АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
1. Автомашинтай анхлан харьцахуй
Автомашинаас буух дасгал
Автомашинаас буух үйлдэл нь жолооч болон зорчигчдоос мөн л онцгой анхаарал сэрэмж шаарддаг аюултай үйлдэл юм. Учир нь хаалгыг нээхэд автомашины оврын өргөний хэмжээ нэмэгддэг бөгөөд ингэснээр зөрж өнгөрөх тээврийн хэрэгсэл хүртэлх хажуу хоорондын зай багасч улмаар аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрдэг. Ялангуяа хөдөлгөөний эрчим, нягтрал ихтэй үед болон харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед туйлаас сэрэмжтэй байх шаардлагатай. Явган хүний зам тал руу хаалгыг нээхдээ ч мөн адил сэрэмжтэй байх шаардлагатай бөгөөд явган хүнийг хаалгаараа цохиж гэмтээх, явган зорчигчдын хөдөлгөөнд саад болох зэрэг зохисгүй үйлдэл гаргахаас байнга болгоомжилж байх нь зүйтэй юм. Ийм зөрчил гаргуулахгүй байх үүднээс Замын хөдөлгөөний дүрмээр бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг жолооч болон зорчигчдод хориглодог юм.
|
|
1. Хаалгыг нээхээсээ өмнө араас тээврийн хэрэгсэл ирж яваа эсэхийг толинд буюу эргэж харан сайтар ажигла. Нарийн замд зогсож байгаа тохиолдолд өөдөөс яваа тээврийн хэрэгсэл ч аюултай гэдгийг анхаар. Автомашинаас буух үйлдлийг аль болох богино хугацаанд, саатаж түүртэлгүй гүйцэтгэх нөхцөлийг урьдчилан ханга. Тухайлбал хаалгаа нээхээс өмнө хамгаалах бүсээ тайлсан байх, мөн цүнх, түлхүүр зэрэг зүйлсээ гартаа бэлэн авсан байвал зохино. |
|
|
|
2. Хаалгаа бага зэрэг онгойлгон завсраар нь эргэж харан аюулгүй эсэхийг ажигла. Хаалга бага зэрэг онгойлгох нь бусдад анхааруулах дохио болдог бөгөөд ялангуяа харанхуй үед хаалганы доод булангийн гэрэл араас ирж яваа тээврийн хэрэгслийн жолоочийн анхаарлыг өндөржүүлдэг. |
|
|
|
3. Ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед хаалгыг нээх бөгөөд бие багтах хэмжээнээс илүүгүйгээр дэлгэж автомашинаас гарна. |
|
|
|
4. Автомашинаас буусныхаа дараа хаалгыг даруй хаавал зохино. |
|
|
|
5. Автомашинаа орхиж явахынхаа өмнө бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авна. Тухайлбал цонхны шилүүдийг гүйцэд хаах ба хаалгыг түгжиж, онгойхгүй болсон эсэхийг шалгах хэрэгтэй. |
|