АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

5. Зогсоолын тоормосны хөшүүрэгтэй харьцахуй

 

Зогсоолын тоормосны үүрэг ба хөшүүргийн байрлал

Автомашины тоормосны системийг “Ажлын тоормос”, “Зогсоолын тоормос” гэж хоёр ангилна. Ажлын тоормосны систем нь дөрөөний тусламжтайгаар автомашины хурдыг удаашруулах, хөдөлгөөнийг зогсоох үүрэгтэй байдаг бол харин зогсоолын тоормос нь гар хөшүүргийн тусламжтайгаар автомашиныг зогсож байгаа байранд нь хөдөлгөөнгүй барьж байх зориулалттай эд анги юм. Өөрөөр хэлбэл ажлын тоормос нь автомашиныг хөдөлж байх үед, харин зогсоолын тоормос нь зогсож байх үед хэрэглэгдэнэ. Ажлын тоормос хөл удирдлагатай учир түүнийг “Хөл тоормос” гэж, харин зогсоолын тоормос нь гол төлөв гар удирдлагатай байдаг учир “Гар тоормос” гэж нэрлэх нь түгээмэл юм.

Өгсүүр буюу уруу газарт зогсож байгаа автомашиныг өнхрүүлэхгүйн тулд гар тоормосыг хэрэглэнэ. Үл мэдэг уруу газарт ч автомашин өнхрөх аюултай байдаг учир автомашиныг зогсоолд тавих бүрдээ “эндээс өнхрөх болов уу, үгүй болов уу” гэж эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр зогсоолын тоормосыг идэвхжүүлж хэвших хэрэгтэй. Тэр бүү хэл тэгшхэн талбайд ч зогсоолын тоормосыг хэрэглэхээ мартаж болохгүй. Жолоодлогогүй автомашин өнхөрвөл ямар аюулд хүргэж болох нь ойлгомжтой бизээ.

 

Автомашиныг хөдөлж яваа үед нь гар тоормосыг хэрэглэж болохгүй. Учир нь гар тоормос ажлын тоормос шиг бүх дугуйнуудад алгуур жигд үйлчилж чаддаггүй бөгөөд ялангуяа хурд ихтэй яваа үед гар тоормосыг хэрэглэвэл дугуйнууд огцом түгжигдэж автомашин шарвах аюултай юм.

Зогсоолын тоормосыг удирдах гар хөшүүрэг ихэнх автомашины хувьд жолоочийн суудлын дэргэд, хурдны хайрцгийн хөшүүргийн ард байрлана. Харин зарим автомашины хувьд хянах самбарын доор гар татуурга хэлбэрээр байрлах бөгөөд тэр бүү хэл дөрөөнүүдийн зүүн талд тусгай гишгүүр хэлбэрээр байрлах нь ч бий.

 

 

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»