ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

3. Сумтай гэрлэн дохионы хувилбарууд

 

Гэрлийн гадаргуу дээрээ сумны дүрс бүхий гэрлэн дохиог тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний урсгалыг тодорхой чигүүдэд салгаж зохицуулах зорилгоор хэрэглэдэг.

 

Бүх гэрлүүд дээрээ баруун гар тийш чиг заасан сум бүхий энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохио нь дангаараа ээлжлэн асах ногоон, шар, улаан өнгийн стандартын гурван шатлал бүхий сумтай гэрлэн дохионы нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл баруун гар тийш чиг заасан сумны оронд зүүн гар тийш, эсвэл чигээрээ болон баруун гар тийш, мөн чигээрээ болон зүүн гар тийш гэх мэт бусад чигийг заасан сум бүхий хувилбаруудтай байж болно. Мөн энэ жишээн дээрх шиг сумнууд нь бараан өнгийн дэвсгэр дээр тухайн өнгөөр гэрэлтдэг байхаас гадна улаан, шар, ногоон өнгийн стандартын гэрэл бүхий дэвсгэр дээр сум нь хар өнгөтэй байж болно.

Ийм гэрлэн дохионууд нь зөвхөн тухайн сум заасан чигийн дагуух хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэгдэх бөгөөд тэдгээрийн үйлчлэл нь манай улсад хэрэглэдэг нэмэгдэл гэрэл дохионыхоос ялгаатай юм.

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гэрлэн дохиог дэлхийн олон улс орон, тэр дундаа манай хойд хөрш ОХУ хэрэглэдэг.

 

 

Ногоон гэрлийн түвшинд байрлах ногоон өнгийн сум бүхий нэмэгдэл гэрэл дохиотой энэхүү гурван өнгийн системийн босоо гэрлэн дохио нь Англи улсаас гаралтай бөгөөд Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн уг гэрлэн дохиог дэлхийн олон улс орон, тэр дундаа манай улс ч хэрэглэдэг.

Ийм гэрлэн дохионы нэмэгдэл дохио нь сумтай байхаас гадна үндсэн ногоон гэрэл нь сумтай байж болно.

 

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гэрлэн дохионы нэмэгдэл дохио нь үндсэн гэрлүүдийн доор байрласан байна. Ийм гэрлэн дохиог цөөнгүй улс орон хэрэглэдэг ажээ.

 

 

Ногоон өнгийн сум бүхий нэмэгдэл гэрэл дохионы оронд анивчсан шар өнгийн нэмэгдэл дохиотой ийм гэрлэн дохиог Франц улсад хэрэглэдэг байна.

Анивчсан шар өнгийн нэмэгдэл дохио нь тухайн сум заасан чигт явахыг зөвшөөрөхөөс гадна анхаарал болгоомжтой байж, бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод зам тавьж өгөх шаардлагатайг илэрхийлнэ.

 

 

Улаан гэрлийн түвшинд байрлах улаан өнгийн сум бүхий нэмэгдэл гэрэл дохиотой энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохиог зарим цөөн улс орон хэрэглэдэг байна.

Улаан өнгийн сум бүхий нэмэгдэл гэрэл дохио нь тухайн чигт хөдөлгөөнийг хориглох утгыг агуулна.

 

 

Таван гэрлээс бүрдсэн энэхүү гэрлэн дохиог АНУ-ын зарим мужуудад хэрэглэдэг ажээ. Сум заасан гэрэл дохионууд нь нэмэгдэл дохионы үүргийг гүйцэтгэх бөгөөд ногоон өнгийн сум нь хөдөлгөөнийг зөвшөөрөх, харин шар өнгийн сум нь анхааруулах утгыг агуулна.

 

Энэ гэрлэн дохио нь дээрх гэрлэн дохионы адил үйлчлэлтэй бөгөөд хэвтээ байрлалтай байна.

 

Туслах зориулалтын ийм гэрлэн дохиог Герман улсад хэрэглэдэг бөгөөд үндсэн гэрлэн дохиотой хослуулан байрлуулдаг байна.

Тухайлбал: Энэ гэрлэн дохиог уулзвараар зүүн гар тийш эргэх эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлуулах бөгөөд зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн нь эсрэг талаас орж ирэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнтэй зэрэг нээгдэх зохицуулгын үед хэрэглэдэг байна. Анивчсан шар өнгийн сум нь зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх боловч өөдөөсөө яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийг шаардана. Ногоон өнгийн сум нь мөн л зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх ба харин эсрэг талын хөдөлгөөн хаагдсан буюу өөдөөс тээврийн хэрэгсэл явахгүй болохыг илэрхийлнэ.

 

 

Энэхүү гэрлэн дохио нь Швейцарь улсаас гаралтай хувилбар юм.

Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зохицуулах энэхүү гэрлэн дохионы анивчсан шар өнгийн гурвалжин нь уулзвараар зүүн гар тийш эргэхдээ өөдөөсөө яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатайг илэрхийлнэ.

Үүнээс гадна шар өнгийн гурвалжингийн оронд явган хүний дүрс байж болох бөгөөд энэ нь зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх шаардлагатайг илэрхийлдэг байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»