АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
6. Гэрэлтүүлгийн шилжүүлүүртэй харьцахуй
Автомашины гадна талын гэрэлтүүлэг, дохиоллын хэрэгслүүд
Автомашины гадна талыг төрөл бүрийн өнгө, хэлбэр бүхий гэрлүүдээр тоноглосон байдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэх биз. Эдгээр гэрлүүд нь харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед жолооч урдахь замаа гэрэлтүүлэн харж явахад зориулагдахаас гадна бусад хөдөлгөөнд оролцогчдод автомашиныхаа овор хэмжээг тодотгох, хөдөлгөөний чигээ баруун, зүүн гар тийш буюу ухрах чигт өөрчлөх гэж байгаагаа дохиолж мэдэгдэх, мөн тоормослох буюу ослын зогсолт хийж байгаагаа анхааруулах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн олон янзын үүрэг, зориулалттай байдаг юм. Үүрэг, зориулалтаар нь “Гэрэлтүүлэх хэрэгсэл” ба “Дохиоллын хэрэгсэл” гэж хоёр ангилна.
Гэрэлтүүлэх хэрэгслүүдэд дараахь гэрлүүд хамаарагдана:
“Том гэрэл” - Автомашины урд талд байрлах бөгөөд харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед жолооч өмнөх замаа гэрэлтүүлэн явахад зориулагдана. Том гэрэл нь хоёр төрлийн тусгалтай байдаг бөгөөд өмнөх замыг хол зайд гэрэлтүүлэхэд зориулагдсан тусгалыг нь “Холын гэрэл”, харин өөдөөсөө яваа тээврийн хэрэгслийн жолоочийг гялбуулахгүйгээр бага зайд гэрэлтүүлэхэд зориулагдсан тусгалыг нь “Ойрын гэрэл” гэнэ. “Манангийн гэрэл” - Энэ гэрлийн тусгал шар өнгөтэй байх бөгөөд цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед замыг сайн харагдахуйц гэрэлтүүлэхэд зориулагдана. Манангийн гэрлийг үйлдвэрээс тоноглоогүй байвал жолооч өөрөө автомашиндаа нэмж тоноглож болно. “Гэрэлтүүлүүр” - Энэ гэрлийг гол төлөв гал унтраах алба, эмнэлгийн түргэн тусламж, цагдаагийн байгууллагын зэрэг шуурхай албаны автомашинд тоноглох бөгөөд зам гэрэлтүүлэхээс илүүтэйгээр гудамж орчны байдал, барилга байгууламжийг гэрэлтүүлэх, эрэн сурвалжлах зорилгоор ашиглана. Гэрлийн тусгал хурц бөгөөд алсын зайг хамардаг учир ашиглалтын журмыг чанд сахин мөрдөх шаардлагатай. “Улсын дугаарын гэрэл” - Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед автомашины ард талын улсын дугаарын пайзыг гэрэлтүүлэхэд зориулагдана. |
|
Дохиоллын хэрэгслүүдэд дараахь гэрлүүд хамаарагдана:
“Оврын гэрэл” - Автомашины урд талд цагаан, ар талд улаан өнгөтэй хосоороо байрлах эдгээр гэрлүүд нь харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед автомашины оврын өргөнийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхээс гадна хөдөлгөөний аль чигт хандсан болохыг мэдээлэхэд зориулагдана. Урд талын оврын гэрлийг “Жижиг гэрэл” гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Оврын гэрлүүдийг дангаар нь асаах боломжтойгоос гадна том гэрлийг асаах үед мөн хамт асна. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт автомашиныг зогсоохдоо оврын гэрлийг заавал асаах шаардлагатай. Энэ нь бусад тээврийн хэрэгсэл ирж мөргөхөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.
“Эргэх дохионы гэрэл” - Автомашины дөрвөн буланд байрлах улбар шар өнгийн эдгээр гэрлүүд нь анивчсан горимоор ажилладаг бөгөөд хөдөлгөөний чигээ аль чигт өөрчлөх гэж байгаагаа бусдад мэдээлэхэд зориулагдана. Жолооч хөдөлгөөний чигээ өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог урьдчилан өгөх үүрэгтэй.
“Ухрах дохионы гэрэл” - Автомашины ард байрлах цагаан өнгөтэй энэ гэрэл нь хурдны хайрцгийн хөшүүргийг ухрах арааны байрлалд сэлгэх үед асдаг бөгөөд ухрах үйлдэл хийж байгааг бусдад анхааруулахад зориулагдана. Зарим автомашины ухрах дохионы гэрэл нь нэмэлт дуут дохиогоор тоноглогдсон байдаг.
“Тоормосны гэрэл” - Ихэнх автомашины хувьд ард талын оврын улаан гэрэл нь тоормосны гэрлийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Оврын гэрлүүдийг асаагаагүй үед тоормосны дөрөөн дээр гишгэвэл ард талын оврын гэрэл асаж, араас яваа жолоочид уг автомашин тоормослож байгааг анхааруулна. Оврын гэрэл асаалттай тохиолдолд тоормосны дөрөөн дээр гишгэвэл ард талын улаан гэрэл тодорч уг дохиог илэрхийлнэ.
“Ослын дохионы гэрэл” - Автомашины дөрвөн буланд байрлах улбар шар өнгийн эргэх дохионы гэрлүүд нэгэн зэрэг анивчсан горимоор ажиллахыг “Ослын дохио” гэнэ. Ослын дохионы гэрлийг Замын хөдөлгөөний дүрэмд заасан журмын дагуу хэрэглэнэ.
“Гэрэл шилжүүлэх дохио” - Гэрэл шилжүүлэх буюу анхааруулах гэрэл дохиог том гэрлээр өгөх бөгөөд харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын ба ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар гүйцэтгэнэ.
“Тусгай гэрлэн дохио” - Энэ гэрлийг цагдаа, гал түймэртэй тэмцэх, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр биелүүлэх, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын зэрэг шуурхай албаны автомашинд тусгай зөвшөөрлийн дагуу тавьж хэрэглэх бөгөөд улаан, хөх, ногоон, шар өнгөтэй байна. Шар өнгөтэйгөөс бусад тусгай гэрлэн дохио нь нэмэлт тусгай дуут дохиогоор тоноглогдсон байна. Тусгай гэрлэн дохиог Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох журмын дагуу хэрэглэнэ.