АВТО ЗӨВЛӨГӨӨ

 

3. Хөдөлгүүрийн тосны ангилал

 

Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ.

Зуурамтгай чанар гэдэг нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тутам багасаж, багасах тутам ихэсдэг. Өндөр температуртай үед уурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дэх харилцаж буй гадаргуунуудын тосны плёнкны бат бэх чанар ба систем дэх даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутад тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй гэсэн үг юм. Дээрх нөхцөл байдлуудтай уялдаж хөдөлгүүрийн тосыг зуурамтгай чанараар нь:

- Өвлийн

- Зуны

- Бүх улирлын гэж ангилна.

 

Өвлийн тос

Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хөдөлгүүрийн тосолгоог найдвартай хангаж чаддаггүй.

 

Зуны тос

Зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог боловч агаарын температур 0°С түүнээс доош үед хөдөлгүүрийн хүйтэн хаалтыг хангаж чаддаггүй.

 

Бүх улирлын тос

Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг, өндөр температурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдоггүй чанарыг бий болгосон онцлогтой.

 

Ашиглалтын шинж чанараар нь:

- Элэгдлийн эсрэг

- Хөдөлгүүрийг цэвэрлэх

- Исэлдэлтийн эсрэг

- Зэврэлтийн эсрэг

- Дулаан хадгалалт болон бусад шинж чанараар харьцуулж зэрэглэлийг тогтоодог.

 

Тосны төрлөөр нь:

Тухайн тосны ашиглалтын шинж чанарыг сайжруулахад хэрэглэдэг хольцыг хийсэн үндсэн тосноос хамаарч:

- Минерал

- Синтетик

- Хагас синтетик гэж хуваадаг.

Минерал тос гэж нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ.

Синтетик тос гэж синтезийн аргаар гаргаж авсан тосыг хэлнэ.

Гаргаж авдаг технологоос шалтгаалж минерал тос нь харьцангуй хямд боловч хэрэглэх температурын үйлчлэх хүрээ нь бага байдаг. Харин синтетик тос нь гаргаж авдаг технологийн процесс нарийн учир өндөр үнэтэй боловч чанарын хувьд онцгой сайн, зуурамтгай чанар нь температураас хамаарч өөрчлөгдөх нь бага байдаг.

 

Ангиллаар нь:

SAE, API, ACEA, ILSAC гэж ангилдаг.

Ангилал SAE нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын автомашины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар зэрэглэл тогтоосныг хэлнэ.

Өвлийн тосыг W (англиар Winter-өвөл) үсгээр тэмдэглэдэг.

Ангилал дахь тоо ихсэх тутам тосон дахь зуурамтгай чанар ихэсдэг.

Өвлийн ангилал: SAE OW, SAE 5W, SAE 10W, SAE 15W, SAE 20W, SAE 25W

Зуны ангилал: SAE 20, SAE 30, SAE 40, SAE 50, SAE 60

Бүх улирлын: SAE 10W-30, SAE 15W-40 гэх мэт байна.

Ангилал API нь америкийн нефтийн институтээс гаргасан ангилал юм.

Бензин хөдөлгүүрт: SA, SB, SC, SD, SE, SF, SG, SH, SJ, SL

Дизель хөдөлгүүрт: CA, CB, CC, CD, CD-2, CE, CF, CF-2, CF-4, CG-4, CH-4,

S - бензин хөдөлгүүртэй суудлын автомашин, бага оврын автобус, жижиг ачааны машинуудад зориулсан ангилал.

C - дизель хөдөлгүүртэй том оврын автобус, ачааны автомашин, хөдөө аж ахуйн болон зам барилгын машинуудад зориулсан ангилал.

Ангиллыг латин цагаан толгойн хоёр үсгээр тэмдэглэнэ. Эхний (S ба C) үсэг нь төрлийг, хоёр дахь үсэг нь ашиглалтын шинж чанарын түвшинг заадаг. Хоёр дахь үсэг цагаан толгойн дарааллаар ихсэх тутам ашиглалтын түвшингийн үзүүлэлтүүд сайжирдаг. SL ангиллын тосыг 2001 оноос хийж эхэлсэн бөгөөд SJ ангиллын тосноос исэлдэлт болон элэгдэлтийн эсрэг шинж чанараараа илүү бөгөөд ууршилт бага байдаг.

Универсаль тос нь бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь таардаг бөгөөд API SG/CD, API SJ/CF гэх мэтээр тэмдэглэгдэнэ.

Ангилал – АСЕА Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангилал бөгөөд 3 төрөл байдаг.

А - бензин хөдөлгүүртэй автомашинд зориулсан /A1-98, A2-96 ба А3-98/

В - дизель хөнгөн тэргэнд зориулсан /В1-98, В2-98, В3-98, В4-98/

Е - дизель ачааны тэргэнд зориулсан /Е1-96, Е2-96, Е3-96, Е4- 99 ба Е5-99/

Сүүлчийн хоёр тоо нь үйлдвэрлэгдсэн оныг заана. Өнөө үед Е1-96 хэрэглэгдэхгүй байгаа бөгөөд дараагийн ангиллын тосыг хэрэглэж байна. Хэрэглэх болбол автомашин үйлдвэрлэгчийн зааварт заасан тохиолдолд болно.

Ангилал: - ILSAC Тосолгооны материалын стандарт зөвшөөрөл олгох олон улсын холбоо /ILSAC/, Японы автомашин үйлдвэрлэгчдийн холбоо /JAMA/, Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо /ААМА/ хамтарч энэ ангиллыг гаргасан. Бензин хөдөлгүүртэй автомашинд зориулсан GF-1, GF-2, GF-3 гэсэн 3 ангилал байдаг бөгөөд API-н SL-тэй GF-3 шинж чанараараа адилхан байдаг.

 

/«Форвард моторс» ХХК-аас гаргасан техникийн зөвлөмжөөс/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»