АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

8. Асаалтын түлхүүртэй харьцахуй

 

Асаалтын түлхүүрийн байрлал

Автомашиныг удирдах анхдагч зэмсэг бол асаалтын түлхүүр юм. Асаалтын түлхүүр нь автомашины цахилгаан хэрэгслүүдийг гүйдэлтэй холбох ба гүйдлээс салгах үндсэн үүрэгтэйгээс гадна хөдөлгүүрийн асаах системийг цахилгаан гүйдэлтэй холбож тахир голыг албадан эргүүлэх замаар хөдөлгүүрийг асаах, мөн жолооны хүрд, хаалга, тэвшний цоож түгжээг удирдах түлхүүр нь болдог.

Асаалтын түлхүүрийг шургуулах төв залгуур гол төлөв жолооны хүрдний хажууд байрлана.

 

 

 

 

Төв залгуур нь асаалтын түлхүүрийг эргүүлэх дөрвөн шатлал бүхий байрлалтай байна. Үүнд:

LOCK - цахилгаан тоноглолын системийг гүйдлээс салгаж, жолооны хүрдийг цоожлох байрлал. Энэ байрлал дээр түлхүүрийг залгуур руу шургуулах буюу залгуураас сугалж авах боломжтой;

Энэ байрлалаас дараагийн шатлал руу түлхүүрийг эргүүлэхэд жолооны хүрдний цоож тээглэн саад болох тохиолдол бий. Энэ тохиолдолд хүрдийг холхиулан эргүүлж цоожны тээг сулармагц түлхүүрийг мушгиж дараагийн шатлал руу хялбархан эргүүлж болно;

 

ACC - ахуйн зориулалттай цахилгаан хэрэгслүүдийг гүйдэлд холбох байрлал. Энэ байрлал дээр радио хөгжим, тамхины асаагуур зэрэг цахилгаан гүйдэл харьцангуй бага хэрэглэх төхөөрөмжүүд тэжээлд холбогдоно. Өөрөөр хэлбэл автомашины хөдөлгөөний горимын үеийн гол цахилгаан тоноглолууд холбогдохгүй. Гэхдээ зарим автомашины хувьд гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүд цахилгаан тэжээлд холбогдох нь бий.

ON - цахилгаан тоноглолын систем бүхэлдээ гүйдэлд холбогдох байрлал. Энэ байрлал дээр хянах самбарын гэрлүүд асаж мэдээлэл өгөгдөх бөгөөд автомашины хөдөлгөөний горимын үеийн гол цахилгаан тоноглолууд болох хөдөлгүүрийн асаалтын систем, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, шил арчуур, цан үлээгүүр, цонх өргүүр зэрэг хэрэгслүүд цахилгаан тэжээлийн шугамд холбогдож ажиллахад бэлэн болно;

START - хөдөлгүүрийн асаах системийг гүйдэлд холбох байрлал. Энэ байрлал дээр хөдөлгүүрийн тахир голыг албадан эргүүлэх “стартер” хэмээх цахилгаан мотор гүйдэлд холбогдож хөдөлгүүрийг асаах ажиллагаа явагдана. Иймд энэ байрлал руу зөвхөн хөдөлгүүрийг асаах зорилгоор түлхүүрийг эргүүлэх бөгөөд нэгэнт ассан тохиолдолд түлхүүрийг даруй буцаан хариулах ёстой. Энэ байрлалаас бусад шатлал дээр түлхүүр тухайн байрлалдаа тогтож үлддэг бол харин энэ байрлал дээр гарын мушгилтгүйгээр тогтдоггүй юм. Өөрөөр хэлбэл энэ байрлал руу мушгисан гараа суллавал түлхүүр өөрөө буцаж “ON” байрлал дээр тогтоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»