АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

3. Дөрөөтэй харьцахуй

 

Дөрөөг гишгэх дасгал

Дөрөө бүр тус тусын үүрэгтэй байдаг тул тэдгээрийг гишгэхэд шаардагдах хүч, хэмнэлүүд харилцан адилгүй байна. Тухайлбал, хаазны дөрөөг гишгэхэд зөөлөн бөгөөд явалт багатай байхад тоормосны дөрөөг гишгэхэд харьцангуй их хүч шаардагдана. Авцуулах холбооны дөрөөг арай бага хүчээр гишгэж болох боловч гишгэлтийн нарийн хэмнэл, илүү мэдрэмж дадал шаарддаг.

 

1. Хаазны дөрөөг гишгэхдээ хөлийн өсгийг шалан дээр тулах цэг болгон тавьж, тавхайн урд хэсгээр зөөлөн гишгэж удирдана. Ингэхдээ өсгийн тулах цэгийг шалан дээр гулсуулан шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл өвдгөө тэнийлгэхгүйгээр зөвхөн өлмийгөө жийх байдлаар гишгэнэ. Автомашиныг жолоодон явж байх үед гол төлөв хаазны дөрөө гишгээстэй байх тул өсгийг шалан дээр тавьж явах нь хөлийн булчинг чилж сульдаахгүй байх зөв байрлал юм.

 

 

 

Хаазны дөрөөгөөр хөдөлгүүрийн тэжээлийн өгөлтийг зохицуулдаг бөгөөд их гишгэх тохиолдолд хөдөлгүүрийн тэжээл нэмэгдэж эргэлтийн хурд, хүч нь ихэсдэг.

Хөдөлгүүрийг асаасны дараа арааг залгалгүйгээр, хаазны дөрөөг аажим тултал гишгэх буюу султгах байдлаар хөдөлгүүрийн эргэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигла. Ингэхдээ хянах самбар дахь тахометр хэмээх хөдөлгүүрийн эргэлт заагуурыг харах буюу эсвэл хөдөлгүүрийн дуу чимээг сонсож мэдэрч болно.

 

 

 

 

 

2. Автомашины хурдыг удаашруулах буюу зогсоохын тулд тоормосны дөрөөг гишгэнэ. Ингэхдээ баруун хөлөө хаазны дөрөөн дээрээс авч тоормосны дөрөөн дээр аваачин зөв онож гишгэх шаардлагатай.

 

 

 

Тоормосны дөрөөг мөн адил тавхайн урд хэсгээр гишгэх бөгөөд харин өсгийг шалан дээр тавихгүйгээр, өвдгөө тэнийлгэж гишгэнэ. Өөрөөр хэлбэл хаазны дөрөөг өлмийн жийлтээр гишгэж байсан бол харин тоормосны дөрөөг хөлийн жийлтээр гишгэнэ.

Тоормосны дөрөөг зөөлөн гишгэвэл автомашин аажим удаашрах бөгөөд харин хүчтэй гишгэвэл огцом зогсоно гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

 

3. Авцуулах холбооны дөрөөг зүүн хөлөөрөө гишгэх бөгөөд гишгээгүй үедээ хөлөө уг дөрөөний зүүн талд байрлах зориулалтын тавиур дээр буюу шалан дээр сул тавьж явна.

 

 

Авцуулах холбооны дөрөөгөөр хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас буюу зүтгэх дугуйнаас түр салгах, эсвэл түүн рүү аажмаар зөөлөн холбох үйлдлийг гүйцэтгэнэ. Авцуулах холбооны дөрөөг тултал гишгэсэн тохиолдолд хөдөлгүүрийн эргэлт дугуй руу дамжихгүй бөгөөд хөдөлгүүр сул ажиллаж, дугуй зүтгэхгүй. Харин дөрөөг гишгээгүй тохиолдолд хөдөлгүүрийн эргэлт дугуй руу бүрэн дамжиж автомашин явна. Хагас гишгэсэн тохиолдолд хөдөлгүүрийн хүчний хагас нь дугуй руу дамжих бөгөөд автомашин аажим зүтгэнэ. Өөрөөр хэлбэл дөрөөний гишгэлтийн байдлаас дугуйн зүтгэх хүч хамаарна.

 

Дөрөөг гишгэсэн тохиолдолд

 

 

Дөрөөг сулласан тохиолдолд

 

 

 

Авцуулах холбооны дөрөөг мөн адил тавхайн урд хэсгээр гишгэх бөгөөд өсгийг шалан дээр тавихгүйгээр, хөлийн жийлтээр өвдгөө тэнийлгэж гишгэнэ.

 

Гишгэлтийг буцаахдаа хөдөлгүүрийн эргэлтийг дугуй руу аль болох алгуур дамжуулж холбох үүднээс дөрөөг аажим суллах хэрэгтэй. Энэхүү аажим суллах явдал нь хөдөлгүүр болон дугуй хоёрын тухайн үеийн эргэлтийн хурдны харьцангуй ялгаанаас ихээхэн хамаарна. Энэ хоёрын ялгаа их байх тусам дөрөөг тэр хэмжээгээр аажим суллаж уг ялгааг алгуур арилгахыг эрмэлзэх нь зүйтэй. Харин ялгаа бага байвал хөлөө дөрөөн дээрээс огцом авч болно. Тухайлбал зогсож байгаа автомашиныг байрнаас нь хөдөлгөхдөө авцуулах холбооны дөрөөг огцом авч хөдөлгүүрийн эргэлтийг дугуй руу гэнэт шилжүүлбэл автомашин ухасхийх буюу хөдөлгүүр ачааллаа дийлэхгүйгээр унтарна. Автомашиныг ухасхийлгэхгүй зөөлөн хөдөлгөхийн тулд ялангуяа хөдөлгүүрийн эргэлт дугуй руу шилжих тэр агшин хүртэл дөрөөг аажим суллах бөгөөд харин автомашин байрнаас хөдөлсөн үед хөлөө дөрөөнөөс хурдан салгаж болно.

Гишгэлтийг аажим буцаах явдал анхлан суралцагчдад нэлээд төвөгтэй байдаг. Тэр бүү хэл туршлагатай жолооч ч бусдын автомашин жолоодохдоо дөрөөний гишгэлтийн хэмнэлээ алдах тохиолдол байдаг юм. Учир нь автомашины эд ангийн бүтэц, хийц тухайн төрлөөсөө хамааран өөр хоорондоо ялгаатай байдаг, мөн дөрөөний явалтын хэмжээг тухайн автомашины жолооч өөртөө эвтэй байхаар тохируулах боломжтой байдаг зэрэг нь дөрөөний гишгэлтийн хэмнэл харилцан адилгүй байхад нөлөөлдөг. Хэрэв таны автомашины дөрөөний явалт бага бол гишгэлтийг буцаахдаа өвдгөө нугалалгүйгээр, өсгийгөө шалан дээр тавьж өлмийгөөрөө дөрөөг аажим суллаж болно.

 

 

 

Хэт зузаан ултай буюу өндөр өсгийтэй гутал өмссөн үедээ автомашин жолоодохоос татгалзах нь зүйтэй. Учир нь дөрөөний явалтын зайн баримжаа, гишгэх хэмнэлээ алддаг төдийгүй хөл хөшинг байдалд орж амархан чилэх талтай байдаг.

 

Мөн дөрөөний араар ямар нэгэн зүйл өнхрөн орж дөрөөг гишгэх боломжгүй болгох, гацаахаас сэрэмжилж байх нь илүүдэхгүй. Ялангуяа тоормосны дөрөө гацвал ямар аюулд хүрэх нь ойлгомжтой бизээ.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»