МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

7. ЗАМЫН ХАШИЛТ БА ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

7.2. Замын хашилтууд

7.2.1. Нэгдүгээр бүлгийн хашилтыг дараахь замын хэсгүүдэд байрлуулна:

- тээврийн хэрэгслийн гүүрэн байгууламж дээр;

- зорчих хэсгийн гадаргуугаас дээш 3 м ба түүнээс өндөр далантай, 10 м-ээс урт үргэлжилсэн замын хэсгийн нийт уртын дагуу, харин 3 м-ээс намхан далантай бол түүний эхлэл ба төгсгөлөөс хоёр тийш 18 м-ээс багагүй урттай хэсэгт;

- хотын доторхи хурдны зам ба хөдөлгөөн ихтэй төв гудамж замуудын тусгаарлах зурвас дээр;

- суурин газрын гаднах замын гэрэлтүүлгийн шон байрлуулсан, 4 м-ээс илүү өргөнтэй тусгаарлах зурвас дээр;

- 600 м-ээс бага радиус бүхий тохойролттой, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй эгц уруу, ганга жалгатай замын хэсгийн хөвөөн дээр;

- 1:3-аас илүү хэвгий газрын бэлээр байрласан замын хөвөөн дээр;

- төмөр замын шугам ба 2 м-ээс гүнзгий усны урсгал, намаг, гуу жалга, уулын хавцал зэрэгт 20 м-ээс ойр зайд зэрэгцэн байрласан замын хөвөөн дээр;

- хөдөлгөөний эрчмийн хэтийн төлөв нь хоногт 2000 тээврийн хэрэгслээс багагүй байх замын зорчих хэсгийн захад 4 м-ээс ойр зайд байрласан гүүрэн байгууламжийн тулгуур, 10 см-ээс илүү голчтой ургаа моднууд, том хэмжээний мэдээлэх тэмдгийн тулгуур шон зэрэг зүйлсийн дэргэдэх тусгаарлах зурвас буюу хөвөөн дээр.

7.2.2. Нэгдүгээр бүлгийн хашилтыг дараахь байдлаар байрлуулна:

- гүүрэн байгууламжийн хамгаалах зурвасын гадна талд, зорчих хэсгийн захаас 1 м-ээс багагүй зайтайгаар;

- ямар нэгэн саад байрлаагүй тусгаарлах зурвасын хувьд түүний тэнхлэгийн дагуу (D хавсралтын 4.1.а,в зураг);

- тусгаарлах зурвасын тэнхлэгийн дагуу гүүрийн тулгуур, гэрэлтүүлгийн шон, том хэмжээний мэдээлэх тэмдгийн тулгуур шон, ургаа мод зэрэг зүйлс байвал тэдгээрээс металл хайсан төрлийн хашилтын нүүрэн талын гадаргууг 1.5 м-ээс багагүй зайтай бөгөөд зорчих хэсгийн захад 1 м-ээс ойргүй зайтайгаар, харин хашлаган төрлийн хашилтыг тухайн саадаас 0.3 м-ээс 0.5 м, зорчих хэсгийн захаас 1 м-ээс багагүй зайтайгаар (D хавсралтын 4.1.б,г зураг);

- хөвөөн дээр байрлуулахдаа түүний гадна ирмэгээс хайсан төрлийн хашилтыг 1 м-ээс багагүй зайтай, харин хашлаган төрлийн хашилтыг 0.5 м зайтайгаар (D хавсралтын 4.2.а,в зураг);

- хөвөөн дээр гүүрэн байгууламжийн багана, гэрэлтүүлгийн шон, том хэмжээний мэдээлэх тэмдгийн тулгуур зэрэг зүйлс байвал тэдгээрээс металл хайсан төрлийн хашилтын нүүрэн талын гадаргууг 1.5 м-ээс багагүй, зорчих хэсгийн захад 1 м-ээс ойргүй зайтайгаар байрлуулна. Харин хашлаган төрлийн хашилтыг тухайн саадаас 0.3 м-ээс 0.5 м, зорчих хэсгийн захаас 1 м-ээс багагүй зайтайгаар байрлуулна (D хавсралтын 4.2.б,г зураг).

Тайлбар: Металл хайсан төрлийн хашилтыг томоохон саадын дэргэд хөндлөн гулзайлтын хэмжээнээс нь ойрхон зайд байрлуулахгүй.

7.2.3. Уулын замын 600 м-ээс бага радиус бүхий тохойрсон хэсэгт хашлаган төрлийн хатуу хашилтыг байрлуулна.

Гүүрэн байгууламж дээр болон хөдөлгөөний эрчим ихтэй замууд дээр тросоор хийгдсэн хайсан төрлийн хашилтыг хэрэглэхгүй. Мөн томоохон саадад 2.5 м-ээс ойр зайд байрлуулах хашилт нь тросоор хийгдсэн хайсан төрлийн хашилт байж болохгүй.

7.2.4. Замын хиймэл байгууламж дээр байрлуулсан хашилтын өмнө түүн рүү ойртон очих хэсэгт газрын гадаргуугаас алгуур (1:10 өнцгөөр) өгссөн ойртолтын шугаман хашилтыг хийж байрлуулна. Ойртолтын шугаман хашилт нь үндсэн хашилттай шууд залгасан (тасархайгүй) байх бөгөөд 12 м-ээс 16 м-ийн урттай байна. Мөн шаардлагатай тохиолдолд ойртолтын шугаман хашилтыг хөдөлгөөний чигийн дагуу хэвтээ хавтгайд замын захаас хашилтын эхлэл рүү 20:1-ээс багагүй өнцгөөр ташуулдуулж шилжилтийн шугаман хашилт үүсгэж болно (D хавсралтын 4.3 дугаар зураг).

Тусгаарлах зурвас дээрх голын саадын хоёр талаар байрлуулсан хашилтын үзүүрүүдийг хооронд нь ойртуулах замаар шилжилтийн шугаман хашилтыг үүсгэж болно.

7.2.5. Хоёрдугаар бүлгийн хашилтыг дараахь замын хэсгүүдэд байрлуулна:

- явган хүний гарам (зорчих хэсгийн дээгүүр буюу доогуур гарах)-тай чиглэлийн тээврийн хэрэгслийн буудлын эсрэг талд уг буудлын талбайн нийт уртын дагуу болон түүнээс хоёр тийш 20 м-ээс багагүй урттай хэсгийг хамруулан тусгаарлах зурвас буюу хажуугийн таримал зүлэг дээр;

- тээврийн хэрэгслийн хонгил доторхи явган хүний зам дээр, хэрэв аль нэг талынх нь явган хүний зам дээрх явган зорчигчдын хөдөлгөөний эрчим цагт 100 хүнээс илүү бол;

- гэрлэн дохионы зохицуулгатай явган хүний гарцаас хоёр тийш 50 м-ээс багагүй зайд замын хоёр талаар, түүнчлэн тээврийн хэрэгслийн түр буюу удаан зогсолтыг зөвшөөрсөн замын хэсэг дээр хэрэв аль нэг талынх нь явган хүний зам дээрх явган зорчигчдын хөдөлгөөний эрчим цагт 1000 хүнээс илүү, харин түр буюу удаан зогсолт хориотой замын хэсэг дээр цагт 750 хүнээс илүү бол;

- зорчих хэсэг рүү мал, ан амьтан орохоос сэргийлэх үүднээс торон хашилтыг дархан цаазтай газар, ан агнуурын аж ахуй, ой хөвч, малын бэлчээр зэрэг газрын дэргэдүүр дайран гарсан хөдөлгөөний эрчим ихтэй замын хэсэгт хэрэглэнэ.

7.2.6. Хоёрдугаар бүлгийн хашилтыг дараахь байдлаар байрлуулна:

- зорчих хэсгийн хашлагын гадна талын нүүрний гадаргуугаас гадагшаа 0.3 м-ээс багагүй зайтайгаар;

- ямар нэгэн саад байрлаагүй тусгаарлах зурвасын хувьд түүний тэнхлэгийн дагуу;

- тусгаарлах зурвасын тэнхлэгийн дагуу гүүрийн тулгуур, гэрэлтүүлгийн шон, том хэмжээний мэдээлэх тэмдгийн тулгуур шон, ургаа мод зэрэг зүйлс байвал торон хашилтыг зорчих хэсгийн захад 1 м-ээс, хайсыг 0.5 м-ээс багагүй зайтайгаар;

- зорчих хэсэг рүү мал, ан амьтан орохоос сэргийлсэн торон хашилтыг замын зурвасын хоёр талаар байрлуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»