АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
2. Жолооны хүрдтэй харьцахуй
Хүрдийг баруун гар тийш эргүүлэх дасгал
Эхлэн суралцагчид жолооны хүрдний эргэлтийг төдийлөн сайн хуваарилж чаддаггүйгээсээ жолоодлогын үед алдаа гаргах нь олонтой тохиолддог. Жолооны хүрдний эргэлтийн хуваарийг олон дахин дадлага хийсний үр дүнд баримжаалах чадвартай болно. Ялангуяа автомашины залагдах чанар түүний хурдаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд янз бүрийн хурдтай яваа үед жолоодлогын жигд хэмнэлийг хангаж сурах нь туйлын чухал юм. Жолооны хүрдийг жигд биш эргүүлэх, гараа ойр ойрхон зөөх, эргэлтийн хуваарийг автомашиныхаа хурдтай уялдуулж чадахгүй байх, ухрах үйлдэл хийх үедээ буруу тийш залах зэрэг нь дадлага суугаагүйн шинж юм. Автомашиныг уран жолоодох чадвар жолооны хүрдийг зөв мушгиж сурахаас эхэлнэ. Эхлээд баруун гар тийш эргүүлэх дасгалыг хийцгээе.
1. Үндсэн байрлалд атгасан хоёр гараараа хүрдийг цагийн зүүний дагуу мушгина. Хагас эргэлтээс илүүгүйгээр мушгих тохиолдолд хоёр гараа атгасан тэр хэвээр байлгана. Өөрөөр хэлбэл автомашинаа алсуур эргүүлэхдээ жолооны хүрднээс аль нэг гараа салгаж зөөхгүй, солбиж шилжүүлэхгүйгээр тохируулан мушгиж жолоодно. Харин автомашиныг огцом эргүүлэх тохиолдолд буюу жолооны хүрдийг хагас эргэлтээс илүү мушгих тохиолдолд дор дурдсаны дагуу цааш үргэлжлүүлэн эргүүлнэ. |
|
|
|
|
|
2. Баруун гараа доод байрлалд ирэх үед нь буюу баруун гар мушгирахаас өмнө хүрднээс салгаж зүүн гарынхаа дээгүүр солбин түүний үндсэн байрлалд аваачин хүрднээс атгаж цааш эргүүлнэ. Баруун гар шилжиж байх энэ хооронд зүүн гар хүрдийг эргүүлсэн хэвээр байна. |
|
|
|
|
|
3. Зүүн гараа доод байрлалд ирэхээс үл ялиг өмнө буюу зүүн гар мушгирахаас өмнө хүрднээс салгаж баруун гарынхаа байрлалын эсрэг аваачин хүрднээс атгана. Энэ хооронд баруун гар хүрдийг эргүүлсэн хэвээр байна. Гар шилжүүлэн атгах үйлдлүүдийг аль болох богино хугацаанд гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд ингэж чадсанаар жигд хэмнэлийг хангана. |
|
|
|
|
|
4. Хүрд нэг бүтэн эргэхэд баруун, зүүн гарууд үндсэн байрлалдаа ирсэн байна. Хэрэв цааш үргэлжлүүлэн эргүүлэх шаардлагатай бол дээрх дарааллаар давтан гүйцэтгэнэ. Орчин үеийн ихэнх автомашины жолооны хүрд аль нэг талын хязгаараас нөгөө хязгаар хүртлээ 2-3 удаа бүтэн эргэнэ. |
|
|
|
|
|
5. Жолооны хүрдийг эргүүлэхдээ гарынхаа мушгиаг гаргалгүй хэтрүүлэн солбиж мушгих, мөн хоёр гараа нэгэн зэрэг зөөж шилжүүлэхийг хориглоно. |
|
|