АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

9. Автомашиныг хөдөлгөхүй

 

Автомашиныг зогсоох дасгал

Автомашиныг хурдлуулан жолоодож сурахаас илүүтэйгээр түүнийг ямар ч нөхцөлд аюулгүй зөв зогсоож сурах нь юу юунаас чухал юм. Автомашиныг зогсоохын тулд зөвхөн тоормосны дөрөөг гишгэчихэд л болоо гэж ойлговол алдаа болно. Тоормослоход учир бий. Хурд хасах, зогсоох, огцом тоормослох зэрэг үйлдлүүдийн аль алиныг нь тоормосны дөрөөний тусламжтайгаар гүйцэтгэдэг боловч эдгээр нь хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Тухайн нөхцөл байдалд тохируулан тоормослох үйлдлийг хэрхэн гүйцэтгэх нь жолоочийн ур чадвараас хамаардаг. Огцом тоормослож зогсоох үйлдлийг гүйцэтгэхэд амархан мэт боловч халтиргаатай буюу сул шороон замд энэ үйлдлийг чадварлаг, аюулгүй, зөв гүйцэтгэх жолооч тийм ч олон байдаггүй нь харамсалтай.

Бид энэхүү эхлэн жолоодохуйн дасгалын хичээлээр тоормослолтын нарийн аргачлалуудын талаар биш зөвхөн энгийн нөхцөлд хурдаа хасаж зогсох дасгалтай танилцъя.

1. Автомашинаа зогсоохын өмнө эхлээд зогсох газраа зөв сонгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориотой газруудад зогсох үйлдлийг хийж болохгүйгээс гадна мөн хориогүй газарт зогсохоор хийж байгаа үйлдэл тань бусдад аюул саад учруулахуйц байж болохгүйг анхаарвал зохино. Иймд автомашинаа зогсоохын өмнө толиндоо харж араас яваа тээврийн хэрэгслүүдэд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд зогсох гэж байгаагаа дохио өгч мэдэгдэнэ.

 

 

 

2. Хаазны дөрөөн дээрээс хөлөө авч түлш өгөлтийг зогсооно. Энэ үед хөдөлгүүрийн эргэлт саарч автомашины хөдөлгөөнд эсэргүүцэл үзүүлдэг бөгөөд энэ нь автомашины хурд бага зэрэг буурахад нөлөөлдөг. Үүнийг хөдөлгүүрийн тоормослолт гэнэ. Ялангуяа өндөр хаазтай явж байсан үед хөдөлгүүрийн тоормослолт автомашины хурдад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Хэрэв энэ үед авцуулах холбооны дөрөөг гишгэвэл автомашины хурд нэмэгдэх бөгөөд энэ нь хөдөлгүүр тоормослож байсныг харуулна.

Дашрамд дурдахад хурдны хайрцгийн араан дамжуулгыг богино хугацаанд шат дараалан хүндрүүлэх замаар хөдөлгүүрийн тоормослолтыг үүсгэн автомашины хурдыг эрс бууруулж болдог.

 

 

 

3. Баруун хөлөө хаазны дөрөөнөөс тоормосны дөрөөн дээр шилжүүлнэ.

 

 

 

4. Хурдны хайрцгийн араан дамжуулга залгаатай чигээр нь тоормосны дөрөөг алгуур зөөлөн гишгэж автомашины хурдыг бууруулна. Энэ үед жолооны хүрдээр автомашинаа зогсох газар руу чиглүүлж байхаа мартаж болохгүй.

 

 

 

5. Хөдөлгүүрийн эргэлт дугуйтай холбоотой байгаа энэ үед тоормосны дөрөөг тултал гишгэвэл хөдөлгүүр унтарна. Хөдөлгүүрийг ингэж хүчээр унтраах нь буруу бөгөөд ажиллагаанд нь муугаар нөлөөлдөг. Иймд тоормослолт эхлэх тэр агшинд зүүн хөлөөрөө авцуулах холбооны дөрөөг зэрэг гишгэж хөдөлгүүрийн эргэлтийг дугуйн тоормослолтоос чөлөөлөх хэрэгтэй.

 

 

 

6. Зогсох газартаа ирмэгц тоормосны дөрөөг тултал гишгэж автомашиныг бүрэн зогсооно. Энэ үед авцуулах холбооны дөрөөг гишгэсэн хэвээр байна.

 

 

 

7. Зогсох чиг заасан дохиогоо унтрааж, хурдны хайрцгийн хөшүүргийг сул байрлалд оруулсны дараа зогсоолын тоормосыг идэвхжүүлнэ.

 

 

 

8. Асаалтын түлхүүрийг цагийн зүүний эсрэг эргүүлж хөдөлгүүрийг унтраана.

 

 

 

9. Хурдны хайрцгийн араан дамжуулгыг хүнд араанд, тухайлбал нэгдүгээр араа буюу ухрах араанд залгаж орхино. Энэ нь автомашиныг өнхрөхөөс хамгаалах давхар арга хэмжээ болно.

 

 

 

 

10. Эхлээд зүүн хөлөө, дараа нь баруун хөлөө дөрөөн дээрээс авна.

 

 

««..Өмнөх хуудас