МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм |
MNS 4596:2007 |
Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators |
MNS 4596:98-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
6. ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
6.3. Гэрлэн дохиог байрлуулах дүрэм
6.3.1. Тээврийн хэрэгслийн гэрлэн дохионуудыг байрлуулахдаа тэдгээрийн үйлчлэх аль ч эгнээнээс дохио 100 м-ээс багагүй зайнаас үзэгдэж байх нөхцөлийг хангана. Энэ шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд энэхүү стандартын 4.2.9 дүгээр зүйлд заасны дагуу 1.7 “Гэрэл дохионы зохицуулга” тэмдгийг урьдчилан байрлуулбал зохино. Мөн тухайн гэрлэн дохионы өмнөх 5.29 “Зогс-шугам” тэмдэг буюу 7.11 “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсож буй тээврийн хэрэгслийн жолооч нарт дохионы үзэгдэх нөхцөл бүрэн хангагдсан байвал зохино.
Унадаг дугуйн замын огтлолцлын өмнө байрлуулсан Т.5 гэрлэн дохио нь унадаг дугуйн жолоочид 50 м-ээс багагүй зайнаас үзэгдэх нөхцөлтэй байж болно.
Мөн Т.1.б, Т.1.з, Т.1.бз гэрлэн дохионуудын нэмэгдэл дохио нь 50 м-ээс багагүй зайнаас үзэгдэх нөхцөлтэй байж болно.
6.3.2. Явган зорчигчийн гэрлэн дохиог байрлуулахдаа түүний эсрэг талаас зорчих хэсгийг хөндлөн гарах явган зорчигчид дохио сайн үзэгдэж байх нөхцөлийг хангана.
Я.1, Я.2 гэрлэн дохиог зорчих хэсгийн хоёр талын явган хүний зам дээр байрлуулна. Тусгаарлах зурвас буюу аюулгүйн аралтай замын хувьд зорчих хэсэг нь нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээтэй бол гэрлэн дохиог уг тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр байрлуулна (D хавсралтын 3.3.б зураг).
Зохицуулдаг уулзварт орших явган хүний гарц бүрийг явган зорчигчийн гэрлэн дохиогоор тоноглосон байвал зохино.
6.3.3. Гэрлэн дохиог байрлуулах өндөр (түүний их биеийн доод цэгээс зорчих хэсгийн гадаргуу хүртэлх зай) нь дараахь хэмжээтэй байна (D хавсралтын 3.1 дүгээр зураг):
1) Тээврийн хэрэгслийн гэрлэн дохио (Т.5-аас бусад)-ны хувьд:
- зорчих хэсгийн дээр байрлуулахад 5 м-ээс 6 м. Гэхдээ энэхүү стандартын 5.2.13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах үүднээс 6 м-ээс 8 м-ийн өндөрт байрлуулж болно;
- зорчих хэсгийн хажууд байрлуулахад 2 м-ээс 3 м;
2) Т.5 гэрлэн дохионы хувьд 1.5 м-ээс 2 м;
3) Явган зорчигчийн гэрлэн дохионы хувьд 2 м-ээс 2.5 м.
Явган зорчигчийн гэрлэн дохиог тээврийн хэрэгслийн гэрлэн дохиотой хамт нэг тулгуур дээр байрлуулах тохиолдолд түүнийг тээврийн хэрэгслийн гэрлэн дохионоос өндөрт байрлуулахгүй.
Тухайн нэг замын хувьд цувуулан тавих ижил төрлийн гэрлэн дохионуудын байрлуулах өндөр аль болох ижил байвал зохино.
6.3.4. Зорчих хэсгийн хажууд байрлуулах гэрлэн дохионоос зорчих хэсгийн зах хүртэлх зай 0.5 м-ээс 2 м байна.
Зорчих хэсгийн дээр байрлуулах гэрлэн дохионоос зорчих хэсгийн хамгийн ойр зах хүртэлх зай Т.1, Т.3 гэрлэн дохионуудын хувь 4 м-ээс багагүй, харин Т.2, Т.4 гэрлэн дохионуудын хувьд 2 м-ээс багагүй байна (D хавсралтын 3.1 дүгээр зураг).
Үзэгдэх нөхцөл хангагдаж байвал явган зорчигчийн гэрлэн дохиог зорчих хэсгийн захаас 5 м хүртэл зайд холдуулан байрлуулж болно.
Тухайн нэг замын хувьд цувуулан тавих ижил төрлийн гэрлэн дохионуудыг зорчих хэсгийн захаас аль болох ижил зайд байрлуулбал зохино.
6.3.5. Явган зорчигчийн гэрлэн дохионоос явган хүний гарцын хамгийн ойр хил хүртэлх зай 1 м-ээс илүүгүй байна (D хавсралтын 3.2 дугаар зураг).
6.3.6. Гэрлэн дохионы бэхэлгээний суурь (тулгуур) элементүүд нь зорчих хэсгийн гадна талд байрлана. Зорчих хэсгийн дээр байрлуулсан гэрлэн дохионы их биеийн бэхэлгээний элементүүд нь уг их биеийн доод ирмэгээс доош цухуйгаагүй байна.
Гэрлэн дохионы их биеийг троллейбусны контактын шугамнаас 1 м-ээс ойр зайд байрлуулахгүй.
6.3.7. Т.1, Т.3 гэрлэн дохионуудыг зорчих хэсгийн хажууд буюу зорчих хэсгийн дээр, харин Т.2, Т.4 гэрлэн дохионуудыг зорчих хэсгийн зөвхөн дээр байрлуулна.
Ингэхдээ Т.1.а, Т.1.б, Т.1.бз болон мөн “чигээрээ”, “баруун гар тийш”, “чигээрээ болон баруун гар тийш” чиг заасан сум бүхий Т.3 гэрлэн дохионуудыг зорчих хэсгийн тухайн чигийн баруун гар талд байрлуулна.
Т.1.з болон мөн “зүүн гар тийш”, “чигээрээ болон зүүн гар тийш” чиг заасан сум бүхий Т.3 гэрлэн дохиог зорчих хэсгийн зүүн гар талд тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр, хэрэв тухайн зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол замын зүүн гар талд байрлуулна. Харин уулзварын өмнө тусгаарлах зурвас буюу аюулгүйн аралгүй, эсрэг хөдөлгөөнтэй замын хувьд, хэрэв тухайн чигтээ гурваас илүүгүй эгнээтэй бол Т.1.з гэрлэн дохиог зорчих хэсгийн баруун гар талд, гурваас олон эгнээтэй байвал зорчих хэсгийн дээр байрлуулна. Харин энэ тохиолдолд “зүүн гар тийш”, “чигээрээ болон зүүн гар тийш” чиг заасан сум бүхий Т.3 гэрлэн дохиог зорчих хэсгийн зөвхөн дээр байрлуулна (D хавсралтын 3.3.б зураг).
Хэрэв уулзвараар тухайн талаас нэвтрэх хөдөлгөөний эгнээ тус бүрийн хувьд гэрэл дохионы асах давтамж, дарааллын горимыг ялгаатайгаар тогтоох бол Т.3 гэрлэн дохиог тухайн харгалзах эгнээ тус бүрийн дээр байрлуулна.
Т.5, Т.6, Т.7 гэрлэн дохионуудыг зорчих хэсгийн тухайн чигийн баруун гар талд байрлуулна. Гэхдээ Т.7 гэрлэн дохиог хөдөлгөөний тухайн чигийн урсгалын өөдөөс харуулан зорчих хэсгийн дээр, эсвэл уулзварын төвийн арал дээр буюу уулзварын төвийн дээр байрлуулж болно.
6.3.8. Уулзварын өмнө зорчих хэсгийн хажууд байрлуулсан Т.1, Т.3 гэрлэн дохиог давтаж байрлуулна. Ингэхдээ жолоочид уг дохионы үзэгдэлт сайн байх нөхцөлийг харгалзан тухайн уулзвар дээр буюу уулзварын цаана байрлуулна.
Давтан тавих гэрлэн дохио (Т.1.б, мөн “баруун гар тийш” чиг заасан сум бүхий Т.3 гэрлэн дохионоос бусад)-г уулзварын цаана байрлуулахдаа эсрэг талын зорчих хэсгүүдийг заагласан тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал байвал түүн дээр, эсвэл тухайн эсрэг урсгалын эгнээний тоо гурваас илүүгүй бөгөөд эгнээ бүрийн хөдөлгөөний эрчим нь цагт 500 нэгжээс илүүгүй байвал уулзварын зүүн гар талд байрлуулж болно (D хавсралтын 3.3.б зураг).
Хэрэв уулзвараар баруун гар тийш эргэх хөдөлгөөн нь хоёр буюу түүнээс олон эгнээгээр явагддаг бол Т.1.б буюу “баруун гар тийш” чиг заасан сум бүхий Т.3 гэрлэн дохиог давтан тавих бөгөөд түүнийг уулзвар дээр буюу уулзварын цаана замын баруун гар талд байрлуулна.
Уулзварын цаана замын зүүн буюу баруун гар талд давтан байрлуулахаар заасан гэрлэн дохиог хэрэв илүү тохиромжтой байвал уулзварын дунд хэсэгт, зүүн буюу баруун гар талын хөндлөн замын тусгаарлах зурвас буюу аюулгүйн арал дээр байрлуулж болно.
6.3.9. Энэхүү стандартын 6.3.8 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөхгүй тохиолдолд тухайн гэрлэн дохиог зорчих хэсгийн дээр байрлуулна.
Зорчих хэсгийн дээр байрлуулсан гэрлэн дохионуудыг давтан байрлуулахгүй байж болно. Хэрэв давтан байрлуулах шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг тухайн уулзварын цаана зорчих хэсгийн дээр байрлуулна.