АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
3. Дөрөөтэй харьцахуй
Хөлийг дөрөөнд зөв тавих дасгал
Автомашин жолоодоход гарын эв дүй, уран зөв хөдөлгөөнөөс гадна хөлийн зөв гишгэлт, тавилт туйлаас чухал байдаг. Өөрөөр хэлбэл автомашин жолоодох ажиллагаа биеийн дөрвөн мөчийн тасралтгүй цогц үйлдлүүдийг шаардана. Эхлэн суралцаж байгаа хүний хувьд дөрвөн мөчөө салангид удирдан, хоорондоо үл хамаарах өөр өөр хүч, чиглэл бүхий үйлдлүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэхэд нэлээд төвөгтэй байдаг бөгөөд олон дахин дадлага хийсний үр дүнд гар, хөлийн хөшинг байдал арилж, уг чадварыг эзэмшдэг.
Автомашины хурд, хүчийг дөрөөнүүдийн тусламжтайгаар зохицуулна. Механик хурдны хайрцагтай автомашинд гурван дөрөө байх бөгөөд баруун хөлөөр хаазны дөрөө болон тоормосны дөрөөг, зүүн хөлөөр авцуулах холбооны дөрөөг гишгэнэ. Харин автомат хурдны хайрцагтай автомашинд авцуулах холбооны тусгай дөрөө байдаггүй, зөвхөн хааз болон тоормосны хоёр дөрөө байх бөгөөд тэдгээрийг баруун хөлөөр гишгэж удирдана. Дөрөөг анхнаасаа зөв хөлөөр гишгэж хэвших нь зүйтэй юм. Буруу хөлөөр гишгэж хэвшвэл жолоодох арга барилыг зөв эзэмшиж чадахгүйд хүрэх бөгөөд дараа нь уг зуршлаасаа салахад хэцүү байдгийг анхаарах хэрэгтэй.
Механик хурдны хайрцагтай автомашины дөрөө
|
Автомат хурдны хайрцагтай автомашины дөрөө
|
1-Хаазны дөрөө; 2-Тоормосны дөрөө; 3-Авцуулах холбооны дөрөө
Дөрөөний тавгийг хөлийн тавхайн урд хэсгээр голлуулж гишгэнэ. Зөв гишгэх үйлдлийг зөвхөн хөлийн мэдрэмжээр гүйцэтгэх тул эхлэн суралцагчдад нэлээд хүндрэлтэй байдаг. Алхаж явахдаа хөлөө ширтээд байдаггүй шиг дөрөөг гишгэхдээ доошоо шагайхгүй зөв онож тэгшхэн гишгэж дадах нь туйлаас чухал юм. |
|
|||
|
|
|||
Дөрөөг хазгай гишгэх, эсвэл өсгий буюу өлмийгөөр гишгэх нь буруу юм. Өлмийгөөр буюу хазгай гишгэх тохиолдолд дөрөөнөөс хөл холбирч удирдлага алдах аюултай. |
|
|
|