АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

4. Хурдны хайрцгийн хөшүүрэгтэй харьцахуй

 

Хурдны хайрцаг нь хөдөлгүүрээс гарч буй эргэлтийн хурд ба хүчийг хүлээн авч том, жижиг араануудын харьцалтаар ихэсгэх буюу багасгаж дугуй руу дамжуулах зориулалттай эд анги юм. Хөдөлгүүрийн эргэлтийг жижиг араанаас том араа руу дамжуулбал эргэх хурд нь буурч, мушгих хүч нь ихэсдэг бөгөөд харин том араанаас жижиг араа руу дамжуулбал эргэх хурд нь нэмэгдэж, мушгих хүч нь буурдаг механикийн хууль үйлчилдэг. Автомашины хурдны хайрцгийн ажиллагаа энэхүү хууль дээр үндэслэгдэнэ. Араануудын харьцалтыг гар хөшүүргийн тусламжтайгаар сэлгэн өөрчилж тохируулдаг хурдны хайрцгийг “Механик удирдлагатай хурдны хайрцаг” гэх бөгөөд харин өөрөө автоматаар сэлгэгдэн өөрчлөгддөг хурдны хайрцгийг “Автомат удирдлагатай хурдны хайрцаг” гэж нэрлэдэг. Аливаа автомашин энэ хоёр хурдны хайрцгийн аль нэгээр тоноглогдсон байна. Гэхдээ энэ хоёр хурдны хайрцгууд хоёулаа гар хөшүүрэгтэй байх бөгөөд харин хөшүүргийг удирдах зарчим, тэдгээрийн үүрэг, зориулалт нь хоорондоо ялгаатай юм. Хурдны хайрцгийн хөшүүрэг гол төлөв жолоочийн суудлын дэргэд байрлах бөгөөд зарим автомашины хувьд жолооны хүрдний суурин дээр буюу хянах самбарт байрласан байдаг.

 

Механик удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн сэлгэх байрлал

Механик удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргээр арааны үндсэн 4-5 шатлал бүхий сэлгэлтийг хийж автомашины тухайн үед шаардлагатай хурд, хүчийг тохируулан жолоодно. Мөн уг хөшүүргээр ухрах араан дамжуулгыг залгаж автомашиныг ухрааж болохоос гадна араануудын харьцалтыг салгаж хөдөлгүүрийн эргэлтийг дугуй руу дамжихгүй ч болгож болно. Үүнийг хөшүүргийн сул байрлал гэнэ.

Дараахь бүдүүвч зургаар механик удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн сэлгэх байрлалыг дор дурдсан томъёоллын дагуу үзүүлэв. Үүнд:

N - хөшүүргийн сул байрлалын төв цэг;

1 - нэгдүгээр араан дамжуулгын байрлал;

2 - хоёрдугаар араан дамжуулгын байрлал;

3 - гуравдугаар араан дамжуулгын байрлал;

4 - дөрөвдүгээр араан дамжуулгын байрлал;

5 - тавдугаар араан дамжуулгын байрлал;

R - ухрах араан дамжуулгын байрлал.

 

 

Үндсэн 4-н шатлалтай хурдны хайрцгийн хөшүүргийг сэлгэх байрлал

Үндсэн 5-н шатлалтай хурдны хайрцгийн хөшүүргийг сэлгэх байрлал

Ухрах арааг залгах байрлал баруун гар талд

 

 

Ухрах арааг залгах байрлал зүүн гар талд

 

 

 

Хөшүүргийн сул байрлал

Хөшүүргийн сул байрлалын үед хурдны хайрцгийн араануудын харьцалт салсан байх тул хөдөлгүүрийн эргэлт дугуй руу дамжихгүй. Сул байрлал нь төв цэг (N)-ээсээ хөндлөн чигт тодорхой сул явалтын зайг хамарна. Өөрөөр хэлбэл энэ байрлалд хөшүүргийн хөндлөн сул хөдөлгөөн их байдаг. Аль ч араан дамжуулгын байрлалаас сул байрлалд орсон үедээ хөшүүрэг төв цэг (N)-тээ байрлахыг эрмэлздэг бөгөөд энэ цэг нь гурав ба дөрөвдүгээр араан дамжуулгын байрлалын дагуу оршдог.

 

Хүнд араан дамжуулга

Нэг буюу хоёрдугаар араан дамжуулгыг залгасан үед хөдөлгүүрийн эргэлт дугуй руу олон дахин багасаж дамжих бөгөөд автомашины хурд удаан байх боловч зүтгэх хүч тэр хэмжээгээр нэмэгддэг. Иймд эдгээр араан дамжуулгыг “Хүнд араан дамжуулга” гэж нэрлэдэг. Автомашиныг байрнаас нь эхэлж хөдөлгөх буюу өөд газар өгсүүлж явах зэрэг зүтгэх хүч их шаардсан нөхцөлүүдэд хүнд араан дамжуулгыг ашигладаг. Хүнд араан дамжуулгын үед шатахуун их зарцуулагддаг тул шаардлагагүй үед нэг ба хоёрдугаар араагаар удаан явахгүй байх нь зүйтэй.

 

Хөнгөн араан дамжуулга

Гурав буюу дөрөвдүгээр араан дамжуулгыг “Хөнгөн араан дамжуулга” гэж нэрлэх бөгөөд хөдөлгүүрийн эргэлт дугуй руу бага хэмжээгээр буурч очно. Энэ тохиолдолд автомашины хурд их байх боловч харин зүтгэх хүч тэр хэмжээгээр багасдаг. Хөнгөн араан дамжуулгыг хөдөлгөөний хэвийн нөхцөлийг хангах зорилгоор хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нэгэнт хурд аван хөдөлсөн автомашины хөдөлгөөнийг цааш хэвийн үргэлжлүүлэх явцад хэрэглэнэ. Хөнгөн араан дамжуулгын үед шатахуун бага зарцуулагддаг тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй жолоодлого болдог.

 

Хэт хөнгөн араан дамжуулга

Тавдугаар араан дамжуулгыг “Хэт хөнгөн араан дамжуулга” гэж нэрлэнэ. Ийм дамжуулгын үед хөдөлгүүрийн эргэлт дугуй руу бараг тэр хэвээрээ очих бөгөөд автомашин хөнгөн, хурд ихтэй байна. Хэт хөнгөн араан дамжуулгыг тууш замд буюу түүнтэй адилтгах бусад төрлийн замд, мөн аюул саад эс тохиолдох, тэгш шулуун замд хэрэглэх нь зүйтэй юм. Харин хөдөлгөөний нягтрал ихтэй буюу уулзвар, гарц, гэрлэн дохио ойр ойрхон байрласан суурин газрын доторхи замд энэ дамжуулгыг залгах шаардлагагүй бөгөөд ашиглах бололцоо, нөхцөл ч дутмаг байдаг.

 

Ухрах араан дамжуулга

Ухрах араан дамжуулга нь хүнд араан дамжуулгад тооцогдоно. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийн эргэлт дугуй руу олон дахин буурч очих бөгөөд тэр хэмжээгээр зүтгэх хүч ихтэй байна. Харин тэрхүү зүтгэх хүч хөдөлгөөний эсрэг чиглэнэ.

 

Автомат удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал

Механик хурдны хайрцагтай автомашин жолоодож явах үед хөшүүргийг байнга сэлгэж явах учир гар, хөлний булчин сульдах зэргээр бие хүчний ядаргаанд амархан өртдөг. Ялангуяа хотын доторхи нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч нарын хувьд ийм ядралд байнгын өртөж явдаг нь тэдний хөдөлмөрлөх нөхцөлд хүндээр тусдаг. Тэгвэл автомат удирдлагатай хурдны хайрцгийг зохион бүтээснээр жолоочийн гар, хөлний ажиллагааг багасгаж, тэдний хөдөлмөрийг ихэд хөнгөвчилж чаджээ. Учир нь автомат удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийг жолоодлогын үед олон дахин сэлгэх шаардлагагүй байдаг бөгөөд нэг байрлал дээрээ явж байхад автомашины хурд, хүч автоматаар тохируулагдаж байдаг. Ингэснээр зөвхөн бие хүчний хөдөлмөр хөнгөвчлөгдөөд зогсохгүй жолооч анхаарлаа зам руу илүү хандуулж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явах нөхцөл сайжирчээ.

Дараахь зургаар автомат удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн байрлалыг үзүүлэв.

 

 

а) шулуун замтай хөшүүрэг

 

 

б) шаталсан замтай хөшүүрэг

P - хурдны хайрцгийн дамжуулгыг механикаар түгжих байрлал;

R - автомашиныг ухраах байрлал;

N - сул байрлал;

D - автомашиныг урагш явуулах байрлал;

2 - хоёрдугаар дамжуулга;

L - нэгдүгээр дамжуулга.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»