хэрэгсэл бол хамгаалах бүс юм.

 

 

 

Хамгаалах бүс нь хэдийгээр зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэхгүй ч түүнээс үүдэн гарах эмгэнэлт үр дагаврыг 100 хувь биш юмаа гэхэд чамлахааргүй хэмжээгээр бууруулдаг нь мэргэжилтнүүдийн судалгаагаар тогтоогдсон байдаг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмээр жолооч болон зорчигчдод хамгаалах бүсээ заавал хэрэглэж байхыг үүрэг болгожээ. Эрхэм та жолооч болохоор шийдэн жолооны ард суух гэж байгаа бол яг энэ мөчөөс эхлэн өөрийгөө болон бусдыг хамгаалах бүс хэрэглэж хэвшүүлээрэй.

 

 

1. Хамгаалах бүсийг аажим татаж биен дээгүүрээ давж гарах хэмжээнд хүртэл сунгана. Огцом угзарч татвал хамгаалах бүс түгжигдэж цааш сунахгүйгээр гацах болно. Энэхүү чанар нь бүсний хамгаалах үүргийг гүйцэтгэнэ.

 

 

 

2. Бүсийг мөр болон бэлхүүсээ даруулан татаж үзүүрийн гогцоог суудлын хажууд байрлах хоног руу шургуулж түгжинэ. Бүсийг мушгирч эрчилсэн байдалтайгаар зүүж болохгүй.

 

 

 

3. Бүсний үзүүрийн гогцоо түгжигдсэн хоногт байрлах товчлуурыг дарж бүсийг тайлна.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»