АВТО ЗӨВЛӨГӨӨ
4. Хөдөлгүүрийн тосны шүүр
Тосны шүүр автомашины гол сэлбэгүүдийн нэг. Хөдөлгүүрийн ажиллах явцад үүсэх тортог болон бусад хаягдлыг тосноос ялгаж хөдөлгүүрт шаардагдах тодорхой даралт бүхий тосны хэрэгцээг зохицуулж, хөдөлгүүрийг гэмтээж болзошгүй тоосонцрыг шүүдэг элемент /тусгай цаас/, оруулах, гаргах клапанаас бүрдэнэ. Тосны шүүрийг бүтэц зохион байгуулалтын хувьд:
- Бүтэн эргэлтийн;
- Хосолсон ажиллагаатай шүүр гэж хоёр ангилна.
1. Бүтэн эргэлтийн шүүр
Тосны шахуургаас ирсэн бүх тосыг шүүж хөдөлгүүрийн эд анги руу дамжуулна.
Онцлог нь: Шүүр нь дангаараа хэрэглэгддэг тул байрлуулах талбай бага шаарддаг. Өнөөгийн байдлаар бензин хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд өргөн хэрэглэгдэж байна.
2. Хосолсон ажиллагаатай шүүр
Тосны тэвшин дэх тосыг шүүх богино эргэлтийн шүүр, хөдөлгүүрийн эд анги руу дамжуулах бүтэн эргэлтийн шүүр гэсэн хоёр шүүрнээс бүрдэнэ. Мөн зарим автомашины хувьд нэг шүүрэнд эдгээр хосолсон үйл ажиллагаа зэрэг явагдана.
Онцлог нь: Богино эргэлтийн шүүрийг бүтэн эргэлтийн шүүрний ялгаж чаддаггүй нүүрстөрөгчийн хаягдал тоосонцрыг устгахад хэрэглэдэг. Иймээс шүүгч элементийн бүтэц харьцангуй нягт байдаг. Богино эргэлтийн шүүрний эдэлгээний хугацааг ихэсгэхийн тулд тосны даралтын эсэргүүцэл нь бүтэн эргэлтийн шүүртэй харьцуулахад харьцангуй их байхаар хийдэг.
Хосолсон ажиллагаатай шүүр нь голдуу дизель хөдөлгүүрт автомашинд өргөн хэрэглэгдэнэ. Практикаас харж байхад дуураймал болон зориулалтын бус шүүр хэрэглэснээс автомашины гол цөм болсон хөдөлгүүрт эвдрэл гарч, эдэлгээ богиносож байна.
/«Форвард моторс» ХХК-аас гаргасан техникийн зөвлөмжөөс/