АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
4. Хурдны хайрцгийн хөшүүрэгтэй харьцахуй
Хөшүүргийн байрлалыг сэлгэх дасгал
Хурдны хайрцгийн хөшүүргийг зөвхөн гарынхаа мэдрэмжээр удирдах бөгөөд хараагаа түүн рүү хандуулахгүйгээр гүйцэтгэж сурах хэрэгтэй. Ялангуяа механик удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн байрлалыг гараараа мэдэрч зөв залгах нь анхлан жолоодож байгаа хүмүүст хэцүү мэт санагдавч дадлагын явцад хөшүүргийн байрлал буюу арааг залгаж, салгах үйлдлүүдийг амархан эзэмшиж болдог.
Хөшүүрэг нь жолоочийн баруун гар талд байрласан, үндсэн 4-н шатлал бүхий хурдны хайрцгийн арааг шат дараалуулан сэлгэх дасгалтай танилцъя. Юуны өмнө арааг залгах, салгах бүрдээ авцуулах холбооны дөрөөг сайтар гишгэх хэрэгтэйг анхааруулъя. Энэ нь хөдөлгүүрийн ачааллыг хурдны хайрцгийн дамжуулгаас салгаж, арааг хялбар залгаж салгах боломжтой болгодог юм.
1. Эхлээд хөшүүргийг сул байрлалд оруулна. Хөшүүрэг сул байрлал дээр байх үед араануудын харьцалт салсан байх тул түүний хөндлөн сул хөдөлгөөн их байна. Өөрөөр хэлбэл араа салсан эсэхийг мэдэхдээ хөшүүргийг хөндлөн чигт хоёр тийш нь савлуулж, түүний сул хөдөлгөөнийг гарынхаа мэдрэмжээр шалгана. |
|
|
|
2. Сул байрлалын төв цэгээс нэгдүгээр араанд залгахдаа гарын алгыг дотогш харуулан хөшүүргийг хөндлөн чигт өөр рүүгээ тултал татаад эгц урагш нь түлхэнэ. |
|
|
|
3. Нэгдүгээр араанаас хоёрдугаар араанд залгахдаа гарын алгыг мөн дотогш харуулан хөшүүргийг өөр рүүгээ чангаасан хэвээр эгц хойш нь татна. |
|
|
|
4. Хоёрдугаар араанаас гуравдугаар араанд залгахдаа гарын алгыг доош харуулан хөшүүргийг эгц урагш түлхэн сул байрлалын төв цэг (N)-т аваачаад мөн эгц урагш нь түлхэнэ. Хөшүүргийг хоёрдугаар араанаас салган хөндлөн сул байрлалд оруулах үед гарын түлхэлтгүйгээр төв цэгийнхээ байрлал (N) руу өөрөө шилжин очдог учир тэднээс нь эгц урагш түлхэхэд л гуравдугаар араанд орно. |
|
|
|
5. Гуравдугаар араанаас дөрөвдүгээр араанд залгахдаа хөшүүргийг хөндлөн чигт чангаахгүйгээр эгц хойш нь тултал татна. |
|
|
|
6. Сул байрлалын төв цэгээс ухрах араанд залгахдаа гарын алгыг гадагш харуулан хөшүүргийг хөндлөн чигт өөрөөсөө холдуулан тултал түлхээд эгц хойш нь татна. Автомашиныг урагш хөдөлж байх үед нь ухрах араан дамжуулгыг залгаж болохгүй. |
|