АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

6. Гэрэлтүүлгийн шилжүүлүүртэй харьцахуй

 

Гадна талын гэрэлтүүлэг, дохиоллын хэрэгслүүдийг ажиллуулах дасгал

Ихэнх автомашины хувьд гэрэлтүүлэг, дохиоллын системийн төв унтраалга, шилжүүлүүр жолооны хүрдний хажууд байрласан байдаг. Шилжүүлүүрийг хөшүүрэг байдлаар урагш, хойш нь буюу дээш, доош нь хөдөлгөх, мөн түүний толгойг 2-3 шатлалаар эргүүлж ажиллуулна.

 

Оврын болон том гэрлийг асаах дасгал

1. Шилжүүлүүрийн толгойг “Off” байрлалаас нь урагш нэг шатлал эргүүлбэл оврын гэрэл болон улсын дугаарын гэрэл асна.

2. Шилжүүлүүрийн толгойг “Off” байрлалаас нь урагш хоёр шатлал эргүүлэх буюу өөрөөр хэлбэл оврын гэрлийн байрлалаас урагш дахин нэг шатлал эргүүлбэл том гэрэл асна. Энэ тохиолдолд оврын болон улсын дугаарын гэрлүүд асаалттай хэвээр байна.

 

 

 

Холын ба ойрын гэрлийг шилжүүлэх дасгал

1. Том гэрэл асахдаа шилжүүлүүрийн хөшүүрэг аль байрлалд байгаагаас хамаарч холын буюу ойрын гэрлийн тусгалыг гаргана. Шилжүүлүүрийн хөшүүрэг дунд байрлалд байх үед ойрын гэрэл асах бөгөөд түүнийг цааш түлхвэл холын гэрэлд шилжинэ.

2. Шилжүүлүүрийн хөшүүргийг дунд байрлалаас нь өөр рүүгээ татвал мөн холын гэрэл асах боловч хуруугаа хөндийрүүлмэгц эргэж дунд байрлалдаа орно. Энэ нь холын гэрлийг агшин зуур асааж гэрлээр дохио өгөхөд ашиглагдана.

 

 

 

Эргэх чиг заадаг гэрлээр дохио өгөх дасгал

1. Зүүн гар тийш эргэх дохиог өгөхдөө шилжүүлүүрийг дунд байрлалаас нь цагийн зүүний эсрэг чигт хөших бөгөөд энэ үед зүүн гар талын дохионы гэрлүүд анивчсан горимоор асна.

2. Баруун гар тийш эргэх дохиог өгөхдөө шилжүүлүүрийг дунд байрлалаас нь цагийн зүүний дагуу хөших бөгөөд энэ үед баруун гар талын дохионы гэрлүүд анивчсан горимоор асна.

3. Тухайн чигт эргэх үйлдэл хийснийхээ дараа жолооны хүрдийг буцаан хариулахад шилжүүлүүр автоматаар дунд байрлалдаа буцан орж эргэх дохионы гэрлүүд унтардаг. Хүрдийг бага хэмжээгээр буцаан хариулсан үед автоматаар унтрахгүй тохиолдол гардаг бөгөөд энэ үед шилжүүлүүрийг гараараа хариулж дохиог унтраана. Дохио ажиллаж байгаа эсэхийг хянах самбар дээрх суман дүрстэй гэрлийн анивчилтаар буюу эсвэл дохионы релений ажиллах чимээгээр мэдэж болно.

 

 

 

Ослын дохионы гэрлийг асаах дасгал

Ослын дохионы гэрлийг асаах товчлуур улаан өнгийн дэвсгэр бүхий гурвалжин дүрстэй байдаг бөгөөд гол төлөв хянах самбарын хажууд буюу доор байрласан байна. Уг товчлуурыг дарснаар автомашины эргэх дохионы гэрлүүд нэгэн зэрэг анивчсан горимоор ажиллаж ослын дохио өгөгдөнө. Үүнийг мөн хянах самбар дээрх суман дүрстэй гэрлүүдийн анивчилтаар буюу эсвэл дохионы релений ажиллах чимээгээр мэдэж болно. Унтраахдаа уг товчлуурыг дахин дарна.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»