АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

8. Асаалтын түлхүүртэй харьцахуй

 

Хөдөлгүүрийг асаах дасгал

Хөдөлгүүрийг асаахаасаа өмнө түүний дамжуулгыг дугуйнаас салгах шаардлагатай. Ингэхийн тулд хурдны хайрцгийн хөшүүргийг сул байрлалд нь оруулах буюу авцуулах холбооны дөрөөг тултал нь гишгэнэ.

1. Авцуулах холбооны дөрөөг гишгэхэд дугуйн дамжуулга бүү хэл хурдны хайрцгийн араанууд ч хөдөлгүүрээс салдаг тул хөдөлгүүрийн ачаалал тэр хэмжээгээр хөнгөрч сул эргэлт нь бүрэн хангагддаг. Ялангуяа хүйтний улиралд хөдөлгүүрийг асаахдаа авцуулах холбооны дөрөөг сайтар гишгэж байх хэрэгтэй. Авцуулах холбооны дөрөөг гишгэхгүй бол стартерийн цахилгаан гүйдэл залгагддаггүй, өөрөөр хэлбэл хөдөлгүүр нь асдаггүй автомашин ч бий. Хөдөлгүүрийн сул эргэх боломж бүрэн хангагдсан тохиолдолд л стартерийг залгаж болно.

 

2. Хөдөлгүүрийн ачааллыг дугуйнаас салгахад автомашин байрнаасаа өнхөрч болзошгүй учир зогсоолын тоормосыг суллаж болохгүй. Хэрэв зогсоолын тоормосыг идэвхжүүлээгүй бол хурдны хайрцгийн хөшүүргийг сул байрлалд оруулах буюу авцуулах холбооны дөрөөг гишгэхээсээ өмнө зогсоолын тоормосыг идэвхжүүлэхээ бүү мартаарай.

 

3. Асаалтын түлхүүрийг цагийн зүүний дагуу “START” байрлал руу эргүүлнэ. Энэ үед стартер ажиллаж хөдөлгүүрийн тахир голыг албадан эргүүлж эхэлнэ. Хөдөлгүүрийг асмагц түлхүүрийг тавих хэрэгтэй. Түлхүүр энэ байрлал дээр гарын мушгилтгүйгээр тогтдоггүй учир өөрөө буцаж “ON” байрлал дээр очно. Хөдөлгүүр асаалттай үед стартерийг залгаж болохгүй.

 

4. Дөнгөж ассан хүйтэн хөдөлгүүр эргэж унтрахдаа амархан байдаг тул түүний ажиллагааг тогтворжуулахын тулд хаазны дөрөөг зөөлөн гишгэж тахир голын эргэлтийг бага зэрэг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа хүйтний улиралд дөнгөж ассан хөдөлгүүрээр автомашиныг явуулах нь хүч дамжуулах механизмын эд ангиудын элэгдэлд муугаар нөлөөлөхөөс гадна шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдгийг анхааруулъя.

 

5. Хөдөлгүүрийг унтраахдаа түлхүүрийг цагийн зүүний эсрэг “ON” байрлалаас “ACC” байрлал руу эргүүлнэ. Энэ үед хөдөлгүүрийн асаалтын систем цахилгаан тэжээлээс салдаг тул хөдөлгүүр унтарна.

 

6. Түлхүүрээ залгуураас сулгаж авахдаа түүнийг залгуур руу бага зэрэг түлхэнгээ мөн цагийн зүүний эсрэг эргүүлж “LOCK” байрлалд аваачин сугалж авна. Энэ үед жолооны хүрдний эргэлт түгжигдэнэ.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»