АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
2. Жолооны хүрдтэй харьцахуй
Хүрдийг зөв барих дасгал
Жолооны хүрд нь автомашины хөдөлгөөний чигийг удирдах хэрэгсэл юм. Жолооны хүрдийг хоёр гараараа барьж залуурдан явах бөгөөд зөвхөн араа залгаж салгах, ойр байрлах зарим гар товчлуур, хөшүүргүүдийг ажиллуулах, гараар дохио өгөх зэрэг тохиолдлуудад нэг гарыг хүрднээс түр салгаж болно. Ингэхдээ энэ үйлдлүүдийг шулуун чиглэлд яваа үедээ хийхийг хичээх бөгөөд эргэж тойрох үед аль болох хоёр гараараа хүрдийг залуурдах шаардлагатай. Харин гар утсаар ярих, юм идэх, уух зэрэг зорилгоор гараа хүрднээс салгахыг цээрлэх хэрэгтэй. Аль ч тохиолдолд хүрднээс хоёр гараа салгаж, сул залуурдуулан явж болохгүй. Жолооны хүрдийг зөв барьж сурах нь гарын булчинг сульдаахгүй, хүчийг бага зарцуулах, хөнгөн, хялбар залуурдахад чухал нөлөөтэй юм.
1. Автомашиныг шулуун чигт явуулж байх үед жолооны хүрд дээр хоёр гар үндсэн байрлалд байна. Жолооны хүрдийг цагны нүүр гэж санаад баруун гарын алгыг урт зүүний байрлал дээр, зүүн гарын алгыг богино зүүний байрлал дээр тавина гэвэл хоёр алганы хамгийн доод байрлал 9 цаг 15 минут дээр, хамгийн дээд байрлал 10 цаг 10 минут дээр байх нь үндсэн зөв байрлал болно. Өөрөөр хэлбэл зүүн гарын алганы үндсэн байрлал цагны нүүрийн 9-өөс 10 цифрийн хооронд, баруун гарын алганы үндсэн байрлал 2-оос 3 цифрийн хооронд тэгш хэмтэй байвал хамгийн тохиромжтой байна. |
|
|
|
|
|
2. Жолооны хүрдийг хэт чанга буюу эсвэл хэт сул атгаж явах нь буруу бөгөөд ерөнхийдөө гарын алга гулсахгүй, дугуйнаас ирэх хүчийг хариулах хэмжээний хүчээр атгахад л хангалттай. Гэхдээ энэ хүч автомашин бүрд харилцан адилгүй байдаг. Сүүлийн үеийн автомашинуудын жолооны механизмд жолоочийн гарын хүчийг хөнгөвчлөх үүрэг бүхий хүчлүүр хэмээх төхөөрөмжийг тоноглосон байдаг юм. Ийм автомашины жолооны хүрдийг маш бага хүчээр эргүүлэх боломжтой учир сулхан атгаж явж болдог. Тэр бүү хэл зарим жолооч хүрдийг атгахгүйгээр зөвхөн алгаараа үрэлт үүсгэн залуурдаж яваа харагддаг нь хүчлүүрийн ид шидийг харуулж байгаа юм. Гэхдээ ингэж жолоодох нь буруу бөгөөд хэрэв урд дугуй ямар нэгэн хатуу зүйлийг мөргөн жолооны механизмд мушгих цохилт ирвэл залуурыг гараасаа алдах аюултай юм. Иймд ямар ч тохиолдолд жолооны хүрдийг атгаж явбал зохино. |
|
|
|
|
|
3. Жолооны хүрдийг хэт дээрээс буюу доороос нь атгаж явах, мөн дотор талаас нь барьж эргүүлэхийг хориглоно. |
|
|